| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514001420110 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч В.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зээгийн 3 дугаар гудамжны харалдаа асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт зааснаар.. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч иргэн *******ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж биед нь шуу, зүүн чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэг санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 90-91/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөөний 07 цаг 30 минут үед ажил руугаа явах гээд ганцаараа явсан. Баянхонгор сумын 2 дугаар баг Зээгийн 3 дугаар гудамжны харалдаа засмал замын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш гарах гээд замаар гарч бараг дуусах гэж байх үед намайг машин мөрөөд газарт унагаасан. Тэр машин нь приус 20 маркийн цагаан саарал өнгийн машин байсан. Тэр машин их л хурдан явж байгаа харагдсан намайг мөргөөд зогссон. Тэр машины жолооч над руу гүйж ирээд жолооч эмэгтэй хүн нь би таныг зөөлхөн мөргөчихлөө та босооч гээд байсан. Жолооч эмэгтэй түргэн дуудаад түргэний машин эмч ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт ирээд өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн, рентген зураг авхуулсан зүүн гар бугуйн хэсгээрээ хугарсан, зүүн талын хөлийн сүүжний доогуур дунд чөмөг хугарсан байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт байж байгаад осол болсон өдрөө шууд Улаанбаатар хот руу яваад хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж үзүүлж хөлөө хадуулсан. Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Осол болсон өдөр явган хүний гарцаар гарч явсан. Намайг гарцаар гарч байх үед тэр машин ойролцоогоор 50 метр орчим зайтай явж байсан. Хурд сааруулагч орчимд гарах гэж байгаа харагдсан. Би бол явган хүний гарцаар гараад бараг дуусаж байсан бөгөөд нэг хөлөө явган хүний зам дээр тавьчихсан байх үед намайг мөргөчихсөн. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учирсан зүйл бол байхгүй эмчилгээ хийлгэж байх үедээ сэтгэл зүйчтэй уулзсан хэвийн байна гэж хэлж байсан. Надад өөрт мэдэгдэж байгаа зүйл байхгүй байна. Би сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Харин миний биед бол гэмтэл учирсан. Намайг мөргөсөн жолооч Улаанбаатар хот руу явах унаа гаргаж өгч Улаанбаатар хот руу явуулсан. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэх ор хоногийн мөнгийг өгсөн хөл хадуулсан хадаасны мөнгө өгсөн. Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирэх бензин хийж өгсөн. Тэр жолооч надад тодорхой хэмжээнд тусалж дэмжиж байгаа. Эмнэлгийн байгууллагаас миний хөлийг бол гамаа бариад байвал эдгэрнэ гэж хэлсэн. Гар бол бороолоод өөрөөрөө эдгэрэх магадлалтай гэж хэлсэн. Би Баянхонгор сумын Гэгээн Сумади сургуульд үйлчлэгч хийдэг ажилтай байсан бөгөөд нэг сарын 1,080,000 төгрөгийн цалин авдаг байсан. Гэтэл ажлаа хийж чадахгүй болчихлоо тийм учраас би одоо ажилдаа явж чадахгүй байгаа болохоор ажилгүй, орлогогүй ар гэр хэцүүдэж байна. Тийм учраас би ажлынхаа цалинг л нэхэмжилж байна.. би тухайн зам тээврийн осол болсон өдрөөс хойш Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж үйлчилгээ авсан, эмнэлгээс гарсны дараа тогтмол үзүүлж хянуулж байгаа, би энэ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг эдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...би одоо буруутай жолоочоос 10000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг/хх-ийн 21-22, 25/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,675,484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,675,484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байх тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг/хх-ийн 33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 162 дугаартай
1.*******ын биед шуу, зүүн чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтлүүд нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... гэх дүгнэлт/хх-ийн 45-46/,
Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай
1 . Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
.Toyota pruis-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В. ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуульд заасан дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:
А. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт зааснаар.. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө ...гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Явган зорчигч ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
4. Хэргийн газрын үзлэг, хэрэг учрал болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, шинжээчийн 162 дугаартай дүгнэлт, цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн лавлагаа, хохирогчийн, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримт бичгийг үндэслэж дүгнэхэд тухайн осол гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл нь Toyota pruis-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В. ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсгийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон улмаас тухайн зам тээврийн осол гарсан хэмээн дүгнэх үндэслэлтэй байна.
5. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тусгах зүйл үгүй...гэх магадалгаа/хх- ийн 78-81/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 2-6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 /, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14-15/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15-16/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-19/, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-75/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/-93, эд хөрөнгө, бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 98/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99-100/, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100-101/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110-111/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч В.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зээгийн 3 дугаар гудамжны харалдаа асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт зааснаар..Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч иргэн *******ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж биед нь шуу, зүүн чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ы.....Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг/хх-ийн 90-91/,
Хохирогч *******ын..засмал замын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш гарах гээд замаар гарч бараг дуусах гэж байх үед намайг машин мөрөөд газарт унагаасан,...эмнэлэгт ирээд өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн, рентген зураг авхуулсан зүүн гар бугуйн хэсгээрээ хугарсан, зүүн талын хөлийн сүүжний доогуур дунд чөмөг хугарсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 21-22, 25/,
Иргэний нэхэмжлэгч *******ын... Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,675,484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байх тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна..гэх мэдүүлэг/хх-ийн 33/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 162 дугаартай...*******ын биед шуу, зүүн чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо,...хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт/хх-ийн 45-46/,
Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн.... жолооч В. ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт зааснаар... Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна....гэх магадалгаа /хх- ийн 78-81/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч В.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Зээгийн 3 дугаар гудамжны харалдаа асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ын биед шуу, зүүн чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг гэж зүйлчлэхээр хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шууд шалтгаант холбоотой юм.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээ болон бусад зардалд нийт 5000000 төгрөгийг өгсөн, мөн түүний ажилгүй байсан хугацааны цалин 8000000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1675484 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд нийт 1675484 төгрөгийг төлж барагдуулсан / хх-ийн 27/ болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах... дүгнэлтийг дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…”мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус хуульчилжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдүүдтэй, малчин, 200 толгой малтай, хувьд ноогдох хөрөнгөтэй, нөхөр уурхайд жолооч хийдэг/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй талаар бичгийн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх, тусламж үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл учирч болзошгүй нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т...Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы № ******* дугаар жолоочийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы № ******* дугаар жолоочийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА