Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам

 Улсын яллагч:Б.Байгаль, Э.Ануужин

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000780085 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаар,

            Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 11 дүгээр гудамж ******* тоотод хамтран амьдрагч *******тэй хэрүүл маргаан хийж, улмаар охиноо хамгаалсан хадам ээж *******гийн баруун шуу хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүний биед нь баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

  Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 ...Манай эхнэр, хадам ээжтэй баруун талд нь бэрсүү суучихлаа гээд ярьж байсан. Би утас ухаж сууж байсан чинь хадам хэрүүл хийгээд байсан, түүнээс болсон гэв.

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шөнө гэртээ охинтойгоо юм яриад сууж байсан чинь манай хүргэн бид хоёрыг юу гээд байгаа юм гээд босож ирээд манай охиныг цохих гэхээр нь би охиноо хоёр гараараа хамгаалсан чинь миний баруун гарын шуу хэсгийг хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд манай ач нар ээжийгээ өмөөрөөд та миний ээжийг зодох эрхтэй юм уу гээд хэлсэн чинь цохичих шиг болсон манай ач нар уйлаад байсан. ******* нь миний охинтой 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш амьдарч байгаа хүргэн, намайг хэл амаар доромжлоогүй харин бие эрх чөлөөнд халдсан, миний баруун гарын шуу хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Миний бие эрх чөлөөнд халдсанаар өвдөж байгаа зүйл байна Шүүх шинжилгээнд үзүүлнэ. Надад гомдол санал байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16/,

Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..орой гэртээ бие муутай ээжтэйгээ юм яриад байж байсан чинь манай нөхөр яриан дундуур орж ирээд гэнэт намайг чиний урьд амьдарч байсан хадмууд чинь хараал хийж байгаа биз дээ гэж хэлэхээр нь би чамд миний урьд амьдрал хамаагүй гэсэн чинь пизда минь хамаатай гээд хэрүүл өдөөд, босож ирээд цэнэглэж байсан утсыг орон дээр авч шидээд ээжийн гар руу цохихоор нь би чи яаж байгаа юм хараагүй бие муутай хүнийг гэсэн чинь яадаг юм гээд миний цамцны захаас бариад хоолой боогоод байж байсан чинь манай дунд охин ******* ирээд та миний ээжийг зодох эрх байна уу гээд түлхээд салгасан. Том охин Хулан ирээд та миний ээжийг зодох ямар эрх байна гэж хэлсэн чинь  ******* баруун орны хажууд зогсож байгаад миний дунд охины утсыг газар шидээд над руу мод шидэх гэж байсан чинь манай хоёр охин дундуур орсон чинь модоо хаясан. Би хүүхдээ цагдаа дууд гэсэн чинь пизда гээд хоёр охиныг минь өшиглөсөн. Ээжтэйгээ юм яриад сууж байхад гэнэт дундуур орж ирээд хэрүүл өдөөд байсан. Нөхөр эрүүл архи уугаагүй байсан. 2024 оны 08 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. Намайг хэл амаар доромжилсон, бие эрх чөлөөнд халдсан, намайг цамцны захаар боосон. Намайг дандаа хэл амаар доромжилдог, цохиж зодож байсан. Миний бие эрх чөлөөнд халдсанаар өвдөж байгаа зүйл байхгүй, би ээж болон хоёр охиноо шүүх шинжилгээнд үзүүлнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10/

Насанд хүрээгүй гэрч С.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Би тэр үед ээж, эмээ *******, хойд аав *******, манай 2 дүү болох С.*******, бид нар гэртээ хоолоо хийж идчихээд эгч бид 2 гэрийн баруун талын орон дээр чихэвчээр дуу сонсоод хэвтэж байсан. Тэгтэл хойд аав болох ******* нь газар хэвтэж байгаад гэнэт дуугүй байгаа ч пизда минь гэж хэлээд босож ирээд ээж рүү дайрсан. Манай эмээгийн хувьд хараагүй болохоор чимээ сонсоод босож ирээд ээжийг хамгаалсан тэр үед ******* цэнэглэж байсан гар утсыг цэнэглэгчтэй нь аваад ээж рүү шидсэн чинь эмээгийн гар урдуур нь ороод оногдсон. Тэгээд ээжийн сууж байсан орон дээр очоод ээжийн өмсөж байсан цамцны захаар нь боохоор нь би босоод ээжийгээ хамгаалах зорилгоор та одоо миний ээжийг зодох болоогүй гэж хэлээд түлхсэн чинь давраад байгаарай чацга минь алчихна шүү гэж хэлээд ээжээс холдоод баруун талын орны өмнө очиж зогссон. Би цагдаа руу дуудлага өгөх гээд залгаж байтал над дээр буцаж ирээд утас булааж авах гэхээр өгөхгүй гэсэн чинь намайг татаж байгаад миний гэдэс рүү 2 удаа жийсэн. Манай эгч намайг өмөөрөөд миний урдуур орсон чинь манай эгчийг мөн адил жийж газар унагаасан тэр үед утсаар цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 98-99/

Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тухайн өдөр ээж, эмээ *******, хойд аав *******, манай 2 дүү болох С.*******, бид нар гэртээ хоолоо хийж идчихээд дүү С.******* бид 2 гэрийн баруун талын орон дээр чихэвчээр дуу сонсоод сууж байсан. Тэр үед хойд аав болох ******* нь газар хэвтэж байгаад гэнэт орилж босож ирээд ээжийн өмсөж байсан цамцны захаас барьж аваад боосон. Манай дүү С.******* босоод ээжийг хамгаалаад дундуур нь орсон чинь ******* нь манай дүүгийн гэдэс рүү 2 удаа өшиглөхөөр нь би дүүгээ өмөөрөөд урдуур нь орсон чинь миний гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгсэн  ******* нь ээжийг боохоо болиод тавьсан миний хувьд зарим зүйлсийг санахгүй байгаа. Тухайн үед ******* нь эмээгийн 2 гарын нэг рүү нь утасны цэнэглэгчээр цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 101-102/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Эрүүл мэндийн дээтгэлын цахин системд шүүж үзэхэд ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ болох нийт 603123 төгрөгийн  хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 96-97/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай

1.2. *******гийн биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4 Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-33/,

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 01-04/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04-05 /, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 78-81/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19-20 /, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 20-21/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 21-22/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22-23 /, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68 /, депозит дансны хуулгууд /хх-ийн 69-73/, эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих прокуроруудыг томилох тогтоол / хх-ийн 135-136/ , Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрлөлт оруулах тухай / хх-ийн 137-138/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 11 дүгээр гудамж ******* тоотод хамтран амьдрагч *******тэй хэрүүл маргаан хийж, улмаар охиноо хамгаалсан хадам ээж *******гийн баруун шуу хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүний биед нь баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын...Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

Хохирогч *******гийн...би охиноо хамгаалаад хоёр гараараа хамгаалсан чинь миний баруун гарын шуу хэсгийг хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16/,

Хохирогчийн...босож ирээд цэнэглэж байсан утсыг орон дээр авч шидээд ээжийн гар руу цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10/

Насанд хүрээгүй гэрч С.*******ы... эмээгийн хувьд хараагүй болохоор чимээ сонсоод босож ирээд ээжийг хамгаалсан ******* цэнэглэж байсан гар утсыг цэнэглэгчтэй нь аваад ээж рүү шидсэн чинь эмээгийн гар урдуур нь ороод оногдсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 98-99/

Насанд хүрээгүй гэрч гийн... ******* нь эмээгийн 2 гарын нэг рүү нь утасны цэнэглэгчээр цохих шиг болсон....” гэх мэдүүлэг, /хх-ийн 101-102/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 127 дугаартай...*******гийн биед баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-33/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хамтран амьдрагч *******тэй хэрүүл маргаан хийж, улмаар охиноо хамгаалсан хадам ээж *******гийн шуу хэсэгт цохиж хохирогч *******гийн биед баруун шууны шарх гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 32-33/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн баруун шуу хэсэгт цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 280000 төгрөгийг бэлнээр өгч /хх-ийн 88-90/ хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллаг хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 603123 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 603123 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял  оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг  төлж барагдуулсан , шүүгдэгчийн хувийн байдал / хязгаарлагдмал хувьцаат компанид  хог ачигч ажилтай, сарын 800000 төгрөгийн цалинтай /, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокуроруудын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******т оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын  хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийг хэсэгчлэн  буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тотгоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 603123 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА