Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/252

 

 

 

 

 

 

  2021             3              16                                          2021/ДШМ/252

 

 

Л.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,                                                        

хохирогч Л.Згийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

            шүүгдэгч Л.Цгийн өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/956 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Згийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Цд холбогдох 2009000001146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Л-ийн Ц, 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Зг найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан зэрэг үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Л-ийн Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.З давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолд “...шүүхээс хохирогч Л.Зд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 04 минутад шүүгчийн туслахын утас руу маргааш хуралд очиж чадахгүй аав маань ухаангүй эмнэлэгт байна гэх захиаг бичиж үлдээсэн байх бөгөөд шүүхээс мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох зорилгоор түүний утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй болно. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Л.З нь эмчилгээнд болон олох ёстой орлого гэж тодорхойгүй мөнгө нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Цгийн зүгээс хохирогчид эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн гар утас, нүдний шилний төлбөрт 150.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3265 тоот дүгнэлтээр Л.З миний нүүрэн тус газар буюу зүүн хацар, дух зэрэгт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийг шүүгдэгч Л.Ц нь гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр учруулсан. Анхан шатны шүүх хохирогчийн шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхийг хангаагүй, аавыгаа эмнэлэгт сахиад шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэдэг хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх анхаарч үзээгүй, мөн эмчилгээнд тодорхойгүй мөнгө нэхэмжилсэн гэж үзсэнд гомдолтой байна. Миний нүүрэнд учирсан гэмтлийн улмаас сорви тогтсон бөгөөд эмэгтэй хүний гоо сайхан гэдэг талаасаа уг сорвийг арилгах тос авч түрхсэн боловч арилахгүй байсан учраас миний бие гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд сорви арилгах эмчилгээ хийлгэх зардалд 3.200.000 төгрөг болохоор байгаа бөгөөд миний хувьд өөрөө мөнгөний боломжгүй байгаа учраас соривоо арилгуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Уг хохирлыг миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Л.Ц хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Згийн өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх болон хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилаагүй гэсэн агуулгаар хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Л.Ц өөрийн гэм буруугийн талаар маргаж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлсэн. Хохирогч нь сорви арилгуулах төлбөр, олох ёстой байсан орлогыг нэхэмжлэхээ илэрхийлж дэлгүүр түрээсэлж байсан гэрээ болон орлогын талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирогч нь өөрийн аавыг эмнэлэгт сахиж байгаа талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн. Шүүх хуралдааны дараа хохирогчийн аав нь нас барсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн учраас шүүх хуралдаанд заавал оролцуулах ёстой байсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хохирогч мэдүүлэг өгөхдөө шүүх хуралдаанд оролцоно, хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэсэн байдаг. Уг баримт хэргийн 20 дугаар талд авагдсан. Шүүгчийн туслах руу мессеж бичсэн байдаг. Бичгээр хүсэлт гаргаагүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Цгийн өмгөөлөгч Я.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт товлогдсон байсан. 10 цагаас эхлэн хохирогч Л.Цгийн утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Миний бие тухайн өдрийн 13 цагт өөр шүүх хуралдаантай байсан учраас шүүх хуралдааныг эхлүүлэх хүсэлт гаргаад шүүх хуралдаан эхэлсэн. Уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримтаа авчирч өгөх боломж байсан. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ шүүх хуралдаанд оролцоно гэсэн байдаг. Уг хугацаанаас хойш 3 сарын хугацаанд энэ талаар дахин ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хохирогч нь удаа дараа өөр өөр мэдүүлэг өгч байсан учраас энэ бүгдэд шүүгдэгч өөрийн тайлбараа гаргаж байсан болохоос гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдүүлж байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтлийг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл нь тухайн гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан шалгуур шинжтэй байдаг. Дөрвөн долоо хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа гаргаж өгсөн баримтыг хохирлын баримт гэж үнэлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч болон прокурорын зүгээс хохирлын талаарх баримтаа гаргаж өгөхийг хэлсэн боловч гаргаж өгөөгүй. Нүдний шил, утасны талаарх 150.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Уг хохирлыг Л.Ц төлж барагдуулсан. Шүүхээс шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзээд 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Уг торгуулийг төлсөн. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхээс боломжит арга хэмжээг авсан. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар бичгээр болон амаар мэдэгдэх боломжтой байсан. Гоо сайхны эмчилгээний талаарх баримтаа гаргаж, хэрэгт хавсаргасан бол анхан шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хөдөлмөрлөж чадаагүйтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Л.Цг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зуслангийн эцэст амьдардаг З.Энхтайваны гэрт хохирогч Л.Зг “найзтай нь нэг оронд орсон байсан, утсаар ярьсан” зэрэг үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний биед гар хөлөөрөө цохих, маажих, чимхэх, эд зүйл авч шидэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Л.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Л.Згийн хуулиар олгогдсон эрхийг хазгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/2132 дугаартай шүүгчийн захирамж /хх 97/-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 00 минутанд хянан шийдвэрлэхээр товлосон байх боловч шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Хохирогч Л.Зд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн хуулийн 34.8 дугаар зүйл “Хохирогч шүүх хуралдаанд оролцох” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэгэж заасныг зөрчсөн гэж үзэв.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүхээс хохирогч Л.Зд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 22 цаг 04 минутад шүүгчийн туслахын утас руу “маргааш хуралд очиж чадахгүй нь аав маань ухаангүй эмнэлэгт байна” гэх захиаг бичиж үлдээсэн байх бөгөөд шүүхээс мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдох зорилгоор түүний утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй болно” гэж дурдсан хэдий ч тухайн баримт хэрэгт цуглараагүй байх бөгөөд цаг, хугацааны хувьд хэрэг шүүхэд ирээгүй байсныг дурдаж байна.

Иймд хохирогч Л.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Л.Цд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/956 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Цд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очих хүртэл шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ