Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/01117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МБШУҮЭХ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “МБШУҮЭХны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын Гэгээрэл үйлдвэрчний эвлэлийн холбоонд зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2011-2019 оны хооронд МБШУҮЭХны даргын сонгуульт албан тушаалыг хашиж байсан. МБШУҮЭХны даргаар З.Цогтгэрэлийг сонгосон.

... З.Цогтгэрэлд өргөдлөө Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу 2019 оны 05 сарын 27-ны өдөр өгсөн.

З.Цогтгэрэл 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 71 тоотоор “Таны өргөдлийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн болно” гэсэн хариуг өгсөн. Би эс зөвшөөрч гомдол гаргасан МБШУҮЭХны хяналтын зөвлөл 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 03 тоотоор “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчсөн байх тул хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр урьд эрхэлж байсан ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар авч ажиллуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл тэргүүлэгчид дээрх дүгнэлтийг биелүүлэхгүй байсан.

Тус салбарын холбоо ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрлөх эрхийг хохироож байгаа тул үүнийг миний бие тушаал шийдвэр гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халагдсантай адилтгаж үзээд тус шүүхэд гомдлоо гаргаж байна.

МБШУҮЭХны даргын сонгуульт үүргийг гүйцэтгэхээс өмнө тус холбоонд Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд Холбооны даргаар сонгогдох үедээ зохион байгуулагчийн үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн байсан юм.

Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу “Хуучин ажил болох МБШУҮЭХны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 05 сарын 23-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж тодруулж байна.” гэв.

 

2.Хариуцагч МБШУҮЭХны төлөөлөгч З.Цогтгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...холбооны даргын сонгуулиар З.Цогтгэрэлийг сонгосон тул нэхэмжлэгч Ж.Бийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 36 дугаар тогтоолын дагуу Ж.Бт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж 7,122,096 төгрөг, амралтын мөнгө 1,256,359 төгрөг, 2019 оны 6 сард ажилласан 7 хоногийн цалин 407,477 төгрөг нийт 8,785,932 төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж түүнд хүлээлгэн өгч, тооцоо дууссан байдаг. Гэтэл Ж.Б нь ажил эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй юм.

Холбооны дүрмийн дагуу иргэнийг аливаа албан тушаалд томилох, шинээр ажилд авахдаа МБШУҮЭХны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Тэргүүлэгчдийн хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 9.6.10-т “Ажлын албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталж, сонгон шалгаруулж ажилд авах, ажлаас халах тухай шийдвэр гаргах” гэж заасан. Дүрмийн энэ заалтын дагуу МБШУҮЭХноос Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Улмаар МБШУҮЭХны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд Ж.Б, Б.Галбадрах, Б.Хашхүү нарыг нэр дэвшүүлж, санал хураалт явуулсны үр дүнд Б.Галбадрах 8 гишүүний санал, Ж.Б 3 гишүүний санал авснаар олонхын санал авсан Б.Галбадрахыг ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилсон ба энэ тухай нэхэмжлэгч Ж.Бт мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч Ж.Бийн хөдөлмөрлөх эрхийг хохироосон зүйл байхгүй буюу МБШУҮЭХ нь өөрийн дүрэмд заасны дагуу ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан иргэний энэхүү ажлын байранд томилсон нь хөдөлмөрийн тухай, бусад хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.” гэв.

 

   3.Нэхэмжлэгчээс 2019.07.05-ны өдрийн 1/14 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын хорооны албан бичиг, 20219.06.06-ны өдрийн МБШУҮЭХны зөвлөлийн албан бичиг, 2017.11.09-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, 2011.05.06-ны МБШУҮЭХны дүрэм, 2008.05.16-ны өдрийн МБШУҮЭХны хяналтын хорооны дүрэм, Ж.Бийн №517179 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж.Бийн №0051914 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.30-ны өдрийн 011/ХТ2021/01451 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 340 дүгээр магадлал, 2022.03.31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2005.03.29-ний өдрийн 60 дугаартай Монголын “Гэгээрэл” үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх хорооны тогтоол, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх хорооны хурлын 2008.08.29-ний 40 дугаартай тогтоол, албан тушаалын тодорхойлолт, МБШУҮЭХны гүйцэтгэх зөвлөлийн VI хуралдааны 2009.02.12-ны 05 дугаар тогтоол, МБШУҮЭХны ээлжит IX бага хурлын 2011.05.06-ны 10 дугаар тогтоол, МБШУҮЭХны XI бага хурлын 2015.05.30-ны өдрийн 10 дугаар тогтоол, МБШУҮЭХны гүйцэтгэх хорооны хурлын 2019.05.29-ний өдрийн 32 дугаар тогтоол, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2019.06.26-ны 06 дугаар албан бичиг, МБШУҮЭХны 2019.06.05-ны өдрийн 71 дүгээр албан бичиг баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2020.01.07-ны 02 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.23-ны өдрийн МБШУҮЭХны дүрэм, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэр, 2020.01.06-ны давж заалдах гомдол,  МБШУҮЭХны 2022.04.04-ний өдрийн 42 дугаар албан бичиг, 2022.04.04-ний 42 дугаартай итгэмжлэл, МБШУҮЭХны Тэргүүлэгчдийн хурлын 2019.06.07-ны өдрийн 36 дугаар тогтоол, төлбөрийн даалгавар, МБШУҮЭХны Тэргүүлэгчдийн хурлын 2019.05.29-ний өдрийн 34 дүгээр тогтоол, МБШУҮЭХны тэргүүлэгчдийн хурлын 2019.06.21-ний өдрийн 63 дугаар тогтоол гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь МБШУҮЭХнд холбогдуулан “МБШУҮЭХны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 06 сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  МБШУҮЭХны даргын сонгуульт албан тушаалыг хашиж байсан, холбооны даргаар З.Цогтгэрэлийг сонгосон, МБШУҮЭХны хяналтын зөвлөлийн 2019 оны 03 тоот албан бичгээр “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчсөн байх тул хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр урьд эрхэлж байсан ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар авч ажиллуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан.

Холбоо ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг хохироож байгаа тул тушаал шийдвэр гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халагдсантай адилтгаж үзээд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасны дагуу тус шүүхэд гомдлоо гаргаж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: сонгуулиар З.Цогтгэрэлийг даргаар сонгосон тул нэхэмжлэгч Ж.Бийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, 2019 оны 36 дугаар тогтоолын дагуу Ж.Бт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж, амралтын мөнгө, 7 хоногийн цалин олгож, тооцоо дууссан. Гэтэл Ж.Б нь ажил эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй юм.

Иргэнийг аливаа албан тушаалд томилох, шинээр ажилд авахдаа ...холбооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.10-т заасны дагуу Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Ж.Б, Б.Галбадрах, Б.Хашхүү нарыг нэр, дэвшүүлж, санал хураалт явуулсны үр дүнд олонхын санал авсан Б.Галбадрахыг ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилсон ба энэ тухай нэхэмжлэгч Ж.Бт мэдэгдсэн.

...өөрийн дүрэмд заасны дагуу ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан иргэнийг энэхүү ажлын байранд томилсон нь хөдөлмөрийн тухай, бусад хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь Монголын “Гэгээрэл” үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх хорооны 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Монголын “Гэгээрэл” үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлага, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад үндсэн ажлаас чөлөөлөгдөж, сонгуульт ажил болох МБШУҮЭХны даргаар 2011 оноос сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс сонгуульт хугацаа дуусгавар болж, МБШУҮЭХны даргын ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.7-д “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол” гэж заажээ.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа”, 6 дугаар зүйлийн 3-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно.” гэж зохицуулжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь 2011-2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл МБШУҮЭХны даргын сонгуульт ажилтны үүргээс чөлөөлөгдөж, ажил олгогчид урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн ажиллах хүсэлт гаргасан байх бөгөөд МБШУҮЭХны гүйцэтгэх хорооны хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд Холбооны дүрмийн 9.6.10 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн тухай хариу хүргүүлжээ.

 

            Хэрэгт авагдсан Монголын “Гэгээрэл” үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх хорооны 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар тогтоол болон МБШУҮЭХны гүйцэтгэх зөвлөлийн VI хуралдааны 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоол болон Ж.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар Ж.Б өмнө нь ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

            Ж.Б МБШУҮЭХны даргын сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болж урьд эрхэлж байсан МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн ажил хүсэлтээ гаргасан байхад ажил олгогч шийдвэрлээгүй байна.

           

            Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон бол захиргаа /ажил олгогч/ түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах үүрэгтэйг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заажээ.

 

Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-т зааснаар “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах” тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эргэн ажиллахаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, мөн зүйлийн 36.1.3-т “хуульд заасан бусад тохиолдол” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалаж, сонгуулийн хугацаа дуусгавар болсноор тухайн сонгуулт ажилтныг урьд эрхлэж байсан ажилд нь эгүүлэн ажилуулах үүрэгтэй болохыг дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан байна.  

 

Ажил, албан тушаал хэвээр хадгалагдсан ажилтны хувьд хуульд заасан үндэслэл болон шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн ажил, албан тушаалд түүнийг ажил олгогч ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажилтны хүсэлтийг хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

            Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай болно.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон бол ажил олгогч түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн сонгуульт ажилтны хугацаа дуусгавар болсон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахгүй, ажилд томилсон тушаал гаргахгүйгээр ажил хөдөлмөрийг нь шалтгаангүйгээр эрхлүүлэхгүй, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа нь ажлаас халсантай нэг адил үзэх үндэслэл болж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Бийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдсан бөгөөд хуульд заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дуусгавар болсны дараа ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч буюу МБШУҮЭХ нь тухайн этгээдийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол ажлаас халсантай адилтган үзэж Ж.Бийг МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Ажил олгогчийн хувьд Холбооны дүрмийн 9.6.10 дахь заалтын дагуу буюу ажлын албаны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталж, сонгон шалгаруулж ажилд авах, ажлаас халах тухай шийдвэрийг тэргүүлэгчдийн хурал гаргах эрхтэй үндэслэлээр сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтанд олонхын санал авсан этгээдийг уг ажилд томилсон гэж тайлбарлах бөгөөд Ж.Бийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлж байх бөгөөд холбооны дээрх дүрэм хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажил олгогч МБШУҮЭХ нэхэмжлэгч Ж.Бийн сонгуульт хугацаа дуусгавар болсон буюу ажилдаа орохоор хүсэлт гаргахад ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Бийг МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажиллуулахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул Ж.Бийг Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

           

Нэхэмжлэгч Ж.Б сонгуульт ажил үүргийг гүйцэтгэж байсан нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч МБШУҮЭХнд гаргасан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан өдрөөр тооцож нэхэмжлэгч Ж.Бийг ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр гэж тооцох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 40,254,390 төгрөгийг нэхэмжилжээ.

 

МБШУҮЭХны ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтний нэг сарын цалингийн хэмжээ 1,010,119 төгрөг болох нь хэрэгт авагдсан Б.Галбадрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ удаан жилийн 20 хувийн нэмэгдлийг нэмж авах ёстой гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын 1,010,119 төгрөгөөр тооцож, нийт 35,142,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,111,854 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+333,663 төгрөг/ нийт 403,863 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.28 Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бийг МБШУҮЭХны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажиллуулахыг хариуцагч МБШУҮЭХнд даалгасугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МБШУҮЭХноос  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 35,142,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,111,854 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг МБШУҮЭХнд даалгасугай.

 

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч МБШУҮЭХноос улсын тэмдэгтийн хураамжид 403,863 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС