| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2022/0886/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0947 |
| Огноо | 2022-12-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0947
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуалдааны нарийн бичгийн дарга Ж.Н***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З*** нарыг оролцуулан Б.Б*** нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, холбогдох цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*** тус шүүхэд хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, холбогдох цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасанчлан харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь “эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагаас бүрэн татгалзах”, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь “нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох” үүрэг хүлээсэн агуулга бүхий “Эвлэрлийн гэрээ”-г 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Б.Б***, хариуцагч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** гарын үсэг зурсан. Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/2720 дугаар бүхий итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан “эвлэрэх эрх”-ийг тухайлан олгосон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна хэмээн үзэж нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Б***гаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, холбогдох цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт “нэхэмжлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагаас бүрэн татгалзаж”, “хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох”-оор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.6, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах З.М***-д даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА