Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

                          Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00982 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,

 

Ж.М-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулах тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга согтууруулах ундаа хэрэглэж, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Цагдаагийн байгууллагаар арга хэмжээ авахуулж байсан. Архинд донтох өвчний 1 дүгээр зэрэгтэй нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уух ямар нэгэн шалтгаангүй, зүгээр л архи уумаар санагдаад архи уудаг. Өөрийн нөхөр болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань 4 настай, том нь 7 настай. Хоёр хүүхдийг маань ихэвчлэн аав, ээж маань хардаг. Сүүлийн 4 сарын өмнөөс архи хэтрүүлэн ууж байгаа. Хүн амьтнаас мөнгө зээлээд архи аваад уучихдаг. Найз нартайгаа гадуур уугаад, гэрт нь очоод хоночихдог гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.М-ыг архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа Ж.М-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг хариуцан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ж.М- нь 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн. 31 настай эмэгтэй. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 2-21 тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн маань амьдрал хэцүү бага хүү маань тархины өвчтэй үе үе унаж татдаг өвчтэй юм. Ээж маань бие муутай хүн байдаг. Том хүү маань 2 дугаар анги учраас хүргэж өгөх хүн хэрэгтэй байна. Нөхөр бид 2 Хархорин зах дээр гутал засварын газар ажиллуулдаг. Засварын газрын түрээс сард 300 000 төгрөг төлдөг. Тийм учраас миний энэ байдлыг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

                                                      

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Ж.М- нь согтууруулах ундааг шалтгаангүйгээр хэрэглэж, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус дүүргийн 13 дугаар хорооны урамшилт эргүүлчээр ажилладаг М.Д, Ж.М-ы эх Ч.Ц нарын мэдүүлэг, мөн Ж.М-ы өөрийнх нь өгсөн тайлбараар тогтоогдож  байна. /хэргийн 5-9 дүгээр тал/ Түүнчлэн, Сүхбаатар дүүрэг дэх эрүүл мэндийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтээр Ж.М- архинд донтох өвчний 1 дүгээр зэрэгтэй болохыг тогтоожээ. /хэргийн 13 дугаар тал/

 

Иймд Ж.М-ыг албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Ж.М- нь давж заалдах гомдолдоо “ар гэрийн нь амьдрал хэцүү, бага хүү нь тархины өвчтэй үе үе унаж татдаг өвчтэй, ээж нь бие муутай хүн байдаг, том хүү нь 2 дугаар анги учраас хүргэж өгөх хүн хэрэгтэй байна” гэх үндэслэлүүд заажээ. Эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл биш болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.М-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                          

                                                                                                С.ЭНХТӨР