Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

 

 

 2025            02            19                                            2025/ШЦТ/83

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагчаар Б.Түмэндэмбэрэл,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Хид холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Х нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Буянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед “...хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, доод баруун 3 дугаар шүдний уналт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хамар, дээд уруулан зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар буйл, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Х нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Буянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед “...хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, доод баруун 3 дугаар шүдний уналт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хамар, дээд уруулан зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар буйл, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тев аймгийн Эрдэнэ сумын Б 3 дугаар багт жуулчинд морь унуулж байгаад орой гэртээ ирээд морьдоо уячхаад адуундаа явж байгаа Амгалан гэх айлд очтол Б хашааны хаалга онгойлгож өгөөд би Баас тухайн газар юу хийж байгаа талаар нь асуухад Б согтуу байсан ба над руу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид 2 хэд хэдэн удаа муудалцаад байж байтал цаанаас багийн эмч Жаргалсахйан ирээд намайг гэрлүүгээ явж гэж хөөгөөд тэгээд миний морь алдуураад явчихсан юм. Тэгээд дахиад Бтай маргалдаад би хашааг нь давж ороод уурандаа Быг би нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан Б газар унасан. Тэгтэл цаанаас Жаргалсайхан ирээд намайг салгаад хөөгөөд чи хүн аллаа шүү дүү гээд түлхэхээр нь би гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 10-ны орой би 22 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Б 3 дугаар багт өөрийн гэрээсээ гараад Амгалан гэх найзындаа очих гээд явж байгаад гэрийнх нь гадаа очиход хашааны үүдэн дээр нь Х гэх хүн таараад мориноосоо бууж ирээд үг дуугүй намайг нүүр хэсэгт цохисон. Тэгээд би ухаан алдаад багийн эмч Жаргалсайхан хараад үхрийн зэлнээсээ гүйгээд иртэл Х намайг газар унасан байхад дээрээс цохиод нүдээд байсан гэсэн. Эмч Жаргалсайхан салгаад намайг гэрт оруулсан гэсэн би ухаан алдсан байсан учраас тухайн үйл явдлыг заримыг нь санахгүй байна. Тэгээд би 2024 оны 6 дугаар сарын 13-ны едер Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд уруулын дотор тал үргэлжээрээ задарсан байна гээд 5 оёдол тавиулсан. Бас үүдний нэг шүд унасан учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Өс хонзонгийн асуудал байхгүй. Урд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 348 дугаартай “...1, 2 дугаар асуултад: Ш.Бын биед хамар ясны хугарал, дээд уруулын салстанд шарх, доод баруун 3-р шүдний уналт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хамар, дээд урууланд зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар, буйл, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдалдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.Х нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Буянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед “...хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, доод баруун 3 дугаар шүдний уналт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, хамар, дээд уруулан зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар буйл, зүүн гарын 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Хид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шүүх шийдвэрлэв.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч М.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хид оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4. Шүүгдэгч М.Хид оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН