Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

  Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

  Шүүгдэгч С.Г, түүний  өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Гад холбогдох эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, .....

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч С.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, намайг нүүр рүү нэг удаа цохисон гэх шалтгаанаар хохирогч Ц.Эийн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41-44 дүгээр хуудас,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, намайг нүүр рүү нэг удаа цохисон гэх шалтгаанаар хохирогч Ц.Эийн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

            Хохирогч Ц.Эийн өгсөн: “Төв аймгийн Цээл суманд 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр би Тавилан гэх дүүтэйгээ хөдөө архи уучихаад сумын төвийн дэлгүүр орох гээд дэлгүүрийн үүдэнд С.Г, Б.Д, М.Гнартай таарсан. Хоорондоо юм ярьж Б.Д гэх хүн надаас чи чинь Пөөвөөгийн хүргэн үү гэж надаас асуухад нь би тийм гэж хариулсан. Тэгсэн чинь Б.Д би чамайг Пөөвөөтэй чинь хамт ална гэсэн. Тэгэхээр нь би хэн нь алахыг харья гээд Пөөвөөгийн үүдэнд дагуулаад очсон. Очиход Пөөвөө гэрээсээ гарч ирээгүй. Тэгээд тэдний гадаа байж байгаад би хэсэг ухаан санаагаа алдсан юу болсныг огт мэдэхгүй байхад хадам ээж гарч ирээд намайг зодуулж байхад салгаад гэр лүү оруулсан байсан. Хадам ээжийг гархад Б.Д "би энэ С.Г, М.Гхоёр бацааны авч ирсэн юм" гэж ээжид хэлсэн байсан. Тэгээд маргааш нь С.Г, М.Г, Б.Д 3-тай уулзахад С.Г, М.Гхоёр хоёулаа ахаа би таныг цохисон гэж хэлсэн. Харин Б.Д болохоор намайг салгасан гэж надад хэлсэн харин миний бодлоор Б.Д салгах гэж миний хөдөлгөөнийг хориж байгаа С.Г, М.Гхоёр намайг цохисон юм шиг байнлэ. Тэгээд дараа нь С.Г миний эмчилгээг хийлгэнэ зардлыг нь гаргаж өгнө гэж байгаад гэнэт хоёулаа цагдаагаар асуудлаа шийдье гэсэн. Хөдөө 3 хүн дундаа 1 ширхэг 2,5 литрийн пиво, 2 ширхэг 0,75 литрийн архи уусан. Д, Ганбаяр хоёрыг хальт танина харин би Ггэх хүнийг огт танихгүй хүн би энэ хүмүүст хувийн өс хонзон байхгүй. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй, аль болох түргэн шуурхай шийдүүлж эмчилгээний зардалаа гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

            Хохирогч Ц.Эийн дахин өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад би энэ үед нэлээн согтуу байсан учраас тухайн өдрийн асуудлыг бүрэн гүйцэт санахгүй дээрээ миний биед учирсан өвчүү ясны хугарал нь хэн нэгэн хүн цохиогүй ба шинжээчийн №646 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ба энэхүү гэмтэл нь зодсоны улмаас үүсээгүй тухай өдөр согтуу явж байхдаа газарт ойчоод эсхүл хатуу биетэд цохигдсноос болж үүссэн гэмтэл байгаа юм. Намайг Улаанбаатар хотоор явж шүдний эмчилгээ, тархины зураг болон томографийн шинжилгээ зэрэг хийлгэх явцад Г 1.000.000 төгрөг надад өгсөн өөр ямар нэгэн хохирол барагдуулаагүй байна. Эхлээд Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар багийн нутаг “Шийтэр” гэх газраас хөдөө айлаас сумын төв рүү орж “24” нэртэй дэлгүүр, дэлгүүрээс гарч яваад, сумын төвд Дуугийн ахын булангийн хашааны гадаа тээврийн хэрэгсэлтэй зогссон. Дараа нь манай хадам ээж Пийнх зэрэг замын маршрутаар явсан. Гомдол, саналтай байна. Цаашид өөрийн 2 шүдээ янзлуулж, сэтгэл санааны хохиролгүй ба эрүүл мэндийн хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

            Гэрч Б.Дын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл сум Талын хайрхан 2 дугаар багийн нутаг "муурын байшин" гэх газрын дэлгүүрийн гадаа хуурай дүү Ганбаяр, дүү Гнарын хамтаар дэлгүүрийн гадаа очиход, дэлгүүрийн гадаа очиход Э, Тавилан нар дэлгүүрт дотор байж байсан тэгээд бид гурав дэлгүүрийн гадаа очоод Гдэлгүүрлүү орсон Ганбаяр бид хоёр гадаа машин дотроо үлдсэн, дэлгүүрээс удалгүй Э, Тавилан, Ггурав гарч ирээд юм яриад зогсож байснаа Тавилан, Гхоёр нь хоорондоо муудалцаад заамдалцаад автал хажуугаас нь Э нь Галмандахыг нүүрлүү 1 удаа цохиод авхаар би машинаас буугаад салгасан тэгээд би Галмандах, Ганбаяр хоёрыг аваад хөдөлсөн тэгтэл араас Э, Тавилан хоёр араас хөөгөөд байхаар нь би зогсоод яасан би гэхэд Э нь байлдая л даа гээд Груу дайраад байхаар нь би цагдаад бариад өгчихье гэхэд нь Э нь битгий л дээ гээд гуйгаад байхаар нь би цагдаад өгөөгүй тэгэхээр би Эийг чи Пөөвөөгийн хүргэн мөн биз дээ, би гэрт чинь хүргээд өгье гэхэд Э нь тэгье гэхээр нь би Э, Тавилан хоёрыг Пеөвөөгийн гадаа хүргэж өгөхөд гэнэт Э нь машинаас буугаад хашааны хаалга өшиглөөд байсан, энэ үед Тавилан нь хашаа давж хаалга онгойлгоод цаашаагаа нэвт хашаа даваад яваад өгсөн би Эийг аваад гэр лүү алхаад хүргэж өгөх гээд явж байхад нь Гнь араас гүйж ирээд Эийн нүүр лүү 2 удаа гараараа цохичихсон, Э нь газар ойчоод өгсөн ба би өргөөд босготол гэрээс нь Эийн хадам ээж нь гараад ирсэн Э нь эргээд үг дуугүй буцаад хашаанаас гараад яваад өгсөн тэгээд би хадам ээжид нь би Эийг цохиж зодоогүй шүү, иймээ тийм юм болвол та надаас асуугаарай зодсон хүн нь энд байгаа шүү гэж өөрийн овог, нэрээ хэлчихээд би Галмандах, Ганбаяр нарыг шууд аваад хөдөө явцгаасан юм ийм л зүйл болсон юм. Би Этэй ямар нэгэн харилцаа хамааралгүй бөгөөд бид хоёрын хооронд маргалдаж муудалцсан зүйл болоогүй. Одоо Гнь Төв аймгийн Цээл сумын малын худаг гэх газар амьдардаг, утасны дугаарыг мэдэхгүй, би сайн танихгүй. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гнь надад хэлэхдээ хөдөөнөөс орж ирэхдээ 1 шил пиво уусан гэж ярьж байсан. Э нь нэлээн согтуу байцгаасан өөрсдийгөө бол хянах чадваргүй байсан. Эийн нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон өөр цохисон талаар хараагүй. Миний ярьсан зүйл үнэн, өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Пийн өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг Цээл сум талын хайрхан 2 дугаар багийн нутаг аж ахуй хашаанд нөхрийн хамтаар амьдарч байгаа, намайг энэ өдөр гэртээ байхад гадаа хүмүүс зодолдоод байхаар нь би орноосоо босоод гэрээс гартал хашаан дотор манай хүргэн Э, Галмандах, Д нар нь зогсож байсан манай хүргэн Эийг Д нь гэрийн хаалганы ард шахаад зогсож байсан би очоод хартал манай хүргэн Эийн нэлээн манарчихсан нэлээн согтуувтар байсан, хамар ам нэлээн цус гоожчихсон байдалтай зогсож байхаар нь би уур хүрээд хүргэн Эийг одоо гэрлүү харь гээд загнасан энэ үед нэг Гнь Эийг чамайг ална шүү гээд занаад байсан, би Галмандахыг чи яасан муухай хүүхэд вэ, хүн ална гээд байдаг гэж хэлээд загнасан тэгээд Д нь надад хэлэхдээ танай хүргэн Эийг Гнь цохисон шүү би гэрчилнэ гээд хэлж байсан, удалгүй салцгаагаад хүргэн Э нь гэрлүүгээ алхаад яваад өгсөн, тэр хоёр манай хашаанаас гараад яваад өгцгөөсөн би ч гэрлүүгээ орсон ийм л зүйл болсон. Яг хэн цохисон бол би хараагүй, тухайн үед би гэрээс гарч ирсэн болохоор зодолдсон асуудлыг хараагүй, Галмандахыг цохичихсон юм болов уу гэж ойлгосон. Гбол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэхгүй, харахад гайгүй харагдаж байсан, харин Э нь нэлээн согтуу гуйваад уучихсан байсан, Д нь ч бас гайгүй харагдаж байсан өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

            Шүүгдэгч С.Гын сэжигтнээр өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймгийн Цээл сумын төвд гэртээ байж байгаад өглөө эрт адуундаа явчихаад, замдаа ууя гээд дэлгүүрээс 2 лааз пиво аваад уусан юм. Замдаа явж байгаад Д ахтай таараад машин  дотор суугаад сумын төв руу орсон энэ өдөр миний төрсөн өдөр байсан болхоор дэлгүүр оръё гээд сумын төвийн дэлгүүр гадаа ирээд зогссон тэгтэл дэлгүүрийн гадаа Э, Тавилан нар нэлээн согтуувтар байсан, Э нь дэлгүүрлүү ороход Тавилан дэлгүүрийн гадаа үлдсэн би машинаас буугаад дэлгүүр орох гэхэд Тавилан намайг дуудхаар би очтол хөөе бацаан минь хүрээд ир гээд байсан би өөдөө юу гэнээ гээд маргалдаад зогссон байтал Тавилан нь намайг заамдаад авчихаад байсан ба энэ үед дэлгүүрээс Э нь гарч ирээд дүү яагаад байна гээд гарч ирээд намайг нүүрлүү цохиод байсан хажуугаас Д ах гарч ирээд намайг салгаад аваад машиндаа суулгаад бид нар хөдлөөд явтал араас Э ах араас дуудаад байхаар Д ах машинаа зогсоогоод уулзаад Д ах нь Эийг гэрт хүргэж өгнө гээд машинаа бариад араас нь дагаад явсан, Эийн гэрийнх гадаа ирэхэд Тавилан нь шууд машинаас буугаад хойшоогоо хашаа даваад яваад өгсөн харин Э нь гэрийнхээ гадаа ирчихээд хашаагаа өшиглөөд байхаар нь Д ах Эийг гэрлүү нь оруулж өгий гээд хашаа дотор гэрийнх нь үүдэнд сугадаад гэрлүүгээ орох гээд явж байхад нь би машинаас буугаад араас гүйж очоод Эийн нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохичихсон юм тэгээд жаахан маргалдаж байгаад Д ах намайг аваад хоёр тийшээгээ салцгаасан би Д ахтай шууд хөдөө гараад явсан. Би бол Этэй маргалдах шалтгаан бол байгаагүй, Тавилантай юм яриад байж байхад л өөрөө хажуугаас орж ирээд дүү дээрэлхээд байгаарай гээд цохиод байхаар маргалдах шалтгаан болсон. Бид хоёрын хооронд өс хонзон, өр авлага асуудал байхгүй. Би бол 2 лаазтай пиво л уусан, биеэ хянах чадтартай байсан, харин Э нь нэлээн согтуу, биеэ хянах чадвар муу байсан. Би Эийн үүдэн 1 шүдний эмчилгээний гардалд 1.000.000 төгрөгийг өгсөн байгаа, өөр ямар нэгэн байдлаар хохирол өгөөгүй байгаа. Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруутай үйлдлээс болсон өөрийн уураа барьж чадаагүйгээс боллоо.” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1 дүгээр асуултад: Ц.Эийн биед өвчүү ясны хугарал, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4 дүгээр асуултад: Дээрх өвчүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний хугарал нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

            Шүүгдэгч С.Гын яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон үйл явдлын талаар өмнө өгсөн мэдүүлгүүдэд дэлгэрэнгүй ярисан тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хохирол барагдуулж 1,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Би 2001 онд Төв аймгийн Цээл сумын нутагт 4 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болон мэндэлсэн. 2008 онд Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 2020 онд 12 дугаар анги төгссөн. 2020 онд Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаад 2023 онд сургуулиа төгсөөгүй гарсан. 2023 оноос 2024 оны 10 сар хүртэл Морин циркэд ажиллаж байгаад түүнээс хойш тодорхой ажилгүй өөрийн малыг маллаж Төв аймгийн Цээл суманд ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдарч байна. Би өмнө ял шийтгэгдэж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Ц.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цээл сумын Эрүүл мэндийн төв зэрэг газруудаас нийт 186.613 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Гад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч С.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, намайг нүүр рүү нэг удаа цохисон гэх шалтгаанаар хохирогч Ц.Эийн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч С.Гын дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Гаас хохирогч Ц.Эд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн баримт болох Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-ийн 83 дугаар тал/ авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эөөс гаргаж өгсөн гэх Цагаан паалан ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 24/12 дугаартай тодорхойлолтод заасан “эмчилгээний төлбөрт 3.500.000 төгрөг” болно гэх баримтыг шүүх хохирогч Ц.Эөөс гарсан гэх бодит зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Мөн иргэний нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол гэх Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хохирогч Ц.Э нь тусламж үйлчилгээ авч 124.762 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх баримтаар нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож,

харин хохирогчийн гэмт хэрэг гарах цаг хугацаанд Төв аймгийн Цээл сумын Эрүүл мэндийн төвд хандаж анхан шатны тусламж үйлчилгээ авч 61.851 төгрөгийн төлбөр гарсан нь баримтаар тогтоогдож байх тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор,

хохирогч Ц.Э нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь “Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэмжээнд тогтоож өгнө үү”,

            Шүүгдэгч С.Г нь “1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү." гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тогтоож, шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай..

 

 4.Шүүгдэгч С.Гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогч Ц.Эийн эмчилгээний төлбөрийн тодорхойлолтод дурдсан 3.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 186.613 төгрөгөөс 124.762 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, үлдэх эрүүл мэндийн даатгалын санд учирсан 61.851 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  6.Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН