| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414007270090 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 02 жилийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,05 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 6 дугаар гудамж ******* тоот хашааны үүднээс баруун тийш 6 дугаар гудамжны төгсгөл хэсэгт байх ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй сөрөг урсгалтай хатуу хучилттай авто замын гарцаар хатуу хучилттай авто зам руу нэвтрэх үедээ хойд зүгээс урд зүг рүү чиглэн явсан ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
******* гэдэг, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэр өдөр сэтгэл санаа тавгүй маш их бухимдаж, ганцаардаж, өөрийнхөө амьдралыг ярих хүн байдаггүй. Тэр өдөр найзтайгаа хамт пиво уусан. Нөхөр маань муухай ааштай. Сандраад машинаа унаад 10 мянгатаас хөдлөөд явсан. Миний буруу, харамсаж байгаа гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна дахиж ийм алдаа гаргахгүй. Өөрт холбогдох хэргээ ойлгож ухаарлаа надад холбогдох хэргийг ойлгож шийдвэрлэж өгнө үү миний охин болон нөхөр унаж татдаг ,ар гэрээ би өөрөө ганцаараа авч явдаг энэ байдлыг минь ойлгож хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр би 16 цаг 50 минутын үед гэрээсээ гараад машинаа бариад 30 дугаар гудамжаар яваад засмал замаар нэлээн уруудаад явж байсан чинь зүүн гар талаас шороон замаар гудамжнаас хар өнгийн машин гарч ирээд миний машины жолоочийн эсрэг тал руу мөргөчихсөн. Тэгээд жолооч нь бууж ирэхээр нь би та согтуу байгаа юм уу гэсэн чинь би согтуу байна гэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь цагдаа дуудаад яах вэ дээ би том артай хүн гээд байсан. Би цагдаад дуудлага өгөөд удаагүй, цагдаа ирээд бид нарыг авч яваад цагдаагийн газар дээр ирсэн. ...манай машин Приус 20 загварын хүрэн өнгийн машин байгаа 2 жилийн өмнө 10,900,000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр манай өмчлөлд байдаг. ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор 25.600.000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,9%-ийн хүүтэйгээр зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллагын барьцаанд өмчлөлд шилжүүлсэн. Манай байгууллага зээлийн үлдэгдлийг *******гаас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би өнөөдөр дүүг гуйгаад ломбардад тавьсан байгаа эд зүйлээ авах гээд дүү машинаа бариад дүүгийн 3 настай охины хамт бид гурав 10-н мянгатын засмал уруудаад явж байсан чинь би жолоочийн хажууд сууж явсан чинь миний сууж явсан тал руу нэг хар өнгийн машин ирээд мөргөчихсөн. Тэгээд нөгөө мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд яаж байна аа гээд гараад ирсэн чинь манай дүү машинаасаа буугаад чи согтуу байна гэсэн чинь ямар ширүүн орж ирдэг юм машин мөргөчихлөө гэх хэлсэн. Цагдаад дуудлагаар ирээд бүгдийг нь аваад цагдаагийн газар дээр ирсэн...гэх мэдүүлэг//30-31/,
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний №1312 дугаартай шинжээчийн ....Автомашин техникийн эвдрэл,....******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 710000 төгрөг буюу хохирлын үнэлгээний тайлан ...гэх дүгнэлт /хх-ийн 57-58/,
Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны №01 дугаартай
“...Шинжилгээний объектын нийт үнэ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 510,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт/хх-ийн 64-69/,
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-97 /,
Жолооч *******гийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг ARRM дугаар багажаар шалгахад 2,05 хувийн согтолттой гарсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/,
-Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай “...Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт ын / нь жолооны үнэмлэхийн дугаартай жолоочийн үнэмлэх хүчинтэй 2027 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байна. ******* нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт *******ын ******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа нь 2024 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил жолоодох эрхээ хасуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн оролцогч Боржигон овогт *******ын ******* /*******/, нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
Мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.
Мөн дүрмийн 12.3-д зааснаар "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурмыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;
4. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт *******ын ******* /*******/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх магадлалтай байна...” гэх магадалгаа /хх-ийн 117-118/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04-05/, эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэл / хх-ийн 06-07/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 71-75/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 06/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 12-13/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-82/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82-83/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 83-84/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85/ депозит дансны хуулгууд /хх-ийн 100-109/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 112-117/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн / шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдалтай холбоотой/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 67 дугаар яллах дүгнэлтэд... шүүгдэгч *******г 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,05 хувийн промильтой үедээ гэж...бичигдсэн бөгөөд прокуророос техникийн шинжтэй алдааг засуулах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхад уг хүсэлтээ гаргаагүй болохыг дурьдаж, цаашид энэ талаар хуульд заасан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байхыг анхаарах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокурорын газарт буцааж хянах шийдвэрлэх шаардлагагүй шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, түүнчлэн улсын яллагчаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн амьсгал дахь спиртийн агууламж 2,05 хувийн согтолтын хувь хэмжээ тогтоосон талаар шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлуулсан, яллах дүгнэлтэд техникийн шинжтэй тооны алдаа гаргасныг шүүхээс зөвтгөн тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 02 жилийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулсан байх хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,05 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 6 дугаар гудамж ******* тоот хашааны үүднээс баруун тийш 6 дугаар гудамжны төгсгөл хэсэгт байх ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй сөрөг урсгалтай хатуу хучилттай авто замын гарцаар хатуу хучилттай авто зам руу нэвтрэх үедээ хойд зүгээс урд зүг рүү чиглэн явсан ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,
Хохирогч *******гийн...зүүн гар талаас шороон замаар гудамжнаас хар өнгийн машин гарч ирээд миний машины жолоочийн эсрэг тал руу мөргөчихсөн ...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18/,
Иргэний нэхэмжлэгч ... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр манай өмчлөлд байдаг. ******* нь уг тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор 25.600.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,9%-ийн хүүтэйгээр зээлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,
Гэрч ийн...засмал уруудаад явж байсан чинь би жолоочийн хажууд сууж явсан чинь миний сууж явсан тал руу нэг хар өнгийн машин ирээд мөргөчихсөн....гэх мэдүүлэг/30-31/,
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний №1312 дугаартай шинжээчийн ....Автомашин техникийн эвдрэл,....******* БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 710000 төгрөг буюу хохирлын үнэлгээний тайлан ...гэх дүгнэлт /хх-ийн 57-58/,
Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны №01 дугаартай...Шинжилгээний объектын нийт үнэ буюу улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 510,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт/хх-ийн 64-69/,
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-97 /,
Жолооч *******гийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг ARRM дугаар багажаар шалгахад 2,05 хувийн согтолттой гарсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/,
-Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай “...жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх магадлалтай байна...” гэх магадалгаа /хх-ийн 117-118/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.4-т заасан... прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтээ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж болохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч *******гийн цусан дахь спиртийн агууламж 2.05 промиль гарсан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт, 2,05 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн болно.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машины техник эвдрэл, хохирлын үнэлээгээр тогтоосон нийт 710000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг .....хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жил 12 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах ...дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ..
Шүүгдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “…гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн байдал/ 5-14 насны бага насны 3 хүүхдүүдтэй, охин 10 настай, Онош G 40.2 буюу уналт таталт өвчний учир байнгын асаргаа шаардлагатай хүүхэд, түүний нөхөр нь Онош G 40.2 буюу уналт таталт өвчний учир хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдагдсан буюу ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, түүний асрамжид нөхөр, охин хоёр байдаг ба тэдгээрт байнгын асаргаа шаардлагатай талаар холбогдох баримт хэрэгт авагдсан, мөн шүүгдэгч ******* нь гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн байнгын үйлчилгээ авах, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, хүний эрүүл мэндийн байдлыг тэргүүн ээлжинд анхаарах шаардлагатай, түүнчлэн хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх авах зэргээр ар гэртээ анхаарал халамж тавих, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн “” салонд үсчингээр ажилладаг, сарын 800000 төгрөгийн орлоготой/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу өөрийн орлогоор өрхийн орлогыг бүрдүүлдэг, хэрэглээний ББСБ, Хас банканд зээлтэй боловч тухай зээлүүдийг цаг хугацаанд төлж барагдуулдаг, шүүхийн хэлэлцүүлэгт *******гийн... ар гэрийн байдал,би одоо гартаа цаг зүүсэн, өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа, би үсчин хийдэг ба тухайн ялыг эдлэхэд бэрхшээл тулгарч байна, хүний үсийг угаахад тухай цаганд ус орох, эвдрэх магадлалтай, олон нийтийн газар ажиллахад бэрхшээлтэй, байнгын сэтгэл түгшсэн байдал ажилладаг, хүмүүс намайг юу зүүсэн талаар асуудаг, энэ цагийг зүүснээр маш их зүйлийг ойлгож байна, би үнэхээр гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т... шүүх хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор хэдэн хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно... гэж хуульчилсан.
Иймд шүүхээс шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох эдгээр ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тотгоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА