Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,

      Орчуулагч, хэлмэрч Т.Х,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-,

      Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2513000000036 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгк аймгийн Өлгий суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой саньехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар /Цагаан эрэг/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.б овогт А-ы А-, регистрийн дугаар: БЮ..........;

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.А- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ж-ыг зодож, тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хамрын нуруунд бага зэрэг хавантай, хамрын нурууны таславч мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын зүүн талын сүвний дээд талд шалбарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:  “Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэв.

3. Хохирогч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдолгүй, надад учирсан хохирлыг төлж өгвөл боллоо. Улаанбаатар хот руу ажилдаа явах байсан боловч явж чадаагүй. Уг хохиролд сэтгэл санааны хохирлыг нэмээд нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна”  гэв

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000036 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

5. Иргэн Б.Ж-аас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

7. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

8. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

9. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

10. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/10 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

11. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

13. Шүүгдэгч А.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/,

14. Шүүгдэгч А.А-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/,

15. Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

17. Шүүгдэгч А.А-, хохирогч Б.Ж-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

18.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

19. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

20. Шүүгдэгч А.А- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ж-ыг зодож, тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хамрын нуруунд бага зэрэг хавантай, хамрын нурууны таславч мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын зүүн талын сүвний дээд талд шалбарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

21. Иргэн Б.Ж-аас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

22. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

23. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед миний төрсөн дүү С- манай гэрт гүйж ирсэн бөгөөд гадна өмссөн дулаан хувцасгүй ганц давхар нимгэн цамцтай ирсэн. Би төрсөн дүү болох С-ээс юу болсон талаар асуухад надад хандаж нөхөр болох А.А- намайг гэрээс хөөсөн гэж хэлсэн. Улмаар миний уур хүрч Өлгий сумын 10 дугаар багт байрлах хүргэн дүү болох А.А-ын гэрт очиж А.А-д хандаж чи яагаад миний дүүг гэрээсээ хөөдөг юм бэ, чи сэтгэцийн өвчтэй хүнийг яагаад дээрэлхээд байдаг юм бэ гэж хэлэхэд А.А- надад хандаж чи яагаад дүүгээ гэртээ дуудаад байдаг юм бэ гэж хэлж улмаар бид хоёрын хооронд маргаан үүссэн. А.А- миний баруун талын нүд хэсэг рүү гараараа цохиход би газарт унасан ба үргэлжлүүлэн миний зүүн нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө удаа дараа өшиглөхөд нь би гараараа хаасан тул миний дагз хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

24. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...эмч хамрын хагалгаанд хоёр сарын дараа Улаанбаатар хот руу явж хийлгэх талаар хэлсэн, хоёр сарын дараа хагалгаа хийлгэж уг мөнгийг иргэний журмаар холбогдох баримтаа гаргаж байгаад нэхэмжилнэ... А.А-д зодуулсны улмаас толгой эргэх, хамар битүүрэх зэрэгтэй тулгарч байгаа ба сэтгэл санаагаар маш их унах болсон тул сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

25. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ж- нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өприйн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,611,278 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

26. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/10 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

27. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд тэр газарт А.А-оос Б.Ж- нь С-ийг хаана байгаа талаар, гэрээс яагаад хөөсөн талаар асуухад А.А- хэрүүл маргаан үүсгэж Б.Ж-ыг зодсон байна. Тэгээд над руу Б.Ж- утсаар залгаж намайг А.А- зодчихлоо, нүүр ам цус болчихлоо гэж хэлсэн. ...Б.Ж-ын нүүр, ам нь хавдсан, хөхөрсөн байсан. Хоёр нүд нь хавдаад бараг анигдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

28. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай “...Б.Ж-ын биед тархины доргилттой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүд, хамрын нуруунд бага зэрэг хавантай, хамрын нурууны таславч мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын зүүн талын сүвний дээд талд шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо. Б.Ж-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтад нөлөөлөхгүй. ...дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

29. Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

31. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     32. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

33. Шүүгдэгч А.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

34. Шүүгдэгч А.А-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

35. Шүүгдэгч А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

36. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал, үл ойлголцол шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

37. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

38. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус заасан байна.

39. Шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол болох 5,000,000 төгрөгийн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.

40. Эрүүгийн хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/10 дугаартай албан бичгээр ирүүлсэн даатгуулагч Бекмуратын Жахсылыхын 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний цахим мэдээллээс үзэхэд түүний эмчилгээнд зориулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 1,611,278 төгрөг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,611,278 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

41. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-ын:“...Эрүүл мэндийн даатгалын байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй тул А.А- хохирол төлөх үндэслэл байхгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

42. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “..Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

43. Хохирогчийн өмгөөлөгч Х.З-аас: “..Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

44. Шүүгдэгч А.А-оос: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

45. Шүүгдэгч А.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

47. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, мөн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 48. Шүүгдэгч А.А- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

49. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. 

50. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.  

52. Шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

53. Тодруулбал, шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

54. Хэрэв шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй. 

55. Шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

56. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна. 

57. Шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.б овогт А-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,611,278 /нэг сая зургаан зуун арван нэгэн мянга, хоёр зуун далан найм/ төгрөг гаргуулан Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК