Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 78

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0080/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга           Д.Мөнхцэцэг 

Улсын яллагч                             Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                           М.Чулуунбаатар нарыг оролцуулан

 

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Чулуунбаатарт холбогдох 201723000127 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1979 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Халзан овогт Монхооройн Чулуунбаатар /РД: СЕ79032511/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Чулуунбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Дэлбэрхий” гэх газар иргэн Д.Зоригтчулууны малыг харж байхдаа 1 тооны эр хонийг нь завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Зоригтчулууны мөрдөн байцаалтад өгсөн: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг Дэлбэрхий гэх газарт мал маллан амьдардаг юм. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр туслах малчин Чулуунбаатарыг ганцааранг нь мал дээрээ үлдээгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. 3 хоночоод Хэнтий аймгийн төвд ирээд 10 гаруй хоног эмчилгээ хийлгээд байж байтал 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэрийн гаднаас цагаан өнгийн жижиг тэрэг хөдлөөд явлаа гээд манай хүргэн Ганлхагва утсаар хэлсэн. Тэгэхээр нь би дүү Галхүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэнгийн гүүр дээр очиж цагдаад 3456 УБН улсын дугаартай цагаан өнгийн машинийг шалгаад өгөөч одоо Баянхутаг сумаас орж ирэх юм гэсэн тэгээд цагдаа зогсоогоод шалгаад багажийг нь шалгатал манай 2 хургатай хонь 1 эр хязаалан хонийг ачсан байсан юм. Тэгээд би хүргэн Баярбаатард хонио буцаагаад хөдөө гэрлүүгээ явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа хөдөө гэр очсон юм. Би малын А дансандаа 500 гаруй хонь, 30 гаруй адуу 25 үхэр нийтдээ 600 гаруй тооны малтай, Чулуунбаатар нь манай малыг хараад 2 жил гаруй болж байгаа. Урьд нь өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Би Чулуунбаатарыг малаа хариулсан гээд өмнө шил 20 хурга, энэ жил 30 хурга өгсөн тэр нь миний имтэй нийтдээ 50 тооны хонь байгаа өөр мал байхгүй. Би тэр эмэгтэйг танихгүй, цагаан өнгийн жижиг тэр байсан, Зоригтбаатарыг л намайг хөдөө гэрт хүргэж өгсөнд Баярлалаа гээд хонь барь өгсөн гэж хэлж байсан.

 

Гэрч Ч.Идэрцогтийн мэдүүлэг: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтөд байдаг өөрийн таньдаг айлдаа ороход манай найз Анна нь уг айлд байж байсан, тэгээд Анна манай бас нэг найз Намнан бид 2-т хандан хөдөө явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд Намнан, Анна, Аннатай явж байсан Чука бид 4 Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт нутагладаг Чукагийн гэрт очсон. Бид хэдийг Чукагийн гэрт очиход гэрт нь ямар ч хүн байхгүй байсан бөгөөд бид 4 хоол унд хийж идчихээд аймаг руу явах гэхэд Чука, Анна 2 хоорондоо мөнгө, төгрөг өгөлцөж авалцаад 2 эм хонийг хоёр хургатай нь авсан, мөн хязаалан эр хонь -1 ийг нийтдээ 5 тооны хонийг Анна машиндаа ачаад Намнан, Анна бид 3 аймаг руу явсан. Тэгээд гүүрэн дээр ирэхэд бид хэдийг Бусдын хонийг ачиж явсан байна гээд гүүрэн дээр цагдаа саатуулсан. Би ямар учиртай болохийг сайн мэдэхгүй байна.

 

Гэрч З.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг Дэлбэрхий гэх газар мал маллаж амьдардаг юм. Би 2017 оны 04 дугаар сарын 19-ны өдөр аймаг орж ирээд хоночоод маргааш нь маргааш нь гадуур ажил хөөцөлдөөл явж байхад Хадам ах Зоригтчулуун утсаар залгаад цагдаагийн журмын хашаанд хэдэн тооны хонь байгаа хөдөө авч яваад манай хонинд тавьчих гэж хэлсэн. Тэгээд би журмын хашаанаас аваад аймагт Ганлхагва ахийнд аваачиж тавиад маргааш өглөө нь хөдөө гэр лүү яваад Зоригоо ахийн хонинд тавьсан юм. Зоригтчулууныг би танинаа Баянхутаг сумынх одоо манай ахын малыг хардаг юм. Би цагдаагийн газар журмын хашаан дээр ирээд Зоригтчулуун ахаас мэдсэн юм тэгээд хонийг нь аваад явсан. Тэгээд би хургатай 2 эр хязаалан хонь 1-ийг нийтдээ 5 тооны хонийг аваад явсан юм.

 

Шүүгдэгч М.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт Зоригтчулуун ахынд туслах малчинаар ажилладаг юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Зоригтчулуун ах Улаанбаатар хотруу эмчилгээд яваад аймгийн төвд 2017 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн төвд ирээд 10 гаруй хоног хоносон юм. Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө замын унаанд суугаад аймгийн төв ирээд Баатар гэдэг залуутай 2 шил 0.75 литрийн ерөөл архи уучаад тэндээ хоносон юм. Маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Аптанцэцэг гэдэг эмэгтэйтэй танилцаад 1 шил архи хувааж уучаад байж байтал би машинтай явж байна хөдөө гэрт чинь хүргээд өгье гээд Намнан, Идэрцогт, Алтанцэцэг нартай өглөөний 10 цагийн үед гарсан. Хөдөө Дэлбэрхий гэх газар намайг хүргэж өгөөд би хоол хийгээд дараа нь 1 шил архи уусан. Тэгээд би Алтанцэцэг гэдэг эмэгтэйд хөдөө хүргэж өгсөн зардал гэж 2 хургатай хонь 1 хязаалан эр хонийг машинд ачуулаад явуулсан. Би аймагт 2 шил 0.75 грамын архи уучаад хөдөө Зоригоо ахын очоод 1 шил архи хувааж уусан юм. Би Зоригоо ахийнд туслах малчинаар ажиллаад 2 жил гаруй л болж байгаа. Миний өөрийн нэр дээр А данс байхгүй Зоригтчулуун ахын мал дээр байдаг 30 хурга 20 төлөг тоолуулж байгаа. Надад тухайн хүний малыг зарцуулах зарах эрх байхгүй ч гэсэн өөрийнхөө хэдэн тооны малыг зарж борлуудаг юм.. Би тэр үед Аптанцэцэг гэх эмэгтэйд бензин түлшээ хий гээд өгсөн юм. Би тэр үед хэлээгүй 2 хоногийн дараа нь Зоригоо ах хүрч ирэхээр нь хэлье гэж бодож байсан юм. Би урьд нь малнаас нь зарж байгаагүй, энэ удаад Зоригоо ахыг ирэхээр нь цалин мөнгөн дээрээсээ хасуулчье гэж бодоод хүнд өгчихсөн юм. Би Алтанцэцэг гэх эмэгтэй 3456 УБН улсын дугаартай цагаан өнгийн жижиг тэргэнд ачуулаад өөрөө хөдөө үлдсэн юм. Хэрлэн гүүрний постон дээр цагдаа зогсоогоод шалгасан байсан тэр үед Зоригоо ах аймагт байсан болохоор гүүрэн дээр очоод Баяраа гэх манайхтай ойролцоо байдаг хүнд буцаагаад ачуулаад явсан юм гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Чулуунбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Дэлбэрхий” гэх газар иргэн Д.Зоригтчулууны малыг итгэмжлэн харж байхдаа 1 тооны хязаалан хонийг нь завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Хохирогч Д.Зоригтчулуун нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Халзан овогт Монхооройн Чулуунбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чулуунбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Чулуунбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

          

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА