Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

Улсын яллагч Г.Х,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь ...2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян толгой” гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.959 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Э.Э нь ...2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян толгой” гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.959 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэх үйл баримт нь:

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар хуудас/,

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5551 дугаартай “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Э 31 эр УК93020610” гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5466 дугаартай “1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч "1" дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 710 грамм өвс мэт зүйл" гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч "2" дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 930 грамм өвс мэт зүйл" гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, "Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч "3" дугаараар дугаарласан хуванцар савтай 180 грамм өвс мэт зүйл" гэж хаягласан хуванцар савтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Нэгдсэн Үндэстний байгууллага, Олон улсын ямар гэрээ конвенцоор хэдэн онд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон эсэх? гэсэн асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч “1” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 710 грамм өвс мэт зүйл" гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 692.5 грамм, “Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч “2” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай 930 грамм өвс мэт зүйл" гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 912.1 грамм, “Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын Мандал өртөөний хэсгийн байцаагчийн өрөөнд 2024 оны 9 дүгээр сарын 24- ний өдөр хийсэн үзлэгээр хураан авч “3” дугаараар дугаарласан хуванцар савтай 180 грамм өвс мэт зүйл” гэж хаягласан хуванцар савтай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 84.4 грамм байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Эийн гэрчээр өгсөн: “Би өмнө Төв аймгийн .... сумын хажуугаар одоогоос 4 жил өнгөрч явахдаа каннабис гэх зүйлийн мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамалыг харж байсан. Тэгээд өнөөдөр ганц удаа түүж өөрөө татах гэсэн бодлогогүй зангаасаа болоод ургамал түүж байгаад цагдаагийн байгууллагын ажилтан нарт баригдсан. Хол хол зайтайгаар 1-3 удаа татаж үзсэн. Би хааяа ганц нэг удаа сормоор санагдаад байдаг болохоор өөрөө хэрэглэхээр түүсэн. Би гадаа харанхуй болсон болохоор яг ямар хэмжээтэй ургамал, шарилж түүж байгаа талаар сайн хараагүй, мэдээгүй түүсэн. Би 2 тор арай дүүргээгүй ургамал болон шарилж /харанхуйд сайн харагдахгүй байсан/ түүсэн гэж бодож байна. Миний хувьд мансууруулах төрлийн ургамалыг өөрөө хэрэглэх гэж түүсэн. Бусдад худалдан борлуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч  Ч.Гын: “2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 10 минутын орчимд төмөр замын Мандал өртөөний хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Г 88980603 дугаарын утсаар Төв аймгийн .... сумын Цогт- Өндөр буюу 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян толгой гэх газрын ногооны талбай дээр нэг хүн ургамал түүж байна гэж мэдээлсний дагуу 20 цаг 20 минутад цагдаагийн дэд ахлагч, О.Г бид хоёр уулзаж хамт тухайн газар очиж шалгахад, ногооны талбайн баруун талд, замын хажууд цагаан өнгийн Тоёота Harrier маркийн ....улсын дугаартай, тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийг шалгахад дотор нь хүн байгаагүй. Ногооны талбайн голд хар өнгийн юүдэнтэй куртиктэй, хар өнгийн биеийн тамирын өмдтэй, цагаан ултай хар пүүзэн гуталтай, гартаа гар утасныхаа гэрлийг асааж барьсан эрэгтэй хүн явж байхаар нь уулзаж шалгахад дээрх ....тээврийн хэрэгслийн жолооч байсан. Уг хүний нэрийг нь асуухад Э.Э гэдэг Улаанбаатар хотоос ирээд 30-40 минут болж байна гэсэн. Хажууд нь байсан цагаан өнгийн 2 ширхэг торонд хийсэн өвсийг юу болох талаар асуухад, шарилж байгаа юмаа эмчилгээний журмаар эхнэртээ хэрэглүүлэх зорилгоор түүсэн гэж хэлсэн. Би энэ тухай Төмөр замын цагдаагий газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн .... дугаарын утас руу холбогдон нөхцөл байдлыг танилцуулан ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг Мандал өртөөний автомашины зогсоол дээр авчирч байрлуулан 2 ширхэг цагаан өнгийн торонд хийсэн өвсийг Мандал өртөөний цагдаагийн хэсгийн өрөөнд бүрэлдэхүүн иртэл тус тус байрлуулсан. Гаднаас нь харахад хөл, гар нь гуйвсан, сандарсан байдалтай, түүнтэй ярилцахад үг яриа нь эмх цэгцгүй, асуусан асуултыг бүрэн ойлгох чадваргүй, бүрэн ойлгох чадваргүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Т.Төгөлдөрийн: “Би өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ 13 цагийн орчим мотоцикльтэй гараад Пунсалд байрлах хадлан дээрээ очиж байж байгаад 16:00 цагийн орчим адуугаа хайхаар наашаа .... сумын Баянтолгой гэх газар явж байхад цагаан өнгийн дунд гарын жийп машин зогсож байсан. Би жолооч нь хаана байгаан бол гээд харахад машин дотор нь хүн байхгүй байсан. Дахиад сайн эргэн тойрныг нь харахад машинаасаа ертөнцийн зүгээр зүүн доод талд ойролцоогоор 300 метр орчим газар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн доошоо тонгойн цагаан өнгийн гялгар уутанд газраас юм түүж байгаа харагдсан. Би энэ хавиар түүх жимс ногоо, ахуйн хог байхгүй дээ гэж бодоод дахин сайн харахад нөгөө хүн нь газраас өвс түүгээд байхаар нь төмөр замын Мандал өртөөний хэсгийн цагдаа Г ах pyy .... дугаарын утсаар залгаж “Баянтолгойн энэ хавьд нэг хүн өвс түүгээд байна” гэж мэдэгдсэн. Мандал өртөөний хэсгийн цагдаа Г, хэсгийн төлөөлөгч Г нар удалгүй ирсэн бөгөөд би иртэл нь хүлээж байгаад нөгөө өвс түүж байсан хүнийг зааж өгөөд гэр рүүгээ явсан. Намайг хараагүй. Цагдаа нар ирэх хүртэл өвсөө түүсээр байсан. Хар өнгийн хувцастай харагдсан. Би холоос харсан болохоор яг өмд, гутал зэргийг нь ямар өнгийн хувцастай гэдгийг харж чадаагүй. Ойр хавьд өөр хүн харагдаагүй. Эндээс ойролцоогоор 1 километр орчим зайтай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Эийн яллагдагчаар өгсөн: “Би Прокурорын тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр ярьсан байгаа тул нэмж ярих зүйл байхгүй байна. Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын мөрдөгч Э.Идэр гэх хүн 2 ширхэг цагаан ууттай ургамалыг надаас хураан авсан. Би гэм буруугаа ойлгож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Эийн хувийн байдлыг тогтоосон баримт зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Э.Э нь ...2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян толгой” гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.959 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгоно.

 

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахыг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үздэг.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидрозаннабинол” гэх ургамлыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Х нь: “Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Э нь ...2 дугаар багийн нутаг дэвсгэр Баян толгой гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 247-ний өдрийн 17 цагийн үед Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1,959 грамм түүхий эдийг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Э.Эд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хуриуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, харин эд мөрийн баримтаар хураан авсан сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1,959 грамм өвсийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А нь: “Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Э.Эийн  өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1,959 грамм түүхий эдийг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Э.Э нь дээрх сэтгэцэд нөлөөт бодис болох өвсийг хэрэглэгч биш гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн өвсийг хэрэглэх зорилгоор түүсэн ч тухайн үйлдэл нь таслан согсоогдчихсон. Миний үйлчлүүлэгч Э.Эийн хувийн байдал нь Монгол Улсын залуу гэр бүлийн төлөөлөл, эхнэр нь жирэмсэн, бага насны 1 хүүхэдтэй. Э.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, тодорхой орлого олж гэр бүлээ авч явдаг хүн учраас эрүүгийн хариулагад нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Э.Эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Э.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой ба шүүгдэгч Э.Эийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

  1. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин 692.5 грамм, “2” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 912.1 грамм, “3” дугаараар дугаарласан хуванцар савтай цэвэр жин нь 84.4 грамм нийт цэвэр жин нь 1.959 грамм ургамал гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис / Төмөр замын цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Төмөр замын цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Эд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин 692.5 грамм, “2” дугаараар дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 912.1 грамм, “3” дугаараар дугаарласан хуванцар савтай цэвэр жин нь 84.4 грамм нийт цэвэр жин нь 1.959 грамм ургамал гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис / Төмөр замын цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Төмөр замын цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН