Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........... оршин суух, ....... онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ............, И....... овогтой Л...........ийн Г...............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УАХХҮГ-т холбогдох,

2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.689.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3.355.000 төгрөг, татварт төлөх цалингийн 10 хувийн шимтгэл 1.068.900 төгрөг, Төрийн албан хаагч нарт олгосон 300.000 төгрөг, татвараас олгогдох байрны хөнгөлөлт 2 жилийн 960.000 төгрөг, нийт 16.372.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 онд төрсөн, 29 настай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би ХХҮГт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/70 тоот даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан билээ. Тухайн үед миний бие 10 сартай жирэмсэн байсан бөгөөд тэр үед хуулийн дагуу аймгийн Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0399 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болон дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Гэтэл ХХҮГ-ын дарга Д.Ц Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу тус шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0076 дугаар магадлал гаргасан. Тэгээд хариуцагч байгууллага дахин Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаагүй ба 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан юм. Би ХХҮГ-т 2013 онд анх ажилд ороод, 3 жил гаруй хугацаанд ажилласан. Би 2016 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн ба түүнээс хойш одоог хүртэл ажилдаа ороогүй бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол 2018 оны 7 дугаар сард хүчин төгөлдөр болсон боловч одоо болтол ажилд авахгүй хохироож байна. Би ХХҮГ-т мэргэжилтнээр ажиллаж байхдаа сард тогтмол 509.948 төгрөгийн цалин авдаг байсан болно. Би 2 жил шахам ажилгүй байсан бөгөөд эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирлоо. Миний бие тухайн байгууллагын даргын буруутай үйл ажиллагаанаас ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд надад тухайн үед ямар ч буруу үйлдэл байхгүй байсанИймд 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 21 сарын цалин бүгд 10.689.00 төгрөг, ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх байсан 3.355.00төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингаас татварт хэзээч шимтгэл төлөхгүй бөгөөд цалингийн 10 хувийн шимтгэл 1.068.900 төгрөгийг тухайн байгууллагаас татварын хэлтэст төлүүлэх, төрийн албан хаагч нарт төрөөс олгосон буцалтгүй тэтгэмж 300.000 төгрөг, төрийн албанд ажиллаж байхад байр худалдан авсан бөгөөд байрны хөнгөлөлтөд хамрагдаж татвараас жилд 480.000 төгрөг, 2 жилд 960.000 төгрөг авах ёстой байсныг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд ХХҮГ-н дарга Д.Ц-оос бүгд 16.372.000 төгрөг гаргуулан хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч УАХХҮГ-ын дарга Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Танай шүүхэд нэхэмжлэх гаргасан Л.Г-ийн нэхэмжлэлд дараах тайлбар хүргүүлж байна. Л.Г нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр ТҮ-6 зэрэглэлээр цалинжиж ажиллаж байсан. 2016 оны ХХҮЕГ-ын даргын аймгийн ХХҮГын бүтэц орон тоог баталсан Б/21 дүгээр тушаалын хавсралтаар уг ажлын байр хасагдаж өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэсэн шинэ ажлын байр бий болж ТЗ-5 зэрэглэлээр цалинжих төрийн захиргааны албан тушаал юм. Л.Г нь дараах үндэслэлээр уг ажлын байранд тэнцэхгүй тул ажлаас чөлөөлөгдсөн. Мэргэжил ур чадварын хувьд шинэ ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байсан. Л.Г төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан биш. Учир нь Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байх хугацаандаа орсон гэх боловч энэ тухай мэдээлэл манай байгууллагад байгаагүй. Хэрвээ Л.Г дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тохиолдолд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 86 дугаар тогтоолоор баталсан журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар тухайн нутаг дэвсгэрт орших төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд нэр дэвших эрхтэй. Гэтэл уг журам зөрчиж Нийгмийн халамжийн хэлтсийн хэсэг мэргэжилтэн тангараг өргөх үеэр хамт хууль бусаар тангараг өргөж тангарагийн хуудас авсан байдаг. Иймд төрийн захиргааны албан тушаалд үлдэх боломжгүй байсан. Энэ тухай холбогдох нотлох баримт тайлбар хүргүүлсэн хэдий ч Захиргааны хэргийн анхан шат шатны шүүх үнэлээгүй болно. Дээрх үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар материалуудыг бүрдүүлж байна. Шүүхийн шийдвэр гардан авснаас хойш Л.Г рүү хэд хэдэн удаа утасдсан хэдий ч утсаа авахгүй энэ өдрийг хүртэл холбоо барихгүй байгаа болно. Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгууллагын нягтлан бодогчийн тооцооллоор ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг хасаад 9.179.064 төгрөгийн цалин олгох тооцоо гарч байгаа ба цалингийн сан хүрэлцээгүйгээс олгох боломжгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч УАХХҮГ-т холбогдуулан, 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.689.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3.355.000 төгрөг, татварт төлөх цалингийн 10 хувийн шимтгэл 1.068.900 төгрөг, Төрийн албан хаагч нарт олгосон 300.000 төгрөг, татвараас олгогдох байрны хөнгөлөлт 2 жилийн 960.000 төгрөг, нийт 16.372.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Л.Г-т аймгийн ХХҮГ-аас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.529.844 төгрөгийн буюу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.689.000 төгрөгөөс хасч, үлдэх 9.159.156 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэсэн ба шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч УАХХҮГ-аас Л.Г-т ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг хасаад 9.179.064 төгрөгийн цалин олгох тооцоо гарч байгаа ба цалингийн сан хүрэлцээгүйгээс олгох боломжгүй байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Нэхэмжлэгч Л.Г 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн НХҮХ-т Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр ажиллаж байсан ба Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ХХҮГ ажиллахаар болж, аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж, аймгийн ХХҮГ болж, өөрчлөн байгуулагдсан.

Улмаар байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан ХХҮЕГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Аймаг, нийслэл, дүүргийн ХХҮГ-ын бүтэц, орон тоо батлах тухай Б/21 тоот тушаалыг үндэслэн Л.Г-ийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаснаар түүнийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0076 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор тус тус УАХХҮГ-ын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн боловч одоо хүртэл уг шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Ингээд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ.

1. 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.159.156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд.

Л.Г 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 21 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шаардсан, мөн аймгийн ХХҮГ-аас нэхэмжлэгчийн Хаан банкны ............. дугаарын данс руу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1.529.844 /509.948 х 3/ төгрөгийг шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 10, 9, 6 дугаар саруудад тогтмол 509.948 төгрөгийн цалин авсан тухай бичигдсэн байх ба уг 509.948 төгрөгийг 21 сараар тооцоход нийт 10.708.908 төгрөгийн нөхөн төлбөр авах эрхтэй, үүнээс 3 сарын тэтгэмжийг хасч тооцоход 9.159.156 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагч УАХХҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Л.Г-т олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар Л.Г-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /21 сарын/ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр Л.Г 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1.529.844 төгрөгийг авсан боловч үүнээс түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дэвтэрт нөхөн бичилт хийгдээгүй байгааг харгалзан дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг хийлгэж, холбогдох баримтад бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагатай гэж үзэв.

2. Төрийн албан хаагчдад олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын дагуу төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөгийг олгохоор тогтоосон ба нэхэмжлэгч Л.Г уг хугацаанд ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байсан бол тухайн урамшууллыг авах эрхтэй байсан тул уг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

3. Нийгмийн даатгалын шимтгэл 3.355.000 төгрөг, татварт төлөх цалингийн 10 хувийн шимтгэл 1.068.900 төгрөг, мөн татвараас олгогдох байрны хөнгөлөлт 2 жилийн 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д Энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, ажилтны цалин, хөлс-өөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хуулиудад заасан хувь хэмжээгээр ажил олгогч, ажилтан хариуцан төлөхөөр тогтоосон ба Л.Г-т нийгмийн даатгалын шимтгэл 3.355.000 төгрөг-ийг цалингаас гадуур нэмж гаргуулах үндэслэлгүй, түүний сарын цалин 509.948 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан бөгөөд уг хуульд заасны дагуу ажил олгогч өөрийн буруутай шийдвэрийн улмаас хохирол учруулсан тул нэхэмжлэгч Л.Г-ийн цалингийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг УАХХҮГ бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй, харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан байгааг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварт төлөгдөх ёстой байсан 1.068.900 төгрөг /ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.689.000 төгрөгийн 10 хувь/-ийг хариуцагчаас гаргуулж аймгийн Татварын хэлтэст төлүүлэх тухай шаардлага гаргасан боловч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого нь албан татвар төлөгчийн орлогод хамаарна гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д Энэ хуулийн 11.1.1-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулна гэж заажээ.

Тиймээс нэхэмжлэгчийн сарын хөдөлмөрийн хөлс 509.948 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээс 10 хувийн хувь хүний орлогын албан татвар суутгагддаг тул мөн л тусдаа цалин хөлснөөс гадуур нэхэмжилсэн 1.068.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Төрийн албанд ажиллаж байх хугацаандаа орон сууц худалдан авсан, тухайн орон сууц худалдан авсан үнийн дүнгийн хэмжээгээр татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 1 жилийн хөнгөлөлт 480.000 төгрөг авсан, үлдэх 2 жилийн хөнгөлөлт 960.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар төлөгдөөгүйн улмаас авч чадаагүй гэсэн тайлбар гаргаж, орон сууц худалдан авсан үнийн дүнд ногдох татварын хөнгөлөлт 960.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч ажилгүй болж, түүний хувь хүний орлогын албан татвар төлөлтийн байдал тасалдсан, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болсон тухай тайлбарлаж байгаа боловч хэрэгт нэхэмжлэгч хаана байрлах, ямар үл хөдлөх хөрөнгийг хэзээ, хэрхэн худалдан авсан, түүний өмчлөлийн хөрөнгө мөн эсэх, цаашлаад тухайн орон сууцыг хэдэн төгрөгөөр, ямар эх үүсвэрээр худалдан авсан талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй.

Түүнчлэн ажилгүй, орлогогүй болсны улмаас хувь хүний орлогын албан татварын төлөлт тасалдаж, тухайн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болсон бол энэхүү шийдвэрийн дагуу гарсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговороос хуульд заасан журмын дагуу хувь хүний орлогын албан татвараа төлж, уг хөнгөлөлтөд хамрагдах, энэ талаарх асуудлыг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.159.156 төгрөг болон төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, нийт 9.459.156 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгож шийдвэрлэв.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар Л.Г-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /21 сарын/ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг УАХХҮГ-т даалгах нь зүйтэй.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэлд 3.355.000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.068.900 төгрөг, татварын хөнгөлөлт 960.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАХХҮГ-аас 9.459.156 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 166.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч УАХХҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.159.156 төгрөг болон төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, нийт 9.459.156 /есөн сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгосугай.

 

2.      Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар Л.Г-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /21 сарын/ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч УАХХҮГ-т даалгасугай.

 

3.      Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэлд 3.355.000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.068.900 төгрөг, татварын хөнгөлөлт 960.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАХХҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 166.296 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА