Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

                 

 

 

 

                                   

 

 

  2025          02           24                                              2025/ШЦТ/88

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ч.О-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............................................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Ч.О нь 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" олон улсын нисэх онгоцны буудлын баруун талын шалган нэвтрүүлэх постын орчим тууш зам дээр Тоёота Альфард 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явахдаа хохирогч Н.Б нь "за одоо давраад байгаарай, цагдаатай газар явж байгаа шүү, цагдаа дуудаад өгчихнө шүү" гэх шалтгааны улмаас Ч.О нь арын суудлаас өндийж ирээд жолоочийн хажууд сууж байсан Н.Б-ны нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиж, үсдэж татан, дахин толгойн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвууны ар хэсэг, шуу, баруун сарвууны ар, дээд уруулын гол хэсэг, баруун өвдөг, гуя, зүүн өвдөг, гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч Н.Б өгсөн: "Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Цагаан хад" суурьшлын бүсэд хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2025 оны 01 сарын 08-ны өдөр "Цагаан хаднаас" Улаанбаатар хот руу явахаар өөрийн төрсөн дүү Ц.С хамтаар 15 цагийн орчим хот хооронд такси үйлчилгээнд явдаг Ц.Д гэж хүний Тоёота Альфард маркийн 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд би болон манай дүү Ц.Сарантуяагаас гадна Ч.О гэх үл таних хүн зорчиж явсан. Өмнөговь аймгаас гараад явснаас хойш уг машины жолооч Ц.Д болон зорчигч Ч.О гэх хүмүүс машин дотор архи ууж явахаар болоод манай дүү бид хоёр уг тээврийн хэрэгслийг нь ээлжилж жолоодоод Улаанбаатар хот руу явсан. Замдаа уг машины эзэн Ц.Д Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу явах нэмж хоёр хүн авах байсан боловч бид нарыг Цогтцэций суманд очиход нөгөө хүмүүс нь байгаагүй түрүүлээд явчихсан байсан. Ц.Д тэр хавиар өөр явах хүн хайгаад олдохгүй байсан тул манай дүү болон нөгөө Ч.О гэх хүн бид нар замын зардал гэж өгсөн 50 мянган төгрөг дээрээ нэмж 50 мянган төгрөг өгөхгүй бол бензин нь хүрэхгүй гээд цаашаа явахааргүй байсан тул бид нар жолоочтойгоо тохиролцоод хүн тус бүр 50 мянган төгрөг нэмж өгөхөөр болсон юм. Нөгөө машины эзэн Ц.Д ах нэмж авсан мөнгөнөөсөө нэг шил архи аваад нөгөө Ч.О гэх хүнтэй машин дотор замдаа хувааж уусан. Би дүүтэйгээ машиныг нь жолоодоод явсан. Тэгээд явж байсан чинь л уг Ч.О гэх хүн согтчихоод та нар анх замын зардал гэж гарахдаа 50 мянган төгрөгөөр тохирчхоод замдаа зардлын мөнгөө нэмж 50 мянган төгрөг авлаа. Анхнаасаа та нар нийлж ингэж хүнийг луйварддаг юм байна гээд жолоо барьж явсан над руу дайраад сүүлдээ дүү бид хоёрыг "Янхан биеэ үнэлэгч нар, та нар ер нь Цагаан хаданд өөр яах гэж очдог юм." гэх зэргээр элдвээр хэлж доромжилж явсан. Өмнөговь аймгаас Төв аймаг Нисэх онгоцны буудал хүртэл уг Ч.О гэх хүн манай дүү бид хоёртой замын маргалдаж хэрэлдэж явсан. Тэр Ц.Д ах яг тэр Ч.О гэх хүний хажууд суугаад арай нэг хориод саатуулаад байж байсан юм. Ингээд бид нар 2025 оны 01-р сарын 08-наас 09-ны шөнийн 01 цагийн орчим "Чингис хаан" олон улсын нисэх буудлаар дайраад яг цаашаа Улаанбаатар хот руу гардаг шалган нэвтрүүлэх постоор өнгөрч гарангуут холдоогүй байтал Ч.О нь арын суудлаас "Муу хоёр янхан биеэ үнэлэгч гэх мэтээр аймар үгээр хэлээд байхаар нь би "За одоо битгий давраад байгаарай цагдаатай газар явж байна шүү цагдаа дуудаад өгчихнө шүү" гэж хэлсэн чинь Ч.О арын суудлаас өндийж ирээд жолоочийн хажууд сууж явсан миний нүүрэн тус газар нэг удаа гараа атгаж байгаад шанаадаж цохисон. Тэгэнгүүтээ араас нь шууд намайг үсдээд намайг урд сандлаас арын суудлын зай руу ортол үсдээд татсан. Үсдэж татаж арын суудал руу оруулангуутаа Ч.О гэх хүн миний эрүүн тус газар, хамар орчим руу удаа дараа гараа атгаж байгаад өлгөж цохисон. Миний нуруун дээр бас тохойгоороо цохиод байсан. Тухайн үед манай дүү Ц.С жолоо барьж байсан тул машинаа замын хажуу руу шахаж зогсоод нөгөө Ц.Дэлгэрсайхан ахын хамтаар тэр Ч.О гэх хүнийг надаас салгаж авч холдуулсан. Ингээд тухайн үед би цагдаа дуудсан юм. байна. Миний толгой хөндүүрлэж зовуурьтай байна. Уруул ам дотор талдаа язарч шалбарсан, аман дотор миний нэг хуучин наалттай шүд хөдөлгөөн орсон. Хамар нүд орчим хөхөрч хавдсан. Зүүн гарын сарвуу алганы ар орчим хөхөрсөн шарх гэмтэлтэй. Баруун хөлийн өвдөг орчим бас хөхөрч хавдсан байсан. Би тухайн үед машины урд суудал дээр жолоочийн хажууд суучихсан байсан чинь Ч.О гэх хүн ардаас хэл амаар доромжлоод байхаар нь эргээд хараад "Цагдаад өгнө шүү битгий давраад байгаарай" гэж хэлтэл Ч.О гэх хүн шууд миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би тухайн үед нүүрээ алгаараа дараад доошоо бөхийсөн чинь намайг үсдээд урд суудлаас арын суудлын хөлийн зай руу хүртэл татаж оруулсан. Миний нүүрээ хайж байсан гар луу хэд хэдэн удаа цохисон. Мөн үсдэж байгаад миний эрүүн тус газар хамар орчим руу Ч.О нь гараа атгаж байгаад доороос өлгөж цохисон. Үсдээд намайг машин дотор чирсэн болохоор хөл өвдөг орчим хөхөрч шалбарсан байна. Манай дүү Ц.С болон уг машины эзэн Ц.Д ах нар гэрчилнэ. Тухайн үед Ц.Д ах өөрөө бас согтуу байсан болохоор уг Ч.О гэх хүнийг салгаж болиулж дийлэхгүй байсан юм. Болсон үйл явдлын дараа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж зүрхний пульс унасан байсан тул даралт бууруулах тариа тариулсан. Анхан тусламж үйлчилгээ авсан. Би ерөөсөө Ч.О гэх хүнд халдаж цохисон үйлдэл байхгүй. Ч.О гэх хүнд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч Ц.С-гийн өгсөн: "Би уг Н.Б гэх хүнтэй төрсөн эгч дүүс харин тэр Ч.О гэх хүнийг бол огт танихгүй. Манай эгч Н.Б Өмнөговь аймаг Ханбогд сум дахь "Цагаан хад" суурьшлын бүсэд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2025 оны 01 сарын 08-ны өдөр би эгч Н.Б-ы хамтаар Улаанбаатар хот руу явж бараагаа татахаар хот хооронд такси үйлчилгээнд явдаг Ц.Д гэж хүний Тоёота Альфард маркийн 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж суусан. Тухайн өдрийнхөө 14-15 цагийн орчим бид нар Өмнөговь аймгийн Ханбогд сумаас нааш Улаанбаатар хот руу явахад эгч бид хоёроос гадна Ч.О гэх үл таних хүн бас зорчиж явсан. Яг тухай үед хот руу явах болсон чинь жолооч Ц.Д болон тэр үл таних Ч.О гэх хүн хоёр машин дотроо архи ууж явахаар болоод манай эгч Н.Б-аар өөрийнхөө машиныг жолоодуулж явсан. Бид нар нааш явах замдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумаар дайрч өнгөрөхдөө нэмж хоёр хүн авахаар байсан чинь нөгөө хоёр хүн нь түрүүлээд явчихсан байсан. Тэндээ жолооч нь оронд нь явах хүн хайж нэлээн зогссон боловч олдоогүй ингээд бид нар Улаанбаатар хот руу явахдаа анх жолоочтой тохирсон замын зардлын мөнгөн дээрээ хүн тус бүр 50 мянган төгрөг нэмж шатахуун хийж явахаар болсон. Угаасаа нэмж мөнгө нэмж өгөхгүй бол шатахуун хүрэхгүй байсан юм. Тухайн үед эгч бид хоёр болон нөгөө Ч.О гэх хүн бид нар жолоочид мөнгө нэмж өгөөд эртхэн замдаа гарахаар тохирсон. Тэгээд тэндээсээ хөдлөөд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд очоод шатахуун түгээгүүрээс шатахуун авахаар болсон чинь л нөгөө машин дотор жолооч Ц.Д ахтай цуг архи уугаад байсан Ч.О гэх ах жолооч болон эгч бид нар руу хандаж "та нар муусайн луйварчид та нар яг энэ аргаараа хүнээс мөнгө нэмж аваад сурчихсан юм байна" Муусайн гичийнүүд гэх мэтээр харааж зүхээд байсан. Ингээд бид нар Өмнөговь аймгаас гараад Дундговь аймаг руу ороод түр зогсоод Ч.О гэх хүн нэмж архи аваад машиндаа буцаж суусан. Дундговь аймгаас бид нааш гараад Төв аймаг руу явах замдаа машин дотор нөгөө Ч.О гэх хүн архи уучхаад согтуурхаад эгч бид хоёр руу хандаж "Муусайн янхнууд та хоёр шиг хүүхнүүд "Цагаан хаданд юу хийдэг нь ойлгомжтой шүү дээ биеэ л үнэлж байгаа шүү дээ гэх мэтээр хэл амаар замын турш доромжилж явсан. Ингэж явсаар тухайн өдрийнхөө орой 23-00 цагийн орчим Төв аймаг "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын орчим би жолоо барьж явсан эгч Н.Б-тай солигдоод эгч жолоочийн хажууд суугаад би жолоо бариад цаашаа нисэх онгоцны буудлын баруун талын шалган нэвтрүүлэх постоор нэвтэрч өнгөрөх үед нөгөө Ч.О гэх хүн манай эгчид хандаж "Хөөе янхан минь чи намайг сонсож байна уу гэсэн чинь" Н.Б эгч эргэж хараад "Цагдаатай газар явж байна шүү өөрийг чинь цагдаад өгчих үү" гэж хариулсан чинь л арын суудлаас Ч.О өндийж ирээд урд талын жолоочийн хажууд сууж явсан Н.Б эгчийн нүүрэн тус газар нэг удаа шанаадаж цохисон. Тухайн үед эгч орилоод л доошоо тонгойсон чинь үснээс зулгаагаад ард талын суудал руу татаж оруулж байгаад гараараа эгчийн нүүрэнд миний харснаар 4, 5 удаа цохисон тэгэхээр нь би машинаа зогсоогоод тойрч очоод хаалгыг нь онгойлгоход эгчийг суудлын голоор оруулан дээр нь гишгэчихсэн зодож байсан. Тэгээд би салгах гээд О гэх хүний татахад үснээс нь зулгаачхаад тавихгүй байсан эргэж хараад намайг жийсэн. Бас намайг чамайг ч гэсэн ална гэж хэлээд хөөгөөд байсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

Гэрч Ц.Д-ны өсгөн: "Би 2025 оны 01 сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын нутаг "Цагаан хад" суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу би Тоёота Альфард маркийн 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явсан юм. Тухайн үед Н.Б, Ц.С гэх хоёр эмэгтэй зорчигч суусан. Мөн Ч.О гэх нэг ахимаг насны хүн зорчиж суухаар нь би-"Би жолооч нь байгаа юм гэхдээ би архи уучихсан байна та миний оронд жолоо бариад 50 мянган төгрөгөөр зардлаа хийгээд явчих уу гэсэн чинь уг нь зөвшөөрөөд эхлээд суусан боловч хэсэг хугацааны дараа Ч.О "Би ер нь архи уух талтай шүү хойшоо суулаа чи машин бариад явчих” гээд Н.Б гэх эмэгтэйд жолоо бариулаад бид нар Улаанбаатар хот руу өдөр нь хөдөлсөн. Наашаа Улаанбаатар хот руу явах замдаа Ч.О бид хоёр машин дотор зорчиж явахдаа 2 шил 0.75 литрийн архи аваад хувааж уусан. Замдаа Дундговь аймаг руу ороод ирсэн чинь л нөгөө Ч.О чинь согтоод жолоо барьж явсан Н.Б гэх эмэгтэй түүний дүү гэх тэр Ц.С гэх эмэгтэй рүү хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд хэрэлдээд яваад байсан. Тэгээд шөнө бүр харанхуй болсон 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сум "Шинэ нисэх онгоцны буудлын зам руу салах үед Н.Б, Ц.С нар жолоогоо солиод Ц.С нь жолоо бариад Н.Б жолоочийн хажууд суугаад дөнгөж цааш Улаанбаатар хот руу хөдлөх үед би хойд сандал дээр яг тэр Ч.О-ийн хажууд сууж байсан чинь уг Ч.О гэх хүн гэнэт хэрүүл хийж босож ирээд нөгөө урд сууж явсан Н.Быг араас үсдээд суудлынхаа хөл дор луу татаад оруулаад ирсэн. Би тухайн үед Ч.О-ийг салгах гэж үзэхийн завдалгүй л Ч.О тэр Н.Б гэх хүүхний нүүр ам руу хэд хэд цохиод л нөгөө хүүхэн нь орилоод л байсан. Тухайн үед жолоо барьж явсан Ц.С машинаа зогсоогоод арын хаалга татаж орж ирээд надтай хамжаад Ч.О гэх тэр эрэгтэйг салгаж авч машинаас буулгаад цагдаа сэргийлэх дуудсан. Би ч тэр Ч.О гэх тэр эрэгтэй ч нэлээн согтуу байсан. Би бол тухайн үед уг Ч.О гэх эрийг зодоон хийхэд нь салгах гээд дийлээгүй. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Гэхдээ Ч.О гэх хүн замын зардлын мөнгөн дээрээсээ хэрүүл хийгээд Н.Б, Ц.С нар руу дайраад замын турш 700-800 км турш байс хийгээд л хэрүүл хийгээд яваад байсан юм. Яг миний харснаар Ч.О согтуудаа Н.Б-тай хэрүүл маргаан хийж байгаад гэнэт машин дотор ардаас нь үсдэж байгаад хойд сандлын хөлийн зай руу татаж оруулаад дээрээс нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа шанаадаж цохисон. Би хажуугаас нь салгаад дийлээгүй юм. Өөр бусад хүн рүү бол дайрч зодоогүй." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Шүүгдэгч Ч.О-uийн өгсөн: “Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Цагаан хад" суурьшлын бүсэд нүүрс тээврийн компанид жолоочоор ажилладаг юм. 2025 оны 01 сарын 08-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сум "Цагаан хад" суурьшлын бүсээс ажлын ээлж буугаад Улаанбаатар хот руу буцахаар болоод хот хооронд такси үйлчилгээнд явдаг Тоёота Альпард маркийн 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өдөр 13 цагийн орчим суусан юм. Намайг суухад уг тээврийн хэрэгсэлд надаас гадна Н.Б, Ц.С гэх үл таних 2 хүүхэн зорчигчтой сууж явсан. Жолооч нь Ц.Д гэж хүн байсан юм. Тухайн үед жолооч Ц.Д нь архи уучихсан байсан учраас Н.Б гэх эмэгтэй машиныг нь бариад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа явж байхдаа Дэлгэрсайхан нь нэг шил архи гаргаж ирээд машиндаа хувааж уусан. Ингээд Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд орж ирээд тэндээс хоёр хүн нэмж авах байсан чинь хүн олдоогүй. Тухайн үед би уг машины жолооч Ц.Д-тай Улаанбаатар хот руу хүртэл замын зардал 50 мянган төгрөгөөр тохироод "Цагаан хаданд" байхдаа шатахуун хийсэн чинь нөгөө Н.Б, Ц.С гэх үл таних 2 хүүхэн чинь "Та карттай юм бол бид хоёрын зардлыг наанаасаа өгчих бид хоёр таны данс руу буцаагаад хийгээд өгий гэж надаас уг машинд нийт 107 мянган төгрөгөөр шатахуун хийлгэсэн юм. Тэгээд нөгөө "Цогт-Цэций суманд ирсэн чинь нэмж зорчиж явах хүн олдоогүй учраас шатахуун хүрэхээ байгаад жолооч нь замын зардлаа нэмсэн. Тэгээд би Н.Б, Ц.С гэх үл таних 2 хүүхэнтэй би ярилцаж зөвлөлдөөд замын зардлаа нэмж өгөхөөр болсон юм. Замдаа явж байхдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ирээд шатахуун авахаар болсон чинь шатахуун түгээх станц дээр нь шатахуун байхгүй дуусчихсан байсан юм. Тэгсэн чинь л нөгөө хоёр Н.Б, Ц.С гэх үл таних 2 хүүхэн чинь-"Бид хоёр ерөөсөө буугаад эндээ үлдлээ буулаа гэх зэргээр юм яриад эхэлсэн юм. Тэгэхээр нь би тэр хоёрд хандаж "хүүш та ингээд буучих юм бол архи уучихсан бид хоёр яаж цаашаа явах юм, дээр нь тэр замын зардал нэмж өгсөн 57000 мянган төгрөгөө буцааж авъя” гэсэн чинь Н.Б нь "Та тэр нэмж гаргасан мөнгөө жолооч Ц.Д ав” гээд би болохоор “Би та хоёрт шатахуун хийлгэх гэж өгсөн болохоос энэ жолоочид өгөөгүй гээд анх ингэж маргаан эхэлсэн юм. Тэгээд сүүлдээ бид нар шатахуун авахгүй шууд Дундговь аймаг руу явахаар болоод хөдөлсөн. Замдаа явж байхдаа би тухайн үед бол согтуу байсан нөгөө хоёр хүүхэн чинь надтай маргалдаж хэрэлдээд "Чи муу мөнгөн дээрээ үхлээ юу” гэх зэргээр чи тэр мөнгөө наад жолоочоосоо ав наадах чинь бид хоёрт өртэй юм гээд маргаан болоод л яваад байсан юм. Тэр үед Н.Б нь жолоо барьж явсан хажууд нь явсан Ц.С нь над руу удаа дараа салаавч гаргаад байсан юм. Ингээд Дундговь аймаг руу бид нар харанхуй болсон байхад орж ирээд дахиж нэг шил архи аваад Ц.Д бид хоёр машин дотор хувааж ууж байгаад шөнө 23-00 цагийн Төв аймаг Сэргэлэн сум "Чингис хаан" нисэх онгоцны буудлын ойролцоо орж ирсэн. Тухайн үед би нөгөө Н.Б, Ц.С гэх үл таних 2 хүүхэнтэй мөнгөн дээрээсээ болж маргалдаад замын турш явсан. Тэгээд онгоцны буудлын ойролцоо ирээд Ц.С нь жолоо бариад Н.Б нь жолоочийн хажуу талын суудалд суусан. Би тухайн үед яг хойд талын суудал дээр зорчиж явсан. Яг тэр үед миний уур бухимдал хүрээд миний урд сууж явсан Н.Б-ыг хойноос нь баруун шанаа руу нь нэг удаа гараараа цохиж авсан. Тэгсэн чинь Н.Б өндөлзөөд босоод ирэхээр нь би үснээс нь зулгаагаад хойд талын сандал руу татаж оруулж ирсэн. Үсэдчихсэн байхдаа би Н.Бы гараараа хэд хэдэн удаа цохисон Тэгсэн хажууд сууж явсан Ц.Д болон урд сууж явсан жолооч Ц.С нар машинаа зогсоож байгаад намайг барьж аваад Н.Баас салгаж аваад машинаас гаргасан. Тэр Ц.Д гэх жолооч залуу намайг гадаа замын хажуу талын цасан дээр дараад унагаачхаад хөдөлгөөнгүй болгосон байсан. Удалгүй тэгээд цагдаа нар ирсэн. Би тухайн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар дотор Ц.Д гэх хүнтэй цуг нийтдээ нэг шил 0.75 литрийн Экс архи, дараа нь 0.5 литрийн архи "Хараа" архи хувааж уусан. Замын турш Н.Б гэх эмэгтэй над руу "Чи гичий минь хэдэн төгрөгтөө үхлээ юу гээд хажууд сууж явсан Ц.С нь өөдөөс салаавч өгөөд байхаар нь би тухайн үед архи уучихсан байсан болохоор бухимдал төрөөд уурандаа л биед нь халдаж зодчихсон юм. Түүнээс би эдгээр Н.Б, Ц.Сгэх үл таних 2 хүүхнийг танихгүй урьдын ямар нэгэн таарамжгүй харилцаатай асуудал байхгүй. Би машин дотор сууж явахдаа урд талын суудал дээр сууж явсан. Н.Быг араас нь нэг удаа гараараа цохисон. Эргээд харах ахаар нь үснээс нь зулгаад татаад хойд талын суудлын хөлийн зай руу оруулж байгаад ад хэд хэдэн удаа дээрээс нь толгой нүүр орчим руу нь гараараа цохисон. Тэгээд хажууд ба салгасан. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор зарим үйл явдлаа сайн санахгүй байна. Болсон үйл явдлаас хойш би эдгээр хүмүүстэй холбоо бариагүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй. Тухайн үед хажууд сууж явсан Ц.Д болон жолоо барьж явсан Ц.С нар гэрчилнэ. Өөр бусад хүн байгаагүй. ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн төлбөр мөнгө, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр хохирогч Н.Б цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан болно. Би хохирогчийн хохирол мөнгийг бүрэн барагдуулсан байгаа болно,” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 42/,

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Н.Б-ы биед доод уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвууны ар хэсэг, шуу, баруун сарвууны ар, дээд уруулын гол хэсэг, баруун өвдөг, гуя, зүүн өвдөг, гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх-ийн 22-23/,  

Хохирогч Н.Б-ы Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63, 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ыхуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Ч.О нь 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" олон улсын нисэх онгоцны буудлын баруун талын шалган нэвтрүүлэх постын орчим тууш зам дээр Тоёота Альфард 71-53 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явахдаа хохирогч Н.Б нь "за одоо давраад байгаарай, цагдаатай газар явж байгаа шүү, цагдаа дуудаад өгчихнө шүү" гэх шалтгааны улмаас Ч.О нь арын суудлаас өндийж ирээд жолоочийн хажууд сууж байсан Н.Бы нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиж, үсдэж татан, дахин толгойн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж мэндэд нь доод уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн сарвууны ар хэсэг, шуу, баруун сарвууны ар, дээд уруулын гол хэсэг, баруун өвдөг, гуя, зүүн өвдөг, гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Ч.Оийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Н.Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 63, 71 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, эмчилгээний зардал 1 543 790 төгрөгийн хохирол төлсөн баримт хавтаст хэргийн 72 дугаар хуудас, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдусугай.  

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ