| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/00704/И |
| Дугаар | 183/ШШ2021/01092 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/01092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ч” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.945.059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Ш.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь “Ч” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ХЭ-20/56 тоот “Түрээсийн гэрээ”-г байгуулсан. “Ч” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 76.879.876 төгрөг, сэлбэгийн төлбөр 1.954.000 төгрөг, нийт 78.833.877 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагчийг төлбөрөө төлөөгүй тул “Түрээсийн техникийн тооцоо нийлсэн акт” үйлдэж баталгаажуулсан. Иймд гэрээний 7.5-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу алданги тооцож 35.111.182 төгрөг болсон. Иймээс нийт 113.945.059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин түрээсийн гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 78.833.877 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн үнийн дүнг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, хэтэрхий их хэмжээтэй байна гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ч” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 113.945.059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Ч” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Г” ХХК нь дугуйт ачигч НL7800-95 загварын тоног төхөөрөмжийг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэгч “Ч” ХХК-д шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрт 78.833.877 төгрөгийг түрээслүүлэгч “Г” ХХК-д төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ, Тооцоо нийлсэн акт, “Ч” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/20/70 дугаар албан бичгээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан тул хариуцагч “Ч” ХХК-иас түрээсийн төлбөрт 78.833.877 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгох нь зүйтэй юм.
Харин нэхэмжлэгчийн “...алдангид 35.111.182 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний Түрээсийн нөхцөлд “...түрээсийн хугацаа 1 сар...” гэсэн, Гэрээний тусгай нөхцөлийн 3-т “түрээслэгч тухайн сарын түрээсийн төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө...” гэсэн, Гэрээний ерөнхий нөхцөлийн 7.5-д “түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөр төлөх хугацаанаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө хийж гүйцэтгээгүй бол үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож түрээслүүлэгчид төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 78.833.877 төгрөгийн 0.5 хувиар тооцож, алдангид 35.111.182 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар алданги 35.111.182 төгрөгийн хэмжээг 50 хувиар багасгаж, 17.555.591 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч “Ч” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөрт 78.833.877 төгрөг, алданги 17.555.591 төгрөг, нийт 96.389.486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.555.573 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 96.389.486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.555.573 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 727.675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 639.897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД