Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2021/02465/И |
Дугаар | 183/ШШ2022/00766 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/00766
2022 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2022/00766 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Нэхэмжлэгч: Алтангэрэлийн А-агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чонос овогтой, Д.Жт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 17.894.800 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч: Чонос овогтой, Д.Жийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр хүндийг сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц.
Иргэдийн төлөөлөгч: Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Цацрал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А нь Д.Жт холбогдуулан 17.894.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Ж нь А.Агаас 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 15 удаагийн шилжүүлгээр нийт 26.410.000 төгрөг зээлж авсан. Мөн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.452.000 вонын үнэтэй Galaxy note20 маркийн утсыг зээлж авсан. Д.Ж нь 26.410.000 төгрөг зээлснээс 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн, мөн 1.452.000 вонын үнэтэй утасны төлбөрт 650.000 вон буюу 1.484.800 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч Д.Жээс зээлийн үлдэгдэл 16.410.000 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөр 1.484.800 төгрөг, нийт 17.894.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13.138.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Д.Ж нь А.Агаас 26.410.000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ зориулалт нь зээлийн гэрээний харилцаа биш, БНСУ-аас бараа авч Улаанбаатар хот руу явуулах, мөн тээврийн зардалд зориулж авсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Мөн 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Гар утас шилжүүлж авна гэж тохироогүй гэв.
Нэхэмжлэгчээс А.Агийн Хаан банкан дахь 00000 тоот депозит дансны хуулга, “Д” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06/В/113 дугаар Тодорхойлолт, Бараа хүлээн авагчийн баримт, К Гараас гарт хүргэлтийн үйлчилгээний баримт гэсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Д.Ж нь А.Ад холбогдуулан нэр хүндийг сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Ж нь А.Агаас авсан мөнгөө эргүүлэн төлж байхад нь тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Д.Жийн оршин суудаг Time square хотхоны оршин суугчдын групп-д Д.Жийн утасны дугаар, автомашины улсын дугаар, автомашины зураг зэргийг оруулан залилан мэхлэгч мэтээр нийтэлж, мөн 36.000.000 төгрөг зээлсэн гэж худал мэдээлэл олон нийтэд тараасан нь Д.Жийн нэр хүндийг гутаасан. Үүнээс шалтгаалж Д.Ж нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд сэтгэл санааны хямралд орсон. Тус нийтлэлээс болж Д.Ж нь өөрийн орчин тойрны хүмүүс болон тус хотхоны оршин суугчдаас санаа зовж, өөрийн гэртээ очиж хонох боломжгүй болж, утасны дугаарыг нь ил гаргаснаас үүдэн удаа дараа өөр дугааруудаас дарамт, сүрдүүлэг ирж, сэтгэл санааны ноцтой хохирол учирсан. Иймд Д.Жийн нэр хүндийг сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.А нь өөрийн esuu est нэртэй фэйсбүүк хаягаасаа Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын группд “Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-ын 803 тоот Д.Ж000 машин нь 0000 УБР ланд 200, 36 сая төгрөг авах ёстой бөгөөд 7.30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь блоклосон тул СӨХ-оос холбогдох араг хэмжээг авч тусална уу” гэсэн мэдээлэл оруулсан нь үнэн. Гэхдээ би түүнийг нэр хүндийг гутаагаагүй бөгөөд залилан мэхлэгч гэж бичээгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс esuu est нэртэй фэйсбүүк хаягаас Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын группд “Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-ын 803 тоот Д.Ж0000 машин нь 0000 УБР ланд 200, 36 сая төгрөг авах ёстой бөгөөд 7.30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь орох эрхгүй болгосон тул СӨХ-оос холбогдох арга хэмжээг авч тусална уу” гэсэн мэдээлэл оруулсан гэх фото зургийг гаргаж өгсөн бөгөөд уг фото зургийн үнэн зөв эсэх талаар буюу уг мэдээллийг А.А нь өөрийн фэйсбүүк хаягаас Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын фэйсбүүк группд оруулсан талаар зохигчид маргаагүй болно. Мөн Д.Жийн Хаан банкан дахь 00000 тоот депозит дансны хуулга гэсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Иргэдийн төлөөлөгч Б.Хулан “...А.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Д.Ж-ийн нэхэмжлэлийн хувьд сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүйгээр үлдсэн шаардлагыг хангах буюу хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Агийн 17.894.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Ж нь А.Агаас 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 15 удаагийн шилжүүлгээр нийт 26.410.000 төгрөг зээлж авсан. Мөн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.452.000 /БНСУ-ын вон/ үнэтэй Galaxy note20 маркийн гар утсыг зээлж авсан. Д.Ж нь 26.410.000 төгрөг зээлснээс 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн, мөн 1.452.000 /БНСУ-ын вон/-ы үнэтэй утасны төлбөрт 650.000 вон буюу 1.484.800 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч Д.Жээс зээлийн үлдэгдэл 16.410.000 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөр 1.484.800 төгрөг, нийт 17.894.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Ж нь А.Агаас 26.410.000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Гэхдээ зориулалт нь зээлийн гэрээний харилцаа биш, БНСУ-аас бараа авч Улаанбаатар хот руу явуулах, мөн тээврийн зардалд зориулж авсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Мөн 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Гар утас шилжүүлж авна гэж тохироогүй. Иймд 13.138.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А.Агийн Хаан банкан дахь 0000000тоот депозит дансны хуулга, “Д ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06/В/000 дугаар Тодорхойлолт, Бараа хүлээн авагчийн баримт, Кэй Жи Би Тэгбэ Гараас гарт хүргэлтийн үйлчилгээний баримт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. А.А нь 2019 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 15 удаагийн шилжүүлгээр нийт 26.410.000 төгрөгийг Д.Жт шилжүүлсэн, үүнээс 10.000.000 төгрөгийг Д.Ж нь буцаан шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаагүй.
2. Нэхэмжлэгч А.А “...26.410.000 төгрөгийг Д.Жт зээлдүүлсэн, үүнээс 10.000.000 төгрөгийг буцаан авсан” гэсэн тайлбар гаргасан, хариуцагч Д.Ж “...зээл аваагүй, харин бараа худалдан авч Улаанбаатар хот руу явуулах, тээврийн зардалд зориулан 26.410.000 төгрөгийг шилжүүлж авсан, үүнээс 10.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн” гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн “...Д.Жт шилжүүлсэн 26.410.000 төгрөгөөс түүний буцаан өгсөн 10.000.000 төгрөгийг хасаж тооцон 16.410.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Жийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, түүнээс 16.410.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
3. Харин нэхэмжлэгчийн “...гар утасны үлдэгдэл төлбөр 1.484.800 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь А.Агаас Д.Жт шилжүүлж өгсөн гэх Galaxy note20 маркийн гар утасны үнэлгээ нь 1.452.000 вон /монгол төгрөгөөр/ болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Мөн Д.Жийн Хаан банкан дахь 00000000 тоот депозит дансны хуулганы 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээнд “...А.Агийн Хаан банкан дахь 00000тоот дансанд 2.000.000 төгрөгийг Galaxy note20 гэсэн агуулгаар шилжүүлсэн” байх тул нэхэмжлэгчийн “...гар утасны үлдэгдэл төлбөр 1.484.800 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Хариуцагч Д.Жээс 2.000.000 төгрөгийг Galaxy note20 гэсэн нэрээр А.Агийн дансанд шилжүүлснийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн “...26.410.000 төгрөг”-т хамааралгүй гэж үзэв.
4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Жээс 16.410.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.484.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.
5. Нэхэмжлэгч Д.Жийн нэр хүнд сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Ж нь А.Агаас авсан мөнгөө эргүүлэн төлж байхад нь тэрээр өөрийн фэйсбүүк цахим хуудсаараа дамжуулан Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын фэйсбүүк группд “Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-ын 803 тоот Д.000000 машин нь 0000 УБР ланд 200, 36 сая төгрөг авах ёстой бөгөөд 7.30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь блоклосон тул СӨХ-оос холбогдох арга хэмжээг авч тусална уу” гэж Д.Жийг залилан мэхлэгч мэтээр мэдээлэл оруулсан. Үүнээс шалтгаалж Д.Ж нь өөрийн орчин тойрны хүмүүс болон тус хотхоны оршин суугчдаас санаа зовж, өөрийн гэртээ харих боломжгүй болж, утасны дугаарыг нь ил гаргаснаас үүдэн удаа дараа өөр дугааруудаас дарамт, сүрдүүлэг ирж, сэтгэл санааны ноцтой хохирол учирсан гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А.А нь өөрийн esuu est гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын группд “Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-ын 803 тоот Д.00000 машин нь 0000 УБР ланд 200, 36 сая төгрөг авах ёстой бөгөөд 7.30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь блоклосон тул СӨХ-оос холбогдох араг хэмжээг авч тусална уу” гэсэн мэдээлэл оруулсан фото зураг, Д.Жийн Хаан банкан дахь 0000000000 тоот депозит дансны хуулга гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч А.А нь өөрийн esuu est гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас Ривер гардан, Тайм скүэр хотхоны оршин суугчдын группд “Админаа заавал оруулаад өгөөч би гадаад байгаа бөгөөд тайм скүэр 501-ын 803 тоот Д.Ж0000 машин нь 3377 УБР ланд 200, 36 сая төгрөг авах ёстой бөгөөд 7.30-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бүх дугаарыг минь блоклосон тул СӨХ-оос холбогдох араг хэмжээг авч тусална уу” гэсэн мэдээлэл оруулсан нь нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлд дурдсанаар “...түүнийг залилан мэхлэгч мэтээр мэдээлэл оруулсан, мөн уг мэдээллээс шалтгаалан Д.Ж нь өөрийн гэртээ харих боломжгүй болж, түүний гар утасны дугаарт өөр дугааруудаас дарамт, сүрдүүлэг ирсэн, Д.Жийн сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийн гэм хор учирсан” болох нь нотлогдохгүй болно
7. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Д.Жийн нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох, нэр хүнд сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэдийн төлөөлөгч Б.Х-гийн “...А.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин Д.Жийн нэхэмжлэлийн хувьд сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүйгээр үлдсэн шаардлагыг хангах буюу хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 247.424 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-ээс улсын тэмдэгтийн хураамжид 240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэг А.Ад олгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв
Харин тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2021/0000 дугаар “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн 2 дахь заалтаар “хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан хариуцагч Д.Ж-т олгосугай” гэж шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэгч Д.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсарган шүүхэд өгсөн байна. Иймээс түүнийг “...20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байна гэж дүгнэн, улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Жээс 16.410.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.484.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Д.Жийн нэхэмжлэлтэй, А.Ад холбогдох, нэр хүнд сэргээлгэх, олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фейсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 247.424 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жээс улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Г.СОЛОНГО