| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
2025 04 23 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Ууганцэцэг,
шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оюунчимэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Т.Д-д холбогдох ******************* дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х овогт Т.Д,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Д нь Төв аймгийн Эрдэнэ сумын Байдлаг 1 дүгээр багийн “Дулаан хааны эх” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр, хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод буюу нийт 20 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч, бэлтгэж, байгаль орчинд 1,159,154 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
“Шүүгдэгч Т.Д нь Төв аймгийн Эрдэнэ сумын Байдлаг 01 дүгээр багийн "Дулаан хааны эх" гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр, хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод буюу нийт 20 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж байгаль орчинд 1,159,154 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Т.Д-ийн өгсөн: “Би Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт оршин суудаг. 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-нд 20 ширхэг мод бэлтгээд уулнаас зөөгөөд гол дээр аваачсан байсан. Тэнд бараг 10 гаруй хоносон. Улмаар цагдаад баригдсан. Адууны хашаа барих зорилгоор мод бэлтгэсэн. Ачих машинд ойртуулах зорилгоор гол дээр аваачиж тавьсан” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-Т.Д-гийн сэжигтнээр өгсөн: “Би Төв аймгийн Баяндэлгэр сум Байдлаг 01 дүгээр багт өвөлждөг. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн зуслан дээрээ малын хашаа барих зорилгоор гэрээсээ өөрийн эзэмшлийн бензин моторт хөрөө авч ганцаараа гэрийн баруун урд зүгт байрлах уул өөд гарч "Дулаан хааны эх" гэх газар очиж уулын модон дотроос моторт хөрөө ашиглан босоо байрлалтай шинэс төрлийн мод тастаж газарт унагаж түүнийгээ 4 метр урттай тастаж шургааг бэлтгэн орхисон. Маргааш өдөр нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин тухайн газраа очиж мод тайрч унагаж түүнийгээ мөн 4 метр урттай тайрч бэлтгэсэн. Би тухайн уулнаас буюу "Дулаан хааны эх" гэх нэртэй газраас босоо байсан нийт 20 ширхэг модыг тайрч газарт унагаж түүнийгээ 4 метр урттай 50 ширхэг шургааг мод болгон бэлтгэсэн. Тухайн 50 ширхэг модоо уулнаас доош цасан дээр чирэн уулын бэлд чирч ирээд орхисон байсан" гэх мэдүүлэг /хх-46-47/,
-Т.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн уулнаас буюу "Дулаан хааны эх" гэх нэртэй газраас босоо байсан нийт 20 ширхэг модыг тайрч газарт унагаж түүнийгээ 4 метр урттай 50 ширхэг шургааг мод болгон бэлтгэсэн. Тухайн 50 ширхэг модоо уулнаас доош цасан дээр чирэн уулын бэлд чирч ирээд орхисон байсан. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь миний буруу" гэх мэдүүлэг /хх-112-113/,
-гэрч Ч.Ө: “Би Баяндэлгэр сумын "Байдлаг" 01 дүгээр багын иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожинг бичиж иргэдэд олгодог. Манай Байдлаг 01 дүгээр багт оршин суудаг Т.Д нь 2024 он болон 2025 он гарсаар надаас хэрэглээний болон галын түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожинг огт аваагүй..." гэх мэдүүлэг, /хх-50-51/
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-ын: “Төв аймгийн Баяндэлгэр сум Байдлаг 01 дүгээр баг "Дулаан хааны эх" гэх газраас тус сумын иргэн Т овогтой Д нь 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ний өдрүүдэд хууль бусаар зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн Үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-58-59/,
-“Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн Хятад ханз үсэгтэй JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн бензин моторт хөрөө 2025 оны 01 дүгээр сарын 22-ны зах зээлийн үнэлгээ нийт 88,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТЦ-25-21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66-72/,
-"...Т.Д нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт нийт 50 ширхэг, 2.4м³ хэмжээтэй, шинэс төрлийн шинээр тайрагдсан мод байна. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадвартай, нойтон мод байсан байна. Мод бэлтгэсэн гэх газар нь Ойн төлбөрийн гурав дугаар мужлалд хамаарч байна. Тухайн моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд 1,159,154 төгрөгийн хохирол учирсан байна..." гэх Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13/013 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-81-85/
-"...Солбилцлыг зурагт оруулан шалгаж үзэхэд Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй байна..." гэх Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07/174 дугаартай албан бичиг /хх-91/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-4-29/
-Төв аймгийн Баяндэлгэр сум Байдлаг 01 дүгээр баг “Дулаан хааны эх” гэх газраас тус сумын иргэн Т, Д нь 2025 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хууль бусаар зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн гэх хэрэгт хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хятад ханз үсэгтэй JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн бензин моторт хөрөө нэг ширхэг, мөн 4 метр урттай 50 ширхэг шургааг (шинэс) мод тус бүрийг эд мөрийн баримтаар тооцсон 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн саналыг шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-35-38/,
-“Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. Г-д хар өнгийн маркераар 1-50 хүртэл дугаарласан 4 метр урттай бөөрөнхий шинэс төрлийн модыг Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд бүтүүмжилсүгэй” гэх 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-42/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/,
-Шүүгдэгч Т.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-93-98/ зэрэг нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг хамааруулахаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заажээ.
Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Байдлаг 1 дүгээр багийн “Дулаан хааны эх” гэх газраас нь 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр зөвшөөрөлгүйгээр шинэс мод буюу нийт 20 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч, тус бүр 4 метрийн урттай 50 ширхэг мод бэлтгэсэн шүүгдэгч Т.Д-гийн үйлдлийг мод хууль бусаар бэлтгэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж хуульчилсан.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Т.Д-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн байх ба гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн Т.Д-г яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Т.Д-гийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Байдлаг 1 дүгээр багийн "Дулаан хааны эх" гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр, хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод буюу нийт 20 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэсэн” үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж,
Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого”-ыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод төвлөрүүлэхээр хуульчилсан.
Тус хэрэгт хохирогчоор Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрыг, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Хууль эрх зүйн мэргэжилтэн албан тушаалтай Т.М-ыг тогтоосон байх ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Т.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хууль бусаар зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн Үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна” гэжээ.
Шүүгдэгч Т.Д нь 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13/013 дугаартай "...Т. Д нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт нийт 50 ширхэг, 2.4м³ хэмжээтэй, шинэс төрлийн шинээр тайрагдсан мод байна. ...Тухайн модыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд 1,159,154 төгрөгийн хохирол учирсан байна..." гэсэн дүгнэлтийг үндэслэн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,477,462 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 дугаартай дансанд төлж барагдуулсан тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Т.Д-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Ууганцэцэг: “...шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, байгаль орчинд учирсан хохирол 1,159,154 төгрөгийг Байгаль орчны тухай хуульд зааснаар 3 дахин үржүүлж 3,477,462 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул түүнд Д-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 50 ширхэг тайрагдсан модыг улсын орлого болгож, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн “jin shi wang” гэсэн бичиглэлтэй, бензин моторт хөрөөг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа зохих журмын дагуу устгуулах...” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тухайн орон нутгийн байгаль орчны байцаагч томилогдсон тул тус сумын Засаг даргын тамгын газрын төсөвт улсын орлогыг оруулах нь зүйтэй байх. Худалдан борлуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан хийж гүйцэтгэх байх гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ“ гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн “JIN SHI WANG” гэсэн бичиглэлтэй, бензин моторт хөрөөг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд бүтүүмжилсэн 4 метр урттай 50 ширхэг, 2.4м³ хэмжээтэй, шинэс төрлийн шинээр тайрагдсан модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд шилжүүлэхийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Т.Д нь тус хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.Д-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд бүтүүмжилсэн 4 метр урттай 50 ширхэг, 2.4м³ хэмжээтэй, шинэс төрлийн шинээр тайрагдсан модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн “JIN SHI WANG” гэсэн бичиглэлтэй, бензин моторт хөрөөг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Энэ хэрэгт шүүгдэгч Т.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах //-д үүрэг болгосугай.
11.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН