Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 0379

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Г.Ууганзаяа

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

хохирогч : Б.Эрдэнэчулуун

шүүгдэгч: Д.Мандшир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шонх овогт  Даваадоржийн Мандширт  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014297  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шонх овогт  Даваадоржийн Мандшир,1988  оны  6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 29 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой,  маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн  хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг  47-1.12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:УЗ88060530,

Холбогдсон хэргийн талаар:

         Д.Мандшир нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Эрдэнэчулууны  эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь дараа өгнө гэж хэлэн авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн  хохирол учруулан түүний Тоёота Кроун маркийн автомашиныг залилан авсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Д.Мандшир  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа барилгын бригад байгуулсан ч ажиллах хүн олдох нь хэцүү байсан бөгөөд 1 өдөр Батмөнхийн ах гэх залуу ирээд манайх Хөвсгөл аймагт ТББ нээсэн, архинаас хүмүүсийг гаргах зорилготой тул бидний архинаас гарсан хүмүүсийг ажлын байраар хангаад өгөөч гэсэн. Бид эргэлзэж байсан тул биднийг Хөвсгөл авч яваад даргатайгаа уулзуулж, үйл ажиллагаагаа танилцуулж итгэлийг маань авсан. Дараа нь Эрдэнэчулуун ахтай танилцуулж, намайг машин хэрэгтэй бол авчихаад мөнгийг нь дараа өгч болно гэсэн. 2015 оны 12 дугаар сард эхлээд бид бүгд Хөвсгөл яваад дараа нь 2016 оны 4 дүгээр сард намайг тусад нь дахин Хөвсгөл авч яваад тендерийн ажил байгаа гэж, материал үзүүлсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сард намайг ажилгүй, хотод байх үед тендерийн ажил байна, 4.000.000 төгрөг хэрэгтэй юм байна гээд Өлзий-Орших бүх бичиг баримттайгаа явж байсан. Өлзий-Орших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөөд одоо 4.000.000 төгрөг олох хэрэгтэй гэж намайг шантаачилж эхлэсэн. Гэтэл би яаж мөнгө олох юм бэ? гэхэд чи машины тухай яриад байсан машинаа ломбарданд тавьчих гэсэн. Батмөнх хажуунаас бид бас төлөлцөнө гэсэн тул Өлзий-Оршихтой хамт Эрдэнэчулуун ах руу очсон. Өлзий-оршихын бүрдүүлсэн тенперийн материалыг Эрдэнэчулуун ахад үзүүлээд машинаа авч шууд Зүүнхараа явсан. Би 1 дэх өдөр нь буцаж ирээд машиныг буцааж өгье гэхэд Өлзий-Орших ажил бүтэх гэж байна гээд ломбарданд тавиулсан. Надад мөнгө байгаагүй тул Өлзий-Орших ломбарданд тавиад 5.400.000 төгрөг авсан. Ингээд гадаа нь 5 хүн машинд сууж байхад Өлзий-Оршихоос би мөнгөө ямар хүнд өгөх гэж байгааг болон найдвартай эсэхийг асуухад надтай маргалдсан ба миний талд орох хүнгүй тул би ганцаараа үлдсэн ба Өлзий-Орших намайг 1 цохисон. 4.000.000 төгрөгийг дэнчинд өгнө гэсэн ба 500.000 төгрөгийг банкны зээлэнд өгнө гээд Өлзий-Орших аюч үлдсэн мөнгийг бас авсан. Тендерт зуучилсан хүнийг хоолонд оруулна гээд 300.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг гэртээ хоол хүнд авъя гэсэн. Маргааш нь Хархорин дээр цуглараад авсан мөнгөө дэвтэр дээр Өлзий-орших бичиж байсан ба зөндөө олон юм авчихсан байсан. Ингээд би залилуулчихлаа гэдгээ ойлгоод мөнгөө авъя гэсэн ч тендер удахгүй бүтнэ гээд байсан. Эрдэнэчулуун ахаас 1 сарын дараа хагасыг буюу 10.000.000 төгрөгийг нь өгнө гэж хэлээд анх 20.000.000 төгрөгийн үнэтэй машин авсан. Өлзий-Орших надад хэлэхдээ, хагас сарын дотор төлнө гэсэн. Зээлийн үлдсэн мөнгийг нь сар, сард нь өгнө гэж анх Эрдэнэчулуун ахтай тохирсон. Сүүлд би Чингэлтэй дүүргээр асуухад ямар ч тендер байхгүй гэсэн. Би Өлзий-Оршихтой очиж уулзахад 1 сарын дараа мөнгө өгнө гэж итгэлтэй хэлсэн. Тэрнээс хойш би Эрдэнчулуун ахад огт мөнгө төлөөгүй гэв.

       Хохирогч Б.Эрдэнэчулуун  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мандшир 3-4 удаа манай хүргэнтэй хамт ирж уулзаад машин авмаар байна гэсэн. Удаа дараа тендерийн бичиг баримт барьж ирсэн. Сая шүүгдэгч худлаа ярьж байна. Зах дээр үнийг нь судлаад таны машиныг авна гэж 2-3 удаа над дээр ирсэн. Мөн жишиг үнэтэй машин ямар байгааг харсан. Машины төлбөрийг сар, сард нь өгөхөөр тохирсон гэж худлаа хэлж байна. Тендерийн ажил бүтмэгц улсын баярын үеэр төлбөрийг хийж дуусгана гэсэн. Ер нь 6 дугаар сар бол машин зарагдах оргил үе байдаг. Тэгээд миний машиныг авснаасаа хойш надтай 1 ч удаа холбогдоогүй. Би удаан хайсны эцэст ээж, эхнэрийнх нь утасны дугаарыг олж Мандширтай холбогдохоор надад худлаа ярьдаг. Ээж нь эхэндээ санаа тавьж байсан ч сүүлдээ больсон. Өнөөдрийг хүртэл Мандшир 1 удаа ч надтай уулзаагүй. Анхнаасаа залилан мэхлэх сэдэлттэй байсан гэж үзэж байна. Надаас машин авсан бол надтай л тооцоо хийх ёстой. Гэтэл цааш нь дамжуулж ойлгомжгүй зүйл ярьсанд гомдолтой байна. Тухайн үед зах зээлийн үнээр 20.000.000 төгрөг гэж тохирсон. Би хүү нэхэхгүй. Манай хүргэнтэй ажиллаад цалингаасаа суутгаад өгчих гэхэд ч Мандшир ажиллахгүй байгаа. Өмнө нь Мандшир шүүх хуралдаан хийлгээгүй, өнөөдөр хоцорч ирлээ гэв.

          Шүүгдэгч Д.Мандшир  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын эхээр байх Эрдэнэчулуун гэдэг ахыг Да Хүрээ техникийн зах дээр байхад нь найз Батмөнхийн ах Өлзий-Оршихтой хамт очиж би Эрдэнэчулуун ахад барилгын тендерт оролцох гэсэн юм машин авмаар байна, нэг сарын дараа 50 хувийг нь өгнө, үлдэгдэлийг нь сар сард нь өгнө гэж тохироод 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Кроун 180 маркийн, саарал өнгийн машиныг 20.000.000 төгрөгт бодож аваад унаад явсан. Эрдэнэчулуун ах бид хоёр худалдах худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо офицерүүдийн ордны зүүн талд байдаг нотариатын газар очиж хийсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг руу аавындаа очоод 2-3 хоноод Улаанбаатар хотод ирээд Өлзий-Оршихтой уулзахад тендерт оролцоход дэнчинг нь өгөх хэрэгтэй байна 4.000.000 төгрөг хэрэгтэй гээд миний машиныг барьцаанд тавихаар болж Цайз-16-ын замын урд талд байх Сайн ломбарданд би өөрийн нэрээр 5.500.000 төгрөгт тавьж 4.000.000 төгрөгийг дэнчингийн мөнгө, мөн 500.000 төгрөгийг банкны мөнгө өгмөөр байна гээд авсан. 300.000 төгрөгийг хүмүүсийг хоол унданд оруулмаар байна гээд авсан. Мөн машин барьцаанд тавихад хүнээс мөнгө зээлсэн гээд 167.000 төгрөг гээд нийт 4.967.000 төгрөгийг Өлзий-Орших авсан. Тухайн үед хамт явсан Батмөнх, Бат-Эрдэнэ, Золбаяр бид нар үлдсэн 500.000 төгрөгийг хувааж авсан. Тухайн үедээ хэдэн сарын хугацаатай хэдэн хувийн хүүтэй тавьсаныг санахгүй байна. Бичиг нь надад байгаа. Машины барьцаанд тавьсан хүүний мөнгийг ерөөсөө төлөөгүй тэгээд л зарагдсан байх. Машинд ямар улсын дугаар авсаныг санахгүй байна. Эрдэнэчулуун бол манай найз Бямбасүрэнгийн хадам ах бөгөөд найзаараа дамжуулан танилцсан юм. Би Эрдэнэчулуунтай утсаар байнга ярьдаг байсан ба 2-3 удаа уулзаж би өөрөө хүнд залилуулчихлаа гэхэд тэр надад хамаагүй чи надаас авсан тул өөрөө зохицуул гэдэг байсан. Би Өлзий-Оршихыг өмнө нь таньдаггүй байсан. Мөн тендэрийн ажил ч авч байгаагүй юм. Тэгээд тендерийн ажил байна авах уу гэхээр нь л авий гэсэн юм. Эрдэнэчулуун ах өмнө нь машин зээлээр авч болно гэж хэлж байсан болохоор нь л авсан гэжээ. /хх-ийн 56/

          Хохирогч Б.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би хувиараа Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Да Хүрээ зах дээр Япон улсаас автомашин оруулж ирж зардаг юм. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн болох Бямбасүрэнгийн найз Мандшир гэх залуу над дээр барилгын тендерийн материал барьж ирж үзүүлээд би тендер аваад ажил хийх гэж байгаа юм удахгүй мөнгөтэй болно ажлаа амжуулахын тулд машины хэрэг байна гээд над дээр байсан Аттелет Кровн маркын машиныг үзээд энэ машиныг чинь л авна гэсэн. Ингээд би Мандширт итгээд өөрийн зарж байсан 20.0 сая төгрөгний үнэтэй Тоёота Кроун маркын машиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ үеэс хойш Д.Мандшир надтай ирж уулзаагүй ба би 2015 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг гэрт нь очиход гэртээ байгаагүй. Тэгээд удалгүй байж байтал Мандшир өөрөө над дээр ирж уулзаад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд дахин уулзаагүй. Миний зарсан машин 2006 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Мандшир надад нэг ч төгрөг өгөөгүй гэжээ.  /хх-н 5-7/

          Гэрч Т.Алтанбагана мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2010 оноос хойш Эрдэнэчулуун ахтай хамт ажилд нь туслаад ажиллаж байгаа юм. 2016 оны 6 дугаар сард 2 залуу ирж уулзаад Тоёота Кровн маркын мөнгөлөг саарал өнгийн машиныг авсан. Харин сүүлд нь Эрдэнэчулуун ахаас сонсоход Бямбасүрэн гэдэг хүргэнийх нь найзууд ирээд мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлээд машиныг нь авч явсан. Тэдний авсан машин бол орж ирсэн улсын дугаар аваагүй монголд явж байгаагүй машин байсан гэжээ. /хх-н 8-9/

         Гэрч Э.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Д.Мандширийг танина. Бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр сургуульд хамт нэг ангид сурдаг байсан нэг ангийн багийн найзууд байгаа юм. Бид хоёр бага наснаасаа эхлэж найзалж байсан. Миний найзын хувьд үнэнч шударга, хүнд хэлье гэснээ хэлчихдэг, элдэв зангүй, даруу зантай ямар нэгэн муу   зан ааш байхгүй гэжээ.  /хх-н 32-33/

          Гэрч Т.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   2014 оны хавар бид хоёр нэг барилгын ажил хийж дуусаад цаашид юу хийх талаар ярьж байгаад миний төрсөн ах болох Өлзий-Оршихын гэрт нь очиход Чингэлтэй дүүрэгт хийгдэх гэрэлтүүлэгийн ажил байгаа талаар таньдаг хүн нь хэлсэн. Барьцаа мөнгө 4.0 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд тэр үеэс эхлэн уг ажлыг хийхээр болж барьцааны мөнгийг хайсан боловч олдоогүй. Гэтэл Мандшир надад Да хүрээ зах дээр машин зардаг таньдаг хүн байгаа, тэнд нэг Атлет-Кровн машин байгаа тэрийг аваад барьцаанд тавиад мөнгө гаргаж авья гэж хэлсэн. Тэгээд Да Хүрээ зах орж нэг ахтай уулзаж миний тендерийн ажил бүтсэн мөнгө орж ирэхээр танд өгчихнө гэж хэлээд Тоёота Кровн  машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 3-4 хоногийн дараа Сайн ломбарданд 5.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэжээ.  /хх-н 49-50/

          Гэрч Э.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Эрдэнэчулуун гэгч хүн миний хадам ээжийн дүү юм. Эрдэнэчулуун нь Да хүрээ зах дээр машин зардаг бөгөөд 2015 оны 6 дугаар сард Мандшир миний танил залуу Эрдэнэчулуун ахад Би Бямбасүрэнгийн найз нь байгаа юм тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө гэж хэлээд Тоёота Кроун 180 маркийн машиныг 20.000.000 төгрөгт бодож аваад явсан байсан. Машинаа аваад Сайн ломбараданд тавиад алдсан сураг байна. Тухайн үед Мандширтай хамт Батмөнх гэгч найз нь хамт явсан гэсэн. Миний хувьд Мандширийг 2010 оноос эхлэн таних ба намайг дагаж барилгын ажил хийж байсан. Би Эрдэнэчулуун ахаас машин авсан гэдгийг сүүлд сонсоод ах руу ярьж надтай хамаагүй шүү, наад хүн чинь мөнгөө өгөх юм уу гэхэд Эрдэнэчулуун ах өгөх байлгүй дээ гэж байсан. Одоо Мандширийг хаана юу хийж явааг мэдэхгүй. Машиныхаа мөнгийг авах гээд Эрдэнэчулуун ах надтай хамт Мандширийн ээж аавын байх Сэлэнгэ аймгийн Мандал суманд очиход бидэнд хамаагүй яах гэж өгсөн юм бэ гэж байсан. Мандширийг өөрийг нь хайж зөндөө явж эрэл сурал болсон боловч олдоогүй гэжээ.  /хх-н 53-54/

          Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-н 65-66/

          Д.Мандшир нь өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй,  тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болохыг тодорхойлсон албан бичгүүд  /хх-н 61-63/

         Д.Мандширийг Э.Золбаяр, Д.Маньбадар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 39-41/

          Д.Мандширийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 42,/, /хх-н 55-60/

Д.Мандширийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 11/, зэрэг болно.

Д.Мандшир нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар Б.Эрдэнэчулууны  эзэмшлийн улсын дугаар аваагүй мөнгөлөг саарал өнгийн Тоёота Кроун маркийн суудлын автомашиныг мөнгийг нь  тендер аваад  өгнө гэж хэлэн авч хохирогчид үлэмж хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн  хохирол учруулан түүний Тоёота Кроун маркийн автомашиныг залилан авсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд :

Хохирогч Б.Эрдэнэчулууны өгсөн … 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай хүргэн болох Бямбасүрэнгийн найз Мандшир гэх залуу над дээр барилгын тендерийн материал барьж ирж үзүүлээд би тендер аваад ажил хийх гэж байгаа юм удахгүй мөнгөтэй болно ажлаа амжуулахын тулд машины хэрэг байна гээд над дээр байсан Аттелет Кровн маркын машиныг үзээд энэ машиныг чинь л авна гэсэн. Ингээд би Мандширт итгээд өөрийн зарж байсан 20.0 сая төгрөгний үнэтэй Тоёота Кроун маркын машиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ үеэс хойш Д.Мандшир надтай ирж уулзаагүй ба би 2015 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг гэрт нь очиход гэртээ байгаагүй. Тэгээд удалгүй байж байтал Мандшир өөрөө над дээр ирж уулзаад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг

Гэрч Т.Алтанбаганын  мөрдөн байцаалтад  өгсөн … 2016 оны 6 дугаар сард 2 залуу ирж уулзаад Тоёота Кроун маркын мөнгөлөг саарал өнгийн машиныг авсан. Харин сүүлд нь Эрдэнэчулуун ахаас сонсоход Бямбасүрэн гэдэг хүргэнийх нь найзууд ирээд мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлээд машиныг нь авч явсан. Тэдний авсан машин бол орж ирсэн улсын дугаар аваагүй монголд явж байгаагүй машин байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 8-9/

          Гэрч Т.Батмөнхийн  мөрдөн байцаалтад  өгсөн … миний төрсөн ах болох Өлзий-Оршихын гэрт нь очиход Чингэлтэй дүүрэгт хийгдэх гэрэлтүүлэгийн ажил байгаа талаар таньдаг хүн нь хэлсэн. Барьцаа мөнгө 4.0 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд тэр үеэс эхлэн уг ажлыг хийхээр болж барьцааны мөнгийг хайсан боловч олдоогүй. Гэтэл Мандшир надад Да хүрээ зах дээр машин зардаг таньдаг хүн байгаа, тэнд нэг Атлет-Кроун машин байгаа тэрийг аваад барьцаанд тавиад мөнгө гаргаж авья гэж хэлсэн. Тэгээд Да Хүрээ зах орж нэг ахтай уулзаж миний тендерийн ажил бүтсэн мөнгө орж ирэхээр танд өгчихнө гэж хэлээд Тоёота Кроун  машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 3-4 хоногийн дараа Сайн ломбарданд 5.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэсэн мэдүүлэг  /хх-н 49-50/

         Шүүгдэгч Д.Мандширийн мөрдөн байцаалтад өгсөн … найз Батмөнхийн ах Өлзий-Оршихтой хамт очиж би Эрдэнэчулуун ахад барилгын тендерт оролцох гэсэн юм машин авмаар байна, нэг сарын дараа 50 хувийг нь өгнө, үлдэгдэлийг нь сар сард нь өгнө гэж тохироод 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Кроун 180 маркийн, саарал өнгийн машиныг 20.000.000 төгрөгт бодож аваад унаад явсан. Эрдэнэчулуун ах бид хоёр худалдах худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо офицерүүдийн ордны зүүн талд байдаг нотариатын газар очиж хийсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг руу аавындаа очоод 2-3 хоноод Улаанбаатар хотод ирээд Өлзий-Оршихтой уулзахад тендерт оролцоход дэнчинг нь өгөх хэрэгтэй байна 4.000.000 төгрөг хэрэгтэй гээд миний машиныг барьцаанд тавихаар болж Цайз-16-ын замын урд талд байх Сайн ломбарданд би өөрийн нэрээр 5.500.000 төгрөгт тавьж 4.000.000 төгрөгийг дэнчингийн мөнгө, мөн 500.000 төгрөгийг банкны мөнгө өгмөөр байна гээд авсан. 300.000 төгрөгийг хүмүүсийг хоол унданд оруулмаар байна гээд авсан. Мөн машин барьцаанд тавихад хүнээс мөнгө зээлсэн гээд 167.000 төгрөг гээд нийт 4.967.000 төгрөгийг Өлзий-Орших авсан. Тухайн үед хамт явсан Батмөнх, Бат-Эрдэнэ, Золбаяр бид нар үлдсэн 500.000 төгрөгийг хувааж авсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

              Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Д.Мандшир нь өөрөө албан ёсоор тендэрт оролцохгүй байж хүний ярьсан юмыг ярьж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хууран 20.000.000 төгрөгийн үнэтэй машиныг залилан авсан болох нь тогтоогдож байна, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

          Иймд Д.Мандширийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

        Д.Мандширийн хувьд 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэсэн эрх зүйн байдал нь дээрдэж байна. Учир нь Д.Мандширийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан Анхны ардчилсан сонгууль болж  байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан  энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэсэн заалтад хамаарч байх тул энэ өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

          Д.Мандшир хохирогч Б.Эрдэнэчулуун нар нь анх машиныг хоорондоо харилцан тохиролцож 20.000.000 төгрөгөөр авсан өгсөн асуудал дээр маргахгүй байх тул машины үнийг 20.000.000 төгрөгөөр тооцож хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Д.Мандшир нь машиныг ломбарданд тавьсан 5.500.000 төгрөгөөр  тооцож хохирлыг төлнө гэж мэдүүлж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Д.Мандшир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс 36.10 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шонх овогт  Даваадоржийн Мандширийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Мандширээс эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Мандширт  2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Мандшир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мандширт авсан  бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мандширээс 20.000.000 төгрөг гаргуулж Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Гэрэлт хотхоны 25-57 тоотод оршин суух /РД: УК69070616/ Б.Эрдэнэчулуунд олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН