| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2019/00247/И |
| Дугаар | 855 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 855
“Ю Т С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00593 дугаар шийдвэртэй, “Ю Т С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Оюунчимэгт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27.439.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
Нэхэмжлэгч “Ю Т С” ХХК, түүний төлөөлөгч О.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.О нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус компанитай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 75 дугаар байр 14 тоот, 40.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар захиалга өгч орон сууцны нийт үнэ 76 893 000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа төлбөр болох 7 607 600 төгрөгийг төлсөн. Б.О нь манай байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөрөө удахгүй өгнө, зээл хөөцөлдөнө гэж амлаад байрандаа орсон боловч 2016 оны турш нэг ч төгрөг төлөөгүй. 2017 оны эхний 5 сард увуулж цувуулан 2 992 000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд тус компани гэрээ цуцлах тухай удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч зээл хөөцөлдөж байна, болохгүй байна, хүлээж байгаач, би энэ байраа л авахгүй бол болохгүй нь гэсэн хүсэлт, гуйлтыг харгалзан хүлээсээр ирсэн. 2017 оны 10 дугаар сард Төрийн банкнаас 48 000 000 төгрөг зээлэхээр болж Б.О-ийн хүсэлтээр байрны төлбөрийн үлдэгдэл 18 293 000 төгрөгийг хүүгүйгээр 7 сарын хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2 613 285 төгрөг төлөн барагдуулахаар тохиролцсон. Гэтэл Б.О нь итгэл эвдэн өнөөдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүйгээр үл барам утсаа ч авахаа болиод алга боллоо. Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа дуустал буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх нийт алдангийн хэмжээ 11 119 528 төгрөг болоод байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болох 18 293 000 төгрөг, алданги 9.146.500 төгрөг, нийт 27 439 500 төгрөгийг хариуцагч Б.О-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Ю Т С” ХХК-аас 2015 оны 12 дугаар сард 40.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэг м.кв-ыг 1 700 000 төгрөгөөр тооцож худалдан авсан. Анх гэрээг 1 900 000 төгрөгөөр хийсэн боловч тухайн үед ипотекийн зээл зогссон, зах зээлийн ханш өндөр байсан тул би төлсөн төлбөрөө буцааж аваад байрыг буцааж өгье гэсэн боловч” Ю Т С” ХХК-аас үнээ хямдруулъя гэж ярилцаад 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1 700 000 төгрөг болгосон. Хариуцагчийн зүгээс 24 100 000 төгрөг төлсөн, 48 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлөөд тооцоо бүрэн дууссан. Энэ компаниас 18 293 000 төгрөгийн мөнгөн хэлбэрийн зээл аваагүй. Худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон, энэ гэрээнээс үүссэн гээд байгаа зээлийн гэрээ нь хэлбэр төдий хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-оос 20 689 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю Т С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-оос 261 397.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ю Т С” ХХК-д олгож, хариуцагч Б.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Хариуцагч Б.О нь 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч “Ю Т С” ХХК-аас 40.47 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ төлбөрийг гэрээ байгуулсан өдөр болон нөхрийн нэрээр бэлэн мөнгөөр тушааж үлдэх хэсгийг “Төрийн банк” ХХК-ийн ипотекийн зээлээр бүрэн төлж, хууль ёсоор өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Улмаар нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэхь хэсэгт заасан гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлж авсан зүйлгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.О-ийг уг зээлийг авсан, үүргийг солихоор харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нотлох баримтуудыг илтэд нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчөөд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Ю Т С” ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 27 439 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-3, 24 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэлээ “хариуцагч худалдан авсан орон сууцны үнийг банкны ипотекийн зээлээр төлөхийн тулд орон сууцыг өмчлөлд шилжүүлэх шаардлагатай болсны улмаас талууд харилцан тохиролцон орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 18 293 000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан” гэж, хариуцагч “зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 18 293 000 төгрөг бодитой шилжүүлээгүй, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн” гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байна. Улмаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний биелэгдээгүй үүрэг буюу үлдэгдэл төлбөрийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулж, өмнөх үүргийг солихоор тохиролцсон талаар шүүх зөв дүгнэжээ.
Учир нь зохигчид өөр өөр цаг хугацаанд нотариатаар гэрчлэгдсэн, мөн зарим гол нөхцөл буюу талбайн хэмжээ, нэгж талбайн үнэ болон урьдчилгаа төлбөрийн үнийн дүн зөрүүтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч эдгээр гэрээний дараа 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол, 75-р байр, 14 тоот 40.47 м.кв байрыг 1 м.кв 1 900 000 төгрөгөөр тооцон нийт гэрээний дүн 76 893 000 төгрөг гэж, гэрээний төлөлт 10 600 000 төгрөг, үлдэгдэл 66 293 000 төгрөгийн төлбөр үлдсэн талаар тохиролцож, өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулсан талаар маргаагүй байна./хэргийн 8-9, 12, 37-40 дүгээр тал/
Түүнчлэн, талууд гэрээгээ дүгнэж акт үйлдсэний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч нь Төрийн банк ХХК-ийн мемориалын баримтаар 48 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын Хаан банкны дансанд шилжүүлснээр /66 293 000-48 000 000=18 293 000/ 18 293 000 төгрөгийн төлбөр үлджээ./хэргийн 34-35 дугаар тал/
Улмаар зохигчид 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 293 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, хүүгүй, сар бүр 2 613 285 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч байгууллагын тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна./хэргийн 7 дугаар тал/
Мөн хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны үнэд 4 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хэргийн 42 дугаар тал/.
Үүнийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 13 793 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардахаар гэрээндээ заасан учраас мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алдангид 6 896 500 төгрөг, нийт 20 689 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 262 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХТӨР