| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тарагт овогтой ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар (амьсгал дахь спиртийн агууламж 2,35%) Тоёота Приус-20 маркийн 84-28 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гудамжинд байрлах цахилгаан дамжуулах шон мөргөж Цахилгаан түгээх сүлжээ салбарт 1,534,076.18 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга далан зургаан төгрөг арван найман мөнгө/ хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би тухайн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг Мандалын 621 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн 84-28 ДУН дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх сумын засаг даргын тамгын газар дээр ажил дээрээ очсон юм. Тэгээд 10 цагийн орчимд ажлаасаа гараад гэр рүүгээ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад гар утсаа гартаа барьж явж байгаад хөл рүүгээ унагачихсан юм. Тэгээд утсаа авах гэж доош тонгойтол руль хажуу тийш дарагдаад ойролцоо шонгийн мод мөргөсөн юм. Тэгээд машинаасаа бууж ирээд зогсож байтал ойролцоо явсан зүс таних залууг машинтай нь гуйгаад машинаа чирүүлээд Мандлын 621 тоот хаягт байх гэр рүүгээ орж явтал цагдаагийн машин ирээд намайг осол гаргасан байна гээд аймгийн цагдаагийн газарт авч очиж намайг согтуурал шалгагч багажаар үлээлгэхэд 2,35 хувийн согтолт илэрсэн. Би тухайн өдрийн урд шөнө нь буюу 2024 оны 05 дугаар сарын 23-ны шөнө найзуудтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм, тэгээд өглөө нь миний уусан архи гараагүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон юм. Би өмнө нь В ангилалтай байсан. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан. Манай нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл, би тухайн шонгийн үнэ болох 1.500.000 төгрөгийг аймгийн Эрчимд төлж хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р хуудас/
2. Иргэний нэхэмжлэгч “... Би аймгийн цахилгаан түгээх сүлжээний ахлах нягтлан бодогч ажилтай. Тухайн цахилгаан шугамын бетон тулгуур нь хугарсан ба эвдрэлийг сүлжээний засвар угсралтын инженер очиж зассан. Манай байгууллагад 1.534.076 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга далан зургаа/ төгрөгийн хохирол учирсан ба ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай 5450032465 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 94-р хуудас/
3. Гэрч “2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би аймгийн цагдаагийн газарт жижүүрийн томилгоот бүрэлдэхүүнд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 20 минутын үед “ аймгийн сумын 9 дүгээр баг Мандалын 6 дугаар гудамжны баруун үзүүрт цахилгааны шонг машин мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл хүлээж аваад зохицуулагч, цагдаагийн дэслэгч хамтаар дуудлагад 10 цаг 40 минутын үед очиход тухайн мөргөсөн гэх шон дээр очиход мөргөсөн гэх машин байгаагүй. Тухайн осолд орсон 84-28 ДУН улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн урд талын хэсэгт нь юм мөргөсөн цааш чихэгдэж орсон тээврийн хэрэгслийн 30-78 УНР улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь чирэгчээр чирээд явж байхаар нь зогсоогоод шалгатал 84-28 ДУН улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машин дотор жолооны ард суугаад чирүүлчихсэн явж байсан. *******ийг буулгаж яагаад тээврийн хэрэгслээ ослын газраас хөдөлгөсөн бэ гэтэл би цахилгаан түгээхийн хүмүүстэй учраа олсон, янзалж өгөхөөр болсон, төлбөр мөнгийг нь тохироод болчихсон гэж хэлсэн. ******* нь тухайн үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэчихсэн байсан. 84-28 ДУН улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг сумын 9 дүгээр баг Мандалын 6-18 тоот хашаанд оруулж тавиулсан. *******ийг цагдаагийн газар авч ирж согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 2,35% согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/
4. Гэрч “2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн цагдаагийн газар дээр ажил дээрээ байж байтал зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Тэгш-Ерөөлт утсаар залгаад “ аймгийн сумын 9-р баг Мандал хороололд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шон мөргөсөн байна, тухайн мөргөсөн гэх жолооч нь согтуу машинаа унаад явах гээд байна” гэсний дагуу тухайн тухайн хэргийн газарт очиход цагаан өнгийн 84-28 ДУН улсын дугаартай приус-20 маркийн автомашины руль дээр гэх хүн сууж жолоодсон өөр приус маркийн автомашинаар чирүүлчихсэн явж байсан. Тэгэхээр нь зогсоогоод шалгаж үзэхэд ******* гэх хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цахилгааны шон мөргөсөн байдалтай байж байсан. Мөргөсөн гэх цахилгааны шон дээр нь Эрчимийн хүмүүс ирчихсэн засвар хийж байсан. Тэгээд тухайн ийн унаж явсан тээврийн хэрэгслийг өөрийнх нь хашаанд оруулж тавиад ийг Цагдаагийн газарт авчирж драгерь багаж үлээлгэн шалгахад 2,35% ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/
5. Гэрч “******* манай нөхөр юм. Хохирол учирсан, тухайн машиныг засуулаагүй ******* бид 2 хүнд худалдсан юм. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нэр дээр байдаг байсан тээврийн хэрэгсэл хэдий ч ******* бид хоёрын дундын өмч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
6. Шүүгдэгч *******ийн талаархи лавлагаа, /хх-ийн 40-р хуудас/
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-15-р хуудас/
8. Цагдаагийн Ерөнхий газрын “Тарагт овогт нь “В” ангиллын 975516 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2023 оны 05 сарын 25-наас 2024 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан” талаархи жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 60-р хуудас/
9. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд “ ийг 12 цаг 24 минутад согтуурал шалгахад 2.35%...”, /хх-ийн 17-р хуудас/
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3228 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цуснаас 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-22-р хуудас/
11. Цахилгаан түгээх сүлжээ салбарын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/2024 дугаартай “... хохирлын нийт дүн 1,534,076.18 төгрөг” гэх хохирлын акт, уг хохирлыг төлсөн талаархи баримт, /хх-ийн 38-39-р хуудас/
12. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай “Тоёота Приус-20 маркийн 84-28 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,
3.5.д “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”,
3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх магадалгаа, /хх-ийн 129-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хасуулсан боловч уг хасагдсан байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар (амьсгал дахь спиртийн агууламж 2,35%, цусан дахь агууламж 2 промилл) Тоёота Приус-20 маркийн 84-28 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гудамжинд байрлах цахилгаан дамжуулах шон мөргөж Цахилгаан түгээх сүлжээ салбарт 1,534,076.18 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга далан зургаан төгрөг арван найман мөнгө/ хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.
******* нь Тоёота Приус-20 маркийн 84-28 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин цахилгааны шон мөргөсөн боловч мөн дүрмийн 3.5.а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг зөрчиж өөрийн тээврийн хэрэгслийг бусдын тээврийн хэрэгслээр өөр газарт байрлуулахаар чирүүлж явахад нь Цагдаагийн алба хаагч таарч түүнийг саатуулжээ.
Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол ... ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар жолооч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан ямар гэмт хэрэг үйлдсэнээс үл хамаараад хэргийн газрын орхиж зугтаасан нөхцөлд энэ зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан байна.
Дээрх тогтоогдсон байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх явцдаа цахилгааны шон мөргөсөн боловч уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэн ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь дээрх шинжүүдийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн хуулийн Тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн этгээд уг хэргийн газрыг орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 3 сарын хугацаанд төлүүлэх санал гаргав.
Гэвч улсын яллагчийн уг санал учир дутагдалтай байна. Шүүгдэгчийг 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж аль алинд нь торгох ял оногдуулах санал гаргахдаа уг ялыг нэмж нэгтгэх эсэх, нэмж нэгтгэсэн тохиолдолд торгуулийн ялыг ямар хугацаанд төлүүлэх нь ойлгомжгүй, саналдаа дурдаагүй байх тул шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгийн торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба прокуророос нэгэнт торгуулийн ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн бөгөөд уг саналын дагуу торгуулийн ял оногдуулж, түүнчлэн прокурортой тохирсон ялаас доогуур торгуулийн ял оногдуулан торгууль төлөх хугацааг нэмэгдүүлэх нь шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн этгээд уг хэргийн газрыг орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД