Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 347

 

Ч.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 471 дүгээр магадлалтай, Ч.У-т холбогдох 201601070007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-гийн У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2...” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.У-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.У- гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг тодруулсан байхыг заасан байдаг. Гэтэл прокурор, мөрдөгч нар амь хохирогч манай гэрт өнгөрсөн гэдэг утгаар нэг талыг баримтлан нотлох баримтуудыг устгаж үгүйсгэсэн. Хэргийн гол нотлох баримт болох Н дэлгүүрийн баруун хойш, зүүн тийш буюу манайх руу харсан камерын бичлэгийг устгасан. 2017 оны 11 дүгээр сарын 16-нд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарын хамт туршилт хийхэд бүх зүйл тодорхой байхад камерын бичлэгтэй CD-г хэрэгт хавсаргаагүй, фото зураг болгон хэрэгт хавсаргасан. Мөн Ч.О-, н.Н нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Анхны шинжээчийн дүгнэлтээр 17 см цууралттай гэж гарсан бол дахин хийсэн дүгнэлтээр 22,7 см цууралттай гэсэн байдаг. Эд мөрийн баримт хаясан гэж шүүх дүгнэсэн. Би Н дэлгүүрийн гол нотлох баримт устгасан шиг эд мөрийн баримт устгаагүй. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, нотолбол зохих зүйлүүдийг шүүх хэлэлцэлгүй орхигдуулсан. Тухайн орой амь хохирогчийн явсан газар, хаана, хэнтэй уулзсан, түүнчлэн хэн, юугаар цохиж гэмтэл учруулсныг тогтоогоогүй байж шууд өөрсдийн ажлыг хялбарчилж, амь хохирогч манай гэрт өнгөрсөн гэдэг утгаар хэрэг бүрдүүлсэнд гомдолтой байна. Иймд энэхүү хилс хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ч.У-т холбогдох хэргийг хэлэлцсэн өмнөх шүүх хуралдаанууд болон хэргийн бодит байдлаас харахад дараах эргэлзээтэй зүйлүүд байна. 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын Х тоотод Н.Э- нас барсан гэх хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад прокурорын зүгээс хэт яллах талыг баримталсан ажиллагаа явагдсан гэдэг нь анхан шатны шүүхийн 2016 оны 43 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, мөн 2017 оны 02 дугаар тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл зэргээс тодорхой харагдаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 06-нд Э айлд орж “Би хүн цохиод алчихлаа. Надад цохиулсан хүн замын боржур мөргөөд унасан, миний өмнөөс 2 бацаан явчихлаа” гэх яриаг сонсож гэрчилснийг гар утсанд бичлэг хийж баримтжуулан мөрдөн байцаагч, прокурор нарт өгөх гэж удаа дараа хандсан боловч уг бичлэгийг хүлээн авч ач холбогдол өгөн шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “мөрдөгч нь яллах болон цагаатгах нотлох баримтыг адил тэгш авч үзэн ажиллагааг ил тод явуулна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь батлагдаж байна. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” явуулахдаа хэт яллах байр суурьтай явуулсны баталгаа бол шүүгдэгч Ч.У-ын өмгөөлөгч байхгүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэр гаргасан явдал юм. Хохирогч Н.Э- 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын Х тоотод нас барсан гэх хэргийг шалгахдаа “Н.Э- нь гаднаас бусдад зодуулсан байдалтай орж ирсэн байх талтай” гэсэн яллагдагч Ч.У-ын мэдүүлгийн талаар үнэлэлт дүгнэлт өгч Ч.У-ын гэрийн гадаа гудамжинд нухацтай нарийн үзлэг, шалгалт хийлгүй орхигдуулж хайнга хандсан байдаг. Н.Э-ийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны 18 цагаас хойш хэнтэй уулзсан, хаана архи уусан, хамгийн сүүлд хэрэг болсон газар руу хэзээ, хэн хэний хамт орсон талаарх шалгалтыг цаг, минутаар нь тооцож шалгаагүйгээс гадна энэхүү шалгалттай уялдуулан тухайн орчинд байх 8 нэрийн дэлгүүрийн орчны камерын бичлэгийг нягтлан шалгалгүй “хар, цагаан дүрс байх тул шалгах боломжгүй” гэсэн хариу өгч тухайн үед гаргасан хүсэлтийг хангалгүй орхисон байдаг. Хачирхалтай нь уг гаднах орчны камерын бичлэг нь өнгөөр ялгарсан маш тодорхой харагддаг бичлэг байгаа юм. Шинжилгээгээр Ч.О-ын хувцаснаас цус илэрсэн бөгөөд уг цус хэнийх болох, хэддүгээр бүлгийн цус болох, яагаад энэ хувцсанд байгаа зэргийг нарийвчлан шалгаж мухарлаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, гомдолд дурдагдсан асуудлуудыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.У- нь 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамжны Х тоот өөрийн гэртээ Н.Э-ийг зодож, гавлын ясны цууралт буюу хугарал, гавлын яс, хуйханд цусан хураа, тархи дарагдал бүхий гавал тархины гэмтэл учруулан санаатай алсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Ч.У-ын энэхүү үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” буюу 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Ч.У-ын үйлдлийг шинээр мөрдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, тухайн хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан “хэрэгт зарим зүйлийг шалгаж тогтоогоогүй” талаарх гомдол нь шүүхийн шийдвэрээр хөдөлбөргүй тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгуулах, тогтоох тухай асуудал байх бөгөөд энэ нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 471 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.У-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН