| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2021/ДШМ/294 |
| Дугаар | 2021/ДШМ/294 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/294
2021 3 23 2021/ДШМ/294
Д.Пид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Г.Билгүүжиний бичсэн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Пид холбогдох 1905044101643 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Д-ийн П, 1977 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, ... дүгээр гудамжны ... тоотод орших суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух, /РД: /,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 32-А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Д.П нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 2 дугаар гудамжны 47 тоотод хохирогч Б.Мөрөнг гараараа цохиж зодон, биед нь халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “чамархай хуйх, дээд доод уруул, эрүү, чамархай хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг таслал, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөг зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 5-ны орой нэр бүхий хүмүүс Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 2 дугаар гудамжны 47 тоотод нийлж архидсан байна. Харин маргааш өглөө нь буюу 11 дүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага ирснээр 10:20 минутад тухайн газарт хэргийн газрын үзлэг хийгджээ. Хэргийн газрын үзлэгээр Д.Мөрөн гэгч нас барсан байдалтай байсан ба гэрчүүдийн мэдүүлж байгаагаар урьд орой нь буюу 11 дүгээр сарын 5-ны орой шүүгдэгч Д.П талийгаач Д.Мөрөнтэй маргалдаж улмаар Д.П нь Д.Мөрөнг зодож, тэр чигт нь гэрийн гадна орхижээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2424 дугаартай дүгнэлтэд талийгаач Д.Мөрөнгийн үхлийн шалтгааныг “талийгаач нь осголтын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан" /хх 85-87/ гэж тодорхойлсон байдаг. Хэдийгээр үхлийн шалтгааныг “осголт” гэж шинжээч дүгнэсэн боловч талийгаач Д.Мөрөнг шүүгдэгч Д.П зодсоноос хойшхи хугацаанд хэн нэгэн хүн түүнтэй харилцан хамааралтай байсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Хэрвээ шүүгдэгч Д.П талийгаач Д.Мөрөнг зодож гадаа орхиогүй байсан бол тэрээр осгож үхэхгүй байх байсан гэсэн дүгнэлтэд хүргэх буюу эдгээр үйлдэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлийг бий болгоно. Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Д.Пид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор гэмт хэрэг гарсан цаг хугацааг /өдөр, орой, шөнө/ нарийн зааглаж бичих нь чухал гэдгийг анхааруулъя. Тухайлбал, гэмт хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэж прокурорын дүгнэлтэд бичигдсэн байтал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “...нас бараад 12 цагаас дээш орчим цаг болсон байна, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ. Түүнчлэн шүүгдэгч Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 11 дүгээр сард үйлдсэн байх ба тухайн үед хуулийн уг зүйл, хэсэгт “санаатай” гэсэн томьёолол байгаагүйг дурдах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, талийгаач Д.Мөрөнгийн цуснаас илэрсэн 5.9 хувийн согтолтын зэргийг архинаас хамааралтай юу, эсхүл осгож нас барах явцад биед үүсэх өөрчлөлт үү гэдэгт бодитой дүгнэлт хийлгэвэл зохино. Улсын яллагч нь шүүгдэгч Д.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллаж байгаа атлаа энэ гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол буюу талийгаачийн оршуулгын ажлын зардлыг шүүгдэгчээс гаргуулна гэж байгаа нь хууль зүйн хувьд зөрчилдөж байна. Шүүгдэгч Д.Пид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:
1. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2424 дугаартай дүгнэлтээр талийгаач Д.Мөрөнгийн үхлийн шалтгааныг “талийгаач нь осголтын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан” гэж тодорхойлсон байдаг.
2. Хэдийгээр үхлийн шалтгааныг “осголт” гэж шинжээч дүгнэсэн боловч Д.Мөрөнг шүүгдэгч Д.П зодсоноос хойшхи хугацаанд хэн нэгэн хүн түүнтэй харилцан хамааралтай байсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
3. Хэрэв шүүгдэгч Д.П талийгаач Д.Мөрөнг зодож гадаа орхиогүй байсан бол тэрээр “осгож” үхэхгүй байсан байх гэсэн дүгнэлтэнд хүргэх буюу эдгээр үйлдэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлийг бий болгоно гэсэн байна.
Шүүгчийн захирамжийн дээрх заалтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосны үндсэн дээр Д.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Талийгаач Д.Мөрөнтэй хэн нэгэн харилцан хамааралтай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрийн эзэн Гантөмөр, Чингис, Хүдрээ гэх хүмүүстэй байсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн согтолтын зэрэг хүнд байсан талаар дүгнэлтэд бичигдсэн байхад хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдолтой нь шалтгаант холбоотой байдлаар дүгнэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлэхээр заагаад байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар үндэслэлээр шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих болсон, ямар нотлох баримтууд эргэлзээтэй байгаа зэрэг үндэслэлээ захирамжидаа тодорхой тусгаагүй зэрэг нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Прокурор Г.Билгүүжин улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтаар шүүгдэгч Д.Пийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ. Учир нь:
2019 оны 11 дүгээр сарын 5-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 2 дугаар гудамжны 47 тоот гэрийн эзэн гэрч Н.Гантөмөр, Д.П, түүний эхнэр гэрч В.Нямаа, гэрч Б.Чингис, Ж.Отгонцагаан, талийгаач Б.Мөрөн нар нь хамт архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, улмаар Д.П нь “...машин угааж, өнгөлж өгсөнгүй...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мөрөнтэй маргалдаж, улмаар гэрийн гадна, хашаан дотор зодсон. Улмаар Д.Пийг талийгаач Б.Мөрөнгөөс Д.Пийн эхнэр салгаж Н.Гантөмөрийн гэрт буцаж орсон үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч Б.Чингис, Ж.Отгонцагаан, Н.Гантөмөр, В.Нямаа нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх үйл баримт нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны орой болсон, 11 дүгээр сарын 6-ны өдөр Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснээр хэрэг учралын газарт үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулснаас үзэхэд Д.Пийн Б.Мөрөнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны орой болох нь нотлогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг талууд шинжлэн судалж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох боломжтой байхад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг, талийгаачийн нас барсан цаг хугацаатай харьцуулах байдлаар зөрүүтэй дүгнэсэн нь ойлгомжгүй. Цогцост хийсэн үзлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17 цаг 20 минутанд эхлүүлж, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “...нас бараад 12 цагаас дээш орчим цаг болсон байна, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан үйл баримтуудад нийцсэн буюу 2019 оны 11 дүгээр сарын 5-ны орой Д.П нь талийгаач Б.Мөрөнг зодож, улмаар талийгаач Б.Мөрөн нь 2019 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө осголтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор шинжээч эмч томилоход Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2424 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тапийгаачийн биед “чамархай хуйх, дээд доод уруул, эрүү, чамархай хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг таслал, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөг зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон, “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргээгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...талийгаач нь осголтын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлт нь гэрч нарын мэдүүлгийг давхар нотолдог болно. Гэтэл анхан шатны шүүх нь “...талийгаач Б.Мөрөнг шүүгдэгч Д.П зодсоноос хойшхи хугацаанд хэн нэгэн хүн түүнтэй харилцан хамааралтай байсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Хэрвээ шүүгдэгч Д.П талийгаач Д.Мөрөнг зодож гадаа орхиогүй байсан бол тэрээр осгож үхэхгүй байх байсан гэсэн дүгнэлтэнд хүргэх буюу эдгээр үйлдэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлийг бий болгоно...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлгүйгээр таамагласан шинжтэй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэжээ. Шүүх нь хэргийн зүйлчлэлийг нотлох баримтанд үндэслэж няцаан үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлтийг хийлгүйгээр “...нотлох баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг зөвтгөх...” гэж бичсэн. Нөгөөтэйгүүр, уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулснаар яг ямар нөхцөл байдлыг бататгах, эсхүл тодруулах талаар захирамжид тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн хийсэн дүгнэлтэд талийгаачийн цуснаас илэрсэн 5.9 хувийн согтолт буюу хүнд зэргийн согтолтын зэргийг архинаас хамааралтай эсхүл осгож нас барах явцад биед үүсэх өөрчлөлтийг ямар шинжлэх ухааны арга хэлбэрээр шалгах, яаж бодитой дүгнэлт хийх зэргийг шийдвэртээ дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2019 оны 11 дүгээр сард зүйлчилсэн байх ба тухайн үед хуулийн уг зүйл, хэсэгт санаатай гэсэн томъёолол байгаагүйг дурьдах нь зүйтэй талаар дүгнэлт хийж прокурорт буцаасан ба Д.Пийг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Д.Пийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үеийн хуулийн хүчин төгөлдөр заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж томъёолсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Пид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Пид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан тул шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан хэргийн бодит байдал болон гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох боломжтой гэж үзэв.
Мөн прокурор хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт болохыг заасан бөгөөд энэ хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна” гэж заасан байхад анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 175/-д даргалагч, улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч гэсэн үгийг товчилж бичиж алдаа гаргасан болохыг дурдаж цаашид энэ төрлийн хайнга, хариуцлагагүй алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхаарвал зохино.
Түүнчлэн шүүх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаж байх нь зүйтэй юм.
Мөн энэ гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Харин тухайн зүйлийн гарчигт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Пийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Г.Билгүүжиний бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Пид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Пид холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Пид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ