Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00569 дүгээр шийдвэртэй, Б.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “И Ө” ХХК-д холбогдох, 22 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Б.Д- нь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон 4 дүгээр байрны 09 тоот хаягт байрлалтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011825 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбай бүхи 3 өрөө орон сууцтай байсан. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг “И Ө” ХХК-тай байгуулан өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж эхэлсэн. “И Ө” ХХК-тай байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон нэмэлт гэрээнд заасны дагуу өөрийн өмчлөлийн 66 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаараа хөрөнгө оруулалт хийж 27.11 м.кв талбайтай 1 өрөө орон сууц 2 ширхэгийг, 35.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хүлээн авахаар тохиролцсон бөгөөд шинээр хүлээн авах орон сууцны зөрүүг 1 м.кв талбай тутамд 1 825 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаанд нэг сарын 500 000 төгрөгөөр буюу жилийн 6 000 000 төгрөгөөр тооцож нөхөн олговор авахаар харилцан тохиролцсон. “И Ө” ХХК-аас 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн олговор болох 6 000 000 төгрөгийг шинээр хүлээн авах орон сууцнуудын талбайн зөрүү болгон нийт 44 112 500 төгрөгт оруулан суутгуулсан ба нэмж 7 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр “И Ө” ХХК-д баримтаар төлсөн. Гэвч “И Ө” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Нийслэлийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай захирамжаар “И Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул өнөөдрийг хүртэл орон оронгүй, айл айл хэсч зутарч амьдарч байна. “И Ө” ХХК нь 2016 оны 10 сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны нөхөн олговор 6 000 000 төгрөгийг олгоогүй, шинэ орон сууцыг хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрч байгаа тул сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд “И Ө” ХХК-аас 2016 оны 10 сараас 2017 оны 10 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор 7 000 000 төгрөг, 2017 оны 10 сараас 2018 оны 5 сарыг хүртэлх хугацааны нөхөн олговор болох 3 500 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүү болгон төлсөн 7 000 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүүнд суутгуулсан 2014 оны 10 сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацааны нөхөн олговор 6 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И Ө” ХХК-тай Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан хийдийн орчим ХЕТ 2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх батламж авсан. Үүний дагуу Нийслэлийн засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газраас “И Ө” ХХК болон иргэд гэсэн 3 талт гэрээ байгуулсан. Сансар хотхоны 85 айлын газар нь нийтийн эдэлбэр газар бөгөөд хот төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж байсан тул Хот суурин газар болон гэр хорооллын дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу төсөлд хамрагдсан байсан. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ялсан барилга барих компаниудад хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас өгнө гэж олон удаа хөрөнгө оруулалт, зээлийн санал авч байсан боловч олгогдоогүй, арилжааны бүх банкууд Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд барилгын зээл өгөөгүй манай компанийн ажил хүндэрч зогссон. Манай компани нь санхүүжилтээ хүсч Гэр хорооллын хөгжлийн газарт удаа дараа мэдэгдэж шаардсан ба бизнесийн зээлээр дэд бүтцийн ажлыг хийж, аль болох бүтээн байгуулалтыг зогсоохгүйн тулд БНХАУ-ын “Сүндэр констракшн” ХХК, “Улихун” ХХК-тай хамтарсан боловч банкны төлбөрт унаж санхүүгийн хохиролд орсон. Төслийг өөрийн болон хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 3 дугаар сарын 1-нээс дээрх төсөлтэй холбоотой орон сууцны барилга угсралтын ажил болон бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээлгэн өгсөн ба 3 талт гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан гэсэн 03/266 тоот албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манайд ирүүлсэн. Иймд иргэн Б.Д-гийн нэхэмжилсэн нөхөн олговрыг гэрээний дагуу дан ганц манай компани хариуцахгүй, Нийслэлийн засаг даргыг төлөөлсөн Нийслэлийн засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар ч хариуцах ёстой. Нэхэмжлэгч Б.Д- нь “И Ө” ХХК-аас нөхөн олговорт 2015-2016 онуудад нийт 6 990 000 төгрөг авсан байна. Харин 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ныг хүртэлх 13 510 000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газраас гэрээний дагуу нэхэмжилнэ, тэд өгвөл төлнө. Илүү нэхэмжилсэн 8 990 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Засаг дарга болон Гэр хорооллын дэд бүтцийн газар нь дээрх нөхөн олговрыг хурдан шуурхай манай компанид өгвөл бид өгөхөөс татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И Ө” ХХК-аас 22 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “И Ө” ХХК-аас 270 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь “И Ө” ХХК нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх захирамж авсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газар, “И Ө” ХХК болон иргэд гэсэн 2 ба 3 талт гэрээ байгуулсан. Төслийг өөрийн болон хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжүүлэх явцад иргэд буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын ахалсан ТББ нь гэрээг цуцлах хүсэлт өгснөөр 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх төсөлтэй холбоотой орон сууцны барилга угсралтын ажил болон бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээн авсан. Шүүх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоотоор 1 000 000 төгрөгөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ. Гэтэл “И Ө” ХХК-д 3 талт гэрээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр цуцлагдсан гэсэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан, гэр хорооллын дэд бүтцийн газрын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хавсаргасан, гэр хорооллын дэд бүтцийн газрын 03/266 албан тоотыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн ба дээрх төсөл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаар хэрэгжиж байсан билээ. Иймд иргэн Б.Д-д олгосон нөхөн олговрын 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч “И Ө” ХХК-д холбогдуулан, 22 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 13 510 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “И Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул нөхөн олговрыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгосон учир 1 000 000 төгрөгийг, шинэ орон сууц захиалсны талбайн зөрүүд 7 000 000 төгрөгийг төлөөгүй учир зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хэргийн 1-2, 27 дугаар тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “И Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцласан, энэ тухай Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн тул уг хугацаа буюу 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс нөхөн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон, манай байгууллагад 7 000 000 төгрөгийг Б.Д-гээс хүлээн авсан баримт архивт байхгүй” гэж тайлбарлажээ.

 

            Талууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин уг гэрээгээр нөхөн олговор олгох хугацаа, хэмжээний талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 90 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх” хоёр талт гэрээ, мөн зохигч болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 90 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулагдсан байна. /хэргийн 9-14 дүгээр тал/

 

            Талуудын хооронд байгуулагдсан хоёр талт гэрээгээр нэхэмжлэгч Б.Д- нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011825 дугаарт бүртгэлтэй, 000342200 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 4 дүгээр байрны 9 тоотын 66 м.кв талбайтай орон сууцыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд “И Ө” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах Сансар хотхон 7 давхрын 2 өрөө 73 тоотын 35.95 м.кв талбайтай, 6 давхрын 1 өрөө 56 тоотын 27.11 м.кв талбайтай, 7 давхрын 1 өрөө 67 тоотын 27.11 м.кв талбай бүхий 3 ширхэг шинэ орон сууцаар солих буюу 24.17 м.кв талбайн үнийг м.кв-ийг нь 1 825 000 төгрөгөөр тооцон 44 110 250 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулахаар тус тус тохиролцож, газар, орон сууц чөлөөлөх үүргийг иргэн Б.Д-, хамтран өмчлөгч Б.Б нар хүлээсэн, 3 ширхэг нийт 91 м.кв орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, “И Ө” ХХК нь газар чөлөөлсөн өдрөөс эхлэн орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хүртэл сар бүр 500 000 төгрөг буюу жилд 6 000 000 төгрөгийг түр суурьшуулах зардалд нөхөн олговор хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь зөв./хэргийн 10-11 дүгээр тал/

 

            Түүнчлэн, талууд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх” хоёр талт гэрээний нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь нөхөн олговрын 6 000 000 төгрөгийг орон сууцны тайлбайн зөрүү төлбөрт суутгуулан тооцуулж, тухайн өдөр 7 000 000 төгрөгийг “И Ө” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул хариуцагч байгууллага 7 000 000 төгрөгийг Б.Д-гээс хүлээн авсан баримт архивт байхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна./хэргийн 15-17 дугаар тал/

 

            Хариуцагч “И Ө” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж зэргээр тогтоогдож байна./28, 33 дугаар тал/

 

            Хэдийгээр, хариуцагч байгууллагад Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “И Ө” ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсныг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байх боловч хариуцагч байгууллагын төсөл хэрэгжүүлэх эрх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжаар цуцлагдсан байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан 1 000 000 төгрөгийн нөхөн олговрыг хасч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан хоёр болон гурван талт гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний зардал буюу 2016 оны 10 сараас 2018 оны 5 сар хүртэлх хугацааны 9 500 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүү болгон төлсөн 7 000 000 төгрөг, шинэ орон сууцны талбайн зөрүүнд суутгуулсан 6 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                 ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                 С.ЭНХТӨР