Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/01493

 

2017 оны 06 сарын 23 өдөр

      Дугаар 184/ШШ2017/01493

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 7/1-д байрлах “Төрийн банк” ХХК /рд:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц, 3 дугаар гудамжны 149 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Боржигон овогт Тогтохбаярын Эрдэнэбадрах /РД АЭ69103112/,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц, 3 дугаар гудамжны 149 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Ламгомбо овогтой Болортуяа /рд:АЗ73080504/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайз центр 4 давхарт 402 тоотод байрлах Зээлийн батлан даалтын сан /рд: 8091099/ нарт холбогдох,

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас 55,331,436.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас 29,565,360.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч Т.Эрдэнэбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:        

            “Төрийн банк 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг иргэн Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нартай байгуулан 80,000,000.00 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн Зээлийн батлан даалтын сан, Төрийн банк, зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын 14/58 тоот гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь Төрийн банкны өмнө үндсэн зээлийн үлдэгдэл өрийн тавин хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Ингэхдээ 2014-06-11-ны өдрийн 1-271 тоот албан бичгийг үндэслэсэн. Мөн Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч Т.Эрдэнэбадрахаас батлан даалтын 40 сая төгрөгийн 3 хувь 1,200,000 төгрөгийн шимтгэл авсан. Өөрсдийн үүрэг хариуцлагыг бүрэн ойлгосон эдгээр үйлдлийг хийсний үндсэн дээр гурвалсан гэрээ хийгдсэн.

            Зээлдэгч Т.Эрдэнэбадрах нь “СОБУ” ХХК-ийн Өгөөмөр худалдааны төвд 90 тоот павилионийг түрээсээр эзэмшиж автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан ба уг цэг нь татан буугдснаар ажлын байргүй болсон. Зээлдэгч БНСУ-аас сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирдэг байгаад Солонгос улсын хилээр гарах үедээ баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн удаан хугацаагаар хоригдон шалгагдсан байдаг. Улмаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2015 оны 10-р сард Төрийн банкны тусгай активын хэлтэст шилжин ирсэн.

 

            Хариуцагч Т.Эрдэнэбадрах Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелээгүй юм. Анхан шатны шүүхэд /2016-4 сар/ хандах хүртэл зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчил 200-аас дээш хоног болсон байх ба банкны Тусгай активын хэлтэст ирснээс хойш зээлдэгчтэй тохиролцон барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар удаа дараа зар зарлуулсан, мөн Зээлийн батлан даалтын сангийн холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч хамтран ажилласан. Тухайн үед Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллаад үр дүн гараагүй тул шүүхээр асуудлаа шийдүүлье гэдэг санал дээр талууд нэгдсэн.

            Зөвхөн зээлийн гэрээний үүргээс гадна зээлдэгчийн хувийн байдал, бизнес үйл ажиллагаа, зах зээлийн нөхцөл, зогсоох боломжгүй зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн өсөлтийг зогсоох үүднээс Төрийн банк шүүхээр асуудлыг шийдүүлэхээр хандсан. Зээлийн батлан даалтын сан нь Т.Эрдэнэбадрахаас батлан даасан хувиа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэж үзэж байгаа ба энэ эрхээ анхан шатны шүүхэд ашиглаагүй. Гэхдээ гурвалсан гэрээ ёсоор барьцаа хөрөнгийн үлдэх хэсгийг Санд шилжүүлэх үүргийг банк хүлээж байгаа ба Т.Эрдэнэбадрахын Зээлийн батлан даалтын сангийн өмнө хүлээх хариуцлага хэвээр юм. /Батлан даалтын гэрээний 3.2.9, 4.2.1, 4.2.3/

            Банк батлан даалт бол барьцааны нэг хэлбэр гэж үзэж байгаа ба Иргэний хуулийн 460-р зүйлийн 460.1-д заасан “нөхөх хариуцлага” гэдэгт гүйцэтгээгүй үүргийг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ, Иргэний хуулийн 460.4-т “батлан даагч гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэдэгт төлбөрийн дүнг тодорхой заасан тохиолдолд хариуцлага хүлээхийг ойлгоно гэсэн тайлбарыг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор тогтоосон байдаг.

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00269 тоот тогтоолоор ....үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах шаардлагын талаар шүүх дүгнэлт хийгээгүй, барьцааны гэрээтэй холбоотой Зээлийн батлан даалтын сангийн тайлбарыг шүүх анхаарч үзээгүй, барьцааны гэрээний нэг тал Л.Болортуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй зээлдэгчээс гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр шийдвэр магадлалыг хучингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

            Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Зээлдэгчийн зээлийн үлдэгдлийн хүү тооцооллыг гаргуулан түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Банкны програм, тухайн зээлийн ня-бо бүртгэл дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү шүүхийн эцсийн шийдвэрээр зогсдог, програм дээрх тохиргоо хийгддэг. Зээлдэгч зээлийг ашигласан хугацаандаа нийт 33,971,412.00 төгрөг буюу үндсэн зээлээс 20,869,278.50 төгрөг, үндсэн хүүнд 13,035,708.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65,425.59 төгрөг тус тус төлсөн байна.

            Иймд өнгөрсөн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон хариуцагч Т.Эрдэнэбадрах, батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 84,896,797.20 төгрөг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгуулж өгнө үү.

            Үүнээс хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 29,565,360.75 төгрөг, үндсэн хүүний өр 22,896,014.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2,870,061.31 төгрөг буюу нийт 55,331,436.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас 29,565,360.75 төгрөгийг тус тус гаргуулан өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Би 2014 оны 06 дугаар сарын 12-нд “Төрийн банк” ХХК-аас 80.000.000 төгрөгийн зээл авсан. Би 2014 оны 6 дугаар сарын 12-нд “Төрийн банк” ХХК болон Зээлийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд авсан зээлээр Солонгос улс руу сэлбэг оруулж ирэхээр 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явж 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдөр буцаад хилээр гарахад шалгагдаж, хилс хэрэгт гүтгэгдэж 5 сар хоригдсон. 2014 оны 11 дүгээр сард суллагдаж Монголд ирсэн. Энэ хугацаанд ажлын байр маань дахин төлөвлөлтөд орж татан буугдсан байсан. Зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн байсан учраас өөрийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийг төлөх гэсэн боловч барьцаа хөрөнгө зарах талаар зар тавьсан боловч зарагдаагүй. Би төрийн банкинд 33,971,412 төгрөгийг төлсөн байгаа. Зээлийн батлан даалтын сангаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл үндсэн зээлийн 50 хувийг төлүүлэх хүсэлтэй байна. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү гэж бодогдсон байгаа. Энэ төлбөрийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Хариуцагч “Зээлийн батлан даалтын сан” шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк болон зээлдэгч Т.Эрдэнэбадрах нарын хүсэлтийн дагуу 80,000,000 төгрөгийг зээлийн 50 хувийг батлан даахаар болсон. Энэ зээлийн хугацаа хэтэрч Төрийн банкнаас батлан даасан 50 хувийн дүнгээр төлөлт хийх нэхэмжлэл ирсэн. Энэ нэхэмжлэлд манай барьцаа хөрөнгөөс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдсэн төлбөрөөс зээлийн батлан даалтын сангийн хүлээх үүргийг тодорхой болгосны дараа манай талаас үүргээ гүйцэтгэх гэдэг хариу өгсөн. Төрийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч нараас 55,331,436 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 29,565,360 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагын хувьд манай талаас батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээг зааж өгсөн байдаг. Батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь байна гэж заасан. Гэтэл Төрийн банк нь үндсэн зээлийн 50 хувийг нэхэмжилж байна. Иймээс төрийн банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад зээлдэгч нараас 59,130,721 төгрөг гаргуулах гэж заасан байдаг. Гэтэл бодит үлдэгдэл нь  58,630,721 төгрөг байгаа. Энэ үлдэгдэл төлбөрийн 50 хувийг зээлийн батлан даалтын сан хариуцах гэдэг тал дээр, батлан даалтын гэрээний 1.6-д зээлдүүлэгч буюу төрийн банк өөрийн журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээг авсан байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл төрийн банкаас хангалттай арга хэмжээ аваагүйгээс зээлийн батлан заалтын сангийн хариуцах хэмжээ тодорхойгүй байна. Зээлдэгч нь төрийн банктай барьцаа хөрөнгийг гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгчийн барьцаа хөрөнгийг харахаар зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь манай талд хамааралгүй боловч зээлдэгчээс ингэж хүү, нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлийн хүү зогсох ёстой байдаг. Ингээд зээлийн батлан даалтын санд холбогдуулж, төрийн банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Төрийн банк" ХХК нь хариуцагч Т.Эрдэнэбадрах, батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас “Төрийн банк” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, хариуцагч Т.Эрдэнэбадрахаас үндсэн зээлийн үлдэгдэл 31,065,006.30 төгрөг, үндсэн хүүний өр 10,241,356.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 339,631.47 төгрөг буюу нийт 41,645,994.18 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 31,065,006.30 төгрөгийг, нийтдээ тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг болох 72,711,000.48 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас 55,331,436.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Зээлийн батлан даалтын сангаас 29,565,360.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлжээ.

            Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Учир нь нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Т.Эрдэнэбадрахтай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан 80,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, мөн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58, 14/58-1 дугаартай барьцааны гэрээнүүдийг Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нартай байгуулан уг гэрээгээр зээлдэгч Т.Эрдэнэбадрах, түүний эхнэр Л.Болортуяа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамжны 149 тоотод байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2201005709/, 104 м.кв хувийн сууц, гараж /Ү-2201018443/, цахилгаан хэрэгслүүд, бараа материал, мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /Г2201020085/, 90 м.кв талбайтай хувийн сууц, гараж /Ү-2201033521/ зэргийг зээлдэгч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нарын нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/58 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, зээл болон барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн, уг зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Т.Эрдэнэбадрахад олгосон, мөн “Зээлийн батлан даалтын сан” нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн БДГ-14/58 дугаартай “Батлан даалтын гэрээг” “Төрийн банк” ХХК, Т.Эрдэнэбадрах нартай байгуулан, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК болон хариуцагч Т.Эрдэнэбадрах нарын хооронд байгуулагдсан дээрх 14/58 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс үндсэн зээлийн 50 хувийг төлөх үүрэг гүйцэтгэхээр тохирч, батлан даалтын үйлчилгээний шимтгэл хураамжийг төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 49-51, 52-53, 54-55, 56-61, 136, 149-150 дугаар хуудас/

            Зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК болон зээлдэгч Т.Эрдэнэбадрах хамтран зээлдэгч Л.Болортуяа нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, мөн өдөр Зээлийн батлан даалтын сан, “Төрийн банк” ХХК, Т.Эрдэнэбадрах нарын хооронд “Батлан даалтын гэрээ” тус тус байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот зээлийн гэрээ нь 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр байгуулагдсан талаар талууд маргаагүй болно.

            Хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нар нь анхны нэхэмжилсэн дүнгээр төлөхийг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн шаардлага нь бидний буруугаас болоогүй, нэхэмжлэгчийн буруугаас болж гурван шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлж, анхан шатны шүүхээд дахин хэлэлцүүлэхээр буцааж хугацаа алдсан нь бидний буруугаас шалтгаалаагүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, банк зээлийг төлж барагдуулах хангалттай ажиллагаа хийгээгүй, зээлдэгч Т.Эрдэнэбадрахын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, үлдэх хэсгийг нөхөн төлөхийг зөвшөөрнө гэж тус тус маргажээ.

            Хариуцагч Т.Эрдэнэбадрах нь талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 14/58 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5, 2.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байх ба хариуцагч нь 2015 оны 8 дугаар сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу БНСУ-д хилс хэргээр саатуулагдсаны улмаас эх орондоо ирэх боломжгүй байсан, эхнэр Л.Болортуяа нь жирэмсэн үлдээд нярайлж, хүүхэд нялх /одоо 2 нас хүрч байгаа/, Т.Эрдэнэбадрахыг БНСУ-д саатуулагдсан байх хугацаанд Монгол улсад ажиллуулж байсан павилион нь дахин төлөвлөлтөд орж, бизнесгүй болсон зэргийн улмаас биелүүлээгүй, биелүүлэх бодит боломжгүй болсон нь хавтас хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулга, хилс хэрэгт холбогдож цагаатгагдсан шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримтуудаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч нар энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 6, 170-171, 213-225  дугаар хуудас/

            Мөн хариуцагч Т.Эрдэнэбадрах нь зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчин, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.9-т заасан хариуцагч Т.Эрдэнэбадрахын бизнесийн үйл ажиллагаа зогссон, цаашид зээлийн төлөх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.9-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах шаардлага гаргаж, энэ талаар зээлдэгч Т.Эрдэнэбадрах болон Зээлийн батлан даалтын санд удаа дараа мэдэгдэж байсныг хариуцагч нар мөн хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба талууд мөн энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

            Иймд хариуцагч Т.Эрдэнэбадрах нь 2015 оны 8 дугаар сараас зээлийн хуваарьт төлөлтийг хийгээгүй талаар талууд маргаагүй тул шүүх үүргийг мөн хугацаанаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс хойш 4 сарын дараа нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалтад нийцжээ.

            Иймд гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг цаашид үргэлжлүүлэхгүй дуусгавар болгох үр дагавар үүсдэг тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй үндэслэлээр 12,185,796.72 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. /хх-ийн 1-2, 136, 204-206 дугаар хуудас/

            Түүнчлэн 14/58 дугаартай батлан даалтын гэрээгээр зээлдэгч Т.Эрдэнэбадрахын “Төрийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь гэрээний 1.1, 1.4, 1.6-д зааснаар түүний өмнөөс үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг төлөх үүрэг гүйцэтгэхээр тохирсон байна.

            Батлан даагч нь Иргэний хуулийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээ байгуулах замаар зээлдэгчийг зээлээ төлж чадна гэж зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрвээ тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол төлбөрийг хариуцах үүргийг хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан БДГ-14/58 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 459.1-д заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгтт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас зээлдэгч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нарын үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувийг шаардсан нь батлан даалтын гэрээний 1.1, 1.4, 1.6-д заасан заалтуудтай нийцсэн байна гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гэрээ байгуулж, үйлчилгээний шимтгэл хураамжид Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас 1,200,000 төгрөг авч, эрсдлийг банкны өмнө хариуцах үүрэг хүлээсэн болох нь Зээлийн батлан даалтын сангийн дүрэм, талуудын хооронд байгуулсан гэрээ, зохигч нарын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 39-43, 49-51 дугаар хуудас/.

            Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эхлээд зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад үлдэх хэсгийг нөхөх хариуцлага хүлээхэд татгалзахгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 460.1-д заасан нөхөх хариуцлага гэдэгт үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлэх бөгөөд тэрээр мөн хуулийн 460.4-т заасан хэмжээгээр буюу батлан даалтын гэрээнд заасан үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хариуцлагыг хүлээх үүрэгтэй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав нь батлан даалтын гэрээний 1.6-д зээлдүүлэгч буюу “Төрийн банк” ХХК нь өөрийн журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээг авсан байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл “Төрийн банк” ХХК-аас хангалттай арга хэмжээ аваагүйгээс зээлийн батлан заалтын сангийн хариуцах хэмжээ тодорхойгүй байна. Иргэний хуулийн 461.2-т зааснаар зээлдэгч эхлээд үүргээ гүйцэтгэх ёстой гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн татгалзлыг шүүхэд нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д зааснаар зээлдэгч Т.Эрдэнэбадрах гэрээний үүргийг зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсний дараа шаардлага гаргасан, зээл төлүүлэх арга хэмжээ авч барьцаа хөрөнгийг зарах тухай зарыг сонинд нийтлүүлсэн, Зээлийн батлан даалтын сан, “Төрийн банк” ХХК нарын хооронд уулзалт, ярилцлага хийгдэж байсан тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан нь “Төрийн банк” ХХК нь журамд зааснаар зээл төлүүлэхээр хангалттай арга хэмжээ авч ажилласан болохыг нотолж байна. /хх-ийн 193-201 дүгээр хуудас/

            Иймд нь “Төрийн банк” ХХК нь батлан даалтын 2014 оны БДГ-14/58 дугаартай гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 50 хувьтай тэнцэх үүргийг гүйцэтгэхийг Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрхтэй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Эрдэнэбадрах нь үндсэн зээлээс 500,000 төгрөгийн төлөлт хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 58,630,721.50 төгрөг болсон гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн болно.  

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 14/58 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүрэгт хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 29,315,360.75 төгрөг, зээлийн хүү 10,241,356.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,631.47 төгрөг, нийт 39,896,348.63 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний буюу 29,315,360.75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,185,796.72 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч нараас хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас 357,431 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 304,526 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 39,896,348.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүрэгт 29,315,360.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,185,796.72 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл төлбөрийг зээлдэгч нарын барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС-ны 3 дугаар гудамжны 149 тоотод байрлах 632 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-2201005709/, 104 м.кв хувийн сууц, гараж /Ү-2201018443/, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжны 25 тоотод байрлах, 434 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /Г2201020085/, 90 м.кв талбайтай хувийн сууц, гараж /Ү-2201033521/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 801,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Эрдэнэбадрах, Л.Болортуяа нараас 357,431 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 304,526 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН