| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/01353/И |
| Дугаар | 183/ШШ2021/01124 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2021/01124
| 2021 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2021/01124 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Б.А-ийн нэхэмжлэлтэй,
/
Хариуцагч: Б овогт Г.Б-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие нь Г.Б-тай 2011 онд танилцаж, 2016 оноос хамтран амьдарсан. Бидний охин Б.Н 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Охиноо төрхөд бид Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлж төрсний гэрчилгээ авч, охин маань эцгээрэй овоглож, бид зан харилцаа Г.Б-ын гэр бүлийн гадуурх харилцаанаас болж 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Б.Н нь одоо 1 нас 3 сартай бөгөөд миний бие ажлаасаа жирэмсний амралтаа аваад одоогоор цалин орлогогүй байгаа тул миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Н-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Одоо ч хүүхдээ тэжээн тэтгэж байдаг. Цаашдаа ч мөн тэжээн тэтгэж, санхүүгийн хувьд туслахад татгалзах зүйл байхгүй” гэжээ.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.А-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.А, Г.Б нарын дундаас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Б овогтой, Б.Н төрсөн болох нь зохигчийн тайлбар, Төрсний бүртгэлийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд охин Б.Н эрүүл бойжиж байгаа, эх Б.А-ийн хамт амьдарч байгаа болох нь “Энхтитэм” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б овогтой, Б.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б овогтой, Б.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-аас тэтгэлэг гаргуулсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 37.798 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 37.798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД