| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000083 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн “*******” хотхоны орчимд бусдын гээгдэл эд хөрөнгө болох иргэн *******ын эзэмшил, өмчлөлийн самсунг галакси А24 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оройн цаг хэд болж байсныг санахгүй байна айлаас гараад такси барих санаатай “*******” хотхоноос хойшоо гараад алхаж байсан чинь газар хар кейстэй гар утас байхаар нь би тухайн гар утсыг аваад засмал зам дээрээс такси бариад гэртээ харьсан. Тэгээд тэр гар утсыг би оролдоогүй гэрт байлгаж байгаад 2-3 хоногийн дараа нээж үзэхэд ямар нэгэн түгжээ кодгүй байхаар нь өөрийн сим картыг хийгээд бүх зүйлийг нь устгах гээд болохгүй байхаар нь хувцасны шүүгээнд хийчихсэн байсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас гээд нэг хүн над руу залгаад дуудахаар нь цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Намайг дуудаж мэдүүлэг авсан өдөр би гар утсыг эзэнд нь хүлээлгэж өгсөн, самсунг А24 маркийн гар утас байсан...мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн оройн Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах “*******” хотоны уурын зууханд нүүрс буулгаж байхад уурын зуухны хоёр галч намайг хоол ид гээд би орж хоол идэж байхад манай ажлын хүн над руу залгаад ажил дээр хүрээд ир гэж ярьсан. Тэгээд уурын зуухан дээр нүүрсээ буулгаж дуусаад *******-ны гадна талын автомашины зогсоол дээр ачааны машин зогсоочхоод орчхоод гэртээ машинтай ирсэн. Би гэртээ харьчхаад хүүхдээ машинаас утас аваад ир гэж хэлээд явуулсан олоогүй. Би утсаа хаясан гэдгээ мэдээд явсан газруудаараа явж уурын зуухны 2 галчаас утсаа асуусан үзээгүй гэж хэлсэн. Уурын зууны галч *******, нэг залуугийн хамт байсан би хүүхэдтэйгээ хоёулаа өөр хүн байгаагүй. Би ажлаас дуудаад гялс гараад явчихсан утсаа авч гарсан эсэхээ санахгүй байгаа. Би уурын зуух ******* хоёрын гадаа машинаас буухдаа утсаа хаячихсан байх гэж бодож байна. Би уурын зуух болон *******-н хоёрын камерыг шүүж үзээгүй. Миний утас галакси А24 маркийн ногоон өнгийн хар кэйстэй гар утас байгаа, 899,000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан. Миний алдсан гэх утасны имэй код байгаа, би алдсан гэх гар утсаа 600,000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдсан гэх гар утас ногоон өнгөтэй хар кэйстэй, өөр нээх содон шинж тэмдэг байхгүй. Миний алдсан гэх галакси А24 имей код , 1МЕ1 код дугаартай утас байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,
Гэрч Н.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би Баянхонгор аймгийн *******-ны уурын зууханд галч хийдэг. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн *******-ны уурын зуухны ээлжтэй байсан. Би ыг танина Баянхонгор *******-д хамт ажилладаг. уурын зууханд нүүрс буулгачхаад манай өрөөнд орж ирээд хоол идээд сууж байтал утас нь дугараад хоолоо идэж дуусаад утсаар яриад машинаа унаад яваад өгсөн. надтай хамт гарч байсан залуу өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18/,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай “...Шинжилгээний объектын үнэ цэнэ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 650,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-06/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-40/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40-41/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43/, депозит дансны хуулганууд /хх-ийн 47-54/, Скайтел ХХК-ийн гар утсанд ашигласан 96939096 дугаарын эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 36-37/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн “*******” хотхоны орчимд бусдын гээгдэл эд хөрөнгө болох иргэн *******ын эзэмшил, өмчлөлийн самсунг галакси А24 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн...*******” хотхоноос хойшоо гараад алхаж байсан чинь газар хар кейстэй гар утас байхаар нь тухайн гар утсыг авсан, ...2-3 хоногийн дараа нээж үзэхэд ямар нэгэн түгжээ кодгүй байхаар нь өөрийн сим картыг хийгээд бүх зүйлийг нь устгах гээд болохгүй байсан...мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Хохирогч *******ын....утсаа хаясан гэдгээ мэдээд явсан газруудаараа явж уурын зуухны 2 галчаас утсаа асуусан үзээгүй гэж хэлсэн.Би ажлаас дуудаад гялс гараад явчихсан утсаа авч гарсан эсэхээ санахгүй байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,
Гэрч Н.*******ийн... уурын зууханд нүүрс буулгачхаад манай өрөөнд орж ирээд хоол идээд сууж байтал утас нь дуугараад утсаар яриад машинаа унаад яваад өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18/,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай ..Шинжилгээний объектын үнэ цэнэ 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 650,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 25-26/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт ...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...гэж хуульчилжээ.
Уг үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа эд юмсыг хэлдэг.
Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч *******ын гээгдүүлсэн Самсунг Галакси А24 маркийн гар утас нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 650.000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, ашиглаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын Самсунг Галакси А24 маркийн гар утсыг буцааж өгсөн /хх-ийн 58/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах.. дүгнэлтийг
Шүүгдэгч *******... ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, 4-14 насны хоёр хүүхэдтэй, цаг зүүх боломжгүй, байнга иргэдэд үйлчилдэг, би өөрөө хөлний судасны нарийсалтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байгаатул торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас ялаас чөлөөлж болно... гэж
Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан.... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх… гэж хуульчилсан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ба хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн болон эрүү мэндийн байдал / ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, 4-14 насны хоёр хүүхэдтэй буюу бага насны хүүхдүүдтэй, нөхрөөсөө тусдаа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу үсчин хийдэг, сарын 1500000 төгрөгийн орлоготой/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан ялыг эдлүүлэх нь түүний ажил хөдөлмөрт нөлөөлөх зэргээр дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт*******гийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА