| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0080/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
2025 3 06 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.П.Н-д холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч П.Н нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 1008 тоотод өөрийн гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ц.Э гэр бүлийн харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гуя хэсэг рүү нэг удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ц.Э-ны өгсөн: "2025 оны 01 дүгээр сард 16-ны өдөр би өглөө 08 цагийн Төв аймгийн Зуунмод сум .................................. тоотод өглөө гэртээ байж байсан чинь манай хоёр найз болох Т, С нар манай гэрт ирсэн ирэхдээ 1 шил Агар гэх нэртэй 0.75 граммын архи авчраад эхнэр бид 4 ууцгаасан. Тэгээд манай хоёр найз 12 цагийн үед уучхаад явсан. Тэгээд байж байтал манай эхнэр Н үеэл ах болох Ц манайд машинаа янзлуулна гээд ирсэн. Тэгээд машинаа янзалж дуусаад эхнэр бид гурав 2 шил Агар 0.75 граммын архи уусан. Тэгээд ууж дуусчхаад би хамтран амьдрагч болох Н маргалдсан байх би их согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Н зүүн талын орон дээр сууж байсан харин би хажууд нь зогсож байсан. Манай эхнэр уурлаад ширээн дээрээс хутга шүүрч аваад миний зүүн гуя хэсэг рүү 1 удаа дүрчихсэн. Тэгээд тэр цагаас хойш би юмаа сайн санахгүй ухаан балартаад байсан. Тэгээд эмнэлэг цагдаа нар ирээд явцгаасан. Тухайн үед Н-ын үеэл ах Ц бид 3 гэрт байсан. Нийт 4 шил 0.75 граммын архи уусан их согтуу байсан болсон зүйлийн талаар бүдэг бадаг санаж байгаа. Өөрийгөө хянах чадвар муу байсан. Би Н-тай хамт амьдраад 5 жил болж байгаа гэр бүлийн баталгаа байхгүй дундаасаа хүүхэд байхгүй. Хоорондоо маргалдаад л тийм зүйл болсон байх. Миний зүүн гуя хэсэгт 1 удаа хутгалсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй...Би 16 цагийн үед хутгалуулсан санагдаж байна. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад хохиролтой холбоотой баримт байхгүй байна. Н бид 2 ярилцаж эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г-н өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч П.Н нь Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж..............тоотод 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Ц.Э биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирог Ц.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 106.190 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Н-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч П.Ц-н өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар баг 1008 тоотод байх дүү Э өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ залуулах гэж ирсэн. Ирээд 3 хоног машинтай ноцолдож 2025 оны 01 дүгээр сарын 16-ны дууссан. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө Н, Энхчулуун 2 дээр танихгүй 2 хүнтэй архи уугаад нөгөө 2 хүн нь архи ууж байгаад үдээс хойш яваад өгсөн. Би 13 цагийн үед машинаа янзалж дуусчхаад дүү Э 1 шил "Агар 0.75 литрийн архи эхнэртэй цуг 3-лаа уусан. Тэгээд архи дуусаад дахиад 0.75 литрийн "Агар гэх архи уусан ууж байгаад би согтоод унтаад өгсөн. Гэрт шуугилдаад байхаар нь сэрсэн чинь Нын том хүү орж ирээд Н-ыг та хүн аллаа шүүдээ гээд загнаад байсан удалгүй эмнэлэг цагдаа нар цуг яваад ирсэн ийм л зүйл болсон. Э, Н бид 3 байсан. Зүүн гуя хэсэгт 1 удаа хутгалсан юм шиг байсан зүүн гуяа бариад нарийхан боолтоор боогоод цусны тогтоогоод байсан. Нээх айхтар согтуу биш байсан. Цохиж зодоогүй байх би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна сэрсэн чинь Н-ын том хүү орж ирээд ээжийгээ загнаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Шүүгдэгч П.Н-ын өгсөн: "Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Би Төв аймгийн Зуунмод сум Нацагдорж 5 дугаар баг Б2-1008 тоотод гэртээ байж байсан чинь өглөө 08 цагийн үед Т, С гэх Э найзууд манай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг засчихлаа гээд манай гэрт хүрээд ирсэн тэр хоёр ирэхдээ 1 шил Агарын 0.75 граммын архитай ирсэн тэгээд авчирсан архийг уугаад үргэлжлүүлээд 3 шил архи нийт 4 шил Агар гэх нэртэй 0.75 граммын архи уусан. Тэгээд их согтуу байсан болохоор Энхчулуунтай яг юунаас болж маргалдсан талаараа би сайн санахгүй байна нэг мэдсэн чинь манай хүү Н миний дунд охин Г, манай бэр С нар гэрт орж ирээд ээж та яаж байгаа юм бэ аав өнгөрчхөөд удаагүй байхад чинь та бас шоронд орох чинь дутаа юу гэж хэлэхэд нь би ухаан орж сэргээд харсан чинь Э зүүн гуя хэсгээс нь цус гараад босоод ирсэн. Тэгээд Э гуя хэсгээ цэнэглэгчийн залгуураар боогоод цус гарч байсан хэсгээ тогтоогоод байсан. Цус нь тогтохгүй гараад байсан. Тэгээд манай охин Г түргэн тусламж дуудсан. Би яг тухайн үед өөрийгөө хянах чадваргүй болоод хүн хутгалсан байх. Тухайн үед би Э хутгалж байхад Ц гээд манай хуурай ах байсан. Би Э гэр бүлийн баталгаа байхгүй хамт амьдраад 5 жил болж байна дундаасаа хүүхэд байхгүй. Зүүн гуяны ар хэсэгт нь 1 удаа хутгалсан. Цохиж зодсон асуудал байхгүй өмнө намайг цохиж зоддог байсан. ...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 цагийн үед би гэр болох Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг Усны аж ахуй 1008 тоотод хамтран амьдрагч Э байхад гаднаас Э найз С, Т нар ирсэн ба 1 шил 0.75 литрийн Хараа гэдэг архитай ирсэн. Тэгээд бид 4 хувааж уусан ба архи дуусаад 12 цагийн үед С, Т 2 явсан. Тэгсэн хэдэн минутын дараа Э танил хуурай ах Ц машинаа засуулах гэж ирсэн ба 1 шил 0.75-н архитай ирсэн. Тэгээд Э бид 3 хувааж уусан. Архи дуусаад Ц дэлгүүр явж мөн 0.75 литрийн архи авчихсан. Тухайн архийг Э, Ц бид 3 хувааж уусан. Тэр архинаас ууж байгаад би их согтоод тасарчихсан. Нэг сэргэсэн цагийг нь сайн санахгүй байна, гэгээ тасраагүй байсан ба би гартаа хутгатай байсан ба Э зүүн гуянаас цус гарчихсан газраас босож ирсэн. Мөн манай хүү Н ороод ирчихсэн "Ээж та яаж байгаа юм бэ, аав өнгөрчхөөд байхад чинь та араас нь муухай юманд явах гэж байгаа юм уу" гэж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Намайг сэргэхэд Э, Ц, Н болон түүний эхнэр байсан. Ц унтаад дөнгөж босож байгаа шинжтэй байсан. Би сэргэхдээ гартаа хутгатай байсан. Би хутгалсан байхаа гэж бодож байна. Би өмнө Э зодож цохиж байгаагүй. Бид 2 маргалдаж муудалцаад байдаггүй. Тухайн үед юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 57/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ТӨВ0725/106 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Э-ны биед зүүн гуянд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-ийн 34-35/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0125/716 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас 1 ширхэг гарын мөр илэрсэн. Уг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна. Цаашид харьцуулсан шинжилгээ хийх боломжгүй.” гэх /хх-ийн 40-41/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны №1289 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 12 см, нийт 26.3 см, урттай бор өнгийн хуванцар иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн ажлын хэсэгт нь хутганы ажлын хэсгээс цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус биш байна." гэх /хх-ийн 44-45/,
хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,
яаралтай тусламжийн хуудас №190 /хх-ийн 2/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч П.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч П.Н нь Төв аймгийн Зуунмод .............тоотод өөрийн эзэмшлийн гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ц.Э-тай архидан согтуурч улмаар ямар нэг шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдаж зүүн гуя хэсэг рүү нэг удаа хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, цус хуралт бүхий хохирол учруулсан энэ нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч П.Н-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ц.Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн 87 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлтээр тогтоогдсон,
Хохирогч Ц.Э эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын улмаас Эрүүл мэндийн байгууллагаас 106 190 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н өгсөн "Ц.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 106 190 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Н-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх төлбөрийг нөхөн төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 12 см, нийт 26.3 см урттай бор өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутаг хураагдан ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 12 см, нийт 26.3 см урттай бор өнгийн хуванцар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ