Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/316

 

 

 

 

 

 

  2021             3              30                                          2021/ДШМ/316

 

С.С, Ч.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,                         

            шүүгдэгч С.С, Ч.П нарын өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С, Ч.П болон тэдгээрийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.С, Ч.П нарт холбогдох 2006041502855 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн С-ын С, 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Н овгийн Ч-ийн П, 1992 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, .... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч С.С, Ч.П нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний зүүн талд .... барилгын 6 давхарт иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.С, Ч.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Сармандахын С, Ноён овгийн Чулуунсүхийн П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Пийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С, Ч.П нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С, Ч.П нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.С, Ч.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдолдоо: “Миний бие 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Б.Тэлмэнтэй харилцан зодолдож түүнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл миний бие анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн доод хэмжээ болох 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг өгөхийг хүссэн боловч хөнгөрүүлж өгөөгүй. Ковид-19 цар тахал гарснаас хойш жил гаран болж байна. Ажилласан, ажиллаагүй хоёрын хооронд мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байгаа тул оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 450.000 төгрөг болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.П давж заалдах гомдолдоо: “Миний бие Б.Тэлмэн, С.С нарыг зодолдож байхад салгасан, зодоонд оролцоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч дуудаж, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Шууд яллагдагчаар татсан аль аль нь амны хаалттай байсан. Миний бие хохирогчийг зодоогүй, салгасан гэж хэлсэн байхад мөрдөгч “хийсэн хэрэгтээ гэмшиж байж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж намайг хэлээгүй байхад хэлсэн мэтээр бичсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй зодооныг салгасан тул гомдолтой байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.С, Ч.П нарын өмгөөлөгч Ж.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.П нь 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 21-22 цагийн орчим Баянзүрх дүүргийн Арслантай гүүрний зүүн талд Б.Тэлмэн, С.С нарыг зодолдож байхад хойноос нь очиж салгасан байдаг. Тухайн үед Ч.П архи огт уугаагүй машин барьж явсан. Харин Б.Тэлмэнгийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу согтолттой байсан. С.Сын хувьд анхны өгсөн мэдүүлэгтээ “Ч.Пийг зодоонд оролцоогүй, би ганцаараа Б.Тэлмэнг зодсон”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэг. Ч.П ч тогтвортой “би зодоонд оролцоогүй салгасан, би гэмт хэрэг хийгээгүй, гомдолтой байна” гэж хэлдэг. Б.Тэлмэнгийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Хавтаст хэрэгт Ч.Пийг зодсон гэж хэлээгүй, С.Сыг араас ирж цохиж бас баруун зүүн тал руу өшиглөсөн гэдэг. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие “Ч.П чиний хаана цохисон” гэхэд “би сайн санахгүй байна” гэж хэлсэн. Гэтэл прокурор хөтөлж асууж “чи болсон явдлыг санаж байгаа биз дээ, хэтэрхий согтоогүй байсан уу” гэснээр “хохирогч би сайн санаж байна, намайг Ч.П баруун тал руу өшиглөсөн” гэж хэлсэн. Зөвхөн хохирогч л Ч.Пийг зодсон гэж хэлж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байтал хэргийг тал бүрээс нь бодитойгоор нягтлан шалгалгүй шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. Практикт хүмүүс зодолдож байгаа хүмүүс дээр очиж салгаж болохгүй шүү. Харин ч бүлэглэж зодсон хэрэгт орно гэж бие биедээ захидаг болсон. Энэ бол хүмүүс нэг нэгнийгээ алах гэж байхад туслахгүй аюултай жишиг тогтож байна. Ч.Пид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг тус тус хэрэглэсэнгүй гэж, С.Сын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, яг одоогийн байдлаар Ковид-19 цар тахлын улмаас манай орон болон дэлхий дахинд хөл хорионы улмаас ажилгүй орлогогүй болсон үед эрх зүйн байдлыг дордуулж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. С.Ст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг хэрэглэсэнгүй гэж гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгж буюу 450.000 мянган төгрөгөөр торгох, Ч.Пид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцсон байдаг.  Хохирогч мэдүүлэхдээ “миний баруун, зүүн талаас С.С, Ч.П хоёр цохиж байсан” гэдэг. Хоёр хүн бүлэглэж зодсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлтэд хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтад техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зөвтгөөд шийдвэрлэсэн байна. Хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С, Ч.П нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний зүүн талд Цэцэнхангай барилгын 6 давхарт иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Тэлмэнгийн “2020 оны 10 дугаар сарын 9-ний орой 21-22 цагийн орчимд Арслантай гүүрний зүүн талын “Цэцэнхангай” буудлын урд тамхи татах гээд 6 дугаар давхарт байдаг караокеноос ангийн найзтай утсаар ярих гээд гарсан. Тэгээд ганцаараа утсаар яриад зогсож байхад нэг хүн хойноос ирээд учиргүй толгой руу цохиж эхэлсэн. Хажуу тийшээ харсан чинь С.С гээд манай ангийн охин Марал-Эрдэнийн нөхөр байсан. Тэгээд “яаж байна” гээд хэлэх гэсэн чинь зүүн талаас өөр хүн цамцны урд талаас барьж авч чирээд эхэлсэн. Тэгээд харсан чинь Уянга гээд манай ангийн охины нөхөр байсан. Намайг “Цэцэнхангай” барилгын баруун тал руу чирч ороод зодсон. Пүүжээ гэдэг залуу нь намайг заамдаж булан руу чирсэн, С.С толгой нуруу цээж рүү цохиж өшиглөсөн, зүүн талаас Пүүжээ бас өшиглөөд байсан. ...” /хх 6/,

шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн “...би Б.Тэлмэнг хүнгүй харанхуй газар руу чирч ороод толгойн тус газар буюу нүүр, дагз хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. ...” /хх 43-45/ гэх мэдүүлгүүд,

“Б.Тэлмэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэм, зүүн мөр, духны зүүн хэсэгт цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11725 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 11-12/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.С, Ч.П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч С.С, Ч.П нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Арслантай гүүрний зүүн талд буюу  Цэцэнхангай барилгын гадаа иргэн Б.Тэлмэнг нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Пийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч С.Сын “...надад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 450.000 төгрөг болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Сын гэм буруу, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Пийн “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Б.Тэлмэнгийн “...Пүүжээ /Ч.П/ гэдэг залуу нь намайг заамдаж булан руу чирсэн, С.С толгой нуруу цээж рүү цохиж өшиглөсөн, зүүн талаас Пүүжээ /Ч.П/  бас өшиглөөд байсан. ...” /хх 6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11725 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 11-12/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Пийн үйлдэл, оролцоо тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт цуглараагүй болно.

Шүүгдэгч С.С, Ч.П нарын өмгөөлөгч Ж.Төмөрцэцэгийн гаргасан “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгж буюу 450.000 мянган төгрөгөөр торгох, Ч.Пид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заажээ.

Шүүх, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ст  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ч.Пид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж  ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор биелүүлэх хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.С, Ч.П, тэдгээрийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Шүүгдэгч С.С, Ч.П нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, Ч.П, тэдгээрийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ