Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/01131

 


 

 

 

 

     2021 оны 05 сарын 25 өдөр

      Дугаар  183/ШШ2021/01131

        Улаанбаатар хот

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Д овогтой, Т.С-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б овогтой, Б.М-т холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Ш.Бнар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.С нь Б.М-тай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, бидний дундаас хүү М.А нь 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Би урьд нь өөр хүнтэй амьдарч байгаад 3 хүүхэдтэй Б.М-тай гэрлэсэн бөгөөд Б.М нь миний 3 хүүхдийг ялгаварлан гадуурхаж, дарамтлах үйлдэл гаргадаг байсан. Бид хоёр зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Б.М бид хоёр тусдаа амьдраад удаж байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү, мөн хүү М.А-г миний асрамжид үлдээж өгнө үү. Б.М бид хоёр дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.М, Т.С нар 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2009 оноос хойш тусдаа амьдарч байна. Тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү М.А төрсөн. Одоо Т.С нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа бөгөөд хүүхэдтэй болсон. Иймээс гэрлэлтийг нь цуцлаж өгнө үү. Хүү М.А-г Т.С-ийн асрамжид үлдээнэ гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Т.С-ийн нэхэмжлэлтэй, Б.М-т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Д овогтой, Т.С, Б овогтой, Б.М нар 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 207 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0037431 дүгээр гэрчилгээ, зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

            Гэрлэгчдийн “...бид эвлэрэх боломжгүй, цаашид хамт амьдрах боломжгүй, 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т.С, Б.М нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.     

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 160 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав. 

 

Гэрлэгчдийн дундаас 2009 оы 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Б овогтой, М.А төрсөн болох нь зохигчийн тайлбар, Төрсний бүртгэлийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0258083-Г355 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүү М.А эрүүл бойжиж байгаа, эх Т.С-ийн хамт амьдарч байгаа болох нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7412 дугаар тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Шавь цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт, Хасагт эрдэнэ эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогджээ.

 

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ “...хүү М.А-г эх Т.С-ийн асрамжид үлдээх талаар тохиролцсон” байдал болон 2009 оноос хойш хүү М.А эх Т.С-ийн хамт амьдарч байсан байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оы 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.А-г Т.С-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Т.С нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д овогтой, Т.С, Б овогтой, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.          

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оы 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б овогтой, М.А-г Т.С-ийн асрамжид үлдээсүгэй.  

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Т.С, Б.М нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгосугай.    

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД