Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02723

 

 

 

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/01682

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У овогтой, М.О-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х овогтой, Б.Эхолбогдох,

            Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч Б.Э, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О миний бие нь 2017 онд Б.Э танилцаж, улмаар 2019 оноос хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Б.Э нь согтууруулах ундааг ойр ойрхон хэрэглэдэг, заримдаа гэртээ ирж хонодоггүй. Мөн наад захын хэрэглээний хүнс хоолгүй хонуулах ч тохиолдол нэг бус удаа гаргаж байсны дээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, зан харьцааны тааламжгуй байдал үүсгэсэн. Ийм шалтгаануудаас үүдэн хамтран амьдрах боломжгүй болж, би хүүхдээ дагуулан 2019 оны 4 дүгээр сард Б.Э-аас явж, өөрийн аав, ээжийн гэрт ирсэн. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд эрүүл, саруул өсөж торниж байгаа билээ. Энэ хугацаанд Б.Э нь хүү бид хоёрыг ганц ч удаа эргэж тойроогүй, ядаж утсаар ч болов хүүгээ асууж байгаагүй. Иймд хүү Э.Э-ийн  эцэг Б.Э мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хүүхдээ төлбөртэй цэцэрлэг, сургуульд сургавал төлбөрийн 50 хувийг Б.Э-аар төлүүлж баймаар байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.О бид хоёрын дундаас 2019 онд хүү Э.Э төрсөн нь үнэн. Хүүдээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн хүүхдээ боломжийн төлбөртэй цэцэрлэг, сургуульд сургавал ярилцаж байгаад төлбөрөөс нь төлөлцөхийг хичээнэ гэв.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.О-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох, хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Б.Э, М.О нарын дундаас 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Х овогтой, Э.Э төрсөн болох зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1638 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Б.Э нь Э.Э-ийн  биологийн эцэг байх боломжтой бөгөөд 99.99 хувийн магадлалтай байна” гэсэн, мөн Б.Э нь хүү Э.Э-ийн  эцэг гэсэн хүүхдийн төрсний бүртгэлийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1122550106 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Х овогтой, Э.Э-ийн  эцэг Х овогтой, Б.Э болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Хүү Э.Э нь эрүүл бойжиж байгаа, эх М.О-ийн хамт амьдарч байгаа болох нь Өрхийн эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Х овогтой, Э.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Э-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Х овогтой, Э.Э-ийн эцэг Х овогтой, Б.Э болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан  2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Э-ийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Э-аас тэтгэлэг гаргуулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Б.Э нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Отгонтэгшээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 37.030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 33.170 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД