2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1026

 

 

 

 

 

 

 

 

 

2025          04          14                                       2025/ШЦТ/1026

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Очгэрэл,

Иргэдийн төлөөлөгч: Р.Отгон

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх заалтад зааснаар ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402006090399 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг, “MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 6 дугаар сард Унгар Улсад ажиллаж амьдарч буй н.*** гэгчээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 4-38 тоотод байрлах Монгол шуудан олон Улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хашаанд бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очин авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яагаад ийм хүнд зүйл ангиар зүйлчлэгдэх болсноо сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз 3,000,000 төгрөг асуухаар нь зээлж байсан. Тэгээд манай найз тэр мөнгөөрөө *** гэдэг ахаасаа 10 ширхэг эм авах тухай тэр үед хэлж байсан. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Өөрөө хэрэглэх юм уу бусдад худалдаалах бодол байгаагүй. Манай найз Унгар явах гээд виз мэдүүлчихсэн байсан. Эргээд очиход нь тус нэмэр болчихъё гэж бодоод эргээд Унгарт очиход нь зээлсэн мөнгөө буцааж авна гэсэн бодолтой байсан. Хэрэг болдог өдөр өглөө над руу залгаад ирчихсэн байна юу ч байсан очоод аваадах асуудалгүй зүгээр үнэхээр наадах чинь хар тамхи мөн байсан бол хил гаалийн хяналт шалгалтаар нэвтрэхгүй нь тодорхой очоод аваадах гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг явж байсан. Манай найз ахдаа хөдөө явчихсан гээд хэлчихсэн байсан болохоор би очоод авчихсан” гэв.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би Унгар улсад амьдарч байгаад ирсэн. Ажиллаж байгаад ирчхээд байж байсан ажлын байран дээр хамт ажиллаж байсан хүн надад нэг витамины талаар хэлээхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чи наадахаа авчихаа наадах чинь аль хэдийн Монгол руу явчихсан байгаа гэж хэлсэн тэгээд энэ хэрэгт холбогдчихсон” гэв.

Хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд: “Үзлэг явуулахын өмнө ***т “Таны биед ямар нэгэн хориотой эд зүйл,  ...RT122591608NL сериал дугаартай Нидерланд Улс Mike Nobel Raam 862611WP DELFT гэх хаягаас Ganbold Gan-Ulzii Ulaanbaatar city Chingeltei District 8th khoroo Zuun tasgan гэх хаягт илгээсэн 3D принтерийн загвар гэх бор өнгийн А5 хэмжээтэй хайрцаг байсныг нээж үзэхэд бөмбөлөгтэй гялгар уутанд ороосон битүүмжлэлтэй төмөр консервын саван дотор тулгалган цаасанд битүүмжилсэн 60 purper tesla гэх гар бичиглэлтэй гялгар ууттай зүйлийг задлахад гялгар уутны хамт 19 грамм хэмжээтэй нил ягаан өнгийн Tesla гэх бичиглэлтэй “Т” буюу “Тесла” брендийн логотой 60 ширхэг шахмалын эм мэт зүйл байсныг “Agilent” үйлдвэрийн “Raman Spectre” гэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж шалгах төхөөрөмжөөр шалгаж үзэхэд 86 хувийн агууламжтай “MDMA HCI гэх хууль бус гэх тэмдэглэлтэй бодис илэрснийг гэрэл зургаар бэхжүүлсэн ба бор хайрцаг дотор байсан эд зүйлийг буцаан хийж эд мөрийн баримтаар хураан авч, бусад эд зүйлсийг өөрт нь буцаан өгөв...” гэжээ /хх 1-н 4-8/,

Монгол Шуудан ХХК-ны албан бичигт: “...*** нэрээр болон “Зүүн тасган 4-38 тоот, Чингэлтэй дүүрэг 8-р хороо, Улаанбаатар хот” хаягаар шуудан ирсэн тухай хайлт хийхэд 2024 оны 9 дүгээр сарын 05 болон 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Нидерланд Улсаас 2 шуудан хүлээн авсан мэдээлэлтэй байна гэжээ. /хх 1-н 69-71/,

 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нидерланд Улсаас ирсэн “Gan-Ulzii”-д илгээсэн уг ачаанд хяналт шалгалт хийхэд дөрвөлжин бор цаасан хайрцаг бүхий ачааг рентгенд оруулахад дотор нь дугуй хэлбэртэй лаазтай үрлэн хэлбэртэй зүйлс харагдсан ба сэгсэрч үзэхэд шингэн төлөв байхгүй нь мэдэгдсэн. Тэгээд гадна хэсэгт хаяг, үйлдвэрийн он, сар байхгүй, цулгуй лааз байсан. Уг ачаа нь сэжиг бүхий байсан тул саатуулж Гаалийн зөрчилтэй тэмцэх албанд шилжүүлсэн. Тухайн Нидерланд Улсаас “Gan-Ulzii”-д илгээгдсэн уг ачаа 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Манай Нисэх-шуудан гаалийн хяналтын бүсэд ирж 9 дүгээр сарын 03-ны өдөр рентген хяналтаар орж мансууруулах бодис болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болно.” гэсэн мэдүүлэг /хх 1-н 109-111/,

Шинжээчийн 5137 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн төмөр савлагаатай мөнгөлөг өнгийн гялгар ууттай нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлээс MDMA /Ecstasy/ илэрч байна.  MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын нэгдүгээр жагсаалтад багтдаг болно. Нил ягаан өнгийн эм мэт шахмал зүйлийн цэвэр жин нь 0.3066 грамм болов.” гэжээ /хх 1-н 118-120/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 868 тоот дүгнэлтэд: “…*** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. …хэрэг үйлдэгдэх 2024.09.05-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. …хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ /хх 1-н 123-124/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 898 тоот дүгнэлтэд: “…*** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. …хэрэг үйлдэгдэх 2024.09.05-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. …хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. …хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 1-н 127-128/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/,   Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 1-н 13-20/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 24-64/, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 93-95/, шинжээчийн 5138 тоот дүгнэлт /хх 1-н 113-115/, шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 191, 193-199/, шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 200, 206-208, 210-214/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг, “MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 6 дугаар сард Унгар Улсад ажиллаж амьдарч буй н.*** гэгчээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 4-38 тоотод байрлах Монгол шуудан олон Улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хашаанд бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очин авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Шуудан ХХК-ний албан тоот, гэрч ***гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ... хууль бусаар олж авсан, хадгалсан... гэж ялласан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан худалдаалах зорилгогүйгээр ...худалдаалах зорилгоор гэх шинжийг орхигдуулсан тул шүүгдэгч нарыг MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн нь нотлогдохгүй байна” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь MDMA (Exstasy) гэх НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг бодисыг Унгар Улсад амьдарч буй *** гэгчээр дамжуулан Нидерланд Улсаас захиалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар MDMA (Exstasy) гэх бодисыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болохыг мэдэж байсан атлаа захиалж, улмаар Монгол шуудан олон Улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр шүүгдэгч нар тухайн бодисыг витамин гэж бодсон гэх боловч тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйн гадна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

  1.2  Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нар нь “MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Нидерланд улсаас захиалж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хадгалсан” нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ад “7 жил, 6 сар хорих ял”, шүүгдэгч ***т “7 жил, 3 сар хорих ял” тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан доод хэмжээгээр 05 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дугуй хэлбэртэй төмөр хайрцаг саарал өнгийн ууттай нил ягаан өнгийн эм мэт шахмал /нийт 60 ширхэг/ устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, ***  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 5 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дугуй хэлбэртэй төмөр хайрцаг саарал өнгийн ууттай нил ягаан өнгийн эм мэт шахмал /нийт 60 ширхэг/ устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч ***, *** нарт урьд шүүгчийн захирамжаар авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР

                       

                                                ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                  ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ