| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01070/И |
| Дугаар | 102/ШШ2022/01738 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2022/01738
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..,
Хариуцагч: ... холбогдох,
Өөрийн эзэмшлийн талбайд байрлах дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б....,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С....,
Хариуцагч Т....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 42,3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ... ХХК-иас худалдан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр төрийн эрх бүхий зохих байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, засвар, тохижилт хийж, төвлөрсөн цэвэр ус, ариутгах татуурга, цахилгаан эрчим хүчинд зохих журмын дагуу холбосон. Улмаар дулааны эрчим хүч болон халуун усны хангамжид холбох гэтэл тус барилгын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж буй ... караокены эзэн иргэн Т.... хууль бусаар саад учруулж, өөрийн эзэмшлийн гэх талбайд байрлах дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахгүй гэж үндэслэлгүйгээр татгалзсан нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.10-т заасныг зөрчсөн. Тэрбээр татгалзлаа тус барилгын өмчлөгч ... ХХК-иас зөвшөөрөхгүй байгаа тул эрчи хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбох боломжгүй бөгөөд ийнхүү холбосноор өөрийнх нь эзэмшлийн ... караокены талбайд халдаж байна гэж тайлбарласан. Гэтэл би Хэрэглэгчид үйлчлэх төв /ХҮТ-12/-өөр дулааны эрчим хүч болон халуун усны хангамжид холбох ажлыг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгүүлэхээр тохиролцож, зардал хөрөнгийг шийдвэрлэн, зохих арга хэмжээг авсан боловч иргэн Т.... болон ... ХХК-ийн үйл ажиллагааны улмаас өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хуульд зааснаар эрчим хүч болон халуун усаар хангаж чадсангүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайд байрлах дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахыг иргэн Т...., ... ХХК нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
... ХХК нь ... ХХК болж өөрчлөгдсөн байна. Миний хувьд тус компаниас татгалзаж байна. Учир нь би өөрийн өмчлөлийн талбайд ус, дулааны холболт хийлгүүлэх үйл ажиллагаанд зөвхөн Т....гийн хууль бус үйлдэл байна гэж үзэж байгаа учир ... ХХК /хуучнаар ... ХХК/-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж өгнө үү. Миний ойлгосноор Т.... нь ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох ... гэх хүнээс 700,000,000 төгрөгөөр уг газрыг худалдан авч, 350,000,000 төгрөгийг төлөөд үлдэх мөнгийг нь өгөөгүй юм шиг байгаа юм. Т.... 405 метр квадратад үйзель, тогны талбай болон хүн орж гарах нийтийн эзэмшлийн талбайг зарсан гэж шүүхээр маргаж шүүхээс нийтийн эзэмшлийн талбайг тооцож талбайг хэмжээг 310 метр квадрат талбай байна гэж шийдвэрлэсэн гэж би дуулсан. Үүнээс үүдэж хугацаа хожих гэж шүүхийн маргаан үүсгэж яваа байх. Гэтэл надтай уг талбай минийх гэж маргадаг. Шүүхээр ...-аас Т....гийн худалдаж авсан талбайг 305-305 метр квадрат гэж тогтоосон. Хариуцагч тухайн караокег өөрийнх нь өмч гэж танилцуулсан боловч түүний нэрд шилжээгүй байгаа. Хэдий тэр хүний өмч байсан ч би бусдын адил ус дулаанаар хангуулах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Т....г ямар учраас ийм асуудал үүсгэж байгааг нь би ойлгохгүй байна. Шүүхэд хандахаас өмнө өмгөөлөгч надад мэдэгдэл өг гэж зөвлөсний дагуу мэдэгдэл өгсөн. Т.... өөрөө тухайн газрыг ажилдуулдаггүй тул түрээслэгч нарт нь мэдэгдлийг өгч Т.... мэдэгдлийг авсан. Т.... нь гэрчээр мэдүүлэг өгсөн н....ид үгүй, бид шүүхийн маргаантай байгаа гэж хэлсэн байдаг. Тэр Солонгос улсын иргэнтэй маргаантай байгаа нь надад ямар хамаатай вэ? Холболтыг шүүхээс ямар нэг захирамж, шийдвэр авч өгвөл хийж өгнө гэж хэлсэн. Миний зүгээс холболт хийх хэрэгцээтэй зүйлсийг, техникийн нөхцөлийн хамтаар бүгдийг нь авсан. Дулаанаа авах гэхээр оруулахгүй гэж байгааг гайхаж байна. Эхнэрийн хамтаар асуудлыг шийдэх гэсэн боловч манай эзэмшлийн караокед та нар хөл тавих ч эрхгүй, бид шүүхийн маргаантай байгаа гэх зүйл хэлж, хэрүүл маргаан үүссэн. Одоо болохоор Т.... шүүхэд өөрөө ч ирэлгүйгээр минийх биш тул надад хамаагүй гэх мэлзсэн тайлбар гаргаж байна. Та нарынх биш юм бол миний үйлдлийг яагаад хориглоод байна вэ? шүүхэд өөр мэдүүлэг өгч, очиж юмаа хийх гэхээр бас өөр зүйл яриад байгааг нь гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т....гийн өөрийн эзэмшлийн гэх талбайгаар дамжуулж, ус дулааны шугамын холболтыг Б....ын талбайд хийлгүүлэхэд Т....гийн хувийн ашиг сонирхол болон Т.... гэх хүний эрх ямар нэг байдлаар зөрчигдөхгүй байхыг тогтоож, даалгаж шийдвэрлэж өгнө үү...гэв.
2.Хариуцагч ... ХХК /шинэ нэр: ...ХХК/-ийн захирал ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед ... ХХК-ийн захирал байсан ба компанийн эзэмшлийн автомашины зогсоолын барилгыг нэхэмжлэгч Б....д худалдсан. Худалдааны нөхцлөөр цахилгаан ба цэвэр бохир ус, халаалтын шугамыг татаж холболт хийхийг зөвшөөрсөн. Тухайн үед шугамын холболтын засвар үйлчилгээг нэхэмжлэгч Б.... өөрөө хийхээр тохиролцсон. Ийнхүү 10 жилийн дараа 2021 онд Б.... тухайн үеийн худалдааны нөхцлийн талаар надад хэлсэн бөгөөд цахилгаан, халуун ус, дулааны шугам холболтын зөвшөөрлийг өгөхийг шаардсан. ... миний бие Б....д тухайн автомашины барилгыг худалдах үеийн нөхцлийг шаардлагын дагуу бүгдийг зөвшөөрсөн. Үүнээс хойш бидний хооронд ямар ч асуудал байхгүй болсон. ... ХХК-ийн уг барилгад цахилгаан, цэвэр бохир ус, халаалтын шугамын холболт хийхийг зөвшөөрсөн албан бичгийг нотолгоо болгосноор нэхэмжлэгч Б.... нь холбогдох байгууллагуудад бүх зөвшөөрлийг хөөцөлдөн аваад халаалт болон халуун усны шугам татах засварын үйл ажиллагаа эхлүүлэхэд зоорийн давхрын караокены шинэ эзэн болох Т....той зөрчилдсөнөөр одоогийн засварын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай би мэдсэн. Иймээс дээрх асуудал нь ... ба ... ХХК болон Б.... нарын хоорондын асуудал биш бөгөөд Б.... Т.... хоорондын асуудал болсон юм. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ... ХХК-ийн захирлын албан тушаалаас огцорсон байгаа болно...гэжээ.
3.Хариуцагч Т....г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т.... би БНСУ-ын иргэн ....тэй Баянгол дүүргийн ..... м.кв талбайг 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба өнөөдрийн байдлаар шүүхэд дээрх гэрээтэй холбоотой үүссэн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ус сувгийн удирдах газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Техникийн нөхцлийн 3-т Цэвэр усны холболт хийх цэгийн байршил, шугам диаметр хэсэгт ОСНААУГ-ын 49/2021 тоот техникийн тодруулгын дагуу Баруун түгээх төвийн харъяа, цэвэр усны Ф80 мм-ийн шугамыг хэсэгчлэн зөөж, зөөсөн шугамын худагт холбох, ажлын зургийн явцад зөвшилцөх гэж, Улаанбаатар цахилгаан түгээх төвийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн техникийн нөхцөлд 2.1-т 110/10/6 кВ-ын Умард дэд станц, ХБ-13-с 10кВ-ын 4хТП-8 А, Б фидерийн ХТП-2188 дэд өртөөний 0,4 кВ талаас тэжээгдэж буй ... ХХК-ийн ... барилгын ерөнхий самбарт шинээр рубильник бүхий групп тоноглож кабель шугам татаж тэжээх гэж заажээ. Иргэн Т.... миний бие энэхүү иргэний хэрэгт ямар үндэслэлээр хариуцагчаар оролцож байгаа нь тодорхойгүй бөгөөд бусдын бие даасан объектыг ус, дулаанаар хангах эрх бүхий этгээд биш бөгөөд дээрх техникийн нөхцлөөс харахад Т....гоос цахилгаан, цэвэр усаа авах талаар заагдаагүй, өмнө нь Б.... нь ... СӨХ-нд холбогдуулан иргэний журмаар захирал Г....ыг хариуцагчаар татаж, адил утга агуулга бүхий нэхэмжлэл болох дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбогдуулахыг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон. Өмнө нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байсан, миний бие хариуцагчаар оролцох эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Т.... тухайн газарт ямар нэг объект эзэмшиж, ашиглаж, өмчилдөггүйгээс гадна ямар нэг байдлаар караокены үйл ажиллагаа явуулж, амьдардаггүй. Ийм байхад Т....г хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Т.... хэзээ? Ямар? Үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна тухайн газар ямар нэг объект эзэмшиж байгаа талаарх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ гаргаж өгсөн техникийн нөхцөлөөс харахад ... ХХК буюу ... СӨХ-ноос холболт хийх шугам, кабелаа авч цахилгаан дулаанаа ав гэх зүйл харагдаж байна. Т....гоос, түүний эзэмшлийн объектоос ав гэх зүйл байхгүй. Т.... тухайн газар амьдарч, объект эзэмшдэггүй тул техникийн нөхцөл дээр ч дурдаагүй. Т....гийн зүгээс өөрийг нь хэрэгт хамааруулж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байгаа. Нэхэмжлэлд хариуцагчийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт заасан өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжийг бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэх заалтыг зөрчсөн гэжээ. Өнөөдөр Т....гийн өмчлөлийн тоног төхөөрөмж гэх зүйл байхгүй бөгөөд байх боломжгүй. Харин Т....гийн өмчлөлийн объектод буй тоног төхөөрөмж гэвэл өөр зүйл яригдана. Иймд Т.... ... ХХК, ... гэх байгууллагын барилгад ямар нэг объект өмчилж, эзэмшиж ашигладаггүй тул Т.... үүнийг хэрэгжүүлж, хариуцах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: Т....д хүргэсэн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийн эх хувь /хх-6-7/, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/2243 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, №574/21 дугаар Техникийн нөхцөл, №2021/371 тоот Техникийн тодруулга зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9-10/, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гаднаас авсан фото зургууд /хх-11-12, 40-41/, Б....ын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, ... ХХК болон Б.... нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдаалах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-17/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 36 тоот албан бичгийн эх хувь /хх-39/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
6.Хариуцагч Т....гийн зүгээс тайлбар татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаар захирамжаар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 ахлах инженер ажилтай, иргэн С....ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр асууж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-42, 55-57/
8.Хариуцагч Т....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс: тус дүүргийн... м.кв талбайтай ... улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн тамгын газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01445 дугаартай шийдвэртэй Б....ын нэхэмжлэлтэй, ... ТББ-д холбогдох иргэний хэргээс: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/4517 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12/386 тоот албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1298 тоот албан бичиг, 01445 тоот шүүхийн шийдвэрийн хуулбар зэргийг шүүхийн архиваас ирүүлсэн. /хх-52-53, 65-72/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч Б....ын хариуцагч ... ХХК /шинэ нэр .../ ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Т....д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Б.... нь ... ХХК болон Т.... нарт холбогдуулан Баянгол дүүргийн... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, шүүх хуралдааны явцад уг татгалзлаа дэмжиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ... ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дулааны эрчим хүч болон халуун усны хангамжид холбох гэхэд хариуцагч Т.... саад учруулж, Б....ын өмчлөлийн хөрөнгийн хөрш залгаа байрлах тус караокег өөрийн эзэмшлийн гэх тайлбар гаргаж, эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн дагуу дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахгүй гэж татгалзаж байгаа нь хууль зөрчиж байх тул холбуулахыг даалгахаар шаардаж байна гэж тодорхойлсон.
4.Хариуцагч Т.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: ...маргаан бүхий Баянгол дүүргийн 1...м.кв талбайг Т.... эзэмшиж ашиглаж, өмчилдөггүй, уг талбайд ямар нэгэн байдлаар караокены үйл ажиллагаа явуулдаггүй байхад хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй, уг нэхэмжлэлийг хариуцах эрхтэй этгээд биш гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
5.Хавтаст хэргт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/2243 тоот албан бичиг, №574/21 дугаар Техникийн нөхцөл, №2021/371 тоот Техникийн тодруулга, фото зургууд, Б....ын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ... ХХК болон Б.... нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдаалах гэрээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 36 тоот албан бичиг, тус төвийн инженер ажилтай С....ийн гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн ....м.кв талбайтай ... улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Б.... нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ... ХХК-иас худалдан авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн байна.
5.2.Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд цэвэр, бохир усны холболт, дулааны эрчим хүчний холболт хийхээр Ус сувгийн удирдах газрын №574/21 тоот Техникийн нөхцөл олгогдож, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №2021/371 тоот Техникийн тодруулга гарч, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 Б....ын хүсэлтийн дагуу ус, дулааны шугамын холболт хийх гэхэд хариуцагч Т....ы шаардлагын улмаас уг холболт хийгдээгүй байна.
5.3.Энэ талаар тус байгууллагын ахлах инженер С.... шүүхэд гэрчээр: ...Б.... 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллагад хүсэлт гаргасан. Тухайн байшингийн давхар бүр нь өөр эзэмшигчтэй. Түүгээр дамжуулан ус хааж, шугамын холболт хийх шаардлагатай байдаг. Б....ын хүсэлт гаргасан тус өдөр Улаанбаатар хотын дулаан хангамжийг өгсөн байсан. ...Өөрийн байшинд өөрсдөө холболт хийдэг. Харин өөр газар бол хөндлөнгийн байгууллагуудтай зөвшилцөх ёстой. Манай өрөөнд зөвшилцөөд учраа олъё гэж санал гаргахад зөвшилцөөнд хүрээгүй тул асуудал нь шийдэгдээгүй. ...Тухайн 5 давхар байшинд дулааны нэг узель байдаг. Түүний усыг хааж байж гагнуур хийх боломжтой. Тэр узель руу Т....гийн талбайгаар дамжиж орох боломжтой. Узель тэр талбайд байгаа болохоор нэвтрэх боломжгүй. ...Иргэд манай байгууллагад хүсэлт гаргасан тохиолдолд бид шийдвэрлэх ёстой. Үүний дагуу ажиллагаа хийх явцад Т.... тэр талбайд миний үндсэн хөрөнгө байгаа, танай Эрчим хүчний хууль, Үндсэн хууль болон Иргэний хуулиас доогуур, бидний учраа олоогүй зүйлд та нар оролцохгүй гэж хэлсэн. ...Техникийн нөхцлийг манай байгууллага гаргадаггүй, манай байгууллага ашгийн бус байгууллага. Хүсэлт гаргасан хүсэлтийн шугамын холболтыг хийж ус дулаанаар хангадаг. ...Холболт хийх чиг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хэрэгжүүлдэг. Мэргэжлийн арга зүй зөвлөгөө туслалцаа өгөх үүрэг, эрхтэй. ...Манай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ариутгал татуургын зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Сантехник, цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ явуулдаг. 3 тусгай зөвшөөрөл эзэмшиж үүний үндсэнд хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг. ...Манай байгууллага зөвшөөрөл өгдөггүй. Улаанбаатар дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллага зөвшөөрөл өгдөг. Түүнийг нь бид хийж, хэрэгжүүлэх үүрэгтэй. ...Би газар дээр очиж, мэргэжлийн арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлдэг. ...Би эхэлж утсаар холбогдож, зурвас илгээсэн. Т....гийн гэж яриад байгаа байранд очиход хаалттай байсан тул ороогүй. Ф80 нь цэвэр усны хоолой, 150 нь бохирын шугам. Тухайн байшинд ус дулаан, бохирын шугам бий гэж мэдүүлжээ.
5.4.Маргаан бүхий дулааны эрчим хүч, цэвэр бохир усны шугамд холбох тоног төхөөрөмж байрлаж буй гэх Баянгол дүүргийн ... м.кв талбайг хариуцагч Т.... өмчилж эзэмшдэггүй. Харин тухайн хөрөнгө нь БНСУ-ын иргэн ... гэх нэг хүний өмч болох нь №... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
6.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Т.... нь Б....ын гаргасан нэхэмжлэлийг хариуцах этгээд мөн эсэх, нэхэмжлэгч Б.... өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбоход хариуцагч Т.... саад учруулах эрхтэй этгээд мөн эсэх талаар байсан бол, зохигчид маргаан бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн хажууд байрлах хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.... улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Б.... нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ... ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан, тухайн хөрөнгийн өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй.
7.Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч тал тийнхүү хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрлийн дагуу шугам хоолойг холбоход хариуцагч Т.... саад учруулж байгаа тул холболт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
8.Гэвч хариуцагч Т.... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Б....ын өмчлөлийн хөрш залгаа байрлах 405 м.кв талбайн өмчлөгч биш болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигладаггүй талаар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байна.
9.Иймд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч Т.... энэхүү нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш, мөн нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахад саад учруулах эрхгүй этгээд байх тул эдгээр үндэслэлээр Т....д холбогдуулан гаргасан Б....ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Шүүх Б....ын Т....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн .... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дулааны эрчим хүчний болон халуун усны шугам, тоног төхөөрөмжид холбуулахыг Т....д даалгах тухай Б....ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч ... /шинэ нэр: ..../ ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б....ын ... /шинэ нэр: .../ ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэсэгт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА