Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0376

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Ц.Алтанцэцэг

шүүгдэгч:  Б.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Нарт  овогт Батбаярын Батнасанд  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625012148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нарт  овогт Батбаярын Батнасан,1989  оны  12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай  аймгийн Баянгол  суманд  төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй, Ажнай трейд компанид мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Өвөрхангай  аймгийн Баянгол  сумын 4 дүгээр багт  оршин суудаг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ЙВ89120211,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Батнасан нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 01.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 18 дугаар байрны 4-н давхарын 11 тоотод оршин суух Н.Оюуны гэрт цонхоор нь орж Н.Оюун, О.Очмандах нарыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, скочоор гарыг нь хүлж зодож, цохих, гарыг мушгих, гар утсыг нь эвдэх  зэргээр хүч хэрэглэн танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Батнасан  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж тайлбар хийхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

           Шүүгдэгч Б.Батнасан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний өөрийн төрсөн гэр Өвөрхангай аймгийн Баянгол суманд хөдөө байдаг юм. Одоо би Улаанбаатар хотод Ажнай ХХК-ийн яармаг дахь барилга дээр мужаанаар ажиллаж тэндээ байрлан амьдарч байна. Өчигдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ны орой 17.00 цагийн орчимд 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын хажуугийн ресторан паб гэсэн хаягтай газарт ганцаараа орж 0.75 литрийн архи 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво 2 ширхэгийг худалдан авч ганцаараа уугаад рестораныг хаах үеэр буюу шөнийн 00.00 цагийн орчимд гарсан. Тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 17 дугаар байрны гадаа саданд шөнийн 03.00 цаг хүртэл тамхи татаж сууж байгаад өмнө нь үерхэж байсан Оюуны гэр лүү орсон. Оюуны гэр нь 17 дугаар байрны 4 давхарын 11 тоотод байдаг бөгөөд би байрных нь дээврээр доош буун гэрийх нь цонхоор гэрлүү нь орсон. Тухайн үед цонх нь онгорхой байсан. Хэрвээ хаалга тогшсон бол надад нээж өгөхгүй гэдгийг нь би мэдэж байсан учраас шууд цонхоор нь орсон. Байрны 5 дугаар давхарын дээд  талд байх аваарийн хаалганы хажууд олс, уяа, байхаар нь хооронд нь холбоод доош буусан. Намайг гэрлүү нь ороход Оюун, Мандах гэх залуугийн хамт унтаагүй пиво уугаад сууж байсан. Би тэр Мандах гэдэг залууг танихгүй, Оюун дуудахдаа Мандах гэж дуудаад байсан. Намайг цонхоор ороход Оюун цонхоор орж ирлээ гэж уурласан. Мандах намайг зодох гэж дайраад байсан. Би өмнөх өдөр нь 13.00 цагийн орчимд Тунелийн Сансар үйлчилгээний төвөөс хоол унданд хэрэглэдэг хутга 6000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Яагаад гэхээр миний байрлаж байгаа газар хоол унд идэхэд мах идчих хутга байдаггүй учраас хэрэглээндээ авсан байсан юм. Тэгээд Мандах над руу дайрхаар нь би нөгөө хутгаа гаргаж ирээд айлгах гэж байгаад гарыг нь исгэчихсэн чинь Мандах над руу дайрхаа больчихсон. Намайг хутгатай байсан болохоор Мандах над руу дайрхаа больчихсон. Тэгэхээр нь би 2 гараа өг гээд доош нь суулгаад гарыг нь ард нь холбоод паартай хамт искочдсон. Оюунтай өглөө болтол хэрэлдэж маргалдсан. Тэгж байгаад би Мандахын гарны хүлээсийг тайлаад цагдаа сэргийлэх дуудах эсэхээ чи өөрөө мэддээ гэж хэлээд явуулсан. Гэтэл удалгүй 10 орчим минутын дараа Мандах цагдаа дагуулаад ирж байхыг нь би цонхоор хараад, амиа хорломоор санагдаад гараа хутгаар исгэсэн. Би Мандахтай зодолдож муудалцсан зүйл байхгүй. Мандах над руу дайрахаар нь би авч явсан хутгаараа айлгах гэж байгаад санаандгүй гарыг нь исгэчихсэн юм. Миний биеийн ар нуруу хэсэг болон баруун гарын шуу хэсгээр зулгарсан шархтай байгаа үүнийг би уржигдар буюу 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр найз Сугардоржтой хамт архи ууж явж байгаад согтуудаа өөрөө газар унаад зулгаруулчихсан  юм. Би Оюунтай 2015 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Олон холын бэлчээр гэх газарт байдаг Хотгойд тур нэртэй жуулчны бааз дээр танилцаж байсан юм. Тухайн үед би жуулчны баазад нь өргөтгөлийн ажил хийж байсан юм. Оюун болохоор жуулчдад орчуулагч хэлмэрч хийж байсан юм. Ингээд танилцаад түүнээсээ хойш холбоотой болоод тэндээ хамт амьдраад 2015 оныхоо 8 дугаар сард Улаанбаатар хот руу цугтаа орж ирээд Баянхошуунд нийтийн байранд хамт амьдарч байгаад 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хувийн асуудлаас болж муудалцаад хэсэг хугацаанд салчихаад байж байсан юм. Би уг нь учраа олох гэж л очсон юм. Оюун намайг учраа олох гэхээр улам зугтаад байсан юм. Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1989 оны 12 дугаар сарын 2-ны өдөр төрсөн. Хөдөө мал маллаж байгаад 1997 онд 1 дүгээр ангид элсэн орсон. 2007 онд Хужирбуланд байх Зэвсэгт хүчний 015 дугаар ангид алба хаасан. Эхээс 4-үүлээ бөгөөд дээд талдаа 2 ахтай доороо 1 эмэгтэй дүүтэй гэжээ. /хх-ийн 72-73/

           Хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэтүүд, яаралтай тусламжийн хуудас /хх-н 3-26 /

           Хохирогч Н.Оюун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 8-ны шөнө 00.00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хоол хийж идчихээд зурагт үзээд сууж байхад гэр их бүгчим байсан болохоор нь том өрөөнийхөө цонхыг онгойлгосон. Надтай хамт манай найз Очмандах байсан. Энэ хэрэг гардаг өдрөөс өмнө Батнасан намайг зодож байсан болохоор би айгаад хүнээр гэрлүүгээ хүргүүлж, хүнтэй хамт байдаг болсон. Тэгээд зурагт үзээд байж байтал манай том өрөөний цонхны хажуунаас чимээ  гарсан. Би шувуу юм болов уу гэж бодтол хөшиг хөдөлсөн. Тэгтэл Батнасан манай цонхоор ороод ирсэн. Хөлөндөө хутга хийдэг гэртээ байсан, мөн гартаа хутга барьчихсан байсан. Батнасан гэрт орж ирэнгүүтээ хутгаа чичээд бид хоёр луу дайрсан. Дайрч байхдаа энэ хэн юм бэ, юун хүн бэ гээд Очмандахыг надаас асуугаад байсан. Гэтэл Очмандах Батнасанг хутгаа буулгачихаа эвээр ярилцья гэж зөндөө гуйсан. Ойртох гэхээр хутгаа савчуулаад ойртуулахгүй байсан. Тэгж байгаад Очмандахын гарыг хутгаараа зүсчихсэн. Тэр хоёрыг байж байхад би гэрээс гарах гээд гүйсэн. Би хажуу талын айлаасаа тусламж гуйхаар гарах гэтэл Батнасан намайг бариад авсан. Тэгээд намайг хаалганаас түлхэж холдуулаад манай хаалгыг түгжээд түлхүүрийг нь сугалж аваад кармандаа хийчихсэн. Энэ үеэр миний баруун гарын эрхий хуруу Батнасангийн барьж байсан хутганд зүсэгдсэн. Тэгснээ Батнасан хайруулын таваг аваад над руу шидсэн. Уг таваг миний зүүн талын шанаа хэсэгт оносон. Энэ үед Очмандахын гараас маш их цус гарч байсан. Очмандах түргэн дуудаад өгөөч гэсэн ба би түргэн дуудах гэхэд Батнасан намайг түргэн дуудуулаагүй. Очмандах гар утсаа авсан чинь Батнасан Очмандахаас утсыг нь булааж аваад хана руу шидээд юу ч үгүй эвдэлсэн. Очмандахыг цус алдаад байна шүү дээ гэхэд Батнасан огт тоохгүй байсан. Батнасан бид хоёрыг том өрөөнд өмнөө сөхөрч суулгаад та хоёр миний амьдралаар ингэж тоглохгүй шүү гээд байсан. Тэгээд намайг том өрөөнд бай, Очмандахыг жижиг өрөө рүү ор гэсэн. Энэ үед бид хоёрыг цохиж зодож байсан. Тэгээд хэлсэнийх нь дагуу Очмандах жижиг өрөө рүү орсон. Батнасан жижиг өрөөрүү ороод Очмандахыг янз бүрээр хэлж доромжилж байсан. Жижиг өрөөнөөс гарч ирээд том өрөөнд орж намайг мөн л янз бүрээр доромжилсон. Жижиг өрөөнд Очмандахыг яг яаж цохиод байгааг би хараагүй. Очмандахыг хөдлөөд байсан чинь Батнасан манай гэрийн скочоор хоёр гарыг нь хооронд нь холбож өөрөөр нь скочдуулсан. Тэгээд сайн болохгүй байсан чинь хоёр гарыг нь алдалж паартай хамт скочдсон. Мөн Очмандахын хөлийг нь нийлүүлж скочдсон. Тэгээд бид хоёроос ямар холбоотой бэ гэж асуугаад байсан. Би эхлээд миний үеэл гэж хэлсэн дараа нь найз гэдгээ хэлсэн. Батнасан итгэхгүй байсан. Тэгснээ бид хоёрыг ална гэж сүрдүүлсэн. Батнасан угаасаа би шийдсэн хүн энд ирэхдээ л шийдчихсэн ирсэн гээд байсан. Тэгээд намайг зөндөө доромжилсон гэжээ. /хх-ийн 31-34/ ,/хх-н 121-122/             

        Хохирогч О.Очмандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 7-ны орой 22.00 цаг өнгөрч байхад Оюуны гэрт очсон. Оюун бид хоёр юм яриад пиво уугаад сууж байсан чинь шөнийн 00.30 цагийн орчимд гэнэт цонхоор хүн ороод ирсэн. Батнасан цонхоор орж ирээд шууд хутга гаргаж над руу дайрсан. Би ухраад хутгаа далд хийчих гэхэд чамайг ална хоолойг чинь хэрчинэ гээд дайраад байсан. Миний зүүн гарын алганы гадна хэсэгт хутгаараа 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би болохгүй ш дээ хөгшөөн гээд гуйгаад утсаа аваад 103 луу залгах гэсэн чинь утас булааж аваад хана руу шидсэн. Оюун цаашаа гарах гээд гуйсан чинь Батнасан араас нь хөөж очоод Оюуныг зодоод түлхүүрийг нь булаагаад авчихсан. Гэхдээ би зодооныг сайн хараагүй. Оюун ёо ёо гээд орйлоод байсан. Тэгээд Оюуныг чирээд том өрөөнд оруулж ирсэн. Тэгээд Оюун бид хоёрыг өөрийнхөө өмнө сөгтүүлээд суулгасан. Жоохон хөдөлхөөр л зодоод байсан. Ойролцоогоор 1 цаг орчим өвдөг дээр суулгасан. Эхлээд том өрөөнд суулгасан дараа нь жижиг өрөөнд оруулж суулгаад сүүлдээ намайг скочоор өөрийнхөө гарыг скочдоод паарнаас уя гэсэн. Тэгэхээр нь би Батнасанд одоо болоош дээ хөгшөөн арай хэтэрч байна гэхэд хутгаа бариад над руу дайраад чамайг боо гэж тушаагаад байгаа юм биш үү гэхээр нь би баруун гараа эхлээд паартай холбож скочдсон. Зүүн гарыг Батнасан өөрөө нөгөө булангийн пааранд скочдоод гараараа дандаа нүүр эрүү рүү цохиж байсан. Тэгснээ Оюуныг том өрөө рүү оруулаад гарыг нь бас ард нь скочоор боосон. Оюуны гарыг боочихоод эргээд над дээр орж ирэхээр нь би Батнасангаас зүүн гарын цус боогдоод гар чинэрээд мэдээгүй болоод байна ядаж зүүн гарыг суллаад өгөөч гэхэд би чамайг 72 цаг суулгаж цусыг чинь юүлнэ гээд байсан. Тэгээд тамхи татаад миний хутгалуулсан шарх дээр тамхиа унтраагаад байсан. Тамхины цогоо унтрааж дуусчихаад гэнэт уурлаад чамайг ерөөсөө алчихья гээд толгой нүүрийг битүү скочдсон. Цаад өрөө рүү ороод Оюуныг мөн орилуулаад байсан. Тэгээд над дээр ирэхээр нь би аль болох зөөлрүүлэх гээд хөгшөөн ингэж болохгүй гэхэд би чамаар заалгахгүй гээд хутгаараа миний духанд зүсээд байсан. Тэгснээ та хоёрыг цахилгаан хэрэгсэлүүдийг чинь залгаж байгаад шатаагаад алчихья гээд байсан. Тэгээд байж байтал өглөө болж үүр цайсан. Би Батнасангаас намайг тавьчихаач би шүүх цагдаа гэж явахгүй гэтэл миний гар хөлний скочийг хутгаараа зүсч тавиулаад одоо зайл хэрвээ цагдаа дуудаж ирэх юм бол Оюуныг ална чи дахиж харахгүй шүү гээд байсан. Тэгээд би шууд гараад цагдаагийн хэлтэс дээр ирж хүн барьцаалчихлаа гэж хэлээд цагдаа нартай хамт ирсэн. Гэтэл Оюуныг гаргаад явуулчихсан байсан. Би тэндээсээ эмнэлэг явсан гэжээ. /хх-ийн 36-38/               

          Гэрч Л.Ууганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал над руу манай нутгийн найз Батнасан залгаад  цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирээд батлан даалтад аваадхаач гэсэн. Хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ маргалдсан гэж байсан. Батнасан жаахан согтуу байхдаа агсам тавьсан чинь нөгөөх нь цагдаа дуудсан гэж ярьсан.  Надаас гадна Сугирдорж гээд миний таньдаг залуу бас батлан даахаар ирсэн байсан. Тэгээд бид хоёр Батнасанг батлан дааж авсан. Батнасангийн ар гэр нь Өвөрхангай аймгийн Баянгол суманд байдаг юм. Малчин хүмүүс байгаа. Батнасан Улаанбаатар хотод сүүлийн нэг жил байгаа байх. Ерөнхийдөө Налайхад байгаад байдаг юм. Архи бол уудаг гэхдээ уусан үедээ янз бүрийн ааш авир гаргаж байгаагүй. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан тэрнээсээ салчихсан гэсэн гэжээ. /хх-н 39-40/

          Гэрч Б.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Миний ах Батнасан Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1989 онд төрсөн. Манайх эцэг эхээс дөрвүүлээ юм. Батнасан бол айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 2 ахтай байсан нэг ах Бат-Амгалан 2011 онд авто ослын улмаас нас барсан. Одоо Батчулуун гэдэг ах байгаа. Батнасан ах маань Баянгол сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Дараа нь цэргийн алба хаасан. Цэрэгт улираад 2 жил ажилласан. Цэрэгт байхдаа эхнэр Наранчимэгтэй танилцаж байсан гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй байх, дундаасаа нэг хүүхэдтэй юм. Сүүлдээ тэр эхнэртэйгээ хамт амьдрахаа байсан байгаа. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл уулзаж явдаг гэсэн. Хүүхэдтэйгээ байнга уулздаг юм шиг байлаа. Цэргийн алба хааж ирээд хөдөө яваагүй хотод барилгын ажил хийж байгаа. Манай аав ээж хоёр хөдөө мал маллаж байгаа. Би оюутан байхдаа ахындаа байсан хааяа архи уугаад ороод ирэхээр нь эхнэр нь загнаад цохиод авч байхад юу ч дуугарахгүй унтаад өгдөг байсан. Ийм ааш гаргасанд нь би гайхаж л байна гэжээ. /хх-ийн 42/

          Гэрч Т.Жаргалмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Оюуны хамаатан юм. Оюун манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Би Оюунтай ойр дотно харилцаатай байдаг юм. Оюун өөрийнхөө үерхэж байгаа залуу гээд Батнасантай намайг танилцуулсан. Анх уулзаж байхад их дуугүй, дуугарч ядсан залуу л байсан. 2016 оны 2 дугаар сарын 14-нд бид 2 Тэрэлж рүү морин аялалд явсан. Тэр үед Батнасан Оюунтай байнга л утсаар яриад байсан. Над руу хүртэл залгаад Оюунтай ярьж байсан. Оюун Батнасантай ярьсаныхаа дараа айгаад байгаа шинжтэй байсан. Оюуныг утасны цаанаас хараагаад загнаад байгаа шинжтэй байсан. 2016 оны 2 дугаар сарын 15-нд Оюун над руу утсаар залгаад Батнасанд зодуулсан тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь очиход Оюун ганцаараа гэртээ байсан. Оюун надад хэлэхдээ Батнасан намайг байрны орцонд зодсон гэж хэлсэн. Оюуны хүзүү, гар, цээж нь хөхөрчихсөн байсан. Оюуныг тэрээр багалзуурдаад зодож цохьсон гэсэн. Би Оюуныг цагдаад ханд гэхэд тэр хэлээгүй гэжээ. /хх-ийн 43-45/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 46/

   Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 8085 тоот акт Шинжээчийн дүгнэлт: 8085 дугаар дүгнэлтэд:

1.Оюуны биед баруун гарын 1-р хуруунд шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, зүүн мөр, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх шарх гэмтэл нь ир бүхий, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 47/

          Шинжээчийн дүгнэлтийг сэжигтэн, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарт танилцуулсан тэмдэглэл/ххн 48-49/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н50/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 8046 тоот акт дүгнэлтэд:

1.О.Очмандахын биед зүүн гарын эрхий хурууны ар гадаргууд шархтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно .

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 51/

          Шинжээчийн дүгнэлтийг сэжигтэн, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарт танилцуулсан тэмдэглэл/ххн 52-53/

         Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Н.Оюуныг үзээд биед нь байсан бүх гэмтлүүдийг дүгнэлтэд тусгасан болно гэжээ.  /хх-н 123/

         2016.6.28-ны өдрийн 4089 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай цоорхой гарсан байна.

-Н.Оюуны гэх хөх болон цагаан хосолсон хөндлөн судалтай фудволконд гарсан 206 мм хэмжээтэй, Б.Батнасангийн гэх хөх жинсэн хүрмэнд гарсан 6 мм хэмжээтэй, саарал фудволконд гарсан 135 мм хэмжээтэй, хар дотуур өмдөнд гарсан 55х35 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхайнууд байна.

-О.Очмандахын гэх NIKEFITDRY гэсэн латин бичигтэй шошготой хар хөх өмдөнд гарсан 55х7 мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхай байна.

-О.Очмандахын гэх NIKEFITDRY гэсэн латин бичигтэй шошготой хар хөх өмдөнд гарсан 5 мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.

-О.Очмандахын гэх NIKEFITDRY гэсэн латин бичигтэй шошготой хар хөх өмдөнд гарсан 5 мм хэмжээтэй, 12 мм хэмжээтэй уранхайнууд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүссэн уранхайнууд байна.

-Б.Батнасангийн гэх саарал фудволконд гарсан 48 мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ таслагдсан уранхай байна.

-Б.Батнасангийн гэх хар хөх өмдөнд гарсан 3х4 мм хэмжээтэй цоорхой нь дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлсэн цоорхой байна  гэжээ. /хх-ийн 56/ /хх-н 55-62/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 124/

          2016.7.25-ны өдрийн 4548 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн НШША-ний Баянзүрх дүүргийн КШТ-ийн шинжээч цагдаагийн ахлагч Ө.Батбаярын хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна.  Харин 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна.

2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-н 125-127/

          2016.7.01-ний өдрийн 5458 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Батнасангийн гэх цэнхэр өнгийн як цэнхэр өнгийн биеийн тамирын өмд саарал фудволк цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.

2.О.Очмандахын гэх цэнхэр өнгийн биеийн тамирын өмдөн дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна.

3.Н.Оюуны гэх цагаан цэнхэр өнгийн судалтай фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна гэжээ.  /хх-н 129/

          Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-н 63-69/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-н 131-135/

         Б.Батнасанг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 70-76/, /100-104/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 138-141/

        2016.5.25-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 7228 тоот акт:

1.Оюуны биед баруун чамархай, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж, баруун шуу, сарвуу, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 96/

        Б.Батнасанг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 97/, Б.Батнасанг Л.Ууганбат, Ч.Сугирдорж нарын батлан даалтад өгсөн байна./хх-н 98-99/

          Эд зүйлийн үнэлгээ: iPhone-6 маркийн гар утасыг 600.000 төгрөгөөр үнэлсэн байна./хх-н 112/

          Б.Батнасангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 110/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд нь ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 111/

            Б.Батнасан нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 01.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 18 дугаар байрны 4-н давхарын 11 тоотод оршин суух Н.Оюуны гэрт цонхоор нь орж Н.Оюун, О.Очмандах нарыг  хутгаар зүсэж, скочоор гарыг нь хүлж зодож, цохих, гарыг мушгих, гар утсыг нь эвдэх  зэргээр хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  Үүнд:

           Н.Оюуны биед баруун чамархай, зүүн хацар, шанаа, хүзүү, цээж, баруун шуу, сарвуу, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 96/

О.Очмандахын биед зүүн гарын эрхий хурууны ар гадаргууд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 51/

         Оюуны мөрдөн байцаалтад өгсөн … Батнасан манай цонхоор ороод ирсэн. Хөлөндөө хутга хийдэг гэртэй байсан, мөн гартаа хутга барьчихсан байсан. Батнасан гэрт орж ирэнгүүтээ хутгаа чичээд бид хоёр луу дайрсан. Дайрч байхдаа энэ хэн юм бэ, юун хүн бэ гээд Очмандахыг надаас асуугаад байсан. Гэтэл Очмандах Батнасанг хутгаа буулгачихаа эвээр ярилцья гэж зөндөө гуйсан. Ойртох гэхээр хутгаа савчуулаад ойртуулахгүй байсан. Тэгж байгаад Очмандахын гарыг хутгаараа зүсчихсэн. Тэр хоёрыг байж байхад би гэрээс гарах гээд гүйсэн. Би хажуу талын айлаасаа тусламж гуйхаар гарах гэтэл Батнасан намайг бариад авсан. Тэгээд намайг хаалганаас түлхэж холдуулаад манай хаалгыг түгжээд түлхүүрийг нь сугалж аваад кармандаа хийчихсэн. Энэ үеэр миний баруун гарын эрхий хуруу Батнасангийн барьж байсан хутганд зүсэгдсэн. Тэгснээ Батнасан хайруулын таваг аваад над руу шидсэн. Уг таваг миний зүүн талын шанаа хэсэгт оносон. Энэ үед Очмандахын гараас маш их цус гарч байсан. Очмандах түргэн дуудаад өгөөч гэсэн ба би түргэн дуудах гэхэд Батнасан намайг түргэн дуудуулаагүй. Очмандах гар утсаа авсан чинь Батнасан Очмандахаас утсыг нь булааж аваад хана руу шидээд юу ч үгүй эвдэлсэн. Очмандахыг цус алдаад байна шүү дээ гэхэд Батнасан огт тоохгүй байсан. Батнасан бид хоёрыг том өрөөнд өмнөө сөхөрч суулгаад та хоёр миний амьдралаар ингэж тоглохгүй шүү гээд байсан гэсэн мэдүүлэг . /хх-ийн 31-34/ ,            

        Хохирогч О.Очмандахын  мөрдөн байцаалтад  өгсөн … Батнасан цонхоор орж ирээд шууд хутга гаргаж над руу дайрсан. Би ухраад хутгаа далд хийчих гэхэд чамайг ална хоолойг чинь хэрчинэ гээд дайраад байсан. Миний зүүн гарын алганы гадна хэсэгт хутгаараа 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би болохгүй ш дээ хөгшөөн гээд гуйгаад утсаа аваад 103 луу залгах гэсэн чинь утас булааж аваад хана руу шидсэн. Оюун цаашаа гарах гээд гүйсэн чинь Батнасан араас нь хөөж очоод Оюуныг зодоод түлхүүрийг нь булаагаад авчихсан. Гэхдээ би зодооныг сайн хараагүй. Оюун ёо ёо гээд орйлоод байсан. Тэгээд Оюуныг чирээд том өрөөнд оруулж ирсэн. Тэгээд Оюун бид хоёрыг өөрийнхөө өмнө сөгтүүлээд суулгасан. Жоохон хөдөлхөөр л зодоод байсан. Ойролцоогоор 1 цаг орчим өвдөг дээр суулгасан. Эхлээд том өрөөнд суулгасан дараа нь жижиг өрөөнд оруулж суулгаад сүүлдээ намайг скочоор өөрийнхөө гарыг скочдоод паарнаас уя гэсэн. Тэгэхээр нь би Батнасанд одоо болоош дээ хөгшөөн арай хэтэрч байна гэхэд хутгаа бариад над руу дайраад чамайг боо гэж тушаагаад байгаа юм биш үү гэхээр нь би баруун гараа эхлээд паартай холбож скочдсон. Зүүн гарыг Батнасан өөрөө нөгөө булангийн пааранд скочдоод гараараа дандаа нүүр эрүү рүү цохиж байсан. Тэгснээ Оюуныг том өрөө рүү оруулаад гарыг нь бас ард нь скочоор боосон. Оюуны гарыг боочихоод эргээд над дээр орж ирэхээр нь би Батнасангаас зүүн гарын цус боогдоод гар чинэрээд мэдээгүй болоод байна ядаж зүүн гарыг суллаад өгөөч гэхэд би чамайг 72 цаг суулгаж цусыг чинь юүлнэ гээд байсан. Тэгээд тамхи татаад миний хутгалуулсан шарх дээр тамхиа унтраагаад байсан. Тамхины цогоо унтрааж дуусчихаад гэнэт уурлаад чамайг ерөөсөө алчихья гээд толгой нүүрийг битүү скочдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/

 Б.Батнасангийн мөрдөн байцаалтад өгсөн …   Намайг цонхоор ороход Оюун цонхоор орж ирлээ гэж уурласан. Мандах намайг зодох гэж дайраад байсан. Би өмнөх өдөр нь 13.00 цагийн орчимд Тунелийн Сансар үйлчилгээний төвөөс хоол унданд хэрэглэдэг хутга 6000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Яагаад гэхээр миний байрлаж байгаа газар хоол унд идэхэд мах идчих хутга байдаггүй учраас хэрэглээндээ авсан байсан юм. Тэгээд Мандах над руу дайрхаар нь би нөгөө хутгаа гаргаж ирээд айлгах гэж байгаад гарыг нь исгэчихсэн чинь Мандах над руу дайрхаа больчихсон. Намайг хутгатай байсан болохоор Мандах над руу дайрхаа больчихсон. Тэгэхээр нь би 2 гараа өг гээд доош нь суулгаад гарыг нь ард нь холбоод паартай хамт искочдсон. Оюунтай өглөө болтол хэрэлдэж маргалдсан. Тэгж байгаад би Мандахын гарны хүлээсийг тайлаад цагдаа сэргийлэх дуудах эсэхээ чи өөрөө мэддээ гэж хэлээд явуулсан. Гэтэл удалгүй 10 орчим минутын дараа Мандах цагдаа дагуулаад ирж байхыг нь би цонхоор хараад, амиа хорломоор санагдаад гараа хутгаар исгэсэн. Би Мандахтай зодолдож муудалцсан зүйл байхгүй. Мандах над руу дайрахаар нь би авч явсан хутгаараа айлгах гэж байгаад санаандгүй гарыг нь исгэчихсэн юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

        2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар зөвхөн бүлэглэж үйлдсэн тохиолдолд нийтийн хэв журмыг зөрчих гэмт хэрэг болохоор заасан байх тул Б.Батнасанд  прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  хоёр  хүний биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

           Б.Батнасанг хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож   2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

          Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Батнасан нь цагдан хоригдсон 408 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар   нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг нэг хоногт оруулан тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож Б.Батнасанг суллах нь зүйтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр  ширхэг хутгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2 дугаар зүйлээс 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Нарт овогт Батбаярын Батнасанд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

          2.Нарт овогт Батбаярын Батнасанг хоёр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

  3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Батнасанг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батнасан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Батнасангийн цагдан хоригдсон 408 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг нэг хоногт оруулан тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож Б.Батнасанг сулласугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батнасанд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Б.Батнасан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр  ширхэг хутгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурьдсугай.

        10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН