Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/231

 

 

 

 

 

 

  2021             3              9                                          2021/ДШМ/231

 

 

Э.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,                             

            яллагдагч Э.Эгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/247 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Э.Эд холбогдох 2010007270992 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Батнай овгийн Энхболдын Э, 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Яллагдагч Э.Э нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны ... дүгээр байрны ... тоот гэртээ байхад нь хохирогч Э.Алтанцоожоос “Санхүүгийн байгууллагад барьцаалсан 9990 УНӨ улсын дугаартай “Тоёота ланд круйзер” автомашин чөлөөлсөн гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж интернет банкаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.Эд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн хуулийн зохицуулалт хангаагүй ба прокурорын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 746 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн “…яллагдагч Э.Э нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4  дүгээр хороо, Вива сити хотхоны .... дүгээр байрны .... тоот гэртээ байхад нь хохирогч Э.Алтанцоожоос “Санхүүгийн байгууллагад барьцаалсан 9990 УНӨ улсын дугаартай “Тоёота ланд круйзер” загварын автомашин чөлөөлсөн” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж интернет банкаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай...” гэж бичигджээ.

Гэтэл хавтаст хэргийн 59 дүгээр талд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд яллагдагч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Иймд яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй зөрчилтэй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дүгээр заалтад зааснаар ...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах... шүүхээр зөвтгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхэд яллах дүгнэлтэд үг, үсэг, техникийн шинжтэй алдааг зөвтгөх эрх олгоогүй. Иймд шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар заалтад заасан зохицуулалт нь “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн заалт байх ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэх нэмэлт заалт тусгагдаагүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт хэсгийн 6.4 дүгээр заалтанд зааснаар “прокурорын яллах дүгнэлтэнд гаргасан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг шинжтэй алдааг засуулах” буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийн хүрээнд, тогтоох хэсэгт дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэснийг шүүхээр зөвтгөн шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Яллагдагч Э.Эгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Э.Эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэрэгт дараах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх яллагдагч Э.Эгийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалангийн гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хүлээн авч 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, яллагдагч Э.Эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 59/-д яллагдагч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

 Харин прокуророос 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Э.Эг  2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны .... дүгээр байрны .... тоот гэртээ байхад нь хохирогч Э.Алтанцоожоос “Санхүүгийн байгууллагад барьцаалсан 99-90 УНӨ улсын дугаартай “Тоёота ланд круйзер” автомашин чөлөөлсөн гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж интернет банкаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй зөрчилтэй буюу яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл нь тэмдэглэх хэсэгт дурдсан гэмт хэргийн шинжээс өөр гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж тэмдэглэх хэсгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах... гэж зааснаар шүүхээр зөвтгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 746 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт гэмт хэргийн шинж, зүйлчлэлийг зөрүүтэй өөр байдлаар бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй юм. 

 

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ө.Амарбаясгалан хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргахыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/247 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ