| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01560/И |
| Дугаар | 181/ШШ2022/00976 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2022/00976
2022 04 26 181/ШШ2022/00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул
Хариуцагч: У
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнд заасан төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохирол 257,792,458.57 төгрөг, нийт 9,362,624,295.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшиг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК нь хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдуулан, анх гэрээнд заасан төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохирол 257,792,458.57 төгрөг, нийт 9,362,624,295.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 119,644,874.35 төгрөгөөр ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ди Би Эм Лизинг ХХК нь хариуцагч Чингис хаан банк ХХК-д 3101000149 тоот төгрөгийн харилцах данс, 3101000319 тоот ам.долларын харилцах данс тус тус нээлгэж, мөнгөн хөрөнгө байршуулж, төлбөр тооцоо гүйцэтгүүлж байсан. Гэвч дараах төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр төлбөрийн даалгаврыг хариуцагчид өгсөн боловч гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай төлбөр тооцоог түргэн гүйцэтгээгүйн улмаас 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 8,502,764,126.29 төгрөг Ди Би Эм лизинг ХХК-ийн Төрийн банкин дахь 410034109090911242 тоот төгрөгийн хадгаламжийн дансанд, 3101000319 тоот ам.долларын харилцах данснаас 211,331.17 ам.доллар нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь 140034109090911243 тоот ам.долларын хадгаламжийн дансанд тус тус ороогүй байдаг.
Хариуцагч нь төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ дараах байдлаар хугацаанд нь гүйцэтгээгүйгээс Ди Би Эм лизинг ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олох байсан хүүгийн орлого болох 257,792,458.57 төгрөгийн хохирол учирсан. Үүнд:
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Ди би эм лизинг ХХК болон Капитрон банк ХХК нарын хооронд 2019.08.23-ны өдөр байгуулсан 3055006108 дугаартай харилцах дансны гэрээ, мөн 2020.05.29-ний өдөр тухайн дансанд нэмэлтээр байгуулсан гэрээний дагуу жилийн 4 хувийн хүүгийн орлого олох ёстой байсан. Уг гүйлгээг Капитрон банк ХХК-ийн данс руу хийгээгүйгээс 279 хоногийн 91,726,039.63 төгрөг,
2. 3101000319 тоот ам.долларын харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 211.300.00 ам.долларыг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000096111 тоот ам.долларын дансанд ороогүйгээс уг дансны гэрээ нь тусгай нөхцөлт хугацаагүй хадгаламжийн данс 2020.06.09-ний өдөр байгуулсан 10900009406 дугаартай гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулсан тохиолдолд жилийн 1,59 хувийн хүү өгөхөөр тохиролцсон хадгаламжийн ам.долларын дансны гэрээний дагуу 2020.02.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэл 266 хоногт Монгол банкны 2021.05.23-ны өдрийн хаалтын ханш 2,848.93 төгрөгөөр тооцвол 6,975,377.19 төгрөг,
3. 3101000149 тоот төгрөгийн харилцах данс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 614,244,178.14 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Төрийн банк ХХК-ийн 102200626003 данс буюу 2020.02.17-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 2020.03.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэлх 237 хоногт жилийн 6,6 хувийн хүүтэйгээр тооцоход олох байсан хүүгийн орлого 26,323,325.18 төгрөг,
4. 3101000149 тоот төгрөгийн харилцах данс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4,596,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Төрийн банк болоод Ди би эм лизинг ХХК нарын хооронд 2020.06.09-ний өдөр байгуулсан 109000092432 тоот гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш жилийн 6,6 хувийн хүүтэйгээр 2020.06.09-ний өдрөөс 2021.06.09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан тусгай нөхцөлтэй хадгаламжийн гэрээний дагуу 2020.07.31-2020.10.27-ны өдөр хүртэлх 88 хоногийн олох ёстой байсан хүүгийн орлого 73,145,799.24 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр доорх гүйлгээг хийлгүүлэхээр хариуцагчид төлбөрийн даалгаврыг өгсөн боловч төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас Ди Би Эм лизинг ХХК-ийн Төрийн банкин дахь хадгаламжийн дансанд тус мөнгөн хөрөнгө шилжиж ороогүй ба Төрийн банкны хадгаламжийн дансны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх олох ёстой байсан хүүгийн орлого болох 119,644,874.35 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлын хэмжээ 257,792,458.57 төгрөг байсныг 377,437,332.92 төгрөг болгон нэмэгдүүлж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 8,502,764,526.29 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн 410034109090911242 тоот төгрөгийн хадгаламжийн дансанд оруулаагүйн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN4100/41090911242 дугаартай гэрээний хугацаа нь 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл, жилийн 5,7 хувийн хүүтэй данс руу 8,5 тэрбум төгрөгийг шилжүүлүүлэх гэсэн боловч 89 хоногийн хугацаа хэтрэлтийн хохирол 118,176,779.29 төгрөг.
2. Чингис хаан банк ХХК дахь ам.долларын данснаас 311,331.61 ам.долларыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гүйлгээ хийлгүүлсэн. Төрийн банк ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN140034109090911243 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл хугацаатай, хүү нь жилийн 1 хувь, 89 хоногоор тооцож хохирлын хэмжээ 515.35 ам.доллар Монгол банкны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хаалтын ханшаар 1,468,095.06 төгрөгийн хохирол учирсан.
Хариуцагчаас олох ёстой хүүгийн орлого буюу хохирлыг нэхэмжилж байгаа эрх зүйн хэм хэмжээний үндэслэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирлоо нэхэмжилж байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол мөн хуулийн 222.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, харин үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй гэж заасан. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй байгаа нь тодорхой. Мөн дээрх хуулийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзахад учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалт байна.
Мөн Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.9-д зааснаар Банк эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 17.4-т заасан шилжүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хийгээгүйгээс үүссэн хохирлыг хариуцна гэсэн банкны хохирлын хэм хэмжээний хохирлыг хариуцах тухай заалт байна. Талуудын хооронд байгуулсан харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийн 5.1-т хууль тогтоомж болон энэхүү гэрээг зөрчсөн тал нь үүсэх үр дагаврыг хариуцна гэсэн хариуцлагын хэм хэмжээ байна.
Хариуцагчийн үүргийн зөрчлийг дүгнэвэл, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан, хуульд заасан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй байх хэрэгцээ үндэслэл үүсээгүй. Чингис хаан банк ХХК нь Ди Би Эм лизинг ХХК-ийн дээрх 2020, 2021 онд хийлгүүлсэн гүйлгээнүүдийг манай харилцах дансанд байгаа бүртгэлээс хасаж шилжүүлсэн маягаар дүр үзүүлэн хассан байдал нь манай өөрийн Төрийн болон Капитрон банк ХХК нарын харилцах дансууд руу мөнгөн хөрөнгө нь ороогүй. Хууль тогтоомжийн хүрээнд Монгол банк руу мэдэгдэх ёстой байсан боловч Монгол банк руу мэдэгдэл шаардлагыг Чингис хаан банк-наас хүргүүлээгүй нь Монгол банкнаас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна. Чингис хаан банк ХХК-аас анхны тайлбартаа гүйлгээг хийсэн, үүргээ биелүүлсэн гэдэг тайлбар гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байсан нь Монголбанкнаас гаргасан Ди Би Эм лизинг ХХК-д ирүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна. Чингис хаан банк ХХК-аас тус гүйлгээнүүдийг хийгээгүй байна, өөрийн төгрөгийн данс буюу санхүүгийн тайлангийн өр төлбөрт бүртгэчихээд гүйлгээг хийгээгүй байна гэсэн албан бичиг ирүүлснийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.
Иймд Чингис хаан банк ХХК-ийн хууль болон гэрээнд заасан төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн нийт 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохиролд 377,437,332.92 төгрөг, нийтдээ 9,487,268,169.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ди би эм лизинг ХХК нь Чингис хаан банк ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 310000319 тоот ам.долларын харилцах данс нээж жилийн 6,5 хувийн хүүтэй, 92 хоногийн хугацаатай байгуулсан. Хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхлээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Нийт 204,575 ам.долларыг байршуулсан бөгөөд нийт хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 211,000 ам.доллар болсон.
2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 310000149 тоот төгрөгийн харилцан дансны гэрээг байгуулсан. Үүнийг хугацаагүй байгуулсан бөгөөд байгууллагын шаталсан хүүт харилцах данс юм. Тус дансны жилийн хүү нь 8,2 хувь бөгөөд нийт дансанд 7,527,178,065 төгрөгийг байршуулсан юм. 211,000 ам.долларын хувьд манайх маргахгүй. Үүнд 149 тоот дансанд нийт нэхэмжлэлийн шаардлага болох манай хүлээн зөвшөөрч байгаа 8,502,764,126 төгрөгийг өгсөн. 2020 оны 04 сард ковид 19 корона вирусын халдвар гарч нийгэмд өвчлөл сөрөг нөлөөллийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 10.4 дэх заалтад Банк хадгаламж зээлийн хоршоо нь харилцах болон хадгаламжаар хүү тооцохгүй гэсэн заалт хэрэгжээд эхэлсэн. Манай банкнаас 2021 оны 07 сар хүртэл тус тус харилцах дансанд хүү тооцож олгосон. Нийт хуримтлагдсаар байгаад манай нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөөд байгаа 8 тэрбум 520 сая төгрөг юм. Торгуулийн хүү гэж нэхэмжлээд байгаа үнийн дүн болох 257,792,000 төгрөг нь манай харилцах дансанд хуримтлагдаж байгаа хүүгийн хэмжээ юм уу, эсхүл манайхаас Төрийн банк руу шилжээд Төрийн банк ХХК-д очоод хуримтлагдаад Төрийн банк ХХК-аас олох ёстой орлого байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Дээрээс нь Төрийн банк ХХК-тай хэдэн хувийн хүүтэй данснууд нээснийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. 2020 оны 04 сараас хойш харилцах дансны хүү тооцохгүй гэсэн заалт хэрэгжээд эхэлсэн. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 257,792,458.57 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэмэгдүүлсэн шаардлага нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл олох ёстой байсан хүүгийн орлого гэж байна. Энэ мөн аль дансанд хуримтлагдаад, аль данснаас хэдэн хувийн хүү олоод 119,644,874.35 төгрөг болоод байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг тайлбарлаж өгөхгүй байна. Иймд 2020 оны 04 сараас хойш бүх банк харилцах дансанд хүү тооцохгүй байгаа. Үүний дагуу харилцах дансанд хүү тооцогдохгүй. Иймд ямар үндэслэлээр, ямар гэрээ байгуулаад яаж гэрээ нь хэрэгжээд хүүгийн орлого олох ёстой байсан юм, олох ёстой байсан алдагдал гэдгийг тайлбарлаж өгөхгүй, холбогдох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд манайх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 211,000 ам.доллар, 8,520,764,126 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Анхны шаардлагын дагуу манайх харилцах дансны гүйлгээг шивсэн. Манай банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын алдагдалтай холбоотойгоор Монгол банкнаас хориг тавьсан. Үүний дагуу манайх шивсэн хэдий ч дундын клиник дансанд хуримтлагдсан. Ийм учраас манайх мөнгийг бүрэн гүйцэт гаргаж өгөөгүйг хүлээн зөвшөөрч байна. Үүний дагуу мөнгөн төлбөртөө орон сууц, бусад хөрөнгүүдийг гаргаж өгье гэсэн албан бичгүүдийг өгсөн байдаг. Төлбөрийг түргэн гаргаж өгч чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 сараас хойш хэрэгжиж эхэлсний дагуу бүх банк хүү тооцохгүй байгааг хэлмээр байна. Нийт нэхэмжлээд байгаа 257,792,458.57 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагын 119,644,874.35 төгрөг нь аль аль дансанд орох ёстой байсан хүүгийн орлого гэдэг нь тодорхойгүй байна. Манай харилцах дансанд хуримтлагдах хүүгийн орлого юм уу, Төрийн банк ХХК дахь дансанд байршуулсан бол олох ёстой байсан хүүгийн орлого юм уу гэдэг нь тодорхойгүй, тэр данснуудынх нь гэрээг баримтаар гаргаж өгөөгүй байна.
Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 8,502,764,126.29 төгрөгийг, мөн 211,331.17 ам.доллар буюу 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны ханшаар 602,067,710.14 төгрөг, нийт 9,104,831,836.44 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх 257,792,458.57 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагын 119,644,874.35 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй байна. Тус банк нь Ди Би Эм лизинг ХХК-ийн ирүүлсэн төлбөрийн шаардлагын дагуу гүйлгээг тухай бүрд нь Төрийн банкин дахь 109000092432 тоот дансанд хийж байсан ба уг компанийн хүсэлтийн дагуу бүх гүйлгээг хийж харилцах дансын хаасан.
Иймд нэхэмжлэлээс 9,104,831,836.44 төгрөгийг зөвшөөрч, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 377,437,332.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар Монгол улсын Хөгжлийн банкны охин компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Ди Би Эм лизинг ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Компанийг татан буулгах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 1, 2 дугаар хавсралтууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000144149 дүгээр гэрчилгээ, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ХЭХ/04 дугаар шийдвэрээр баталсан компанийн дүрэм, мөн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан компанийн дүрэм, Харилцах дансны үйлчилгээний 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3101000149, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3101000149, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3101000149 дугаартай MNT төгрөгийн гэрээнүүд, Харилцах дансны үйлчилгээний 2018 оны 10 дугаар сарын 11, 2019 оны 04 дүгээр сарын 12, 2019 оны 07 дугаар сарын 26, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн 3101000319 дугаартай USD ам.долларын гэрээнүүд, Ди Би Эм лизинг ХХК-иас Чингис хаан банканд хүргүүлсэн 2020 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 05/85/20, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/107-20, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/188/20, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/203/20, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/254/20, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/288/20, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/21 тоот албан бичгүүд, Чингис хаан банк ХХК-иас Ди Би Эм лизинг ХХК-д 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ГЗ\217 тоот Хүсэлт гаргах тухай, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн СА/47, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13/686 тоот албан бичгүүд, Ди Би Эм лизинг ХХК-аас Монгол банкинд гаргасан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/289/20, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн БХ/8474, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ГЗ/903 тоот албан бичгүүд, Чингис хаан банкны 2020 оны 01 дугаар сарын 22-ний өдрийн Ди Би Эм лизинг ХХК-ийн 3101000149 тоот данснаас 3,000,000,000 төгрөг Капитран банкны 3055006108 тоот харилцах данс хооронд, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ди Би Эм лизинг ХХК-ийн 3101000319 тоот данснаас 211,300.50 ам.долларыг Чингис хаан банкны 5107200005 тоот дансанд, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3101000149 тоот данснаас 8,502,764,526.29 төгрөгийг мөн өдөр 3101000319 тоот данснаас 211,331.67 ам.долларыг 5107200011 тоот хугацаатай хадгаламжийн дансруу тус тус шилжүүлж хаасан мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн меморалын баримт, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 614,244,178.14 төгрөгийг, мөн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,596,800,000 төгрөгийг Төрийн банкны 1022000626003, 109000092432 тоот харилцах данс хооронд шилжүүлэх төлбөрийн даалгавар, Харилцагчийн ба хугацаат хадгаламжийн дансны хуулгууд, Дансны үлдэгдлийн баталгаа болон меморалын баримт, диспозит дансны хуулгууд, Монгол банкнаас зарласан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ханшийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3101000149 тоот данснаас 2,003,507,324 төгрөгийг Капитрон банкны Нисээч ХХК-ийн 3031021111 тоот дансанд DBML-M СТГ-20/01 гэрээний дагуу олголт хийсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Чингис хаан банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ди Би Эм лизинг ХХК-д хүргүүлсэн БХД/12 тоот албан бичиг, Ди Би Эм лизинг ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 03/11/21 тоот албан бичгийг Монгол банканд, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 03/35/21 тоот албан бичгийг Чингис хаан банкинд тус тус хүргүүлсэн ба Капитрон банктай Ди Би Эм лизинг ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Б-гэрээгээр хүү тогтоох сарын хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн 3055006108 дугаартай гэрээ, мөн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Харилцах дансны 3055006108 дугаартай, Тусгай нөхцөлт харилцах дансны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102200626003 дугаартай, Тусгай нөхцөлт хугацаагүй хадгаламжийн дансны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 109000092432 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 109000096111, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 109000096111 дугаартай гэрээнүүд, Төрийн банктай, Ди Би Эм лизинг ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн MN410034109090911242 дугаартай гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар Дүрэм шинэчлэн батлах, Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр Банкны эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай тогтоол, Ди Би Эм лизинг ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр хурлын Ди Би Эм лизинг ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэрүүд, Монгол банкнаас зарласан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ханшийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн байна./хх-ийн 7-21, 22-35, 36-45, 47-48, 49-52, 53-56, 57-65, 66-69, 70-91, 92, 114-119, 139-150, 151-157 дахь тал/
Хариуцагчаас нотлох баримтаар: Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ди Би Эм лизинг ХХК-иас хариуцагчид хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/38/21 тоот албан бичиг, харилцагчийн дансны хуулга зэрэг баримтуудыг өгсөн./хх-ийн 105, 109, 167-171 дэх тал/
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол банкнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б-10/868 тоот албан бичгээр мэдээлэл ирүүлсэн байна. /хх-ийн 124 дэх талд/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК нь хариуцагч Чингис хаан банк ХХК-наас анх төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохирол 257,792,458.57 төгрөг, нийтдээ 9,362,624,295.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын олох ёстой байсан хүүгийн орлогын хохирлыг 2021.04.01-ний өдрөөс 2021.06.29-ний өдрийг хүртэл хугацааны 119,644,874.35 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 9,482,269,169.36 төгрөгийг хариуцагчаас шаардсан.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1. Ди Би Эм Лизинг ХХК нь хариуцагч Чингис хаан банк ХХК-д 3101000149 тоот төгрөгийн харилцах данс, 3101000319 тоот ам.долларын харилцах данс тус тус нээлгэж, мөнгөн хөрөнгө байршуулж, төлбөр тооцоо гүйцэтгүүлж байсан. Доорх төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр төлбөрийн даалгаврыг хариуцагчид өгсөн боловч гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай төлбөр тооцоог түргэн гүйцэтгээгүйн улмаас 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 8,502,764,126.29 төгрөг өөрийн Төрийн банкин дахь 410034109090911242 тоот төгрөгийн хадгаламжийн дансанд, 3101000319 тоот ам.долларын харилцах данснаас 211,331.17 ам.долларыг нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь 140034109090911243 тоот ам.долларын хадгаламжийн дансанд тус тус оруулаагүй, нийтдээ 9,104,831,836.44 төгрөг.
3.2. Мөн хариуцагч нь төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ дараах байдлаар хугацаанд нь гүйцэтгээгүйгээс Ди Би Эм лизинг ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олох байсан хүүгийн орлого болох 257,792,458.57 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон:
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Ди би эм лизинг ХХК болон Капитрон банк ХХК нарын хооронд 2019.08.23-ны өдөр байгуулсан 3055006108 дугаартай харилцах дансны гэрээ, мөн 2020.05.29-ний өдөр тухайн дансанд нэмэлтээр байгуулсан гэрээний дагуу жилийн 4 хувийн хүүгийн орлого олох ёстой байсан. Уг гүйлгээг Капитрон банк ХХК-ийн данс руу хийгээгүйгээс 279 хоногийн 91,726,039.63 төгрөг,
2. 3101000319 тоот ам.долларын харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 211.300.00 ам.долларыг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000096111 тоот ам.долларын дансанд ороогүйгээс уг дансны гэрээ нь тусгай нөхцөлт хугацаагүй хадгаламжийн данс 2020.06.09-ний өдөр байгуулсан 10900009406 дугаартай гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулсан тохиолдолд жилийн 1,59 хувийн хүү өгөхөөр тохиролцсон хадгаламжийн ам.долларын дансны гэрээний дагуу 2020.02.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэл 266 хоногт Монгол банкны 2021.05.23-ны өдрийн хаалтын ханш 2,848.93 төгрөгөөр тооцвол 6,975,377.19 төгрөг,
3. 3101000149 тоот төгрөгийн харилцах данс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 614,244,178.14 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Төрийн банк ХХК-ийн 102200626003 данс буюу 2020.02.17-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 2020.03.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэлх 237 хоногт жилийн 6,6 хувийн хүүтэй 26,323,325.18 төгрөг,
4. 3101000149 тоот төгрөгийн харилцах данс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4,596,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд ороогүйгээс Төрийн банк болоод Ди би эм лизинг ХХК нарын хооронд 2020.06.09-ний өдөр байгуулсан 109000092432 тоот гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш жилийн 6,6 хувийн хүүтэйгээр 2020.06.09-ний өдрөөс 2021.06.09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан тусгай нөхцөлтэй хадгаламжийн гэрээний дагуу 2020.07.31-2020.10.27-ны өдөр хүртэлх 88 хоног 73,145,799.24 төгрөг,
3.3. Мөн нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр доорх гүйлгээг хийлгүүлэхээр хариуцагчид төлбөрийн даалгаврыг өгсөн боловч төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас Ди Би Эм лизинг ХХК-ийн Төрийн банкин дахь хадгаламжийн дансанд тус мөнгөн хөрөнгө шилжиж ороогүй ба Төрийн банкны хадгаламжийн дансны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх олох ёстой байсан хүүгийн орлого болох 119,644,874.35 төгрөгийн хохирол учруулсан гэж дараах байдлаар нэмэгдүүлсэн.
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 8,502,764,526.29 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн 410034109090911242 тоот төгрөгийн хадгаламжийн дансанд оруулаагүйн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN4100/41090911242 дугаартай гэрээ /хх-152/-ний хугацаа нь 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл, жилийн 5,7 хувийн хүүтэй данс руу 8,5 тэрбум төгрөгийг шилжүүлүүлэх гэсэн боловч 89 хоногийн хугацаа хэтрэлтийн хохирол 118,176,779.29 төгрөг.
2. Чингис хаан банк ХХК дахь ам.долларын данснаас 311,331.61 ам.долларыг 2021.04.01-ний өдөр гүйлгээ хийлгүүлсэн. Төрийн банк ХХК-ийн 2021.04.05-ны өдрийн МN140034109090911243 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /хх-152/, 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл хугацаатай, хүү нь жилийн 1 хувь, 89 хоногоор тооцож хохирлын хэмжээ 515.35 ам.доллар Монгол банкны 2022.01.13-ны өдрийн хаалтын ханшаар 1,468,095.06 төгрөг гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9,104,831,836.44 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 377,437,332.92 төгрөгийг төлөх үндэсгүй гэж дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манайх гэрээнд заасны дагуу гүйлгээг тухай бүрд нь хийж байсан. Олох ёстой байсан хүүгийн орлого гэж тодорхойлж хохирол шаардсан боловч энэ талаар холбогдох гэрээ, бичгийн баримтыг гаргаж өгөөгүй, Ковидын тухай хууль батлагдаж, Монголбанкнаас хадгаламжийн гэрээнд хүү тооцож олгохгүй зохицуулалт хэрэгжсэн тул 377,437,332.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК, хариуцагч "Чингис хаан банк" ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20, 2019 оны 05 дугаар сарын 17, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд 3101000149 дугаартай Харилцах дансны үйлчилгээний MNT төгрөгийн гэрээнүүдийг,
мөн 2018 оны 10 дугаар сарын 11, 2019 оны 04 дүгээр сарын 12, 2019 оны 07 дугаар сарын 26, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд 3101000319 дугаартай Харилцах дансны үйлчилгээний USD ам.долларын гэрээнүүд тус тус байгуулагдсан нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-т Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж заасантай нийцсэн, зохигч талууд тухайн гэрээнүүдийн талаар маргаагүй, уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
7. Талуудын маргааны зүйл нь Олох ёстой байсан хүүгийн орлогын хохирол 377,437,332.92 төгрөгийг зөвшөөрөхгүй. гэж байна.
Ди Би Эм лизинг ХХК нь өөрийн эзэмшлийн Чингис хаан банкин дахь Харилцах дансны үйлчилгээний MNT төгрөгийн 3101000149 тоот данснаас 2020.01.22-ны өдөр 3,000,000,000 төгрөгийг, 2020.03.04-ний өдөр 614,244,178.14 төгрөгийг, 2020.07.31-ний өдөр 4,596,800,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь 109000092432 тоот дансанд,
Мөн Харилцах дансны үйлчилгээний 3101000319 тоот USD ам.долларын данснаас 2020.02.04-ний өдөр 211,300 ам.долларыг өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь 109000096111 тоот ам.долларын хадгаламжийн дансанд тус тус шилжүүлүүлэхээр төлбөрийн даалгавар бичиж, гүйлгээг хийлгэхээр хариуцагчид хандсан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь хэргийн үйл баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.
Иймээс, хариуцагч Чингис хаан банк ХХК нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-т Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэж, талуудын Харилцах дансны үйлчилгээний гэрээний 4.2.1-т Харилцагч, хамтран эзэмшигчийн даалгавраар, тэдгээрийн харилцах дансаар төлбөр тооцоог гүйцэтгэх гэж тус тус заасан үүргээ зөрчсөн байна.
Хариуцагчаас тус банкны төлбөр тооцооны доголдлоос хамаарч нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэхэд түр саатсан талаар дурдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ГЗ/2017 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн СА/47 тоот, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/686 тоот, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ГХ/8474 тоот, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ГЗ/903 тоот албан бичгээр мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг гүйцэтгээгүй болох нь тус тус тогтоогдсон. /хх 41, 43, 46, 55/
Хариуцагч банк нь тус банкны хоорондын саатлын дансанд дээрх төгрөгийн гүйлгээний мөнгөн дүнгүүдийг байгаа гэх тайлбарыг гаргасан боловч Чингис хаан банк нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр банксүлжээ систем рүү 8,502,764,126.29 төгрөгийн дүнтэй гүйлгээ дамжуулаагүй болох нь Монголбанкны 2021.12.06-ны өдрийн Б-10/868 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг бүхий банк, эрх бүхий хуулийн этгээдээс харилцагч талуудтай байгуулсан төлбөр тооцооны гэрээний дагуу зөвхөн харилцагчийн бичгээр өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй байтал Чингис хаан банк ХХК хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шаардсан 9,104,831,836.44 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь тус хуулийн заалтын дагуу хариуцагч Чингис хаан банк ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 2021.05.21-ний өдрийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас хүлээн авсан төлбөрийн даалгаврыг хуульд өөрөөр заагаагүй бол хүлээн авсан дэс дарааллыг баримтлан Монголбанкнаас баталсан журамд заасан хугацаанд шилжүүлгийг хийнэ, 17.9-т Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 17.4-т заасан хугацаанд шилжүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хийгээгүйгээс үүссэн хохирлыг хариуцна гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн зохицуулалт болон хэргийн 26 дугаар талд авагдсан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3101000149, мөн 34 дүгээр талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3101000319 тоот харилцах дансны үйлчилгээний гэрээнүүдийн 4.2.1-т Харилцагч, хамтран эзэмшигчийн даалгавраар, тэдгээрийн харилцах дансаар төлбөр тооцоог гүйцэтгэх, 5.1-т Хууль тогтоомж болон энэхүү гэрээг зөрчсөн тал нь үүсэх үр дагаврыг хариуцна. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч олох ёстой байсан хүүгийн орлогыг хохиролд тооцож хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 3101000149 дугаартай Харилцах дансны үйлчилгээний MNT төгрөгийн болон 3101000319 дугаартай Харилцах дансны үйлчилгээний USD ам.долларын гэрээнүүдийн дагуу тус дансуудад байршуулсан мөнгөө нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн, 109000096111 тоот ам.долларын хадгаламжийн дансууд руу хугацаанд нь шилжүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хийгээгүйгээс нэхэмжлэгч нь үүссэн хохирлоо анхны шаардлагаар 2020.01.22-ны өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэл хугацаанд олох байсан хүүгийн орлого 257,792,458.57 төгрөг болон нэмэгдүүлсэн шаардлагаар 2021.04.01-ний өдрөөс 2021.06.29-ний өдрийг хүртэл хугацааны 119,644,874.35 төгрөг, нийтдээ 377,437,332.92 төгрөгийг хариуцагчаас шаардсан шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийн баримтаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчийн 3101000149 тоот харилцах дансны үлдэгдэл 8,519,757,841.54 төгрөг, 3101000319 тоот ам.долларын харилцах дансны үлдэгдэл 211,333.67 ам.доллар байсан болох нь тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд баримтаар гаргаж өгсөн 2020.05.29-ний өдрийн Капитрон банк ХХК-тай байгуулсан, 2020.02.17-ны өдрийн Төрийн банктай байгуулсан 102200626003 тоот, 2020.06.09-ний өдрийн 10900009406 тоот, 109000092432 тоот гэрээнүүдэд заасан нөхцөлүүдийн дагуу анхны нэхэмжлэлийн шаардлагаар
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд гүйлгээг хийгээгүйгээс Ди би эм лизинг ХХК болон Капитрон банк ХХК нарын хооронд 2019.08.23-ны өдөр байгуулсан 3055006108 дугаартай харилцах дансны гэрээ, мөн 2020.05.29-ний өдөр тухайн дансанд нэмэлтээр байгуулсан гэрээний дагуу жилийн 4 хувийн хүүгийн орлого олох ёстойг 279 хоногийн хугацаагаар тооцож 91,726,039.63 төгрөг,
2. 3101000319 тоот ам.долларын харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 211.300.00 ам.долларыг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000096111 тоот ам.долларын дансанд гүйлгээг хийгээгүйгээс 2020.06.09-ний өдөр байгуулсан 10900009406 дугаартай гэрээний дагуу 2020.02.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэл 266 хоногт хүүгийн орлого олох ёстойг Монгол банкны 2021.05.23-ны өдрийн хаалтын ханш 2,848.93 төгрөгөөр тооцож 6,975,377.19 төгрөг,
3. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 614,244,178.14 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд гүйлгээг хийлгэх гэтэл хийгээгүйгээс Төрийн банк ХХК-ийн 2020.02.17-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 102200626003 тоот дансанд 2020.03.04-ний өдрөөс 2020.10.27-ны өдөр хүртэл 237 хоногт жилийн 6,6 хувийн хүүтэйгээр хүүгийн орлого олох ёстойг тооцож 26,323,325.18 төгрөг,
4. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4,596,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Төрийн банкин дахь 109000092432 тоот төгрөгийн дансанд гүйлгээг хийлгэх гэтэл хийгээгүйгээс 2020.06.09-ний өдрийн 109000092432 тоот дансанд жилийн 6,6 хувийн хүүгээр 2020.06.09-ний өдрөөс 2021.06.09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан тусгай нөхцөлтэй хадгаламжийн гэрээний дагуу 2020.07.31-2020.10.27-ны өдөр хүртэл 88 хоногийн 73,145,799.24 төгрөгийн хүүгийн орлого олох ёстой байсан. гэж нийт 257,792,458.57 төгрөг шаардсаныг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн 2021.04.01-ний өдрөөс 2021.06.29-ний өдрийг хүртэл хугацааны 119,644,874.35 төгрөгийг доорх байдлаар тодорхойлсон тооцооллыг үнэн зөв гэж үзэв. Үүнд:
1. 3101000149 тоот төгрөгийн харилцах данснаас 8,502,764,526.29 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн 410034109090911242 тоот төгрөгийн хадгаламжийн дансанд оруулаагүйг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN4100/41090911242 дугаартай гэрээний хугацаа нь 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл, жилийн 5,7 хувийн хүүтэй данс руу шилжүүлүүлэх гэсэн боловч 89 хоногийн хугацаа хэтрэлтийн хохирол 118,176,779.29 төгрөг,
2. 3101000319 тоот ам.долларын данснаас 211,331.17 ам.долларыг 2021.04.01-ний өдөр гүйлгээ хийлгүүлсэн. Төрийн банк ХХК-ийн 2021.04.05-ны өдрийн МN140034109090911243 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2021.03.31-2021.06.29-ний өдөр хүртэл хугацаатай, хүү нь жилийн 1 хувь, 89 хоногийн 515.35 ам.доллар Монголбанкны 2022.01.13-ны өдрийн хаалтын ханш 2,849.00 төгрөгөөр тооцож 1,468,095.06 төгрөг гэж тодорхойлсноор нь шүүх хангах үндэстэй байна.
Хариуцагч нь Улсын их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдан хэрэгжсэн ба тус хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрчлөн найруулсан 10.4 дэх заалтад Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. гэж заасан үндэслэлээр татгалзлаа тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 46,971,071.48 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 756,174.37 төгрөг, нийт 47,727,245.85 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Чингис хаан банк ХХК-аас 47,569,296 төгрөг гаргуулж, Ди Би Эм лизинг ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Чингис хаан банк ХХК-аас 9,482,269,169.36 төгрөг гаргуулж, Ди Би Эм лизинг ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,727,245.85 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Чингис хаан банк ХХК-аас 47,569,296 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ