Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0861

 

 

 

 

 

 

 2022            11           16                                   128/ШШ2022/0861

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ц*********** /РД:**************/,

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, Ц.Т*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч А.Ц*********** нь Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар[1] захирамжийн А.Ц*********** холбогдох хэсэг, мөн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар[2] захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Анх Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаар захирамжаар Ж.С******** Налайх дүүргийн * дүгээр хороо, * тоот байршилд иргэний ахуйн зориулалтаар нэгж талбарын **************** дугаар **** м.кв газрыг эзэмших эрхийг олгосон байна[3].

2.2.Улмаар Ж.С******** нь тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/280 дугаар захирамжаар[4] Б.С******** **************** нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/42 дугаар[5][6] захирамжаар уг нэгж талбарын дугаар бүхий газрыг Налайх дүүрэг * дүгээр хороо * гудамж байрлах хаягт болгон *** м.кв газрыг өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн А.Ц******** 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй болсон байна.

            2.3.Гэвч Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжаар[7] А.Ц******** газар эзэмших эрхийн гэрчилгээг “дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмших эрх олгогдсон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

            2.4.А.Ц******** дээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд маргасан ба шүүх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/**** дугаар шийдвэрээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.11 дүгээр зүйлд заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Ц******** холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.5.Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт болох 2021 оны 04 дүгээр сарын сарын 12-ны өдрийн А/92 дугаар[8] “Захирамжийн холбогдох хэсгийн заалтыг хэвээр үлдээх тухай” захирамжийг гарган, уг актаараа Налайх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ц******** маргаан бүхий нэгж талбарын ******** дугаар бүхий газар нь улсын чанартай авто замын зурвас газар орсон...” болохыг тогтоон өөрийн 2019 оны А/175 дугаар захирамжийн иргэн А.Ц******** холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.6.Энэхүү актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол[9] гаргасныг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 07/1959 дугаар албан бичгээр[10] хариу өгсөн байна.

2.7. Хожим нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Би тэр газрыг авснаас хойш тухайн үед 30 гаруй сая төгрөгийн суурь хийсэн. Хово /Howo/ машинаар 20 удаа шороо буулгаж газраа тэгшилсэн. Хэдий байршлаасаа хэтрүүлсэн боловч 10 сая төгрөгийн үнэ бүхий шавар павилон барьсан байсан.

Энэ хугацаанд Газрын алба, Налайх дүүргийн Засаг даргаас нэг ч хүн ирж уг газрыг ашиглах боломжтой, боломжгүй талаар хэлээгүй.

Бүгдийг хийсний дараа Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Г******** гэдэг хүн зөвшөөрөлгүй газар ашигласан гэж гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоёр байцаагч ирж, байршлаасаа хэтрүүлж барьсан гэх үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгосон.

Миний хувьд санаатай тухайн газар очиж буугаад эдгээр хүмүүсийн ажлыг хийлгээгүй зүйл байхгүй. Анхнаасаа н.С******** худалдаж авсан газрыг тэр хүнд олгочихсон байсан бол өнөөдөр би 5 жилийн хугацаанд газар эзэмшиж чадахгүй маргаан үүсгэж явахгүй байсан. Миний буруу юм шиг ярьж байгаад гомдолтой байна.

...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1-т заасны дагуу надад мэдэгдэж, санал солилцоогүй, дээрх нөхцөл байдал байгаа тохиолдолд өөр газар эзэмшүүлэх, иргэн миний өөр хөрөнгө мөнгө зарсан зэрэг нөхцөл байдлыг анхаараагүй, мөн сонсох, мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр хүчингүй болгосон иргэн миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн А/175 захирамжийг болон уг захирамжийн талаар шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэвээр үлдээж байгаа 2021 оны 04 дүгээр сарын сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжуудыг илт хууль бус гэж үзэж байна...” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...А.Ц******** газар олгохдоо Газрын тухай хууль, Автозамын тухай хууль, Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам болон холбогдох хууль тогтоомж зөрчин, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2019 оны А/175 дугаар захирамжийг гарган газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоосон болно.

... Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна”  мөн 29 дүгээр зүйлийн 29.3.6-д “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх” гэж тус тус заасан байдаг. А.Ц******** эзэмшилд байсан маргаан бүхий газар нь авто замын зурвас газарт орсон газар байсан тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.5, Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар маргаан бүхий газрын байршлыг өөрчилсөн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бодит нөхцөл байдлыг гурван сарын хугацаанд судалж холбогдох ажиллагааг хийн тайлбар мэдээллийг авсан.

Газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчих тул үргэлжлүүлэн иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тул  Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны А92 дугаар захирамж үндэслэлтэй.

Нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус нөхцөл байдал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

           4.1. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           4.2. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог болно.

           4.3. Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан  “Авто зам”-ын бүрдэл хэсэгт 16.1.4-т заасан  “...авто замын зурвас газар...” оржээ.

           4.4.Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “...улсын чанартай ...авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.6-т “авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулжээ.

           4.5.Харин мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “...улсын чанартай...авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ...”, 17 дугаар зүйлийн 17.2-т  “... улсын чанартай ...авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна...” гэжээ.

           4.6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Налайх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгч А.Ц******** нэгж талбарын ************ дугаар бүхий газар нь Улаанбаатар-Налайх-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын зурвас газар орсон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/1920 албан бичиг, Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн зургууд[11] болон шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл[12] зэргээр тогтоогдож байх бөгөөд Замын хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 7/2015 дугаар албан бичигт “...Улаанбаатар-Налайх-Өндөрхаан чиглэлийн авто зам нь олон улсын сүлжээнд холбогдсон улсын чанартай АН32 дугаартай авто зам болно...”-хыг[13] дурдсан байна.

           4.7. Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас Автозамын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх” заасантай нийцүүлэн /2006 он / Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “....Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,...өөрчлөх буюу хүчингүй болгоно...” гэж заасныг удирдлага болгон 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжуудаа гаргажээ.

           4.8.Өөрөөр хэлбэл хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлэн гаргасан дээрх захирамжуудыг эрх зүйн зөрчилтэй  захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийг хууль бус хэмээн хүчингүй болгох боломжгүй юм.

           4.9.Хэрвээ захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулж байвал тэрхүү акт нь илт хууль бус болох бөгөөд тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

            4.10.Харин хуулийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг тус тус ойлгоно.

           4.11.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан болон үндэслэлээр маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжид  илт хууль бус байх дээрх шаардлага, нөхцөлд хамаарах эсэхийг судлан үзвэл, актын агуулга ойлгомжтой, тодорхой, хэлбэрийн хувьд бичгээр гарсан, илэрхий алдаагүй, өөрийн албаны тэмдэг бүхий бланк дээрээ, огноо, нэр, гарын үсэг, баталгаажуулах тамга дарсан буюу эрх бүхий албан тушаалтан өөрт хуулиар олгосон чиг үүрэг хамааралтай асуудлаар гаргасан байна.

            4.12.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, уг актаар нэхэмжлэгч А.Ц******** Үндсэн хуулиар олгосон газар эзэмших эрхийг зөрчсөн зүйлгүй гэж шүүх дүгнэлээ.

           4.13.Эцэст нь энэхүү маргаан үүсэн бий болох шалтгаан нөхцөл, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаагүй байдал зэрэгт тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0033 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн “...хариуцагчаас Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/01 дүгээр тогтоолоор батлагдсан .... төлөвлөгөөнд 4 дүгээр хороо Нисэх гудамжны хэд хэдэн байршилд газар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс үзэхэд Б.С******** эзэмшил газрын байршлыг шилжүүлэн олгохдоо авто замын зурвас газарт хамааруулахгүйгээр байршуулан эзэмшүүлэх боломжтой байжээ...” гэх дүгнэлттэй санал нийлж байгаа бөгөөд цаашид хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолоор батлагдсан “газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эсхүл хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар ашиглуулах боломжтой болохыг дурдах зүйтэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.2, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ц******** Налайн дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн А.Ц******** холбогдох хэсэг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/92 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР