| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгч Д.К- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.К-д холбогдох эрүүгийн 2513000000108 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тус аймгийн Ц- сумын ерөнхий боловсролын ... дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын 4 дүгээр /Хөшөөт/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх С овгт Д-гийн К-, регистрийн дугаартай: БЛ.........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.К- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ..-.. УАА улсын дугаартай, Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Ц- сумын 03 дугаар /Цагаан түнгэ/ багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.К-ын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул гэм буруутайд тооцож, түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.
2.Шүүгдэгч Д.К- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, би машин унаагүй ба машиныг гараажинд тавьсны дараа архи уусан” гэв.
Эрүүгийн 2513000000108 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
3. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
5. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/1247 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
6. Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
7. Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
8. Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/,
9. Яллагдагч Д.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгчээс хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
10. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.К-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
12. Шүүгдэгч Д.К- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ..-.. УАА улсын дугаартай, Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Ц- сумын 03 дугаар /Цагаан түнгэ/ багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
13. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
14. Эрх бүхий албан тушаалтны “Иргэн Д.К- согтуурлын хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 32 минутад шалгахад 0.66 хувьтай гарсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
15. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/1247 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
16. Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ц- сумын төвд байсан. Тэр өдөр миний бие сургуулийн манаач буюу ээлжтэй өдөр байсан. Тэгээд орой 17 цагийн орчим гэр лүүгээ гудамжаар явган явж байхад манай сургуулийн багш нар болох Т.Э-, Д.К- хоёр Т.Э-ын “Тоуоta аqua” маркийн тээврийн хэрэгслээр миний хажууд ирж машинд суучих гэж хэлсэн ба би уг машинд суусан. Машин дотор Т.Э-, Д.К- хоёр байсан ба нэг шил архи задалсан уугаад явж байсан. Надад архи хийж өгсөн ба миний бие ажилтай гэж хэлээд уг архинаас уугаагүй. Тэгээд зогсож байсан газраас Т.Э- ах машинаа жолоодож нэг дэлгүүрийн гадна ирсэн ба би буцаад 1 хайрцаг тамхи авч Т.Э- ахад өгөөд би өрөө бэлэн хоол, ундаа аваад гэр лүүгээ очиж буугаад үлдсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
17. Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгт дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Тэр мэдүүлэг дээр тодорхой үнэн зөв мэдүүлсэн болно. Бүгд үнэн зөв. Д.К- бид хоёр “Хараа” нэртэй 0.33 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. М.Ө-ыг замаас машиндаа суулгаж авсан болохоос тэр хүн огт архи уугаагүй болно. Миний бие өөрийн эзэмшлийн “Тоуоta аqua” загварын .... УАА улсын дугаартай саарал тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тэгээд Д.К- бид хоёр 1 шил архи уусны дараа миний бие согтчихоод Д.К- миний машиныг сумын дээд гудамжнаас сумын төвд байдаг гэр хүртэл жолоодож ирсэн. Бид хоёрын архи уусан газраас манай гэрийн хоорондох зай 800 метрийн байсан. Д.К- тэр хүртэл миний машиныг жолоодож ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
18. Цагдаагийн ерөнхий газрын “иргэн Д.К- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/,
19. Яллагдагч Д.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Т.Э-ын ..-.. УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад “Асхар” дэлгүүрийн урд талаас Э-ын гэр хүртэл 500-800 метр зайд байрлах газарт тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодон явсан юм. Т.Э-ын гэрт очоод машиныг нь граажид оруулж өгч Т.Э-ыг гэрт нь оруулж амраачхаад цааш үргэлжлүүлэн М.Ө- бид хоёр дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай 1 шил “Хараа” гэх архинаас хувааж уугаад гэр гэртээ харьж амарцгаасан юм. Маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед ямар ч шалтгааны улмаас өөрөө цагдаа дээр явж очиход Э- сууж байсан ба юу болсон талаар тодруулахад Э- өөрөө ямар шалтгааны улмаас ирсэн талаараа мэдэхгүй байна гээд сууж байсан юм. Ц- сумын тасгийн дарга надаас гэрчийн мэдүүлэг авч, намайг үлээлгэхэд 0,64 хувийн согтолттой гарсан. Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т.Э-ын машин дотор 0,33 литрийн “Хараа” нэртэй архинаас 2-3 хундага уусан ба машин жолоодох үедээ их согтолттой байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний ухамсаргүй байдлаас л боллоо” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрх зүйн дүгнэлт:
20. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
21. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”, -Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
22. Шүүгдэгч Д.К- нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мотоцикль жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.50 промилль согтолттойгоор улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/1247 дугаартай шийтгэврээр шүүгдэгч Д.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 10-12 дахь тал/ тул шүүгдэгч Д.К-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
24. Шүүгдэгч Д.К- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтуурсан үедээ ..-.. УАА улсын дугаартай, Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Ц- сумын 03 дугаар /Цагаан түнгэ/ багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
25. Шүүгдэгч Д.К- нь “...би машиныг Т.Э-ын гэрт хүргэж өгсний дараа архи уусан” гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна, гэрч Т.Э-, М.Ө- нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
26. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
27. Шүүгдэгч Д.К-ын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хайнга байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
29. Шүүгдэгч Д.К-ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
30. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Д.К-ыг дээрх гэмт хэргийг удаа дараа давтан үйлдсэн болон түүний согтолтын зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.К-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
32. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
33. Шүүгдэгч Д.К-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
34. Шүүгдэгч Д.К-ын хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/-аар тогтоогдож байна.
35. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
36. Шүүгдэгч Д.К-ыг эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй.
38. Шүүгдэгч Д.К- нь тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/1247 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоов.
39. Энэ хэрэгт шүүгдэгч Д.К- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
40. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгт Д-гийн К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.К-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/1247 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Д.К- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК