| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03222/И |
| Дугаар | 181/ШШ2022/01031 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/01031
2022 05 04 181/ШШ2022/01031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч: С
Ажилгүй байсан хугацааны цалин 23,880,208 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.туяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхнаранбатыг шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан тул эзгүйд нь хянан шийдвэрлэсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин 23,880,208 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.******* нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас халагдсан.
Уг тушаалыг эс зөвшөөрч, үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж, харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Миний бие давж заалдах гомдол гаргаж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 1593 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,665,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч*******хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Дээд шүүх 001/ХТ2020/00502 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн.
Гэвч хариуцагч*******нь тус шүүхийн тогтоол гарсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл нэхэмжлэгч Т.******* намайг ажилд эргүүлэн аваагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Миний бие Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасны дагуу тооцож ажлын 563 өдрийн 23,880,208 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2, 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин 23,880,208 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна: Үүнд:
Т.******* нь Эрүүл мэндийн яамны Сайдын 2019 оны 03 дугар сарын 29-ний өдрийн Б/07 тоот тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00502 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, урьд эрхэлж байсан ажилд томилох, ажилгүй байсан хугацааны 4,665,800 төгрөгийг олгуулахаар шийдвэр гарсан.
Т.*******ыг ажилд нь томилуулъя гэдэг байдлаар арга хэмжээ авах гээд өөртэй нь уулзсан. Удаа дараагийн манайд ирүүлж байсан хүсэлтийг хэрэгт баримтаар өгсөн. Гол нь нэхэмжлэгч өөрөө одоо 50 нас хүрэх гэж байна, өндөр настны тэтгэвэрт гаръя гэсэн 3 удаагийн хүсэлтийг манайд ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу би 2022 оны 02 сард Ховд руу нисээд яваад ирсэн. Тэнд очоод тэтгэвэрт гарах байх гэсэн байр суурьтай очиход би н.Гэрэлсүрэнтэй таарамжгүй харилцаанаас болоод тэтгэвэрт гарахаа болилоо, ажилдаа эгүүлэн томилогдоно, Ардын намаас томилогдсон төлөөлөгчтэй Т.******* нь Ардчилсан намаас томилогдож байсан бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр таарамжгүй харьцсанаас болоод би заавал захирлаар буцаж ажилдаа томилогдоно, би хүсэлтээсээ татгалзлаа гэсэн байр суурьтайгаар хариу хэлсэн. Би тэнд 6 хоноод ирсэн бөгөөд нийт 2, 3 удаа уулзсан. Тохиролцоонд хүрч чадаагүй буцаж ирсэн. Би Т.*******ыг энэ талаархи тайлбараа бичгээр өг гэхэд бичиж өгөөгүй.
Ажилчид нь Т.******* даргатай хамтран ажиллах дургүй байгаа юм. н.Гэрэлсүрэн дарга томилогдоод тэдний байгууллагын ажил жигдрээд сайхан болчихлоо гэж байсан. Т.******* захирал бол голд нь бүлэг болгодог, янз бүрийн асуудал үүсдэг, н.Гэрэлсүрэн дарга залуу хүн шийдвэр ажиллагаа нь оновчтой байна гэсэн албан хаагчдын хүсэлтийг харгалзаж үзээд манай Сайд хамт олны үзэл бодлыг хүндлээд байгаа юм. Бид нар тохиролцоод шийдвэр гаргах шатанд хүрэхэд нэхэмжлэгч өөрөө ийм байдалд хүргэсэн. Түүнээс манай байгууллага ч гэсэн 2 хүний цалин өгөөд байх боломжгүй. Улсын төсвөөс гарч байгаа мөнгө. Т.*******ыг томилох гэхээр хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүсээд байна. Одоо ч гэсэн хүсэлтээ өгөөд тэтгэвэрт гаръя гэвэл гарч болно.
Мөн Сайдыг очиход Сайдтай уулзсан байсан. Би энэ талаар нотлохын тулд Ховд аймаг руу нисээд ирсэн нислэгийн тийзийг өгсөн. Манай зүгээс ярилцаад шийдье, өөрийнх нь хүсэлтээр тэтгэвэрт нь гаргая гэсэн байр суурьтай байсан боловч нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Тэгэхээр манай зүгээс шалтгаалаад байгаа нөхцөл байдал байхгүй. Өөрийнх нь хүсэлтийг аль болох боломжоор нь шийдвэрлэе гэсэн байр суурьтай байхад нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 277,352 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ГГ2019/01371 дугаар шийдвэр,Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00502 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 225/04 тоот мэдэгдэх хуудас, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1-157/5720 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21280239 тоот тогтоол, Шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2020/00968 тоот гүйцэтгэх хуудас, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний зомиссын гишүүний 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/04 тоот шаардлага, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2020 оны 04 дүгээр сарын 28, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд, мөн сайд Т.Мөнхсайханд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.*******ын гаргасан өргөдлүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Өнөрцэцэгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболдод хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8-1/505 тоот Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газраас Т.*******од хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ТГ-01/305 тоот Хариу өгөх тухай албан бичиг зэрэг баримыг гаргаж өгсөн. /хх-5-13, 14-20, 21-25, 57-61, 64-71/
4. Хариуцагч нотлох баримтаар: Шүүх хуралдаанд Т.*******оос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны 02 дугаар сарын 09, 2021 оны 09 дүгээр сарын 09, 2021 оны 10 дугаар сарын 16, 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, мөн сайд Т.Мөнхсайханд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус гараар бичиж гаргасан өргөдлүүд, Улаанбаатар хотоос 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг руу, Ховд аймгаас 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу нислэг хийсэн талаар Д.Туяагийн 275А54В1 дугаар тийзний хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулан гаргаж өгсөн байна./хх-72-79/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,880,208 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Т.*******ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байхад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас халсан учир гомдлоо анхан шатны шүүхэд гаргахад, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир эс зөвшөөрч давах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалаар намайг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,665,800 төгрөг гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргахад, Улсын дээд шүүх 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 001/ХТ2020/00502 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн.
Эрүүл мэндийн яам нь тус шүүхийн тогтоол гарсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл Т.*******ыг ажилд эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс, ажилдаа эргэж ороогүй тул энэ хугацааны цалин олговрыг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
Үүнд: Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дагуу бид биелүүлэх гэсэн боловч Т.******* тэтгэвэрт гарья гэхээр нь би хүсэлтийн биелүүлэх гээд Ховд аймаг руу улсын зардлаар явсан. Энэ хүнийг тэтгэвэрт гарах гэж байна гэж бодож явсан гэтэл өөрөө гараагүй, мөн захирал Т.*******ыг ажилчдын дунд бүлэг болгодог, янз бүрийн асуудал үүсдэг гээд ажилчид нь Т.******* даргатай хамтран ажиллах дургүй байгаа тул бид нараас шалтгаалах асуудал байхгүй учраас маргаантай байна. Т.*******ыг томилох асуудлаар өнөөдөр хүртэл сайдтай уулзаад ирсэн, манай зүгээс буруугүй гэж тайлбарлав.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч Т.*******ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байхад нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг ажлаас нь халсан бөгөөд, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй халагдсан талаар гомдлоо гаргахад нь тус шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эс зөвшөөрч давах гомдол гаргаснаар Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1593 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,665,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Уг магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргахад, Улсын дээд шүүх 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00502 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагчийг биелүүлэхгүй байсны улмаас хуульд зааснаар тус шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2020/00968 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21280239 дугаар тогтоол гарч албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 225/04 дугаар мэдэгдэх хуудас, мөн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1-157/5720 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн албан бичиг зэрэг баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.
3.3. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолуудын дагуу*******нь ажилтан Т.*******ыг өнөөдрийг хүртэл урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-7-13, 14-20, 21-25, 57-61/
3.4. Тус маргааны үйл баримтыг нотолж буй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа үйл баримтыг дурдах нь зүйтэй.
3.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа боловч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүйн улмаас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр огноолж нэхэмжлэлээ бичснийг нь шүүх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч дардас дарж баталгаажуулснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул хуульд заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан байна гэж дүгнээд тус нэхэмжлэлийг нь шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхүүдийн дээрх хүчин төгөлдөр магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Т.*******ыг үндэслэлгүй ажлаас халсан болон түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлох учиргүй юм.
3.7.*******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтанг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
3.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Ажилгүй байсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааг 563 хоног, ногдох цалин олговрыг 23,880,208 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэгт цалин олговрын талаар холбогдох баримтыг өгөөгүй тул шүүхийн хүчин төгөлдөр магадлалд тусгагдсан: 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд тооцож олгосон 4,665,800 төгрөгийг үндэслэн тооцоолж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
3.9. Магадлалд дурдсан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа 5 сард олгогдсон 4,665,800 төгрөгт хуваахад 1 сарын цалин 933,160 төгрөг, үүнийг 21.5-д хуваахад нэг өдрийн цалин хөлс 43,202 төгрөг болж байна.
3.10. Т.*******ын ажилгүй байсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажлын 536 хоног байх тул 43,202 төгрөгөөр тооцоход 23,156,272 төгрөгийг олгох үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн 563 хоног гэж тооцсоноос илүү 27 өдрийн цалин гэх 723,936 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.11. Иймд, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 23,156,272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтан Т.*******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч цалин олговорт 23,880,208 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 277,352 төгрөгийг урьдчилан төлснийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
5. Хариуцагч Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтангууд Т.*******той хамтран ажиллахгүй гэж дургүйцсэн, Т.*******ыг томилох гэхээр хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул түүнийг ажил албан тушаалд эгүүлэн томилоогүй, яам буруугүй гэж маргаж байна.
Дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй тул эдгээр татгалзлыг нь шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Эрүүл мэндийн яамнаас 23,156,272 төгрөг гаргуулж, Т.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 723,936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Т.*******ын ажилгүй байсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,352 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас 273,732 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ