Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

              

 

                                   

 

 

 

  2025         02            26                                            2025/ШЦТ/92

 

                                   

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Хохирогч Д.

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.П.Б-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн 9-42 тоот дахь гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Птай гэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь эрүүгийн 000000000000000 дугаартай хэрэгт авагдсан:   

 

Хохирогч Д.П-н өгсөн: "Би одоогоос 3 жилийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Б гэдэг залуутай танилцаж тэгээд Б сумандаа авчирч байсан. Тэгээд би Б-ийн аав, ээжийн гэрт хамтдаа амьдарч байгаад нодлин жил бид хоёр нэг гэр худалдаж аваад хадмын хашаанд гэр барьж тусдаа амьдарцгаасан. Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өглөөнөөс хойш над руу уурлаад уурлаад гэртээ нэг л уурласан хүн байсан. Амандаа үглээд байсан би Б-ийн ажлын хувцсыг бас хүүхдийнхээ хиртэй хувцастай угаасан чинь намайг "чи наад хувцас хунараа угааж яадгийн хамаг ус бараад" гээд л ямар ч хамаагүй зүйлээр шалтаглаж уурлаад байсан тэр үед нэг барилцаж аваад салсан. Манай нутгийн багын найз эхнэртэйгээ хотоос Архангай аймаг руу явж байна гээд над руу залгаж замаараа манай гэрээр дайрна гэж хэлээд 22 цагийн орчимд манай найз Магсар эхнэртэйгээ ирэхээр би бууз жигнэж өгсөн. Магсар манай нөхөр Бд нэг 0.75 литрийн 1 шил архи, ундаатай өгсөн тэр архийг нь Магсар, Магсарын эхнэр, Б бид 4 хувааж ууж дуусаад шөнө Б гарч яваад нэг шил архи олж ирээд тэр архийг ахиад дөрвүүлээ ууж байгаад бид Архангай явахаар болсон чинь Б "явахгүй мөнгө, төгрөг байхгүй" гэхээр нь Магсар "бид хоёр ямар та хоёрыг зардал мөнгөөр авч явах гэж байгаа биш мөнгөгүй ч байсан яадгийн, цуг л явцгаачихъя, очиж нэг хоночхоод л буцаад хүрээд ирье" гэхээр би Б рүү "хүн нэг зангаараа л байх гоё шүү дээ чи өдөр надтай муухай харьцаад харин найзуудын хажууд гоё зантай болчихжээ" гэсэн утгатай юм хэлсэн. Тэгтэл Магсар эхнэртэйгээ за за явлаа гээд гараад явсан. Тэрний дараа би гэрийн зүүн талын орон сууж байтал Б гараараа миний зүүн талын дал хэсэгт 2 удаа цохиод аяга тавагны шүүгээн дээрээс хутга аваад миний зүүн талын гуя нэг удаа хутгалсан. Тэгээд чамайг гүйцээчихнэ шүү, ална шүү гээд гартаа хутга барьчхаад над руу хашхичаад байхаар нь би өөдөөс нь болиулах санаатай хутгыг салгаж шүүгээний ар тал руу шидсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 хүүхэдтэй. Манай хүүхэд одоо 1 нэг 9 сартай. Б намайг гараараа миний зүүн талын дал хэсэгт 2 удаа цохиод аяга тавагны шүүгээн дээрээс хутга аваад миний зүүн талын гуяны гадна хэсэгт нэг удаа хутгалсан. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрч, эв зүйгээ олсон." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 44/,

Гэрч Д.П-ийн өгсөн: “Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Өөрийн мэдэх зүйл ээ яръя. Б нь миний төрсөн хүү. П нь миний бэр. Би тухайн үед нь сумын төвд байгаагүй сумын төвөөс 5 орчим км зайд өөрийн төрсөн дүү С очиж малыг нь харж байсан болохоор энэ талаар мэдээгүй байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нь хөдөө явсан байсан. Саяхан гурав, дөрөв хоногийн өмнө л мэдсэн. Эхэлж хэлэхдээ санаа нь зовсон юм байгаа биз орон дээр хутга байхад нь харалгүй суучихсан гэснээ дараа нь Б намайг хутгалсан гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг хөдөө явахад П хөл нь зүгээр байсан. Б, П хоёр нийлээд 2 жил гаран болж байгаа. Миний хүү Б чинь хүнд их тусархуу, хүний үгээр л хүн дээ. П нь нийгэмшил муутай, харьцаа муутай л хүн дээ. Өөр зүйл сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч О.У-н өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 цаг 16 минутад Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б дарга над руу залгаж "хүн хутгалуулсан дуудлага ирлээ" гэсний дагуу тус сумын төвд амьдардаг Б гэх айлынд очиж түүний эхнэр П нь зүүн талын хөлийн гадна доод хэсэгт 1.5 см орчим өргөнтэй, 2.5 см гүнтэй үзүүртэй зүйлээр хатгагдсан шинэ шарх авсан гэмтэлтэй байсан. Тухайн үед эмчлүүлэгч П нь ухаантай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, орчны харьцаатай, артерийн даралт 110/70, зүрхний цохилт 95, амьсгалын тоо 20, сатурац 98, тогтвортой амин үзүүлэлттэй байсан. Иймд хатгагдсан шархыг цэвэрлэж өвчин намдаах тариа хийж 1 ширхэг оёдол тавьсан. Би цагдаагийн байгууллагад эмчлүүлэгч Д.П-ын гэмтэл авсан шархыг эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон эмчийн тодорхойлолт дээрээ баруун хөл гэж андуурч бичиж өгсөн байна. П-ын баруун хөл нь биш зүүн хөлд гэмтэл авсан байсан тухайн шарх нь шинэ байсан. Надад нөхөр Бтэй хутгалуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Шүүгдэгч П.Б-ийн өгсөн: "Төв аймгийн Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуульд 10 дугаар ангиа суралцаж төгссөн. Уншиж, бичихдээ муу бараг чадахгүй. Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд эхнэр П болон 1 ой 9 сартай хүү Б.Төгөлдөр нарын хамтаар аавынхаа хашаанд гэрт амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр би өдөржингөө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байсан. Эхнэр гэрээ цэвэрлэж хувцас хунараа угаагаад өнжсөн. Тэгээд оройхон үед эхнэрийн нутгийн найз М гэдэг эхнэрийнхээ хамтаар манайхаар 21 цаг өнгөрч 22 цаг дөхөж байхад хоёулхнаа ирсэн. Тэгээд 0.75 литрийн Агар нэртэй нэг шил архи манайд гаргахаар тэр архийг нь Магсар, түүний эхнэр, манай эхнэр П бид 4 юм ярингаа нөгөө архиа хувааж ууцгаасан тэгээд архиа дуусахаар би 23 цаг өнгөрч байхад дэлгүүр орж 0.75 литрийн ахиад 1 шил Агар архи авчирч тэр архиа ахиад дөрвүүлээ хувааж ууцгааж байгаад би бол нэлээн согтсон байсан. М-г эхнэртэй нь явахыг нь ч мэдээгүй. Нэг мэдэхэд л өглөө сэрсэн. Тэгээд өглөө сэрхэд П надад "чи намайг хутгалчихсан" шөнө эмч, цагдаа нар ирсэн. Гуяндаа оёдол тавиулсан гээд өөрийн зүүн талынхаа гуяыг надад харуулсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Дундаасаа нэг хүүтэй. Хамт амьдраад 3 орчим жил болж байна. Би ёстой гар хүрч зодож байгаагүй. Би тэр болгон уугаад байдаггүй. Баяр ёслолоос бусад цагт бол уугаад байдаггүй. Архи надад зохидоггүй юм. Би уухаараа хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг. Би тэр хутгыг хаана байгааг мэдэхгүй байна. Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. Эхнэр миний гараас хутга салгаж шүүгээний ар тал руу шидсэн гэж хэлж байсан. Маргааш нь үзэхэд тэр хутга нь нь байхгүй олдохгүй байсан. Хоол, хүнсэндээ хэрэглэдэг байсан модон иштэй 15 орчим см урттай, үзүүртэй хутга байсан. Тэр хутгыг тэр цагаас хойш хайгаад олохгүй байна. Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар ярьсан байгаа. Би яг тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Хутга одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Тэр хутгыг одоог хүртэл хайгаад олохгүй байгаа. Би 1998 онд Улаанбаатар хотод суманд 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд өссөн. Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуульд 2005 онд элсэн орж суралцаад 2015 онд 10 дугаар анги төгссөн. 2015 оноос 2017 оны хооронд тодорхой ажилгүй байж байгаад 2017 онд Эрдэнэсант АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид замчнаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр Птай 2022 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд одоо дундаасаа 1 ой 9 сартай нэг хүүтэй. Эхнэр П тодорхой ажилгүй. Би өмнө ял шийтгэгдэж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 40/,  

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны №0525/021 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.П-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2, 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.Дээрх гэмтэл нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэжээ /хх-ийн 24-25/,

Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

Жижүүрийн эмчийн тэмдэглэл /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч П.Б нь Төв аймгийн Эрдэнэсант сумын ............................ дахь гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.П-тай гэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч П.Б-ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.П нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 62 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б-нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ