Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000120087 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ  2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамж ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн  болох хамтран амьдран *******тай танай гэрийнхэн миний хүүхдэд ханиад хүргэж алах гэсэн байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь баруун гараараа толгой хэсэгт нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, баруун нүдний алимын салстын харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, дух, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл / хх-ийн 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-41/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 8-10, 17-18/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/, болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******ын гэмт хэргийн үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн /хх-ийн 08-10/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ******* нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

   Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА