Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0394

 

     

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр                   Дугаар 221/МА2017/0394                          Улаанбаатар хот

        

“******* ******* майнинг” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “******* ******* майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “******* ******* майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “******* ******* майнинг” ХХК-ийн эзэмшдэг MV-017394 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “…Шүүгч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 тоот албан бичгийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн гэж үзжээ.

Гэтэл дээрх мэдэгдэл нь хүргэгдэх ёстой газраа хүргэгдээгүй 10  дугаар сарын 24-ний өдөр буцсан болох нь төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн Монгол шуудангийн лавлагаагаар тогтоогддог.

Мөн “Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д заасан “хуулийн ... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ” гэж тусгаад үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/979 тоот албан бичгийг хаягаар хүргүүлсэн болох нь хариуцагч байгууллагын явсан бичгийн бүртгэл, дугтуй зэргээр нотлогдоно гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгч шийдвэр гаргахдаа уг дугтуй дээр бичигдсэн буцаасан тухай тэмдэглэл, мөн албан бичиг буцаасан тухай Монгол шуудангийн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдсоор байтал шүүх хэт нэг талыг барьж, төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй гэх нэхэмжлэгч талын хаягаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тухай мэдэгдлийг хүлээн авах боломжтой байсан эсэхийг тодруулалгүй нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас хаягийг нягтлан шалгалгүйгээр шуудангаар илгээснээр хүлээн авбал зохих этгээд хүлээн авсан, мэдэгдлийг авах ёстой эзэн авсан гэж үзэх боломжгүй бөгөөд буруу хүргэгдсэн хаягийн улмаас нэхэмжлэгч компанид хүргэгдээгүй болох нь дугтуй дээрх тэмдэглэл болон шуудангийн тодорхойлолтоор, мөн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн мэдүүлгээс тогтоогдож байхад албан тоотыг нэхэмжлэгч тал хүлээн авсан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар 56.2-т “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ээлжит жилийн төлбөрөө ямар шалтгаанаар хугацаанд нь төлөөгүй болох, хуулиар тогтоосон хугацаа хожимдуулж төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар нотлох баримт гаргах боломж олголгүй шийдвэр гаргасан.

Хэрвээ тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон тухай мэдэгдлийг хариуцагч тал нэхэмжлэгч талд илгээхдээ хаягийг нягтлан шалгаж зөв хаягаар илгээсэн бол манай зүгээс ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь ямар шалтгааны улмаас төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх тайлбар, нотлох баримтуудыг тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гарахаас өмнө хүргүүлэх боломжтой байсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээс харахад мэтгэлцэх зарчим хуралдааны явцад хангагдаагүй, нэхэмжлэгч талын яг юу хүсээд байгааг тодорхой болголгүй, нотлох баримтыг бүрэн гаргаж өгөх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь илт байна.

Мөн нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад манай компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Нармандах нь хүнд өвчний учир 2016 оны 02 дугаар сард гүйцэтгэх захирлын үүргээсээ чөлөөлөгдсөн боловч компанийн дансны гүйлгээ хийх эрхтэй ганц этгээд одоог хүртэл хэвээрээ байгаа юм. Энэ талаар шүүхэд тайлбарласан, тайлбар болон шүүх хуралд гаргасан мэдүүлэг, мөн нэхэмжлэл дээр дурдсан боловч шүүгч энэ талаар тодруулж шалгалгүй орхигдуулсан.

Б.Нармандах нь 2016 оны 10 дугаар сард өвчний учир ухаан алдаж унаад 11 дүгээр сарын 06-ны өдөр сэргэсэн. Энэ нь анх удаа тохиолдсон зүйл биш бөгөөд Нармандахын гарын үсэггүйгээр данснаас ямар нэг байдлаар гүйлгээ хийх, мөнгө гаргах боломжгүй байсан.

Дээрх үндэслэлүүдээс шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, дурдсан зүйлүүдийг шалгаж тодруулалгүй, хэргийг тал бүрээс нь нягтлалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр “******* ******* майнинг” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “******* ******* майнинг” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдээллийн системд бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл ... тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн MV-017394 дугаартай тусгай зөвшөөрлийн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацааг алданги төлсний үндсэн дээр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс “...компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Нармандах нь дансны гүйлгээ хийх эрхтэй, Б.Нармандах нь тархины хүнд хагалгаанд орж 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй...” гэж маргах боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* майнинг” ХХК нь дээрх хуульд заасан төлбөрөө урьдчилан төлөх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийнхээ төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хэдийд ч төлөх боломжтой байжээ.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “...өвчтэй, ...эмчилгээ хийлгэж байгаа, ...өвчтөн асарсан, ...томилолтоор гадаад, дотоодод ажилласан, ...сургалтад хамрагдсан, ...нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, ...нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, ...галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл” зэрэг шалтгааныг “хүндэтгэн үзэх шалтгаан”-нд тооцохоор, эдгээр хүндэтгэн үзэх шалтгааныг уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 70 дугаар зүйлийн 70.2, 75 дугаар зүйлийн 75.1.4.б-д заасан тохиолдолд тусгайлан хэрэглэхээр тус тус заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ... заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно” гэж заасан, нэхэмжлэгч “******* ******* майнинг” ХХК нь “хүндэтгэн үзэх шалтгааны” улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй, хүсэлт гаргахгүй байх болон хариуцагчид мэдэгдээгүй байх шалтгаан байхгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөөгүй байх тул Татварын ерөнхий хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” энэ тохиолдолд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, ийнхүү төлөөгүй учир шалтгаан нь тухайн үед тодорхойгүй байсан байхад хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тухай мэдэгдлийг хүлээн аваагүй...,  ...тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гарахаас өмнө төлбөрөө ямар шалтгаанаар хугацаанд нь төлөөгүй болох талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй...” гэжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөх үүрэгтэй, уг үүргийг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан байх тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч “мэдээгүй” гэх гомдол үндэслэлгүй төдийгүй мэдээгүй байх нь тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/979 дүгээр албан бичгээр “******* ******* майнинг” ХХК-нд “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх” тухай мэдэгдлийг хүргүүлэхээр албан ёсны бүртгэлтэй хаягаар явуулсан байх боловч “хаяг байнга хүнгүй, утас нь биш” гэх шалтгаанаар Монгол шуудангаас мэдэгдлийг буцаан хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, “******* ******* майнинг” ХХК нь “Хан-Уул, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 7 дугаар хэсэг Дагиймаа 5-9 тоот” гэсэн хаягаар бүртгэгдсэн, хаягийн бүртгэлийг өөрчлөлт хийгдээгүй байх ба бүртгэлтэй хаяг, утсаар холбогдох боломжгүй байсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг “...мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах боломжгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “******* ******* майнинг” ХХК нь бүртгэлтэй хаяг, утасны дугаараа өөрчилсөн талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгч нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үндэслэлүүдийг шалгаж тодруулаагүй, нотлох баримт бүрэн гаргаж өгөх боломжоор хангаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэдийгээр нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаан товлохоос өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН