Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/293

 

 

 

 

 

 

  2021             3              23                                          2021/ДШМ/293

 

 

М.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор М.Ст холбогдох 2005021911171 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт -ын С, 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “” эмнэлэгт мэдрэлийн эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... хороолол, 22 дугаар байрны 161 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч М.С нь 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд Ар” хорооллын ...тоотод Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгон овгийн Мягмаржавын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ст оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар М.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.С нь 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ өмнө нь хамт амьдарч байсан эхнэр болох тухайн хэргийн гэрч Л.С хүүхдүүдтэйгээ уулзахаар ирсэн байсан үед тус хэргийн хохирогч Б.Х гаднаас гэртээ ирж таарсан ба улмаар тус гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Улмаар хохирогч Б.Х уурлан гэрч Л.Стэй маргалдан хэрэлдэж М.Сыг “Чи өмнөх амьдарлаа зохицуулна гэсэн биз дээ, Л.С яахаараа энд чамтай хамт байж байдаг юм” хэмээн орилон хэрэлдэж, гэрч Л.Стэй зууралдан зодолдож үснээс нь татаж хоолойг нь боож шкафанд шахсан үйлдлийг хийсэн.

Тухайн үед шүүгдэгч М.С “Л.С хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирсэн” гэж хэлж ойлгуулан тухайн үүсээд байсан асуудлыг зогсоох зохицуулах гэж татаж, хэн хэнийг нь холдуулах гэсэн боловч хэн хэнтэйгээ зууралдаад салахгүй байсан гэдэг ба тухайн үед хохирогч Б.Х гэрч Л.Сувд-Эрдэнийн хоолойг боогоод шкафанд шахан түлхэж гэрч Л.Сувд-Эрдэнийн ухаан балартаж, манарч эхэлсэн тэр үед гарцаагүй байдалд орсон. Шүүгдэгч М.С гартаа тааралдсан залгуураар хохирогчийг цохиж тэр хоёрыг салгасан байдаг.

Тухайн хэрүүл зодоон үүсээд байхад тэдний хажууд бага насны 3 хүүхэд байсан бөгөөд тухайн хоёрын зодооныг салгахгүй бол бага насны 3 хүүхэд дээр дарж уначих гээд салж өгөхгүй байсан хэмээн мэдүүлсэн.

Хэрэв шүүгдэгч М.С нь тухайн тулгарсан аюулыг арга хэмжээ аваагүй бол нийгмийн хор аюулын хувьд ямар ч хор уршиг учирч болох өндөр эрсдэлтэй байсан.

Шүүгдэгч М.Ст тухайн аюултай нөхцөл байдлыг зогсоох өөр арга байгаагүй ба хохирогч Б.Х нь гэрч Л.Сувд-Эрдэнийн хоолойг боогоод хананд шахчихсан байх үед гэрч Л.С хоолойгоо боолгуулчихаад Б.Хаш-Эрдэнийг түлхээд, хөлөөрөө өшиглөөд дийлдэхгүй байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “миний хоолойг боогоод шкафанд тулгаад шахчихсан, манараад ирж байсан” хэмээн мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулыг хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг.

М.Сын хувьд өөртэй нь гэр бүлийн холбоотой 2 эмэгтэй хүн хоорондоо зодолдоод нэгнийхээ хоолойг боочихсон бодит аюул учирсан байхад эс үйлдэл хийж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдэгдэн төгсөж болох аюултай нөхцөл байдалтай байсан.

Шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн сэдэлтэй шууд санаатай бус, харин тухайн учирсан бодит аюулыг зогсоож зайлуулахын тулд хийсэн гарцаагүй үйлдэл юм.

Тус өдөр гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан шүүгдэгч М.Стай ямар ч холбоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийг ямар нөхцөлд байсан талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хохирогчид хөнгөн хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Нөгөөтэйгүүр гэмт хэрэг болдог тус өдөр шүүгдэгч ямар арга хэмжээ авах байсан юм, гэр бүлийн харилцаатай хэн, хэн нь хүүхдийг нь төрүүлж өгсөн хоёр эмэгтэй нэгнийхээ хоолойг боочихсон аюултай нөхцөл байдалд хараагүй, мэдээгүй, үзээгүй юм шиг эс үйлдэл хийгээд хаяад явах байсан гэж үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ба М.Сыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй юм.

Шүүгдэгч М.Ст тулгарсан бодит аюулыг өөр аргаар зогсоох, арилгах арга байгаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гарцаагүй байдалд учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан хуулийн заалтыг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэхээр хуульчилсан байдаг тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Иймээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Сын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчийн болон гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

      

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:         

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.С нь 2020 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд Ар” хорооллын ...тоот гэртээ хамтран амьдрагч Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хаш-Эрдэнийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд Ар” хорооллын ...тоот гэртээ иртэл хүүхдүүд унтчихсан байсан бөгөөд М.Сын хуучин эхнэр Л.С ирчихсэн байсан. Би уучихсан байсан болохоор уур хүрээд М.Ст “Л.С хэзээ ирсэн юм, яагаад намайг байхгүй байхад ирчихсэн байгаа юм. ...” гэж хэлээд маргасан. ...Би Л.Сувд-Эрдэнийг багалзуурдаад хойш нь түлхэх үед М.С уурлаад “чи одоо боль л доо” гээд гэрт байсан цахилгааны утсаар намайг нэг удаа маш чанга ороолгосон. Тэр үед М.Сын ороолгосон газар маш их өвдөөд би “яая” гээд Л.Сэс салсан чинь Л.С гэрээс хувцсаа аваад гараад явсан. Тэр үед М.С миний нуруу зүүн тал орчим гартаа барьсан цахилгааны утсаар дахиад 2-3 удаа ороолгосон. ...” /хх 21-23/,

“Б.Хаш-Эрдэнийн биед зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7538 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 30-31/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч М.С нь Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цахилгааны утсаар ороолгосны улмаас зүүн мөр, бугалга, тохой, шууны гадна хэсэг, цээжний зүүн тал, хэвлий, нуруу, далны цус хуралт, нурууны язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадралын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гарцаагүй байдал гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Хаш-Эрдэнийн “...би Л.Сувд-Эрдэнийг багалзуурдаад хойш түлхэх үед М.С уурлаад гэрт байсан цахилгааны утсаар намайг нэг удаа маш чанга ороолгосон. Тэгээд бид хоёр салахад Л.С хувцсаа аваад гэрээс гараад явсан, тэр үед М.С миний нуруу, зүүн тал орчим гартаа барьсан цахилгааны утсаар дахиад 2 удаа ороолгосон...” /хх 21-23/ гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Х нь гэрч Л.Сувд-Эрдэнийг багалзуурдсан үйлдэл таслан зогсоогдсоны дараа шүүгдэгч М.С хохирогч Б.Хаш-Эрдэнийг дахин 2-3 удаа цахилгааны утсаар ороолгосон үйлдлийг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Хаш-Эрдэнийн үйлдэл дуусаагүй, үргэлжилсэн, аюул тулгарсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочирдол, балмагдалд орсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7538 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.Хаш-Эрдэнийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу шүүгдэгч М.Сын цахилгааны утсаар ороолгосон үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эдгээр мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин шүүх, цаашид шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор биелүүлэх хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэж байхыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Сын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ