| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/109 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/109
2025 04 28 2025/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2536000000106 дугаартай, 319/2025/0092/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух бүртгэлтэй, ******* овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө ******* аймгийн ******* сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт Д.*******ийн нүүр, толгой хэсэгт гараараа болон дэгээ төмрөөр цохиж хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1 .Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар хуудас),
2. Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Урд гол багийн нутаг дэвсгэрт байхдаа манай суманд сугалаа явуулсан ******* гэх залуутай сугалааны малаа гаргаж байсан ба ******* гэх залуу над руу яриад мал гаргалцаад өгөөч гээд би ******* аймгийн ******* сумын Урд гол багийн нутаг дэвсгэр Голын адаг гэх нэртэй газар хадам аав Б.Зоригтын гэрт очсон. Тэгээд намайг очиход тэнд 2 залуу байсан ба малаа гаргаад дууссан байсан, тэр хоёр нэг пиво уугаад сууж байсан юм. Тэгээд пиво уугаад сууж байгаад тэр хоёртой сугалааны малаас болж маргалдаад сууж байтал *******гийн хажууд сууж байсан залуу босож ирээд намайг цохиод авсан. Тэгээд би нүднээс цус гараад сууж байсан чинь тэр залуу дахиад миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд байж байтал хажууд сууж байсан ******* гэх залуу наадах чинь хутга түрийлж ирсэн байна, бид хоёрыг алах гэж ирсэн байна гэж хэлээд намайг нэг нь гаргахгүй хаалган дээр зогсоод нөгөө ******* гэх залуу нь галын дэгээ төмрөөр миний толгой хэсэг рүү цохихоор нь би гараараа хаасан ба дахиад миний толгойны орой дагз хэсэг рүү нэг удаа цохисон ба миний толгойноос цус гарсан ба тухайн үед би тэр хоёрын урдаас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд ******* гэх залуу нойлын цаас өгөөд цусаа арч гээд миний толгой руу ус хийж өгөөд цусаа угаагаад байж байгаад би тэр хоёрт би согтуудаа янз бүрийн юм ярьсан байж магадгүй, явлаа гээд гэр лүүгээ яваад өгсөн.Тухайн үед ******* гэх залуу, ******* гээд залуу, бид гурав л байсан. Намайг ******* гэх залуу цохиж, зодсон. ******* нь намайг цохиогүй. Харин хаалганы хажууд зогсоод гаргахгүй, наадхаа гүйцээчих гэж хэлж байсан. ******* гэх залуу миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа нэг, дараагаар миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа, дахиад галын дэгээ төмрөөр эхлээд 2-3 удаа миний толгой хэсэг рүү цохиход би баруун гараараа хаагаад, дараагаар миний толгойны дагз хэсэг рүү дэгээ төмрөөр нэг удаа цохисон. Миний баруун талын нүд хавдсан, зүүн талын үүдэн шүд хөдөлсөн, уруул язарсан, толгойны дагз хэсэг цоорсон, толгой хүзүүгээр хатгаж өвдөж байгаа. *******, ******* нар намайг тэр газар ирэхэд нэг пиво ууж байсан ба би 2 сав том пиво тэр хоёр дээр авч очоод бид гурав нийлээд 3 том пиво хувааж ууцгаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дугаар хуудас),
З.Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн ******* суманд 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр сугалаа явуулсан юм. Тэгээд сугалаагаа бэлэн мөнгөөр малчдаас малаар тооцож өгөөд дараа нь авах цуглуулахаар тохиролцсон байсан. Тухайн үед ******* сумын иргэн Зоригт гээд ах надад туслалцаад би айл, хүмүүс танихгүй болохоор айл зааж өгөөд сугалаанд авсан малаа борлуулж янзалж борлуулахад туслалцаж байсан юм. Тэгээд Зоригоо ах хүргэн гээд Д.******* гээд залууг надтай танилцуулсан юм. Тэгээд буцаж ******* суманд ирээд Д.*******т миний малын сугалааны дэвтрийг аваад ганц нэг хүмүүс рүү ярьж өгье гээд малын тооцооны дэвтэр аваад явсан. Тэгээд Д.******* 2 хоног сураг чимээгүй алга болчихоор нь хайгаад би гэрт нь очсон чинь гэртээ унтаж байсан. Тэгээд оройхон над руу 80078496 дугаарын утаснаасаа залгаад хаана байна 2 писда, ална шүү 2 гөлгөө наанаа байж байгаарай, яваад очъё гэх мэтээр заналхийлсэн шинжтэй утсаар яриад байсан. Тэгээд оройхон хадам аавынх гэрт /Зоригоо/ байхад над руу залгахаар нь би утсыг нь авалгүй утас аа унтраасан юм. Тэгээд 2025 оны 02 дугаарын 01-ний орой 23 цагийн орчимд ******* бид хоёр амраад унтаж байтал гэрийн хаалга нэг хүн цохиод байхаар нь ******* хаалга онгойлгосон. Тэгтэл Д. ******* орж ирээд муу хоёр писда энд юу хийж байгаа юм бэ гэсэн ба заналхийлсэн шинжтэй юм ярьж байсан ба утсаараа хүмүүс рүү яриад энд нэг даварсан хоёр писда байна гэх мэтээр ярьж байсан. Тэгээд Н.******* Д.*******ийг чи одоо харьж амар гэсэн гаргах гэсэн чинь түрийнээсээ шар иштэй хутга гаргаж ирээд та хоёрыг хутгална гэж хэлэхээр нь би гарч яваад Н.******* Д.*******тай барилцаж авах хооронд нь би үүд рүү гараад цагдаа руу ярилаа гээд гарсан буцаад ороод ирэхэд ******* *******ийн гарыг нь ард нь барьсан олс аваад өг, энэ нөхрийг хүлээд цагдаа дуудчихъя гэж хэлсэн ба ******* уучлаарай ахаа, миний буруу гэж хэлэхээр нь буцаагаад босгосон чинь шууд гэрээс гараад явсан ба би араас нь гарахад хутгаа гартаа барьсан над руу нэг далайчхаад машинаа унаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ирсэн ба ирэхдээ архи, пиво 2 барьсан ирсэн. Тэгээд ******* бид хоёроос уучлалт гуйгаад авч ирсэн архи, пивыг нь ууж дуусгаад яваад өгсөн. ...Намайг гараад ороод ирэхэд ******* Д.*******ийн гарыг ард бариад дарсан байхад Д.*******ийн баруун нүдний хөмсөг хэсэг нь шалбарчихсан, цус гоожсон байсан. Н.******* бид хоёр ихэр ах дүүс. Тухайн үйл явдал болж дууссаны дараа Д.******* бид хоёртой эвлэрээд зодоон болсон гэж битгий хэлээрэй ээж, аавд гэж хэлчхээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),
4.Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ХОВ0725/236 дугаартай “Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. Д.*******ийн биед хамар ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний дээд зовхины баруун дээд хэсгийн зулгаралт, дээд уруулын дотор зүүн хэсгийн зулгаралт, дээд эрүүний зүүн талын 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, баруун мөрний дунд хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Д.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Д.*******ийн биед учирсан хамар ясны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, дагзны баруун дээд хэсгийн хуйхны шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч Н.******* нь хүний биед нь халдаж гараар болон галын дэгээ төмрөөр цохисон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Шүүгдэгч хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байна гэж үзлээ.
2.4. Иймд шүүгдэгч Н.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар өгсөн болно.
3.4.Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ыг нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй гэх санал, дүгнэлт,
3.7. Хохирогч Д.******* нь хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9.Шүүгдэгч Н.*******ыг улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******д мэдэгдсүгэй.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6. Хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС