Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0916/З |
Дугаар | 128/ШШ2022/0955 |
Огноо | 2022-12-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0955
2022 12 15 128/ШШ2022/0955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******** овогт Ц********* А********** /РД:***********/,
Хариуцагч: Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч Ц.А*********** Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ц.А*********** нь 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн[1] ба 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Цэргийн дээд сургуулийн бэлтгэл дивизонд сонсогч, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлт Холбоот улсын Волгоград хот дахь Мөрдөнгийн дээд сургуульд сонсогч, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, группт мөрдөн байцаагч, 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улсын мөрдөн байцаах газрын нэгдүгээр хэлтэст ахлах байцаагч, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Улсын мөрдөн байцаах газрын долоодугаар хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газарт ахлах байцаагч, 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээ, үнэлгээний хэлтэст чиглэлийн ахлах байцаагч, 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын Бодлого зохицуулалт, үнэлгээний хэлтсийн дарга, 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Мөрдөн байцаах газрын дэд, нэгдүгээр хэлтсийн дарга, 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Мөрдөн байцаах газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга, 2010 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Мэдээлэл, судалгааны төвийн дэд бөгөөд Мэдээлэл, статистикийн хэлтсийн дарга, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн дарга, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил хариуцсан дэд даргын үүрэг гүйцэтгэгч, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй, тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил хариуцсан дэд дарга, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх газрын хууль тогтоомжийн хэрэгжилт дотоод ажлын хэлтсийн дарга зэрэг албыг хашиж Цагдаагийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар Цагдаагийн байгууллагад нийт 30 жил 10 сар 01 хоног ажиллажээ[2].
Улмаар Монгол Улсын Ерөнхийн прокурорын 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн Б/** дугаар тушаалаар түүнийг Улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын даргаар томилж, “хууль цаазын итгэмжит зөвлөх” зэрэг дэвийг олгосон[3] ба тэрээр прокуророор томилогдон ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[4].
Ц.А*********** нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “Тэтгэвэр тогтоолгох хүсэлт”-ийг холбогдох баримтын хамт гаргахад[5] тус байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1226 дугаар албан бичгээр “...нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-нд үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна...” гэх хариуг өгсөн[6] тул тэрээр Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно[7].
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д (прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба ...55 насанд хүрсэн эрэгтэй...өөрөө прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно) дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх надад үүссэн тул энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох нь хуулийн үндэслэлтэй...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: “...Нэгэнт төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангахын тулд байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын ажлын ачаалал, харилцаа хандлага, ажлын нөхцөл зэргийг харгалзаад нийгмийн баталгааг тогтвортой байлгах үүднээс прокурорын тухай хуульд дээрх заалт орсон ба одоо хэрэгжиж байгаа. Прокурорын байгууллагын тухай хуулийн зорилт нь прокурорын байгууллагын алба хаагч нарын нийгмийн баталгааг хангах зорилготой нийгмийн баталгааны холбогдох хэм хэмжээг зохицуулж байгаа агуулгатай заалтууд байдаг. Нэгэнт Прокурорын тухай хуульд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Уг хуулийн холбогдох зүйл заалтын дагуу Ц.А*********** тэтгэвэрт гарах нөхцөл хангагдсан гэж үзээд улсын ерөнхий прокурорын тушаалаар ажлаас чөлөөлж, тэтгэвэрт гаргахаар болсон. Тийм учраас хууль хэрэглэх зарчим бол Үндсэн хууль зөрчөөгүй хуулийг хэрэглээд төрийн аливаа байгууллага шийдвэрээ гаргаж байх ёстой. Тийм учраас тусгайлан хуульд заасныг хэрэглэнэ, хуульд заагаагүйг хэрэглэхгүй гэдэг шаардлагыг тавьж болохгүй. Энэ хуулийг хэрэглэсэн практик нэлээдгүй тогтсон. Олон хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандаж тэтгэврээ тогтоолгоод явж байгаа. Хууль хэрэглээний практик тогтсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4.1-т “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасныг Нийгмийн даатгалын тухай хуульд заагаагүй. Тийм учраас манай байгууллага Прокурорын тухай хуулийг шууд хэрэглэх боломжгүй.
...нас, ажилласан жил хоёр бол нийгмийн даатгалын гол шалгуур. Нэхэмжлэгчийн хувьд ажилласан жилийн шаардлагыг хангасан. Харин тэтгэвэрт гарах насны хязгаар нөхцөлийг хангаагүй. 60 нас хүрсэн гэдэг нөхцөл дээр манай хуульд заасан шалгуурыг хангахгүй байна...”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.2. Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас, тэтгэврийн хэмжээний талаар талууд маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж зааснаар прокуророор ажиллаж байсан эрэгтэй хүн өөрөө хүсвэл 60 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргасан болно.
4.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон.
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй,...даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно...” зааснаас үзэхэд энэхүү хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх, түүнтэй холбогдох харилцааг зохицуулсан хууль байна.
Харин Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 60 дугаар зүйлийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн...заалтыг хэрэглэнэ” заасан бөгөөд энэ тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 19, 5 дугаар сарын 23, 6 дугаар сарын 06-ны өдрийн, Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 4 дүгээр сарын 20, 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдааныг тэмдэглэлийн хуулийн төслийг хэлэлцсэн холбогдох баримтаас үзэхэд тус хуулийг Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт...зэрэгтээ уялдуулан боловсруулсныг[8] хууль тогтоогчид Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн хэмээн баталсан.[9]
Өөрөөр хэлбэл прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Прокурорын тухай хууль болох юм.
Түүнчлэн маргаан бүхий Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн “...55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно...” гэх заалтыг прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэх онцлогт тохирсон үйл ажиллагааны баталгааг хангахаар хууль санаачлагчаас оруулсан байх бөгөөд агуулгын хувьд шууд үгчилсэн утгаар нь ойлгохоор байна.
Маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн “55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг баримтлан түүнийг төрийн албанаас “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр түүнд мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.А*********** 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Тэтгэвэр тогтоолгох хүсэлт”-ийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасантай холбоотой зохицуулалт байхгүй...” хэмээн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материалыг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор” зааснаар нэхэмжлэгч Ц.А*********** тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.А*********** өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс Ц.А*********** өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР