2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1172

 

 

 

 

 

 

    2025         04           28                                    2025/ШЦТ/1172

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Онцгойгэрэл хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-, түүний өмгөөлөгч С.Үлэмж,

шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 55а байр, 26 тоотод оршин суух хаягтай,одоо Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Шинэ алтай” хотхоны 50б байрны 112 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтанбаганын Д- /Регистрийн дугаар ГН95011408/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д- Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” эмийн сангийн жор баригчаар ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох эм, тариаг худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 27.000.000 төгрөгийг авч хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д-гийн өгсөн “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, хохирол барагдуулах гэсэн боловч чадсангүй. Ажиллаж байсан байгууллагадаа ийм үйлдэл гаргасанд намайг уучлаарай, хохирол төлбөрөө нөхөн төлнө...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн өгсөн: “...Манай байгууллага өдөр бүр харилцах дансаа шалгадаг. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан ба орой 500.000 төгрөгийн гүйлгээ гаргасан байсан бас амралтын өдөр мөнгө гарсан байхаар нь эрхлэгч рүү нь залгахад мэдэхгүй байна гэж хэлсэн. Дараа нь А.Д- өөрөө ирээд учраа хэлээд өөр хүнд битгий хэлээрэй, би амиа хорлох гээд байна гэж хэлэхээр нь нөхрийг нь дуудаж нөхөрт нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед цагдаад өгөөгүй. А.Д- хохирол төлбөрөө төлнө гэж хэлэхээр нь хүлээж байтал алга болчихоор нь цагдаад өгсөн. А.Д- 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирол төлбөрт нийт 27.000.000 төгрөг учирсан ба А.Д-гаас энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байхдаа орлого, зарлагын гүйлгээ харахад Баянгол дүүргийн Нарны хорооллын салбарын орлого, зарлагын картаас 27.000.000 төгрөг гарсан байхаар нь салбар хариуцдаг эрхлэгчтэй танай байгууллагаас бэлэн мөнгө АТМ-ээс гарсан байна, ямар учиртай юм гэхэд тодруулъя гэж хэлсэн. Удаагүй тус салбарын жор баригч ажилтай А.Д- над руу “Нарны хороололд байна, ийшээ залгаарай би хамаатай шүү, эхний ээлжинд Х захиралтай гурвуулаа уулзаж болох уу, би амь насандаа хүрчих гээд байна, гуйж байна...” гэж хэлэхээр нь би “за ойлгож байна, ярилцъя” гээд мессеж үлдээсэн. Удалгүй Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А” дээр байхад над руу залгаж бид гурав хурлын зааланд уулзсан. Тэгэхэд анх А.Д-г харсан ба 1xbet тоглоод бүгдийг нь алдчихсан, гэхдээ байгууллагад хохирлоо барагдуулна, хугацаа өгөөч гэж хэлэхээр нь бид нар гараар нь өргөдөл бичүүлж мөн нөхөрт нь хүлээлгэн өгч хугацааг нь хүлээсэн боловч хохирлыг барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 24-30 дахь тал/,

 

Шүүгдэгч А.Д-гийн “ХАС” банкны дансны хуулга /хавтаст хэргийн 35-44 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 1.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 26.000.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  дэх хэсэгт Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж  тодорхойлжээ.  

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Д- “Саргун Асрангуй” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 27.000.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Д- “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Д-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Үлэмж “Шүүгдэгч А.Д- хохирол төлбөр төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.Д- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ба хохиролд 1.000.000 төгрөг төлсөн...” гэх санал дүгнэлт тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч А.Д- нь бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “..өөрийгөө илчилсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү…” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь: Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийгөө илчилсэн гэдэг нь өөрийн буруутай ажиллагааг ойлгон мэдэрч, ухаалаг дүгнэлт хийж үйлдсэн гэмт хэргийнхээ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өөрийн хүсэл зоригийн дагуу мэдээлэхийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч компанийн орлого, зарлагын баримтыг өдөр тутамдаа шалгадаг ба шалгалтаар 27.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар олж мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Д-г гэмт хэрэг үйлдсэн талаараа өөрийгөө илчилсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Гурав. Хохирол хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...А.Д- хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 26.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч А.Д-гаас нийт 26.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д олгох нь зүйтэй байна.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Д- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ан Д-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гаас 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д олгосугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч А.Д- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ17.4