Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг мөн шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан Эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанд:

  Улсын яллагч                                     Л.Энхтайван

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                     А.Отгонбаяр

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “Зохих зөрвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Гагаая овгийн Чүлтэмийн Амаржаргалд холбогдох 201718000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1964 оны 08 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 19-р хороо, 59-р байрны 02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Гагаая овогт Чүлтэмийн Амаржаргал /РД:УВ64082036/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Амаржаргал нь 2016 оны 12 сарын 24-ны оройн 20 цагийн орчимд Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Монгол улсын хилээр 20-78 УБЕ улсын дугаартай “Тоёота Prius” маркын тээврийн хэрэслээр нэвтрэхдээ зохих зөвшөөрөлгүй Вильпрафен Солютаб гэх 1000 мг-тай 11 хайрцаг 22 хавтгай эм, Вильпрафен гэх 500мг-тай 20 хайрцагтай 20 хавтгай эмийг тус тус санаатайгаар нуун далдалж хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 1.Шүүгдэгч Ч.Амаржаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Би дархлаа муутай юм. Тэгээд ууж байгаа. Эхнэрт энэ эмийг бас бичиж өгсөн байсан. Би Орос руу гарахдаа өөрийн хэрэгцээндээ эдгээр эмийг авсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс үнэ нь хэтэрч эрүүгийн хэрэг үүснэ гэж бодоогүй. Зарж ашиг олох зорилго байгаагүй. Ийм учраас миний гэм буруутай үйлдлийг уучилж шүүхээс хөнгөн ял оноож өгөөч гэв.

 

          2.Хохирогч Т.Мөнхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....энэ талаар би мэдэж байна. Алтанбулаг хилийн боомтоор 2016 оны 12 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын харьяат 20 хайрцаг 500 мг Вильпрафен Солютаб, 100 ш 11 хайрцаг Вильпрафен Солютаб гэх эм эмийн зүйлийг улсын хилээр оруулж ирсэн нь буруутай үйлдэл, дээрх эм нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаж өгөх байх....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

  3.Гэрч С.Отгонтөмөрийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 12 сарын 23-ны өглөө Улаанбаатар хотос Оросын Холбооны улс руу буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор гарахаар 11 цагийн үед гарсан. Алтанбулаг хилийн боомт дээр орой 23 цагийн үед ганцаараа ирээд оочерт зогсоод байж байхад нэг зүс танихгүй залуу 100000 төгрөг өгье Улан-Үдэ орчихаад буцаад Улаанбаатар хот орох ямар ханштай бол та явах уу гэхээр нь тэгье миний маш инд суучих гээд хилийн боомтын хаалган дээр суулгаад байж байхад би Улаанбаатарын хүн байгаа юм намайг Амаржаргал гэдэг гээд бид хоёр танилцаад тэгээд Монгол улсын хил гараад шууд шөнөдөө Оросын Хиагтын хил гараад цааш Улан-Үдэ яваад 2016 оны 12 сарын 24-ний өглөө 08 цагийн үед ороод шууд Улан-Үдэ гэдэг нэртэй төв барааны зах дээр зогсоод Амаржаргал буухдаа 15 цагийн үед “Авсалют” хүнсний дэлгүүрийн гадаа уулзана шүү гэж тохироод бид хоёр салсан. Ингээд би хүнсний захаар явж хүнс цуглуулчихаад буцаад 15 цагийн үед “Абсалют” хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь Амаржаргал ирээд бид хоёр уулзалдаад 16 цагийн үед буцаад Алтанбулаг хилийн боомтоор 2016 оны 12 сарын 24-ний орой 20 цагийн үед гараад гаалийн байгууллагад шалгуулаад байж байхад Амаржаргалын хүнснээс эм гарч ирсэн би ямар эмтэй явж байсан талаар мэдэхгүй. Тэгээд Амаржаргалыг саатуулаад үлдсэн би яваад өгсөн....” гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 17 дугаар  хуудас/

4.Гэрч Ө.Баярсайханы 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний хувьд  2016 оны 12 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын батлагдсан тушаалын дагуу Алтанбулаг хилийн боомтын хяналт шалгалтын үүргийг орох чиглэлийн 104 дүгээр хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад 24-ний орйо 22 цагийн үед Приус-20 маркын 50-78 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангийг шалгах явцад тээврийн хэрэгсэлд байсан хүнсний зүйл дотроос эм, эмийн зүйл гарч ирсэн. Ингээд жолоочийг дуудсан чинь миний эд зүйл биш намайг гуйж явсан хүний эд зүйлүүд байгаа юм гэхээр нь зорчигчийг дуудсан чинь Чүлтэмийн Амаржаргал гэдэг хүн ирээд миний эд зүйл байгаа юм .Энэ асуудал жолоочид ямар ч хамаарал байхгүй гэж хэлсэн. Эд зүйлийг хураан авч үзлэг хийхэд Вильпрафен Солютаб гэсэн бичиглэлтэй эм, эмийн зүйл байхаар нь хурааж авч, “Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас бичиж, эмийн зүйлд үнэлгээ тогтоож үзэхэд  Вильпрафен Солютаб гэх 1000 мг-тай 11 хайрцаг, Вильпрафен гэх 500мг-тай 20 хайрцаг, нийт үнэ 17.070.80 рубль болж байсан. Монгол мөнгөөр 698536 төгрөг гэж бодож гаргасан байгаа гэхдээ би албан ёсны үнэлгээний байцаагч биш учраас нарийн тооцоог бодож гаргаагүй.....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

5.Гэрч Ж.Лхагвасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Тиймээ би 2016 оны 12 сарын 20-ны өдөр Ч.Амаржаргалыг үзээд хеликобактер нь 54-тэй буюу өндөр хэмжээнд байсан тул гурвалсан эмчилгээ бичиж өгөөд Вильпрацен Солютаб гэх орос эм бичиж өгөөд Ч.Амаржаргалын эхнэр Ж.Насанжаргалд мөн адил хеликобактерийн дээрх эмийг бичиж өгсөн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

6.2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт 18-03-002/04 тоот:

1.Вильпрафен солютаб эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй байна.

2.Дээрхи “Вильпрафен солютаб”-ыг янз бүрийн үрэвсэлт өвчний үед тухайлбал: Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин, шүдний өвчин, нүдний, арьсны, шээсний замын, хоол боловсруулах эрхтэн, ходоодны шархлаа өвчний үед ууж хэрэглэнэ.

3.Монгол улсад хэрэглэгдэж байгаа ....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

7.Шинжээч Д.Энхтуяагийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шинжээч томилох тогтоолыг аймгийн мэргэжлийн хяналтын газар ирүүлсэн байсан. Түүнийг даргын шийдвэрийн дагуу би хүлээн авч хуулийг санаж дүгнэлт гаргасан. Иргэн Ч.Амаржаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой Алтанбулаг хилийн боомтоор зохих зөвшөөрөлгүй Вильпрафен солютаб  гэсэн нэртэй эм, эмийн зүйлийг оруулж ирсэн гэснээр эмийг шинжээч томилох тогтоолын хамт хүлээн авч, дээрх эмийг үзэхэд Вильпрафен солютаб  1000 мг, Вильпрафен солютаб 500 мг эмнүүд нь янз бүрийн үрэвсэл өвчний үед хэрэглэдэг. Тухайлбал: амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин, шүдний, арьсны, шээсний замын, хоол боловсруулах эрхтэн, ходоодны шархлаанд ууж хэрэглэдэг. Дээрх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгээгүй. Оросын холбооны улсын 500 мг Вильпрафен солютаб “Темидер Верке” компанид үйлдвэрлэгдсэн, 1000 мг Вильпрафен солютаб “Фамар лион” гэдэг компанид үйлдвэрлэгдсэн эм байна. Харин Монгол улсын эмийн бүртгэлд  Итали улсын Montetarmaco кампанид үйлдвэрлэгдсэн 500 мг, 1000 мг Вильпрафен солютаб гэсэн эм, эмийн зүйлүүд бүртгэлтэй байна.....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 28 дугаар хуудас/

8.Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/51 тоот:

1.Иргэн Ч.Амаржаргал нь Гаалийн тухай хуулийн 55.1,55.2, 227.1, 227.3 дэх хэсэгт заасан гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

2.Иргэн Ч.амаржаргал нь Монгол улсын хилээр зохих зөвшөөрөлгүй эм, эмийн зүйл оруулж ирсэн.

3.Дээрх бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасан хэмжээнээс илүү арилжааны зорилгоор гаалийн хилээр хэвтрүүлсэн.

4.Нийт 698537 төгрөгний Вильпрафен солютаб гэсэн эм, эмийн зүйлийг улсын хилээр оруулж ирсэн байна ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас/

9.Шинжээч Б.Тунгалагийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинжээч томилох тогтоолыг гаалийн газарт ирүүлж түүний дагуу би үнэлгээг гаалийн тухай хууль, гааль тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Вильпрафен солютаб эм, эмийн зүйлийн үнэлгээг барааны үнийг тодорхойлох 1 дүгээр аргаар үнэлгээг гаргасан байгаа. Тухайн эм, эмийн зүйл нь ОХУ-ын бүтээгдэхүүн байсан бөгөөд энэ эм, эмийн зүйл нь 500 мг Вильпрафен солютаб 1 хайрцаг нь 515.4 рублээр зарагддаг үүнийг авч үзэхэд 1000 мг Вильпрафен солютаб 1 хайрцаг нь 614,8 рублээр тус тус зарагдсан. Дээрх эмийн зүйл нь монгол төгрөгөөр 500 мг Вильпрафен солютаб 421803 төгрөг, 1000мг Вильпрафен солютаб 276734 төгрөг, нийт 698537 төгрөг болж байна. Иймд энэ талаар өөрийн шинжээчийн дүгнэлтэнд тодорхой тусгаж өгч гаргасан байгаа ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

10.Шүүгдэгч Ч.Амаржаргалын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн....Би хувиараа ОХУ руу хятад бараа зардаг байсан. 2016 онд бол 4 удаа Алтанбулаг хилийн боомтоор жуулчлалын автобусаар эхний 2 удаа Байгал нуур очиж амарсан. Дараагийн удаа бол 12 сарын 09-ний өдөр хятад бараа авч ОХУ-ын хилийн боомтоор гарч Улан-Үдэ орж наймаа хийж 2016 оны 12 сарын 11-ний өглөө буцаж Алтанбулаг хилийн боомтоор гараад Улаанбаатар хотод гэртээ байж байгаад 2016 оны 12 сарын 23-ны өглөө 07 цагийн үед би хятад улсад үйлдвэрлэгдсэн хүзүүний ороолт 20 ширхэг авч Улаанбаатар хотоос замын унаагаар буюу таксинд 30000 төгрөгөөр хөлсөөр суугаад Алтанбулаг сумын хилийн боомт дээр өдөр 15 цагийн үед ирээд Алтанбулаг хилийн боомтын гаднаас ОХУ-ын Хиагт гарч явах замын 50-78 УБЕ улсын дугаартай машины жолоочтой уулзах үед чи надаа 100000 төгрөг өгчих Улан-Үдэ ороод буцаад хот явна гэхээр нь тохироод машинд нь суугаад оочерт зогсож машиндаа засвар хийгээд шөнө 2016 оны 12 сарын 24-ний орой 01 цагийн үед Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу яваад 09 цагийн үед Улан-Үдэ хотод очоод тэнд бид хоёр салаад би авсан алчуураа зараад 2000 рубль болгож, өөрт байсан 15000 рубль байхаар нь түүнийгээ нэмээд “ИП АПТЕК” гэсэн нэртэй эмийн сангаас 17.070.80 рублээр Вильпрафен солютаб гэсэн нэртэй 5 ширхэг хавтгай цагаан өнгийн шахмал 1000 мг эм, 22 ширхэг Вильпрафен солютаб гэсэн нэртэй 10 ширхэгтэй хавтгай цагаан өнгийн шахмал 500мг эмийг авч хайрцагнаас нь салгаж тусад нь хийж овор хэмжээг нь багасгаж, өөрийн гэр рүү авч явах хүнсний зүйлдээ хийгээд 15 цагийн үед 50-78 УБЕ улсын дугаартай приус маркын машинд суусан. Ингээд Хиагтын хил дээр ирээд өөрийн авч яваа бараагаа гаальд шалгуулчихаад Алтанбулаг хилийн боомтоор Монголын гаалийн хяналтын талбай дээр ирээд зогссон. Ингээд би дотогш түрүүлж ороод баримтаа шалгуулчихаад байж байсан чинь миний хөлсөөр зорчин явж байсан машины жолооч намайг дуудаад чиний авч яваа юманд эм байна үүнийгээ гаргаа гэж хэлэхээр нь би хүнсний зүйлдээ холиод хийсэн байсан дээрх эмүүдийг бүгдийг гаргаж хураалгаж эм худалдан авсан мөнгөний баримтаа гаргаж өгсөн. ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

11.Шүүгдэгч Ч.Амаржаргалын  2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...Миний хувьд эм, эмийн зүйл би оруулж ирээгүй гэж  үзэж байна. Эрүүл мэндийн ерөнхий байдал сул дорой дархлаа муудсан. Тэгээд энэ талаар өөрийн өрхийн эмнэлэгт үзүүлсэн чинь дархлааны эсрэг эм уугаарай гэж Вильпрафен солютаб гэсэн нэртэй эм бичиж өгсөн. Түүнийг эмийн сангаас авч ууж байхад биеийн эрүүл мэнд эрс сайжирч байсан яр, шарх гарч байхаа больж байсан болохоор сайн эм юм байна гэж мэдсэн. Гэхдээ би Вильпрафен солютаб гэдэг эмийг Улаанбаатар хотын эмийн сангаас 1 хайрцагийг нь 500мг-тай 25000 төгрөгөөр, 1000 мг-тайг 30000 төгрөгөөр тус тус авч ууж хэрэглэж байсан. Тэгээд 2016 оны 12 сарын 24-ний өглөө ОХУ-ын Улан-Үдэ хотод очиж хүнсний зүйл худалдаж аваад эмийн сангаар орж ууж хэрэглэж байсан эмийг асуусан чинь миний хотоос 25000-30000 төгрөгөөр худалдаж авч ууж байсан Вильпрафен солютаб гэдэг эмний нэртэй адил боловч хайрцаг сав нь өөр эм байхаар нь эмчээс нь юунд хэрэглэдэг талаар асуусан чинь биеийн шарх, үрэвсэл, дархлаа сайжруулах эмчилгээнд хэрэглэдэг гэхээр нь өөрийн ууж байсан эмний нэрийг хэлсэн чинь адилхан гэхээр нь үнийг нь асуусан чинь 5000 төгрөгөөр хямд байсан учир хэдэн ширхэг эм авсан юм. Тийм учраас хууль бус эм авч цааш нь зарах борлуулах асуудал надад байхгүй. Худалдан авсан эмийнхээ баримтыг гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

12.Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

13.Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт,  /хавтаст хэргийн 4-5, 09-10 дугаар хуудас/

14.Шүүгдэгч Ч.Амаржаргалын эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 64-80 дугаар хуудас/

15.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

                         үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чүлтэмийн Амаржаргалыг 2016 оны 12 сарын 24-ний оройн 20 цагийн орчимд Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Монгол улсын хилээр 20-78 УБЕ улсын дугаартай “Тоёота Prius” маркын тээврийн хэрэслээр нэвтрэхдээ зохих зөвшөөрөлгүй Вильпрафен Солютаб гэх 1000 мг-тай 11 хайрцаг 22 хавтгай эм, Вильпрафен гэх 500мг-тай 20 хайрцагтай 20 хавтгай эмийг тус тус санаатайгаар нуун далдалж хууль бусаар импортолсон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

          Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх 16/ гэрч С.Отгонтөмөр /хх 17/,  О.Оюунчимэг /хх 18/, Я.Мөнхнар /хх 19/, Ө.Баярсайханы /хх 20-21/, Ж.Лхагвасүрэн /хх 22-23/ нарын мэдүүлгүүд, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх 6/,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4 /, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх 9-10/, шинжээчийн дүгнэлт  /хх 26-27, 34-35/, шинжээч Д.Энхтуяа /хх 28/, Б.Тунгалаг /хх 42/ нарын мэдүүлэг  зэрэг болно. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангасан, хуульд нийцсэн гэж Шүүх үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болгов. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т заасан шаардлагыг хангасан баримтууд гэж үзэв.            

            Баримтуудаас харахад: Шүүгдэгч Ч.Амаржаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улан-Үдэ хотын захын ойролцоох “ИП Аптек” нэртэй эмийн сангаас өөрийн хэрэгцээндээ зориулан 1000 граммаар савласан “Вильпрафен солютаб” нэрийн эм 5 ширхэгээр багцалсан 22 багц буюу 110 ширхэг эм, 500 граммаар савласан, 10 ширхэгээр багцалсан 10 багц буюу 200 ширхэг “Вильпрафен солютаб”  нэрийн эмийг тус тус худалдан аваад эмнүүдээ хайрцагнаас нь гаргаж, хайрцгийг нь тусад нь, эмнүүдийг нэг тусад нь гялгар уутанд хийж, 5-6 хэсэг болгоод хойноос авсан хүнсний зүйлийн дунд нь хийж нуугаад, орой 23 цагийн үед Монгол улсын хилээр нэвтрэхдээ хил гаалийнханд мэдэгдсэнээр “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох гэмт хэрэг үйлдсэн” нь тогтоогдсон байна.

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Ч.Амаржаргалын гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дугаар зүйлийн 54.2-т заасан  нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. 

           Шүүгдэгч Ч.Амаржаргал бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн ба хамгаалсан хөрөнгө үгүй, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болно. 

         Шинжээч Б.Тунгалаг уг эмнүүдийн үнийг Гаалийн тарифийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн, интернет үнэлгээг ашиглан тогтоосон ба шүүгдэгч Ч.Амаржаргалын хууль бусаар импортлосон 1000 граммаар савласан “Вильпрафен солютаб” нэрийн эм 5 ширхэгээр багцалсан 22 багц буюу 110 ширхэг эм, 500 граммаар савласан, 10 ширхэгээр багцалсан 10 багц буюу 200 ширхэг “Вильпрафен солютаб”  нэрийн эмийг нийт 17.070.80 рублийн үнэ бүхий эмийн зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 698.537 төгрөг болсон, эдгээр эмийн зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоох нь зүйтэй.

Учир нь: Дээрхи “Вильпрафен солютаб” нэрийн эм эмийн зүйл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ба уг эмийг зохих журмын дагуу оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй.

           Шүүгдэгч Ч.Амаржаргал нь эмийн бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ нийтийн зорчигч тээврийн унаагаар зорчсон байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286, 290 дүгээр зүйлийн  290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Гагаая овгийн Чүлтэмийн Амаржаргалыг мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Гагаая овгийн  Чүлтэмийн Амаржаргалыг 03 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  Ч.Амаржаргалд оногдуулсан 03 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан 1000 граммаар савлагдсан 5 ширхэгээр багцалсан 22 багц буюу 110 ширхэг эм, 500 граммаар савласан, 10 ширхэгээр багцалсан 10 багц буюу 200 ширхэг “Вильпрафен солютаб”  нэрийн Монгол төгрөгөөр  698.537 төгрөгийн үнэтэй эмүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулсугай.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ч.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн ба хамгаалсан хөрөнгө үгүй, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Гагаая овгийн Чүлтэмийн Амаржаргалд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар нь хянан харгалзсугай .

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  Ч.Амаржаргалд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

8.Шүүгдэгч Ч.Амаржаргалд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ                       Б.НАЦАГДОРЖ