| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0907/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1062 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1062
2025 04 17 2025/ШЦТ/1062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Т.Баянмөнх,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405050910159 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цаг, 19 минутад 2 хүнд үйлчилж байх үед 50-60 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүн юм үзээд лангуу тойроод байсан, би тухайн үед 2 хүнд юм зарж байгаад анзаараагүй. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө ажилдаа бараагаа гаргах үед 1 ширхэг, хослол байхгүй байсан. ...22 грамм монетон хослол, 1 грамм нь 190.000 төгрөг, 22 грамм нийт 4.180.000 төгрөг ...Солонгос, турк гэх газар болон хувь хүмүүсээс авдаг. ...Зураг нь байгаа худалдан авсан гэрээ, падан байхгүй. ...орж ирж байсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...сэжигтэн этгээд нь монет хослолыг хулгайлж авч байгаа дүрс бичлэг бичигдсэн ...сэжигтэй этгээд нь монет хослолыг авч яваад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...” гэжээ /хх-н 36-38/,
Яллагдагчаар ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. ...хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Дэлгүүрийн худалдагч нь өөр хүнтэй ярьж байх үед нь би тухайн бөгжийг лангууны дээгүүр гараа давуулж араас нь аваад тухайн дэлгүүрээс гараад Баянзүрх дүүрэгт байрлах Сансарын ойролцоо байрлах ломбардад хулгай хийсэн хослолоо 2.500.000 төгрөгт тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 26-29/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 39-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 52, 54-58, 60-63, 67-78, 80-86/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 87-93/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарын баруун талд байрлах иргэн ***ийн эзэмшлийн “***” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр дотор байрлах 6 дугаарын шилэн лангуунаас иргэн ***ийн өмчлөлийн 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас түүний өмчлөх эрхэд нийт 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн үнэт эдлэлийн дэлгүүрээс монетон эдлэл хулгайлан 4.180.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ буцааж авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн хүсэлт /хх-н 39-40/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.41, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР