Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0081/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

Улсын яллагч: Д.Отгонтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Бадамгэрэл

Шүүгдэгч: Б.Алтантуяа нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Эрдэний Алтантуяад холбогдох 201723000090 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны 1 дүгээр хороолол Саруул хотхоны 1-54 тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хорих хугацаа дуусч суллагдсан гэх Боржигон овогт Бат-Эрдэний Алтантуяа /РД: АП87110861/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Алтантуяа нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Эвт худалдааны төвийн 2 давхарын 67 дугаартай бэлэн хувцасны лангуунаас хар өнгийн “Никон Д7100” маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат хулгайлж иргэн Г.Отгонбатад 2.430.000 төгрөгний хохирол учруулсан 

Давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Биеийн тамир спортын газрын 2 давхарын 5 тоот өрөөнөөс мобиком болон жи-мобайлын сим карттай жи 1 маркийн гар утас 1, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, 86500 төгрөгтэй түрийвч зэрэг эд зүйл хулгайлж иргэн Гантулгад 257800 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хурх захын бэлэн хувцасны лангуунаас скайтелын сим карттай LG  100 маркийн гар утас хулгайлж иргэн Р.Энх-Одонд 260000 төгрөгний хохирол буюу 3 удаагийн үйлдлүүдээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 2.947.800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Г.Отгонбатын: 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө өөрийн лангуугаа онгойлгоод байж байсан. ...14 цаг өнгөрөөгөөд хүн зураг авахуулах гээд ирсэн. Тэгсэн чинь миний компьютерийн хажуу талд байсан “Никон Д7100” маркийн аппарат маань дурантайгаа хамт байхгүй байсан. ... доошоо буугаад хяналтын камер харсан чинь яг намайг байхгүй Пүүжээ эмээтэй цай уугаад сууж байх хооронд миний лангуу руу хар өнгийн нүдний шилтэй саарал өнгийн богиновтор гадуур хувцастай, хар өмдтэй, хар өнгийн гуталтай жижиг цагаан тор барьсан, үсээ ар талдаа боосон эмэгтэй хоёр гурав орж гараад сүүлийн удаа ороод гарахдаа маш хурдан ороод гарсан. Би тэр камерийн бичлэгт байсан миний хэлээд байгаа хүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 55хуу/

Хохирогч Б.Гантулгын: ... шинээр 250000 төгрөгөөр худалдан авч хэрэглээд нэг жил гаран хэрэглэж байгаа гар утсаа хулгайд алдчихлаа. Миний гар утас ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Жи мобайлын сим, мөн мобикомын сим байгаа. Түрийвч дотор 20000 төгрөг 4 ширхэг, 5000 төгрөг 1, 1000 төгрөг 1, 500 төгрөг 1, нийт 85000 төгрөг, мөн өөрийн иргэний цахим үнэмлэх, хаан банкны виза карт ... байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 60хуу/

Хохирогч Р.Энх-Одонгийн: Би гадаа гараад тамхи татаад 3 минут болоод л буцаж ороод лангуун дээрээ очоод гар утсаа харсан чинь миний цэнэглээд үлдээсэн гар утас байхгүй болсон байсан. Хяналтын камерийн өрөөнд очоод камер шүүгээд үзтэл 10 цаг 55 минутын орчим миний лангууны хажуу талаар саарал өнгийн гуяараа татсан уртавтар куртиктай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гутал нүдний шилтэй эмэгтэй наашаа цаашаа явж явж байснаа миний лангуу руу ороод маш хурдан буцаж гараад цаашаагаа гараад явж байгаа харагдаж байсан. Миний LJ-100 маркийн гар утас хар өнгийн мөн гадуураа хар өнгийн хавтас гэртэй, асаахад дэлгэцэн дээрээ миний хоёр хүүхдийн зурагтай дотроо скайтелийн сим карттай гэх мэдүүлэг. /хх-ийн 65хуу/

Гэрч Л.Уранцэцэгийн: Б.Гантулга өрөөнөөсөө самсунг Жи-1 маркийн гар утас куртикны халааснаасаа түрийвч мөнгөтэйгөө хулгайд алдчихлаа гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 79хуу/

Гэрч Б.Манлайбаярын: Б.Гантулга миний гар утас мөн өлгүүрт байсан гадуур хувцасны халаасанд байсан түрийвч байхгүй болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 81хуу/

Гэрч Г.Оюунцэцэгийн: Р.Энх-Одон гаднаас орж лангуу руугаа ороод миний утас алга болсон байна. Оюунаа эгч энүүгээр хүн явсан уу гэсэн. Тэгэхээр нь би нэг эмэгтэй явж байх шиг харагдсан даа чи камер шүүгээд үздээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 83хуу/

Үнэлгээний комиссын тэмдэглэл. /хх-ийн 57, 67хуу/

Арвижих Эстимейт ХХК-ны дүгнэлт. /хх-ийн 177хуу/

Хаан банкны Хэнтий аймаг дахь салбараас ирүүлсэн тоот

Мобиком корпорацийн Хэнтий аймаг дахь салбараас ирүүлсэн албан тоот. /хх-ийн 190хуу/

Хэнтий аймаг дахь Жи-мобайл ХХК-ний тодорхойлолт. /хх-ийн 192хуу/

Тухайн худалдааны төвүүдийн камерийн бичлэг,

Б.Батдэлгэрийн: ...Хурх гэх нэртэй захын урд талын зогсоол дээр зогсоод Аагий дотогшоо орж бие засна гээд тэр Хурх зах руу ороод удалгүй 6-7 минутын дараа буцаж машин дээр ирээд түрийвчээ авна гээд машины голын хайрцагнаас шар өнгийн түрийвчээ авчаад буцаад гараад явсан. ... Хурх захаас хөдлөөд ... Төрийн банкны зүүн талд машины зогсоол байсан. Аагий намайг энэ зогсоол руу ороод зогсчих гэж хэлээд би тэр зогсоол руу орж зогссон. Аагий намайг байж байгаарай гээд машинаас бууж яваад 10 орчим минут болоод буцаж ирээд машинд суугаад буцаад баруун тийшээ яваад ... дотроо шар өнгийн сендвичэн барилгатай хашаа руу ороод хашаан дотор нь нэг эргээд намайг буцаад гаръя гээд тэр хашааны голын хаалгаар гараад урагшаа яваад 100 метр орчим яваад замын зүүн талд замаас гараад энд зогсож бай гээд өөрөө буугаад явсан. Тэгээд машин дотроо хэвтээд байж байсан Аагий 30-40 минут болоод машинд орж ирсэн. Орж ирэхдээ цагаан тортой юм барьсан байсан. Тэр дотор нь юу байсныг нь мэдээгүй. ... эргээд дахин Хурх захын замын хойд талд ноолуур авна гэсэн хаяг байсан. Тэрний зогсоол дээр ороод ертөнцийн зүгээр урагшаа буюу машиныхаа толгойг зам руу харуулж зогссон. Аагий машинаас бууж яваад Хурх зах руу орж байсан. Тэгээд удалгүй 10 орчим минут болоод гарч ирэхдээ гартаа хар өнгийн гар утас барьсан гарч ирээд машинд суугаад явъя гээд машинаа хөдлөх гэсэн машины хагарсан дугуйны хий нь гараад бараг дуусч байсан. ... цайны газарт нь ороод хоол идчээд буцаж гарч ирээд хөдлөх гэж байхад цагдаа ирээд дагаад яв гэж хэлсэн. Тэгсэн би машинаа асаагаад цагдаагийн араас нь явах гэсэн чинь Аагий би энд байж байя чи асуудлаа шийдчихээд ир гэж хэлсэн. Тэгсэн тэр цагдаа Аагийг чи бас суугаад цуг яв гэж хэлсэн. Тэгсэн Аагий машинд суугаад явж байхдаа пизда, пизда гээд үглээд байсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 102-104хуу/

Б.Алтантуяагийн сэжигтэнээр мэдүүлсэн: ... модон хаалгатай хамгийн эхний хаалга хагас онгорхой байсан. Тэгээд би хаалгыг онгойлгоод орсон чинь өрөөн дотор хүн байхгүй байхаар нь ширээний хажуу талд гар утас цэнэглэж байхаар нь нь би тэр өрөөлүү нэвтэрч ороод гар утсыг нь цэнэглэгчнээс нь салгаад авч куртикныхаа халаасанд хийгээд өрөөнөөс гарах гэсэн хаалганы хажуу талд хувцасны өлгүүр байсан. Өлгүүр дээр хар өнгийн эрэгтэй хүний куртик байсан. Тэр куртикны энгэр нь гадагш эргэсэн байсан ба дотор талын халааснаас нь хүрэн өнгийн түрийвч цухуйж байхаар нь тэр түрийвчийг аваад халаасандаа хийгээд ордноос гараад яваад машиндаа очиж суугаад Барсболдод хулгай хийснээ мэдэгдэлгүй явъя гээд Төрийн банкны зогсоолоос хөдлөөд ертөнцийн зүгээр баруун тийш замаар яваад гэрлэн дохиотой уулзвараар урагшаа эргэж яваад ... Хурх зах руу орсон чинь лангуунууд нь дөнгөж онгойсон байсан. Би дотуур нь яваад ... лангууны худалдагч байхгүй байсан. Тэгсэн лангууны дотор байсан хөндлөн лангуун дотор гар утас цэнэглээтэй байхаар нь би тэр лангуу руу ороод дотор талд нь байсан хөндлөн лангуун дотор цэнэглэж байсан хар өнгийн гар утсыг цэнэглэгчнээс нь салгаж аваад куртикныхаа халаасанд хийгээд захаас шууд гарч яваад зам хөндлөн гараад машиндаа очиж суугаад Барсболдыг явъя гээд бид хоёр дахин нэг уулзвараар өнгөрөөд ... Эвт худалдааны төвийн хашаа руу орсон чинь гадна талдаа камертай байсан болохоор Барсболдыг буцаж гаръя гээд хашаан голын хаалгаар гаргаад 100 орчим метр явуулаад гандангийн хойд талын хашааны хажууд зогсоогоод эндээ байж байгаарай гээд би ганцаараа машинаас буугаад Эвт худалдааны төвийн баруун талын барилга руу нь орсон чинь барааны лангуунууд байсан. ... лангууны худалдагч нь байхгүй байсан. Тэр лангуу дотроо компьютер, принтертэй байсан. Ширээн дээр нь хар өнгийн зургийн аппарат байхаар нь би лангуунаас эргэж гараад хүн харж байгаад эргэж лангууруу ороод хар өнгийн зургийн аппаратыг нь аваад барьж явсан ууттай торон дотроо хийгээд хажуу талын шатаар доошоо буугаад барилгаар гараад хашааны үзүүрээс такси барьсан. ... цайны газарт ороод байж байх хооронд цагдаа ирсэн гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б.Алтантуяа нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Эвт худалдааны төвийн 2 давхарын 67 дугаартай бэлэн хувцасны лангуунаас хар өнгийн “Никон Д7100” маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппарат хулгайлсан,

Давтан үйлдлээр мөн өдөр Биеийн тамир спортын газрын 2 давхарын 5 тоот өрөөнөөс иргэн Б.Гантулгын мобиком болон жи-мобайлын сим карттай жи-1 маркийн гар утас 1, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, 86500 төгрөгтэй түрийвч зэрэг эд зүйл хулгайлж хулгайлсан,

Хурх захын бэлэн хувцасны лангуунаас иргэн Р.Энх-Одонгийн скайтелын сим карттай LG 100 маркийн гар утас хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээрх хохирогч гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг, шүүгчдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Алтантуяад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн барагдуулсан байдал, гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзээд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, зөвхөн зургын аппаратыг хулгайлсан үйлдэлийг хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Гантулга, Р.Энх-Одон нарын утсыг хулгайлсан хэдий ч хохирлын хэмжээ нь хүрэхгүй гэж мэтгэлцсэн. 

Б.Алтантуяа Жи-1 маркийн гар утасны үнэлгээнд хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийн дагуу Арвижих–Эстимейт ХХК-ийг Цагдаагийн газраас шинжээчээр томилох тогтоол гаргаж, томилогдсон шинжээч нарт хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зурж баталгаажуулж үүний дагуу шинжээч нар дүгнэлтээ гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулсан байна.

Тухайн компаниас Жи-1 гар утсыг 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 177хуу/,  Бусад виза карт дахин сэргээлгэхэд 3000 төгрөг /хх-ийн 188хуу/, 2 сим карт сэргээхэд 8000 төгрөг /хх-ийн 190хуу/, түрийвч 10000 /хх-ийн 62хуу/, түрийвчинд байсан 85000 төгрөг, иргэний цахим үнэмлэх захиалах шаардлагаар хэрэглэгдсэн 23.300 төгрөг, нийт 259.300 төгрөг энэ гэмт хэргийн улмаас учирсан байна. Иймд шүүгдэгчийн уг үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа юм.

Шүүгдэгч Б.Алтантуяа нь хохирогч Б.Гантулгын эд зүйлийг хулгайлахдаа Биеийн тамир спортын газрын 2 давхарын 5 тоот өрөөнөөс эд зүйл хулгайлсан нь орон байранд нэвтрэн орсон гэж үзэх үндэслэлтэй. 

Учир нь Б.Алтантуяагийн иргэн Б.Гантулгын эд зүйл хулгайлсан өрөөг олон нийтийн үйлчилгээний газар гэж үзэхгүй. Тухайн Биеийн тамир спортын газар нь олон нийтийн зориулалтын газар хэдий ч харин түүний дотор өрөө, тасалгаа нь байгууллагын албан тасалгаа юм. Тиймээс шүүгдэгч нь албан тасалгааг онгорхой байхыг нь далимдуулан сэм орж дотор нь байсан эд зүйлсийг хулгайлсан нь орон байранд нэвтэрсэн гэж үзнэ.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нь Р.Энх-Одонгийн скайтелын сим карттай LG 100 маркийн гар утсыг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссоос 260.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээн дээр ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй тул уг үнэлгээг хууль зүйн хүчинтэй гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч Б.Гантулга нарын шүүхэд гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээнүүдийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нотлох баримтыг цуглуулахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар ... дүгнэлт гаргуулах шинжээч томилох, ... эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү аргаар цуглуулаагүй нотлох баримт нь нотлох чадвараа алдана гэсэн үг юм. 

Өөрөөр хэлбэл тухайн баримтыг гаргуулсан шинжээчийг эрх бүхий албан тушаалтан тогтоол гаргаж томилоогүй, шинжээчид хууль сануулаагүй, худал дүгнэлт гаргавал ямар хариуцлага хүлээлгэх талаар мэдэгдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Иргэн хуулийн этгээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар дүгнэлт гаргуулах эрхтэй байдаг ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хамаарахгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаардаг болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

 

ТОГТООХ  НЬ :

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэний Алтантуяаг орон байранд нэвтрэн орж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтантуяагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 03 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтантуяад оногдуулсан 02 жил 03 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалсугай.

 

5. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Алтантуяад оногдуулсан 02 жил 03 сар хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Б.Алтантуяад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

 

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Алтантуяад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА