| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Ж.Мөнхзул,
Шүүгдэгч, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.А,
Шүүгдэгч, хохирогч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б нарт холбогдох эрүүгийн ....дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Бнь Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг Шанаган энгэр гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Гтэй үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь алгадаж, улмаар газар унагаж ахар сүүлний нугалмын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт үүсгэсэн гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг Шанаган энгэр гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар зүүн шанаа тус газар цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар хоншоорт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Бнь мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлгээр ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учруус дахиж ярих зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Б.Г нь мэдүүлэхдээ: “Зодолдсон талаараа маргах зүйл байхгүй. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би 20.000.000 төгрөгийн хохирлын мөнгө авсан нь үнэн. Би уг мөнгөөр шүдний эмчилгээнд явсан. Гэхдээ уг мөнгө хагалгаанд ороход хүрэлцэхгүй. Миний хагалгаанд орох шалтгаан бол ахар сүүл хугарсантай холбоотой. Хагалгаандаа яагаад ороогүй вэ гэхээр эмч хагалгаанд орсон тохилдолд суумгай болох магадлалтай гэж хэлсэн. Мөн эмчилгээ хагалгаагаа Монгол улсад биш, гадаад хагалгаа хийлгэсэн нь дээр гэж хэлсэн. Шүдний эмчилгээнд 10.000.000 төгрөг зарцуулсан байгаа. Би Н.Бд хохирол төлбөр төлөөгүй, өөрөө ч нэхэмжлээгүй байгаа.” гэв.
Хохирогч Н.Бнь мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.Бнь Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг Шанаган энгэр гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Гтэй үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь алгадаж, улмаар газар унагаж ахар сүүлний нугалмын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт үүсгэсэн гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг Шанаган энгэр гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Б үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар зүүн шанаа тус газар цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар хоншоорт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.Г өгсөн: 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг Шанаган энгэр гэх газарт байх А.А эзэмшлийн тариалангийн талбайд байрлаж буй гэртээ цаг агаарын саатлын /нойтон цас/ улмаас амарч байсан юм. Тэгээд байрлаж буй гэртээ 16 цагийн орчимд хамт амьдарч байгаа жолооч М ах, талбайн эзэн А ах, манаач Баяраа ах, сумын байгаль орчны мэргэжилтэн Б ах, туслах ажилтан Ц /найз/, туслах ажилтан У нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед гэрийн хоймор хэсэгт, гэрийн баганаас дээш, шалан дээр тойрог маягаар бид хэд сууж байсан юм. Тухайн үед гэрийн хоймор хэсэгт, М ах гэрийн баруун талд А ах гэрийн хойд талд, Баяраа ах гэрийн зүүн талд, Б ах гэрийн баруун хойно, Ц гэрийн зүүн хойно би гэрийн урд хэсэгт буюу баганаас дээш сууж байсан юм. Тухайн үед архи, согтууруулах ундааны зайл хэрэглэж байхдаа бид хэд хөзөр тогтлож байсан. Тэгээд 20 цагийн үед байгаль орчны мэргэжилтэн Б ах бид хоёр таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж эхэлсэн. Тухайн үед буюу 2024 оны 6 дугаар сарын сүүлээр жолооч М ах өөрийнхөө үрэлгээ хийж байсан талбайгаа дуусгалгүй, Б ахын талбайд үрэлгээ хийгээд байхаар нь жолооч М ахад яагаад хэлэхгүй өөр хүний талбайд орж байгаа юм бэ? гэж сануулж хэлж байсан юм. Тэгээд тухайн үед Б ахад таны энэ үйлдэл чинь надад таалагдаагүй ээ гэж хэлсэн. Удалгүй Б ах бид хоёрын маргалдсан асуудал намжсан юм. Тухайн үед Б ах нилээн согтчихсон байсан учир би нээх юм ярилгүй орхисон. Тухайн үед Б ах намайг чи муу новш тухайн үед болоод өнгөрсөн зүйлийн, талаар ярилаа гэж үгээр идээд байсан. Тэгтэл Б ах, манай найз Ц руу чиний хэрэг байхгүй, чи энд юугаа хийж байгаа юм гэсэн яриа надад сонсогдсон. Тэгээд Б ах, манай найз Ц хоёр барьцалдсан. Тухайн үед туслах ажилтан У, бид хоёр Б ах, Ц хоёрыг салгасан. Тэгээд удалгүй жолооч М ах, Б ах хоёр явлаа гэж хэлчихээд М ах машиныхаа түлхүүрийг хайгаад олоогүй юм. Тэгээд гэрийн гадаа Б ах утсаар хүнтэй яриад байсан. Удалгүй гэрт сууж байхад гаднаас 7 залуу орж ирсэн. Тэгээд 22 цагийн орчимд Б ахын дуудсан 7 залуу манай найз Ц бид хоёрыг чирээд гэрээс гаргасан. Тухайн үед манай найз Цыг зодуулж байхыг нь би хараагүй. Намайг 3 залуу чирч гаргахын өмнө нэг залуу миний зүүн нүд рүү үнэ удаа цохиж, намайг чирээд гаргаж байхад гэрийн гадаа Б ах зогсож байхаар нь би баруун гараараа биеэ хамгаалж Б ахын зүүн нүд тус газар луу нэг удаа цохьсон. Тэгээд тэр 3 залуу гэрийн гадаа чирж унагаагаад миний толгойн зүүн шанаа хэсэг, зүүн хөлний шилбэ, гуя хэсэг, нурууны ахар сүүл хэсэгт цохиод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би толгойгоо хоёр гараараа хамгаалж бие хурангаа хавтээд байсан. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд тэр хэдэн залуучууд болон Б ах удалгүй яваад өгсөн. Жолооч М ах, талбайн эзэн А ах, манаач Баяраа ах, манай найз туслах ажилтан Ц, тэгээд би бид тавуулаа цуг байрлаж байгаа юм. Тухайн үед би 0.5 литрийн Tsingtao нэртэй 2 ширхэг лааз пиво уусан. Тухайн үед уугаагүй хүн гэвэл туслах ажилтан У л байсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Н.Бгийн өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг Бумбатын 1-1 тоот дахь гэртээ байхад Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг “Шанаган энгэр” гэх газарт тариалан тарьдаг А гэх залуу манай гэрт орж ирсэн юм. Тухайн үед Аын тариалангийн талбайд миний эзэмшлийн Нуundai Porter маркийн 26-95 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан учир машинаа янзлаад, буцахдаа өвс ачаад явъя гэж бодоод Аын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суугаад тариалангийн талбайд нь очсон. А ахын тариалангийн талбай руу явж байтал замд тариалан тарьдаг Галбадрах гэх залуу таарчихаад 0,75 литрийн Болор нэртэй архи гаргаж ирчхээд, гурвуулаа хамт ууя гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би, Г архи хундагалж өгөхөд Болор нэртэй архинаас 5-6 хундага архи уусан. Тэгээд би А ах нэг хундага архи өгчихөөд өөрөө нэг хундага архи уусан. Тэгээд бид хоёр ажилтай байсан учир уухгүй гэж хэлчхээд Г Болор нэртэй ахыг нь өгөх гэсэн чинь авахгүй гэж хэлчихээд Болор нэртэй хугас архиа А ахын машинд үлдээчхээд Галбадрах яваад өгсөн. Тэгээд Аын тариалангийн талбайд очиход Баяраа гэх ах, А ахад хандаж нэг шил уучихлаа, хүлээгээд байлаа, яасан удаа ирдэг юм бэ? гэж хэлсэн. Тухайн үед А ах, Баяраа ахад төвөөс очихдоо 0,75 литрийн Экс нэртэй архи гаргаж өгсөн. Тэгээд би гадаа машин аа янзалж байгаад А ахын байрлаж буй гэрт ороход архи нь дуусаж байсан. Тухайн үед надад У гэх залуу 50 грамм архи хундаганд хийж өгөхөөр нь уусан. Тэгээд би машинаа янзлаад явах гэж байхад гэрт дотор байсан нэг хүн гадаа агаарын сааталтай байна, таван гар хөзөр тоглоё, гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт ороход гэрийн хоймор хэсэгт, баганын дээд талд газарт сууцгаасан. Тухайн үед гэрийн хоймор хэсэгт гэрийн зүүн талд Ц гэх залуу, гэрийн зүүн урд талд би, гэрийн урд талд М ах, гэрийн баруун талд Ган-Эрдэнэ, гэрийн зүүн хойно Баяраа ах, гэрийн хойд талд А ах нар сууцгааж, бид хад хөзөр тоглонгоо нэг нэг лааз Tsingtao нэртэй пиво ууцгаасан. Тэгээд хөзөр тоглож байх хооронд У гэх залууг Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг луу архинд явуулсан. Хөзөр тоглож байхад У гаднаас архи аваад гэрт орж ирсэн. Тэр худалдаж авсан архийг Ц гэх залуу тойруулж хундагалж байсан. Тухайн үед машинаа янзалж дуусаагүй байсан учир М ахын машиныг гуйгаад, машиныг чинь маргааш авчраад өгье гэж хэлчхээд, түлхүүрийг нь авсан. Тэгээд бид хэд юм яриад сууж байсан чинь Ган-Эрдэнэ гэнэт Б ахын нэг л юманд дургүй хүрсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь за юунд вэ? гэж хэлэхэд Ган-Эрдэнэ хавар манайхан ажлаа дуусгаагүй байхад та өөрийнхөө ажлыг амжуулсан гэж хэлсэн. Тухайн үед Ган-Эрдэнэд хандаж хэлэхдээ, хавар чи өөрөө ирээд ах аа дүүгээ уучлаарай, би буруу ойлгожээ гээд уучлал гуйгаа биз дээ, одоо юуг нь ярьдаг юм гэж хэлсэн. Тэгээд тухайн үед А ахыг эзгүй байхад та М ахтай хуйвалдаж М ахыг ажлаа дуусгаагүй байхад өөр тийшээ яваад гэж надад тиймэрхүү утгатай юм ярьсан. Тэгээд би Ган-Эрдэнэд хандаж юун сүртэй юм бэ? тийм хохиролтой байгаа юм бол манай талбайгаас хохирол оо тооцоод талбайд хураасан ургацаас авахгүй юу даа гэж хэлсэн. Тухайн үед Ган-Эрдэнэтэй маргалдаж байхад хажуугаас Ц гэх залуу орж ирчхээд надад хандаж, та яагаад агсраад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд гэрийн хоймор хэсэгт газарт сууж байхад Ц гэх залуу намайг заамдаж аваад, арагш унагаагаад миний дээр гарч суусан. Тухайн үед босох гээд Цтай хэсэг ноцолдож байгаад дийлээгүй учир больё гэж хэлсэн. Тэгээд Цад хандаж за болъё, би явъя гэж хэлчхээд куртикний хармаанд байсан М ахын машины түлхүүрийг хайгаад олоогүй. Тухайн үед тэнд байсан хүмүүст бүгдэд нь машины түлхүүр олоод өгчих өө би явъя гэж хэлсэн. Тэгээд Ган-Эрдэнэ, Ц хоёртой гэрийн гадаа маргалдаад ар араасаа гурвуулаа цувралдаад явж байтал миний толгойн ар дагз хэсэг, зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тухайн үед Ган-Эрдэнэ, Ц хоёрын алийг нь цохисныг мэдэхгүй байна, Ц л намайг цохисон байх. Тухайн үед энэ хоёрыг би зодолдоод дийлэхгүй учир найз Бийн эзэмшлийн 99121471 дугаарын утас луу залгаж би урд А ахын тариалангийн талбайд зодуулаад байна, ирээд аваадах гэж хэлсэн. Тэгтэл эхнэр Х 99011201 дугаарын утаснаас залгаж гэртэй ирэх болж байна уу гэж ярихад би, энэ хэдтэй муудаад байж байна, унаа тэрэг алга гэж эхнэртээ хэлэхэд, эхнэр Х утсаа тасалсан. Тэгээд би, А ахын тариалангийн талбайд байрлаж буй гэрээс зайдуухан газарт суугаад, сумын төвөөс машин ирэхийг хүлээсэн. Удалгүй сумын төвөөс Уламбаяр гэх залуу машинтайгаа ирсэн. Манай эхнэр Х цаадхыгаа аваадах гэж Уламбаярт хэлсэн юм байна лээ. Тэгээд Уламбаяртай уулзаад зогсож байтал Б сумын төвөөс Эын эзэмшлийн машинтай ирсэн. Тухайн үед Эын машинд Э, Б, Баатарсүх, Ганзориг, Томхүү, Цолмон нар машинд сууж ирсэн байсан. Тэгээд тухайн үед сумын төвөөс ирсэн хүмүүсийн хажууд би баруун гараараа Ган-Эрдэнийн зүүн шанаа тус газарт нэг удаа алгадсан. Тухайн үед Ган-Эрдэнэ баруун гараараа зөрүүлээд миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед миний хөмсөг язраад цус гоожсон учир би нүд ээ дараад доошоо тонгойж зогссон. Тухайн үед харанхуй байсан учир цаашаа юу болсныг санахгүй, мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Э.Бийн өгсөн: ...“тэгээд Б ахын байгаа газарт би, Э, Б, Ганзориг, Томхүү. Цолмон нарын хамт очиход Б ах хүнд зодуулсан байдалтай нүүр хэсэг нь хавдчихсан байсан. Тухайн үед байрлаж байсан гэр буюу гэр гадаа танихгүй 3 залуу байж байсан. Тэгээд тэр тариалангийн талбайн эзэн гэх А ах тухайн үед маргалдаад байсан. Тухайн үед Б ах тэр маргаж байсан залуучууддаа зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тариалангийн талбайн эзэн гэх А ахтай Б ах маргалдаж, зодолдох гээд байхаар нь А ахыг салгаад өөрийнх нь байрлаж байсан зөөврийн байшинд оруулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 20 цагийн үед Б ах, Э, Томхүү, Цолмон, Ганзориг, Б нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Т өгсөн:... “тухайн үед Б ахын царайг харахад хүнд зодуулчихсан байдалтай, нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байсан. Тухайн үед тариалангийн талбайн байрлаж байсан гэрийн үүдэнд өндөр, туранхай залуу зогсож байсан. Тэгээд бид хэдийг бөөнөөрөө зогсож байхад Б aх баруун гараараа, тэр өндөр, туранхай залуугийн зүүн хацар буюу шанаа хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед тэр өндөр, турайнхай залуу зөрүүлээд баруун гараараа Б ахын нүүр хэсэгт зүүн нүд рүү нь 1 удаа цохисон. Тэгээд бид хэд Б ах, тэр өндөр, туранхай залуу хоёрыг салгаж болиулсан. Тэгээд би Б ах, Ганзориг ах, Э ах нарын хамт Б ахыг аваад сумын төв рүү явсан. Тухайн үед Б ахын нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Г.Г өгсөн: ...“тухайн үед Бгийн царайг харахад хүнд зодуулсан байдалтай нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байсан. Тухайн үед тариалангийн талбайн байрлаж байсан гэрийн үүдэнд танихгүй 5 хүн байсан /халзан толгойтой настайвтар хүн, тэгээд нас чацуу хоёр залуу, насаар арай бага нэг дүү, тэгээд манаач нь гээд настай ах байсан/ байсан. Тэгээд бид хэдийг бөөнөөрөө зогсож байхад Б баруун гараараа хар куртиктай өндөр, туранхай залуугийн зүүн хацар буюу шанаа хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед хар куртиктай өндөр, туранхай залуу зөрүүлээд баруун гараараа Б ахын нүүр хэсэгт зүүн нүдрүү 1 удаа цохисон. Тэгээд бид хэд Б, хар куртиктай өндөр, туранхай залуу хоёрыг салгаж болиулсан. Тэгээд би, Б, Томхүү, Э нарын хамт Эын эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын төв рүү Баатарсүх, Цолмон нар Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Бг аваад сумын төв рүү Уламбаяр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй тус тусдаа сумын төв рүү явцгаасан. Тухайн үед Б ийн нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Т.Бийн өгсөн: …“Бгээс юу болсон талаар асуухад намайг боож унагаагаад, толгойн ар дагз хэсэг рүү цохисон гэж хэлж байсан, тэгээд машин болохгүй болохоор нь арга аа бараад та хэдийг дуудлаа гэж хэлсэн. Тухайн үед тариалангийн талбайн байрлаж байсан гэрийн үүдэнд зодуулсан гээд байсан өндөр залуу л гэрийн гадаа л зогсож байсан. Тэгээд бид хэдийг бөөнөөрөө зогсож байхад Б баруун гараараа өндөр залуугийн зүүн хацар буюу шанаа хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед өндөр залуу зөрүүлээд баруун гараараа Б ийн нүүр хэсэгт зүүн нүдрүү 1 удаа цохисон. Тэгээд бид хэд Б, өндөр залуу хоёрыг салгаж болиулсан. Бид хэдийг очихоос өмнө тариалангийн талбайд байсан хүмүүс хоорондоо зодолдсон юм шиг байна лээ, бид хэдийг очсоны дараа тариалангийн талбайд зодоон болоогүй..., Бг аваад сумын төв рүү, Уламбаяр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй тус тусдаа сумын төв рүү явцгаасан. Тухайн үед Бийн нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байсан, Б баруун гараараа өндөр залуугийн зүүн хацарт 1 удаа алгадсан.” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч З.Эын өгсөн:... “бид хэдийг бөөнөөрөө зогсож байхад Б ах баруун гараараа өндөр, туранхай залуугийн зүүн хацар буюу шанаа хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед өндөр, туранхай залуу газарт унах шиг болсон. Тэгээд тэр үед өндөр залуу босч ирээд зөрүүлээд баруун гараараа Б ахын нүүр хэсэгт зүүн нүдрүү 1 удаа цохисон. Тэгээд бид хэд Б ах, өндөр туранхай залуу хоёрыг салгаж болиулсан. Бид хэдийг очихоос өмнө тариалангийн талбайд байсан хүмүүс хоорондоо зодолдсон юм шиг байна лээ, бид хэдийг очсоны дараа тариалангийн талбайд зодоон болоогүй. Тэгээд би, Ганзориг ах, Томхүү, Б ах нарын хамт миний эзэмшлийн Приус 30 маркийн 83-62 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төв рүү, Баатарсүх, Цолмон нар Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Б ахыг аваад сумын төв рүү, Уламбаяр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй тус тусдаа сумын төв рүү явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бгийн сэжигтнээр өгсөн: ...“Тэгээд Ган-Эрдэнэ, Ц хоёртой гэрийн гадаа маргалдаад ар араасаа гурвуулаа цувралдаад явж байтал миний толгойн ар дагз хэсэг, зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тухайн үед Ган-Эрдэнэ, Ц хоёрын алийг нь цохисныг мэдэхгүй байна, Ц л намайг цохисон байх. Тухайн үед энэ хоёрыг би зодолдоод дийлэхгүй учир найз Бийн эзэмшлийн 99121471 дугаарын утас луу залгаж би урд А ахын тариалангийн талбайд зодуулаад байна, ирээд аваадах гэж хэлсэн..., тухайн үед Эын машинд Э, Б, Баатарсүх, Ганзориг, Томхүү, Цолмон нар машинд сууж ирсэн байсан. Тэгээд тухайн үед сумын төвөөс ирсэн хүмүүсийн хажууд би баруун гараараа Ган-Эрдэнийн зүүн шанаа тус газарт нэг удаа алгадсан. Тухайн үед Ган-Эрдэнэ баруун гараараа зөрүүлээд миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед миний хөмсөг язраад цус гоожсон учир би нүдээ дараад доошоо тонгойж зогссон. Тухайн үед харанхуй байсан учир цаашаа юу болсныг санахгүй, мэдэхгүй байна. Тухайн үед хөзөр тоглож байхад сүн түшиж байсан Ц хундагатай архи өгөөд л байсан. Хэдий хэмжээний зүйл уусан аа мэдэхгүй байна. Тухайн үед У гэх залуу уугаагүй байсан.” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г сэжигтнээр өгсөн: ...“тэгээд 22 цагийн орчимд Б ахын дуудсан 7 залуу манай найз Ц бид хоёрыг чирээд гэрээс гаргасан. Тухайн үед манай найз Цыг зодуулж байхыг нь би хараагүй. Намайг 3 залуу чирч гэрээс гаргасан. Тухайн үед Б ах гэрийн гадаа байхдаа баруун гараараа миний зүүн шанаа тус газарт нэг удаа алгадсан. Тухайн үед би биеэ хамгаалж баруун гараapaa Б ахын зүүн нүд тус хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд тэр хэдэн залуучууд болон Б ах удалгүй яваад өгсөн…, тухайн үед би 0,5 литрийн Tsingtao нэртэй 2 ширхэг лааз пив уусан. Уугаагүй хүн гэвэл туслах ажилтан У л байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би Б гэх хүний дуудаж ирүүлсэн хүмүүстэй маргалдаж, зодуулсан асуудал байхгүй. Сумын төвөөс ирсэн хүмүүсийн хамт Б гэх хүн баруун гараараа миний зүүн шанаа тус газарт нэг удаа алгадсан. Алгадахад нь би хойшоо газарт унасан. Тэгээд би, босч ирээд баруун гараараа Б гэх хүний зүүн нүд хэсэг газарт нэг удаа цохисон. Надад гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 623 дугаартай дүгнэлтэд: “Б.Г биед ахар сүүлний Со2 нугаламын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 637 дугаартай дүгнэлтэд: Н.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Намайг Н.Бнь зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон харин би Н.Бгэмтэл учруулах зорилготой үйлдэл хийгээгүй харин намайг гэрээс чирч гарах үед эсэргүүцэл үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар дахин өгсөн: ...“Би Б.Г зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан харин над руу дайрч байхад хүмүүс салгах үед миний зүүн нүдний хэсэгт нэг хүн цохисон яг хэн цохисныг сайн мэдэхгүй байна учир нь гадна харанхуй байсан учир сайн харж чадаагүй. Би эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг бүгдийг гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас гаргасан шүүгдэгч Н.Б, Б.Г нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүгдэгч Н.Б, Б.Г нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргүүдийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн, хүндэвтэр хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Шүүгдэгч Н.Б, Б.Г нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Бнь хохирогч Б.Ган-Эрдэнийг, шүүгдэгч Б.Г хохирогч Н.Бг цохиж түлхэх, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж харилцан зодолдсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Н.Бнь хохирогч Б.Ган-Эрдэнийн нүүрэн тус газарт нь алгадаж, улмаар газар унаж ахар сүүлний нугалмын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт үүсгэсэн нь хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг,
шүүгдэгч Б.Г нь хохирогч Н.Бгийн зүүн шанаа тус газар цохиж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар хоншоорт зөөлөн эдийн няцрал үүсгэсэн нь хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэргүүд байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч нарын эрүүл мэндэд сүүлний нугалмын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар хоншоорт зөөлөн эдийн няцрал үүсгэсэн нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөнр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар Б.Г, Н.Бнар холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б тус тус гэм буруутай гэж үзсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн буюу хохирогч Б.Гд 21,150,000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 сонгох ял, шийтгэлтэй байгаа. Иймд Н.Бг 1,500,000 төгрөгөөр торгох, Б.Г 600.000 төгрөгөөр торгох саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, шүүгдэгч Б.Г өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй. Иргэний нэхэмжлэгч байхгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А: Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлбөр төлсөн, үйлдсэн гэмт хэрэг дээрээ хэлсэн. Хоорондоо муудаад ингээд зогсож байгаа даа санаа зовж байна гэсэн агуулгаар хэлсэн. Улсын яллагч эрүүгийн хариуцлагийн дүгнэлт дээрээ хэлсэн хөнгөрүүлэх нөхцлийн талаар давхардуулж ярихгүй. Миний үйлчлүүлэгч 21.000.000 төгрөг төлсөн байгаа. Энэ бол бага хэмжээний мөнгө биш, энэ гэмт хэрэгтээ гэмшиж төлсөн. Дээрээс нь манай миний үйлчлүүлэгч Төв аймгийн Архуст сумын байцаагаар ажилладаг байгаа. Улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг зөв ял гэж харж байгаа ч хэмжээний хувьд бол уг хуульд ял нь 400.000 төгрөгөөс эхэлдэг. Миний үйлчлүүлэгч хамгийн бага торгуулийг авах нөхцөлийг хангасан учраас хамгийн бага буюу 400.000 төгрөгөөр торгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Н.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.”
Шүүгдэгч Б.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Б, Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалууд тогтоогдож байгааг,
мөн шүүгдэгч Б.Г, Н.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “би гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа энэ байдлыг маань харгалзан” эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бгийн биед “ахар сүүлний нугалмын их биеийн хугарал, зүүн нүдний зовхи, баруун цавь, баруун шуунд цус хуралт үүссэн гэмтэл” бүхий хөнгөн хохирол,
хохирогч Б. биед “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар хоншоорт зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б, Б.Г нар нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бнь хохирогч Б.Гд 20 сая төгрөг хохиролд төлсөнг хэн аль нь маргадаггүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хагалгаанд орно гэж байх боловч энэ талаархи эмчилгээний баримт, хэзээ хаана хэвтэж хагалгаанд орох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн ....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Б.Г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Шүүгдэгч Н.Б, Б.Г нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн ....дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН