Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0971

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “У*** с*** к*** ХХК” ХХК /РД:5***/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б*** овогтой Э***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М*** /ШТЭҮ:№2***/, М.М*** /ШТЭҮ:№1***/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.У***,  В.Б***

Хариуцагч: Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Ч.Г***, улсын байцаагч Ж.С*** нарын хоорондын дотоод аудитын хяналт, шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***, М.М***, хариуцагч Ж.С***, Ч.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У***, В.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “У*** с*** к*** ХХК” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 тоот захирамжийг хүчингүй болгуулах”, Нийслэлийн Дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Ч.Г***, улсын байцаагч Ж.С*** нарт холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар тус тус маргаж байна.
  2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоолоор “...”Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Д***” консерциумтай гэрээ байгуулж, хамтран ажиллах”-ыг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар тогтоолоор  “...Төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээд байгуулахыг” тус тус Нийслэлийн Засаг даргад  зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Д*** консерциум”-тай “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулан, нийслэлийн өмчийн 24% хувь бүхий “У*** с*** к*** ХХК” ХХК-ийг байгуулсан.

            Улмаар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 дугаар захирамжаар нийслэлийн өмчийн оролцоо бүхий “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хяналт, шалгалт хийх удирдамжийг батлан, холбогдох санал дүгнэлтийг танилцуулахыг Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгасан. Энэ дагуу Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагч нарын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаартай албан шаардлагыг “У*** с*** к*** ХХК” ХХК-д хүргүүлсэн.

  1. Нэхэмжлэгч “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 дугаар захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагч нарын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаартай албан шаардлагыг эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/436 дугаар албан бичгээр тус тус Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03/3018 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "У*** с*** к*** ХХК" ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх "Мастер гэрээ” байгуулан, мөн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн иргэд, зорчигчид 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн албан ёсoop "U***" картаар зорчиж, 7 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дэх хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасныг дурдсан байдгийг харахад гадагш, дотогш чиглэсэн хяналт, шалгалт гэж  ангилан үзэж болохоор зохицуулалт байгаа. Гадагш чиглэсэн хяналт, шалгалт нь төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн аливаа хяналт, шалгалтыг гэж ойлгож болно. Дотогш чиглэсэн хяналт, шалгалт нь аж ахуй, нэгж байгууллага буюу төр өөрийн харьяа нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх зохицуулалттай байдаг. Маргаан бүхий актад Төрийн аудитын тухай хуулийг үндэслэсэн учир Нийслэлийн Дотоод аудитын албыг хяналт, шалгалтын байгууллагаар томилсон. Баримталсан хуулиас нь үзвэл дотогш чиглэсэн хяналт, шалгалт буюу нийслэлийн зүгээс “У*** с*** к*** ХХК” ХХК-ийг нийслэлийн харьяа нэгжид хамаарах байгууллага гэж үзэн хяналт, шалгалтад хамруулах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Энэ 100 дугаар тогтоолд 7 бүлэг бүхий 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагуудыг нийслэлийн харьяаны байгууллага хэмээн тогтоосон байгаа. Үүнд “У*** с*** к*** ХХК” ХХК ороогүй. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийг товчлоод “Мастер гэрээ” гэдэг. Мастер гэрээг Нийслэлийн Засаг даргатай гэрээний тэгш байдлыг хангах үүднээс байгуулсан. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дах хэсэгт “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж заасан байдаг. “У*** с*** к*** ХХК” ХХК нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой эсхүл төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд биш. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дах хэсэгт зааснаар орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийг хяналт, шалгалт хийхээр заасан байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 24 хувийн хувьцааг эзэмшдэг. 24 хувийн хувьцааг давамгайлсан хувь эзэмшсэн хэмээн ойлгож болохгүй. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дах хэсэгт “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн Газар батална” гэж заасныг үндэслэн Засгийн газраас 2015 онд 483 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хавсралтад дотоод аудитын газрын дүрэм байгаа. Дүрмийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө түүний орлого зарлагад санхүүгийн хяналт тавина” гэж заасан байдаг. Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хамаарахгүй учир нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд нийслэлээс 100 хувь үйл ажиллагааг нь удирддаг байгууллагуудыг хэлдэг. Тухайлбал, Хот тохижилт үйлчилгээний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт гэх мэт 100 хувь хувьцааг эзэмшиж, удирддаг байгууллагуудыг орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хамааруулж ойлгоно. Нийслэлийн Засаг даргаас баталсан захирамж нь төрийн хяналт, шалгалт эсвэл дотоод аудитын хяналт, шалгалт хийх гэж байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.      

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн төлбөр, мөнгө орж ирэхгүй байгаа нь “У*** с*** к*** ХХК” ХХК-тай хамааралгүй асуудал юм. Мастер гэрээний 1.1-д “Талууд Иргэний хуулийг удирдлага болгон гэрээ байгуулж байгааг” тодорхой дурдсан. Энэ нь Иргэний хуулийг үндэслэн гэрээг байгуулсныг илтгэж байна. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд “Компани” гэсэн ойлголтыг тайлбарласан байгаа. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Компанийн 24 хувийн хувьцаа эзэмшиж буй нийслэлийн зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдөө томилоод явж байсан. Төлөөлөгчид нь төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд суудаг, санхүүгийн тайлан, дүгнэлт бүх зүйлийг мэдэж байгаа. Итгэхгүй байгаа асуудал байвал хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулах боломжтой зохицуулалт байгаа. Заавал Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд хамруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мастер гэрээнд “Д*** консерциум” орсон. Үүнтэй холбоотой асуудлыг дурдахгүй зөвхөн “У*** с*** к*** ХХК” ХХК-д шалгалт хийх гэж буй нь зөрчилтэй гэж үзэж байгаа. Гэрээ байгуулсан талтай гэрээгээ дүгнэх гэж байгаа бол гэрээний нэг талтай холбоотой зүйлийг дүгнэх ёстой. “У*** с*** к*** ХХК” ХХК нь энэ гэрээний тал биш. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасныг үндэслэн маргаан бүхий захирамж гарсан. Хяналт, шалгалт хийхээр үндэслэж байгаа заалт нь хийх гэж буй ажилд нь хамааралгүй байна. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчид бүх мэдээлэл нээлттэй байдаг. Маргаан бүхий Засаг даргын захирамжийн үндэслэх хэсэг нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан дотоод аудитын дүгнэлт байдаг. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дах хэсэгт “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” 3 ангиллаар дотоод аудитад хамрагдах байгууллагыг заасан. Энэ 3 ангиллын аль ч биш байгаа. 24 хувийн хувьцаа бол давамгай биш. Дотоод аудитын дүрмийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаанд төсвийн байгууллага 50 хувиас дээш хувьцаатай байж давамгай байна” гэв.

                 5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У***аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт "Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана", Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.5-д "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн "Хяналт шалгалт хийх тухай" А/698 дугаар захирамжийг гаргасан. Энэхүү захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "У*** с*** к*** ХХК" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг болон удирдамжийг баталсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтад "хяналт шалгалт" гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор" гэж тодорхойлсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дах заалтад заасан зарчмыг баримтлан Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагч эрхтэй албан тушаалтнуудыг томилсон. Нийслэлийн Дотоод аудитын албаны албан тушаалтнуудыг томилсон нь хууль тогтоомж зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ", жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна" гэж хуульчилсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад бүх шатны Засаг дарга "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах" бүрэн эрхтэй гэж хуульчилсан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д зааснаас гадна нийслэл хот болохын хувьд энэ хуульд заасан тусгай болон бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ", мөн хуулийн 8.3.11 дэх заалтад "авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ" зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

                 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам"-ын 4.2.3 "төслийн хэрэгжилтийг ханах ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан байдаг. Энэ журамд төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг болон засаг захиргааны байгууллагуудын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Журмын 4.2-т “Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.2.1-т “Төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулна”, 4.2.3-т “Төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавих” гэх мэт эрх үүргийг зааж өгсөн байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг.

                 Төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулж байгааг “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн захиралд мэдэгдэж байсан. Хяналт, шалгалтын ажиллагааг хийснээр нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг дарга Дата консорциумын хооронд байгуулагдсан гэрээний үндсэнд “У*** с*** к*** ХХК” ХХК байгуулах шийдэлд хүрсэн. Тийм учир төрийн хяналт, шалгалтад хамрагдах ёстой хуулийн этгээд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                 Хариуцагч Нийслэлийн дотоод аудитын газрын улсын байцаагч Ч.Г*** шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хяналт, шалгалт хийх бүрэн эрх, үүрэгтэй байгаа. Дотоод аудитын шалгалт хийх нь төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч нарт байдаг дотоод аудитын асуудал байгаа. Санхүүгийн хяналт, шалгалт нь тухайн байгууллагад гадагшаа чиглэсэн хяналт, шалгалтыг хийдэг дотогш чиглэсэн хяналт, шалгалт нь тухайн байгууллага дотор хийдэг ажиллагаа. “У*** с*** к*** ХХК” ХХК-д хийх гэж буй шалгалт нь өмнө нь тодорхойлсон зүйлээ дахин шалгах гэж очоогүй. Санхүүгийн хяналт, шалгалт нь шалгалтаар илэрсэн зөрчилд акт тогтоох, албан шаардлага хүргүүлэх зэрэг зүйл байдаг. Хяналт, шалгалтыг удаа дараа хийж байгаа нь алдаа дутагдалтай зүйлээ олж засаж, сайжруулан хамтран ажиллах зорилготой юм” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Дата карт консорциум”-тай хийсэн гэрээ “У*** с*** к*** ХХК” ХХК-д хамааралтай. Мастер гэрээний 3.1-д талууд “Компанийн тухай хуулийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани хамтран байгуулах төслийг хэрэгжүүлнэ” гэсний дагуу “У*** с*** к*** ХХК” ХХК-ийг байгуулсан. Мастер гэрээний 4.1-д “Нийслэл ба ХХК нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх ажлыг сурталчлан таниулах, зорчигч-тээвэрлэгч, бусад этгээдийг соён гэгээрүүлэх, хэрэглээний мэдлэг олгох ажлыг хариуцна” гэж заасан байдаг боловч энэ ажлаа хийж гүйцэтгэдэггүй. Энэ байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл нийслэлд байдаггүй. Мастер гэрээний 7.1.12-т “Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны тайланг шаардлагатай гэж үзсэн тохиолдол бүрд дуудан танилцах, мэдээлэл хийхийг хүсэх, шаардах эрхтэй. Энэ эрхийг тайлагнах, мэдээлэх, шаардах эрхийг хүлээн авсан өдрөөс 3 өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч тайлагнах үүрэгтэй” гэж заасан байдаг” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хууль бус хэмээн маргасан. Үүнд:

            Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дах хэсэгт “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” хэмээн, Засгийн газрын 2015 онд 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, түүний орлого зарлагад санхүүгийн хяналт тавина” хэмээн заасан бөгөөд “У*** с*** к*** ХХК” ХХК нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд биш,

             Нийслэлийн Засаг даргаас баталсан захирамж нь төрийн хяналт, шалгалт эсвэл дотоод аудитын хяналт, шалгалтын алин болох нь тодорхойгүй,

            “У*** с*** к*** ХХК” ХХК-ийг үүсгэн байгуулсан мастер гэрээний 1.1-д талууд Иргэний хуулийг удирдлага болгон гэрээ байгуулж байгааг тодорхой дурдсан. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Компанийн 24 хувийн хувьцаа эзэмшиж буй нийслэлийн зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдөө томилоод явж байхад заавал Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд хамруулах шалгалт хийх гээд байгаа нь үндэслэлгүй зэрэг.

                 3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоолоор “...”Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Д***” консерциумтай гэрээ байгуулж, хамтран ажиллах”-ыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрч, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар тогтоолоор “...Төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээд байгуулахыг” тус хариуцагчид  зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Д*** консерциум”-тай “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, нийслэлийн өмчийн 24% хувь бүхий “У*** с*** к*** ХХК” ХХК-ийг байгуулсан болох нь,

            Нийслэлийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 дугаар захирамжаар нийслэлийн өмчийн оролцоо бүхий “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх, хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, хяналт, шалгалт хийх удирдамжийг батлан, холбогдох санал дүгнэлтийг танилцуулахыг Нийслэлийн Дотоод аудитын албанд даалгасан. Энэ дагуу Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчаас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагчийн 38/09-03 дугаар бүхий баримт бичиг гаргуулах албан шаардлагыг “У*** с*** к*** ХХК” ХХК-д хүргүүлсэн болох нь,

            Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хяналт, шалгалт хийх тухай” А/698 дугаар захирамжид хууль зүйн үндэслэл болгон “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийг тус тус тэмдэглэсэн.  Тухайн захирамжаар баталсан “Ажлын хэсгийн удирдамж”-ийн 1-д “Зорилго. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон “Д***”-ын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэх, “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тус компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл, өмч хөрөнгөтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, дүрэм, журамтай нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино” хэмээн тодорхойлсон болох нь,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон “Д***”-ын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний 7.2.5-д төсөл хэрэгжүүлэгч нь “Нийслэлийг төслийн хүрээнд шаардлагатай бүх мэдээллээр нэгж хугацаа тутам хангах” үүрэгтэй хэмээн, “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн дүрмийн 10.4-т “Компани нь санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тооцооллын үнэн зөвийг магадлан хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж, зөвлөмж авна” хэмээн заасан болох нь,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай” 17 дугаар тогтоолоор “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.И***, Б.О*** нарыг томилсон болох нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 дугаар захирамж, тус захирамжийн 1 болон 2 дугаар хавсралтууд, Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаар албан шаардлага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга болон “Д*** консерциум”-ын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”, Нийслэлийн Дотоод аудитын албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2/72 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үйлчилгээний хэлтсийн E-Doc дотоод сүлжээний программд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл  болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

            4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтална хэмээн,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т “хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах”, 63.1.6-д “нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, нийслэлийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх” хэмээн,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-“Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 8 дугаар зүйлийн 8.1.1-т “бүх шатны Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн,

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.3-т “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” хэмээн тус тус заасан.

            5. Үүнтэй холбогдуулан шүүх, Нийслэлийн Засаг дарга нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т  зааснаар “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах” бүрэн эрхтэй.

            Гэвч маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хяналт, шалгалт хийх тухай” А/698 дугаар захирамж нь хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт бүхий “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн үйл ажиллагаа тус улсын хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалган тогтоох зорилготой буюу гадагш чиглэсэн хяналт шалгалт уу эсхүл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон “Д***”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэх зорилгоор “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөн Нийслэлийн Засаг даргаас компанийн “санхүү, нягтлан бодох бүртгэл, өмч хөрөнгөтэй холбоотой” үйл ажиллагаанд дотогш чиглэсэн хяналт шалгалтыг хийх гэж буй аль нь болох нь тодорхойгүй байна гэж үзэв.

            Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хяналт, шалгалт хийх тухай” А/698 дугаар захирамжийг дотогш чиглэсэн хяналт шалгалт хийх агуулгатай гэж үзвэл тухайн маргаан бүхий захиргааны актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 болон Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг ямар учраас үндэслэн болох, тухайн заалт нь Монгол Улсын Компанийн тухай хууль болон “У*** с*** к*** ХХК” ХХК-ийн дүрмийн 10.4 дэх заалттай хэрхэн уялдаж байгаа болох нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эл талаарх тайлбарыг  шүүхэд гаргаагүй.

            Хэрэв гадагш чиглэсэн хяналт шалгалт хийх агуулгатай хэмээн үзвэл тухайн  захиргааны актаар баталсан “Ажлын хэсгийн удирдамж”-ийн 1-д тухайн хяналт шалгалтын ажлын зорилгыг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон “Д***”-ын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний биелэлтийг дүгнэх” хэмээн тодорхойлсон нь ямар учиртай болох, гэрээний биелэлтийг дүгнэх зорилгоор орон нутгийн өмч давамгайлаагүй хуулийн этгээдийн “санхүү, нягтлан бодох бүртгэл, өмч хөрөнгөтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, дүрэм, журамтай нийцэж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт” өгөх асуудал нь Нийслэлийн Дотоод аудитын албаны чиг үүрэгт хамаарах эсэх асуудалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас мөн ямар нэг тайлбарыг  шүүхэд гаргаагүй.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас аль төрлийн хяналт шалгалтыг хийхээр шийдвэрлэхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх, нэхэмжлэгчээс тухайн захиргааны акттай маргах эрхтэй байх эсэх асуудал үүсэх үр дагавартай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлахаар заасан. Хариуцагчаас эрх зүйн үр дагавар нь тодорхойгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах тухайн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргаас тухайн асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй. 

Мөн, шүүх Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хяналт, шалгалт хийх тухай” А/698 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул тухайн захирамжийг үндэслэн гаргасан Нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 тоот захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 38/09-03 дугаар албан шаардлагыг хүчингүй болгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/698 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА